Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/00910

 

БНХАУ-ын иргэн Ү Жун Хайн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00463 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 881 дүгээр магадлалтай,

Ү Жун Хайн нэхэмжлэлтэй,

“Сүрэг агт” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ди Ви Жи Эйч” ХХК,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн,

гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Ү Жун Хай 2008 онд Монгол улсад ирж БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий “Сүрэг агт” ХХК-д барилгын туслан гүйцэтгэгч буюу инженерээр ажилласан. Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Сүмбэр-орд хорооллын А блок буюу 601 дүгээр байр, түүний доор орших үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсөндөө Сүмбэр-орд хороолол, 601 дүгээр байрны доор байрлах 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг авахаар “Сүрэг-агт” ХХК-ийн Хятад талын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жао Кө Кун, Монгол талын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Лхамсүрэн нартай тохиролцсон. 601 дүгээр байрны доор орших тус үйлчилгээний төвийн хэсгийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байсан тул Ү Жун Хай өөрийн өмчлөлдөө албан ёсоор шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж авах боломжгүй байсан. “Сүрэг агт” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшиж байсан БНХАУ-ын иргэд хувьцаагаа “Танан цагаан харш” ХХК-д худалдсан бөгөөд ингэхдээ уг үйлчилгээний төвийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа ногдох хэсгийг Ү Жун Хай-н өмчид шилжүүлэх талаар баталгаажуулж баримтууд үйлдсэн. Үүнээс хойш Ү Жун Хай нь Монгол улсад өөрийн биеэр ирэх боломжгүй байсан бөгөөд улсын комисст тухайн үйлчилгээний төвийг хүлээлгэн өгсөн тул 2015 оны 1 сард “Сүрэг агт” ХХК-ийн захирал Б.Баянмөнхтэй холбогдоход Ү Жун Хайн өмч гэдгийг нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар түүний өмчийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан. 

Иймд Баянзүрх дүүрэг 26 хороо, Сүмбэр-орд хороолол, 601 дүгээр байрны дoop байрлах 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: “Сүрэг агт” ХХК-ийн барилгын гүйцэтгэгчээр ажиллан Сүмбэр Орд хорооллын 601-р байранд байрлах 146.33 м.кв үйлчилгээний төвийг ажлын хөлсөнд авахаар гэрээ хийсэн гэх Ү Жун Хай нь бидэнд ирүүлсэн нотлох баримт, гэрээ нь шаардлага хангахгүй байсан. Иймээс бид тухайн хөрөнгийг авах эрхтэй гэсэн нотлох баримтыг хангалттай ирүүлсэн нөхцөлд бидний зүгээс тухайн хөрөнгийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг тайлбарыг Ү Жун Хайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцацралд мэдэгдсэн. Мөн бидэнд шүүхэд гаргасан бичиг баримтаас 2012 оны 2 сарын 17-ны өдрийн Ши Вэйн болон Н.Янжмаа нарын гаргасан амлалт тодорхойлолтыг ирүүлээгүй болно. Үйлчилгээний төвийг 2014 онд улсын комисст хүлээлгэн өгсөн нь үнэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ди Ви Жи Эйч” ХХК шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сүрэг агт ХХК-ийн одоогийн хувьцаа ззэмшигч Танан цагаан харш ХХК нь 2012 оны 2 сарын 15-ны өдөр БНХАУ-ын 4 иргэнээс Сүрэг агт ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг худалдах худалдан авах гэрээнд гуравдагч этгээдэд төлөх өр төлбөр тухайлбал, нэхэмжлэгч Ү Жун Хай гэж хүнд 204.862 ам.долларын өртэй талаар огт дурдагдаагүй байсан. 02/ҮТ гэсэн дугаартай захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь 2008 оны 4 сарын 16-ны өдөр Сүрэг агт ХХК-ийн захирлаар Жао Кө Кун гэж ажиллаж байгаагүй бөгөөд Wang Zliongliang гэж гүйцэтгэх захирал байсан нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд, Сүрэг агт ХХК болон Ү Жун Хай нарын 2010 оны 7 сарын 1 болон 2011 оны 3 сарын 21-ний өдөр байгуулсан 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцацрал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Жао Кө Кун-тай 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ү Жун Хай ажил хийж гүйцэтгэсэн нь ашиглалтад орсон барилга болон бичгийн баримтуудаар нотлогдоно. Энэ гэрээний дагуу барилгын ажил хийгдэж, ажлыг дүгнэж хөлсийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохирсон нь баримтаар нотлогдоно.

