| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0047/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/51 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг
Шүүгдэгч П.Д.О-, Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуроро,ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-, Ж.Б- нарт холбогдох эрүүгийн 1838008790023 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.О-,
Монгол улсын иргэн, Ж.Б-,
Шүүгдэгч Ж.Б-, Д.О- нар нь бүлэглэн согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ----- тоотод оршин суух С.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 240.000 төгрөгийн үнэ бүхий телевизор телевизорын станцыг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б-, Д.О- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ----- тоотод оршин суух С.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 240.000 төгрөгийн үнэ бүхий телевизор телевизорын станцыг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тоггоогдож байна. Үүнд:
Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад Мөрөн сумын ----- тоотод оршин суух гэрээ цоожлоод ээжийндээ очиж байж байгаад 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хашааны болон гэрийн хаалга онгорхой гэрийн маань цоожийг хөшиж эвдээд хулгай орсон байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн баруун хойд хэсэгт зурагтын тавиур дээр байсан Тошиба маркийн 32 инчийн өнгөт зурагт, 12 сувгийн хар өнгийн станц болон зурагтын залгуур зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манайхаас хулгайд алдагдсан Тошиба маркийн 32 инчийн өнгөт зурагтыг 2011 оны 6 дугаар сард Хаан банкнаас лизингээр 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Харин 12 сувгийн станцыг нь өнгөрсөн онд 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Би өөрийн гэрээс хулгайд алдсан Тошиба маркийн өнгөт зурагт, 12 сувгийн хар өнгийн станц зэргээ хүлээгээд авчихсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/,
Гэрч Ч.Б-н мөрдөн шалглах ажиллагааны явцад өгсөн: Би өдрийн нь сайн санахгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой...Наранбумбат дэлгүүр орох санаатай явж байтал дээрээс шаргал куртиктэй залуу том телевизор тэвэрчихсэн уруудаж явсан. Тэгээд надтай таараад “ахаа зурагт зарах гэсэн юм авах уу” гэсэн. Би “авахгүй” гээд дэлгүүр орох гээд явчихсан. Дэлгүүр орж тамхи авчихаад буцаад гараад ирсэн чинь нөгөө залуу хашааны үзүүрт зурагтаа бариад зогсож байсан. Тэгсэнээ “ахаа та хямдхан авчих л даа, надад мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь “хэдэд өгөх юм бэ” гэсэн чинь “70.000 мянгад зарчихъя” гэхээр нь “наад зурагт чинь ажилладаг юм уу” гэхэд “асуудалгүй шалгуулаад өгье” гээд байсан. Тэгээд би тэжээлээ ачихаар нөгөө айл руу явахад тэр залуу зурагтаа тэврээд араас ирсэн ба дахиад нэг намхан бор залуу араас нь зурагтын станц барьчихсан ирсэн...Тэгээд “ах тохиролцсондоо авчих” гэхээр нь 70.000 төгрөг тоолоод өгтөл, 6 сувгийн жижиг хар станцыг “10.000 төгрөгөөр авчих” гэхлээр нь 10.000 төгрөг өгч авсан. Тэгээд нийт 80.000 төгрөг авангуутаа тэр 2 залуу яах ийхийн зуургүй гараад алга болчихсон байсан...Эхлээд зурагт бариад явж байсан залуу нь болохоор барзгар бор царайтай, шаргал өнгийн хилэн гэмээр юм уу куртиктай явж байсан. Нөгөө сүүлд ирдэг залуу болохоор намхан бор залуу байсан ба жинсэн яактай хагас түрийтэй гуталтай явж байсан...Тэр залуу надтай таараад шалаад байсан юм...”Бид хоёр өнөөдөр жаахан архи уучихлаа, мөнгө хэрэгтэй байна” гээд хоёулаа тэгээд гуйгаад байхаар нь “архины халуунд гэрийнхээ юмыг зарж яваа юм байна” гэж бодоод авахаар болсон юм. Надад одоо нэхэмжпэх зүйл байхгүй.Би зурагт худалдаж авсан 80:000 төгрөгөө төлүүлээд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-32-р тал/,