“Танан цагаан харш” ХХК нь “Сүрэг-Агт” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах үед Ү Жун Хай уг үйлчилгээний төвийн өмчлөгч болохыг худалдагч, худалдан авагч талын гүйцэтгэх удирдлагууд баталсан байдаг. Тухайн үед 2 тал сайн дурын үндсэн дээр нэгэнт хийгдсэн гэрээнүүдийг “Сүрэг-Агт” ХХК-ийн эрх хүлээн авсан дараагийн гүйцэтгэх удирдлагууд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00463 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.1, 101 дугаар зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ү Жун Хай /Wu Zhonghai/-г Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хорооллын 601 дүгээр байрны 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан, хариуцагч Ү Жун Хай болон “Сүрэг-Агт” ХХК-ийн хооронд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02/ҮТ тоот Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02/ҮТ тоот Ажлын байр захиалгаар барих, бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэцацралын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Сүрэг агт ХХК-ийн урьдчилан төлсөн 1.558.460 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Сүрэг агт ХХК-иас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү Жун Хай /төлөөлөгч Б.Эрдэнэцацрал/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн 32645 дугаар захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 881 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 1.628.660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.07-ны өдрийн 881 тоот магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

“Сүрэг агт” ХХК-ийн зүгээс БНХАУ-ын иргэн Ү Жун Хайг шүүхэд хуурамч нотлох баримт бүрүүлж өгсөн, бусдыг залилан мэхэлсэн үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд цагдаа прокурорын байгууллага ямар ч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүй сэжигтэн Б.Эрдэнэцацрал, Н.Лхамсүрэн нарын Сүрэг агт ХХК-д өгсөн 2 ширхэг гэрээг хуурамчаар үйлдсэн, тамгыг хуурамчаар үйлдсэн, гарын үсгийг хуурамчаар зурсан гэсэн мэдүүлэгт нь үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн зүгээс хяналтын прокурорын 2016.12.07-ны өдрийн 2172 тоот тогтоолд гомдол гаргасны дагуу 2172 тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж хохирогч талд 2017.03.13-ны өдөр 5/145 тоот хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Одоо уг хэрэг СБД-ийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа. Сүрэг агт ХХК БНХАУ-ын иргэн Ү Жун Хайтай 02/ҮТ захиалгаар бариулах гэрээг хуурамчаар үйлдсэн, Сүрэг агт ХХК ийм гэрээг огт байгуулаагүй гэж маргасан. Шүүхэд гаргаж өгсөн гэрээгээр бол нэхэмжлэгч тал нэхэмжлэлд дурдсан байрны үнэ 204.862 ам.долларыг аваагүй бол ийм их хэмжээний орлого олсон бол үүнийгээ МУ-д олсон орлогынхоо хэмжээгээр татвар төлсөн байх ёстой. Иймд Татварын ерөнхий газраас татварын тайлан болон төлсөн татварын хэмжээний талаар лавлагаа гаргуулах нь ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлон 2010.07.01-ний өдрийн болон 2011.03.21-ний өдрийн 2 гэрээг өгсөн байдаг. Энэ 2 гэрээ нь нэг нь 2007.07.01-ний өдрийн нөгөөх нь 2011.03.21-ний огноотой гарын үсэг зурж баталгаажуулсан хуудаснаас бусад хуудас нь өөр шинэ цаасан дээр хэвлэгдсэн гэрээнүүд байна. 2 ширхэг гэрээг хариуцагч талын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээтэй харьцуулан шинжилгээ хийлгэх саналтай байна.

“Танан цагаан харш” ХХК-ийн захирал Янжмааг гэрчээр байцаах, нэхэмжлэгч талаас “Сүрэг агт” ХХК-ийн барилгад хичнээн хэмжээний яг ямар төрлийн ажил гүйцэтгэсэн талаарх нотлох баримтыг гаргуулах, гүйцэтгэсэн ажил нь хичнээн төгрөгийн өртөгтэй, хэдэн төгрөгийн ажлын хөлс авах ажил гүйцэтгэсэн болох талаар шинжээч томилох, Ү Жун Хайгийн ажиллуулсан ажилтнуудын нэрсийг Гадаадын иргэн харьяатын албанаас гаргуулах, “Сүрэг агт” ХХК-д хүлээлгэн өгсөн санхүүгийн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах, хариуцагчийн зүгээс хуурамч нотлох баримт үйлдэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эрүүгийн журмаар шалгаж байгаа хэргийг шалгаж дууссаны дараа иргэний хэргийг шийдвэрлэх гэсэн хүсэлтийг шүүх бүгдийг нь хэрэгсэхгүй болгон улмаар хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан захиалгаар бариулах гэрээнд үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.07-ны өдрийн 881 тоот магадлал, анхан шатны шүүхийн 2017.02.02-ны өдрийн 101/ШШ2017/00463 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Б.Эрдэнэцацрал нь нэхэмжлэгч Ү Жун Хайг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэсэн байх ба итгэмжлэл монгол хэл дээр бичигджээ /хэргийн 1-7 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа монгол хэл дээр явагдах бөгөөд монгол хэл мэдэхгүй этгээд өөрийн хэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй. Ү Жун Хай нь БНХАУ-ын иргэн, тэрээр монгол хэл дээр бичигдсэн итгэмжлэлийн утгыг бүрэн ойлгосон эсэх нь эргэлзээтэй болжээ. Түүнчлэн дээрх итгэмжлэлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дууссан, хугацаа сунгасан баримт хэрэгт авагдаагүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “Сүрэг агт” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хорооллын 601 дүгээр байрны 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг ажлын хөлс гэж тодорхойлон Ши Вэйгийн гарын үсэг бүхий амлалт, тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, барилгын ажлын эцсийн тооцооны дэвтэр, тэмдэглэл, төслийн хариуцагчийг томилох тухай гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 21-22, 24-25, 38-72 дугаар тал/. Эдгээр баримтууд монгол хэл дээр орчуулагдсан боловч нотариатчаар гэрчлүүлээгүй байна. 

Ү Жун Хай нь “Сүрэг агт” ХХК-ийн захирал Н.Лхамсүрэнтэй 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээ, тус компанийн ерөнхий захирал Ши Вэйтэй 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Ажлын байр захиалгаар барих, бариулах тухай” гэрээг тус тус байгуулсан,  нэхэмжлэгч эдгээрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурджээ. /хэргийн 13-20 дугаар тал/.

Дээрх 2 гэрээг гадаадын иргэд монгол хэлээр байгуулсан байх ба талууд гэрээний агуулгыг бүрэн ойлгосон эсэх нь тодорхой бус байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Ү Жун Хай нь маргааны зүйл болж буй үйлчилгээний төвийн барилгыг ажлын хөлсөнд тооцож авахаар болсон...”  гэсэн бол дээрх гэрээнд гүйцэтгэгч “Сүрэг агт” ХХК нь 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг барих, захиалагч Ү Жун Хай нь ажлын хөлсөнд 204.862 ам доллар төлөхөөр харилцан тохиролцсон байх ба шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцээгүй байна.     

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээр дурдсан 2010 оны 7 дугаар сарын 1 болон 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргахдаа “...Сүрэг агт ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч Танан цагаан харш ХХК нь 2012 оны 2 дугаар сард БНХАУ-ын 4 иргэнээс  тус компанийн 75 хувийн хувьцааг худалдан авсан, ...гэрээнд Ү Жун Хайд төлөх төлбөрийн талаар тусгагдаагүй” гэжээ.

Хэргийн 124-131 дүгээр талд авагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүд нь хуульд заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх” шаардлагыг хангаагүй байна.

Итгэмжлэл, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2-г зөрчжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн дээрх алдааг хяналтын шатны шүүх залруулах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00463 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 881 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 1.628.660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