Гэрч Т.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Мөрөн сумын 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Наранбумбат дэлгүүртээ худалдагч хийгээд байж байтал гаднаас малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй үл таних залуу хар өнгийн залгуур барьчихсан орж ирээд “зурагт ажиллаж байгаа үгүйг мэдэх гэсэн юм, шалгаад өгчихөөч” гэхээр нь би “боломжгүй” гэдгийг хэлсэн. Тэгээд тэр хүнийг манай дэлгүүрийн үүдээр гарах гэж байтал урдаас нь хар өнгийн зурагт тэвэрчихсэн хүн хаалгаар шагайгаад эхэлж орж ирсэн хүндээ зурагтаа өгсөн. Тэгээд хаалгаар зурагт өгсөн шаргал өнгийн куртиктэй хүн нь үүдэнд зогсож байгаад гараад явсан. Эхэлж орж ирсэн залуу нь бас зурагтаа тэврээд гараад явсан. Үүнээс хойш буцаж орж ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
Гэрч Д.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд намайг цайны газартаа байж байхад гаднаас үл таних 3 залуу орж ирсэн. Тэр гурван залуугийн хоёр нь нөгөө нэг хүндээ зурагт зарах гээд байгаа бололтой хөр өнгийн зурагт тэвэрч орж ирээд “эгч үүнийг асаж байна уу шалгаад өгөөч” гэхээр нь “юун телевиз, хэнийх юм бэ” гэхэд зурагт зарах гэж байгаа бололтой байсан хоёр залуугийн намхан нуруутай залуу нь “миний зурагт байгаа юм, энд хүнд зарах гэж байгаа юм” гэсэн. Тэгээд зурагтаа шалгаж үзээд мөнгөн дээрээсээ болж маргалдаад байгаа юм уу гэмээр аястай байснаа зурагтаа орхиод гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад зурагт худалдаж авах гэж байсан залуу орж ирээд нөгөө зурагтыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2018 оны хэдэн сарын хэдний өдөр байсан талаар одоо санахгүй байна. Миний багцаагаар одоогоос сар гаруйн өмнө би Ж.Б- ахтай захын үүдэнд таараад бид хоёр Цагаан-Уул захын бөөний дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Сүлд нэртэй архи аваад тэр архиа захын хойно түлээ зардаг газрын тэнд очиж хувааж уусан. Ингээд бид хоёрын ууж байсан архи дуусаад бид хоёр 5 дугаар хороо чиглэлтэй засмал зам өгсөж яваад нэг гудам руу ороод ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байхад Бямбаа ах нэг айлын хашааны завсараар хараад энд эзэнгүй айл байх шиг байна гэсэн. Тэгэхээр нь би хашаа руу нь давж ороод хашааных нь хаалгыг дотор талаас нь онгойлгоод Бямбашдаш ах хашаа руу орсон. Тэгээд эргээд харсан чинь Ж.Б- ах хашаан дотор байсан монгол гэрийн хаалгыг онгойлгочихсон байсан. Тэгээд бид хоёр гэр лүү нь явж ороод гэрийнх нь баруун хойно хойморт байсан тавиур дээрээс Бямбаа ах зурагтыг нь авч тэврээд, би станцыг нь авч бариад бид хоёр гэрээс гараад Наранбумбат дэлгүүр орж хулгай хийсэн зурагтаа ажиллаж байгаа эсэхийг шалгуулах гэтэл шалгаж өгөхгүй байсан. Тэгээд тэр дэлгүүрээс гараад гудамжных нь үзүүрт Бямбаа ах хулгай хийсэн зурагтаа тэврээд зогсож байсан чинь тухайн гудамжинд тэжээл буулгаж байсан хүн ирээд “наад зурагтаа зарах юм уу” гэхээр нь”зарна” гэсэн чинь “шалгуулж үзээд ажиллаж байвал авъя” гэсэн. Тэгэхээр нь гурвуулаа явж цайны газар луу орж зурагтаа шалгуулаад ажиллаж байсан чинь тэр ах зурагтыг нь 70.000 төгрөгөнд, станцыг нь 10.000 төгрөгөнд бодож аваад нийт 80.000 төгрөгийн Ж.Б- ах бид хоёрт өгсөн...Архи ууж байгаад хулгай хийчихсэн байсан...Зурагтыг нь зарсан хүнээсээ аваад эзэнд нь өгчихсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р тал/
Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2018 оны хэдэн сарын хэдний өдөр байсан гэдгийг нь одоо санахгүй байна. Би Д.О-тай зах дээр таараад 0,5 литрийн хэмжээтэй Монгол гэх нэртэй 2 шил архийг Оргил халуун усны хашаан дотор уусан. Тэгээд би “харьлаа” гээд Д.О-аас салаад гэрлүүгээ харихаар захаас дээшээ өгсдөг замаар явж байсан чинь Д.О- нэг шил архи бариад намайг дуудсан. Тэгээд бид хоёр нэг гудамж руу ороод Д.О-ын авчирсан нэг шил архийг айлын хашааны үүдэнд сууж байгаад хувааж уусан. Тэгээд би хашааны завсараар хараад “энэ цоожтой айл байна даа” гэсэн чинь Д.О- бас хашааны завсараар хараад хашааг даваад орсон. Тэгээд хашааны хаалгыг дотор талаас нь надад онгойлгож өгсөн. Тэгээд би хашаа руу ороод монгол гэр байхаар нь цоожийг нь татсан чинь онгойчихсон. Тэгээд би “өө больё” гэсэн чинь “яадаг юм бэ” гээд нууц цоожийг нь Д.О- ханз татаад хаалгыг онгойлгоод гэр лүү орсон. Тэгээд Д.О- гэр лүү ороод буцаж гарч ирэхдээ нимгэн зурагт, 12 сувгийн хар өнгийн зурагын станц, шар өнгийн халуун тогооны залгуур зэргийг авчихсан гарч ирсэн. Тэгээд зурагтаа надад өгөхөөр нь “болж байгаа юм уу” гэхэд “наадахаа хурдан аваад яваач” гэсэн. Тэгээд би Д.О-т “би согтуу байна, шургаж унаад хагалчихна шүү дээ” гэхэд гэсэн чинь “яадаг юм, яадаг юм” гээд байсан. Тэгээд гудамжинд явж байсан махлаг биетэй хүнээс Д.О- “зурагт авах уу” гэсэн чинь тэр хүн “наадах чинь ажилладаг юм уу, шалгаж үзээд авъя” гээд хойд захын нэг гуанзанд орж тухайн зурагтыг шалгуулаад гарч байсан чинь “авъя авъя” гээд тэр хүн Д.О- бид хоёрт 80.000 төгрөг өгсөн... Хулгай хийх санааг хэн гаргасныг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Д.О- хашаа даваад орчихсон байсан. Тэгээд хашааны үүд онгойлгоод “намайг ороод ир” гэж дуудсан...Би “энэ айл руу орчих” гэж хэлээгүй. Өөрөө л хашаа даваад орчихсон байсан...Зурагт худалдаж авсан хүндээ мөнгийг нь өгчихсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р тал/
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 46-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ж.Б-, Д.О- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ----- тоотод оршин суух С.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 240.000 төгрөгийн үнэ бүхий телевизор телевизорын станцыг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд маргахгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй, бусдын эд хөрөнгөд хохирол учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.О-, Ж.Б- нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.О-, Ж.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.О- нь ам бүл 5, эх, 2 ах, дүү нарын хамт амьдардаг, шүүгдэгч Ж.Б- нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.О-, Ж.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч С.А- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1838008790023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О, Ж.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Д.О-, Ж.Б- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.О-, Ж.Б- нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1838008790023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-, Ж.Б- нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР