Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1435

 

 

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Бэлэгтэд холбогдох

 

Илүү олгогдсон тэтгэмжийн 21 551 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалын 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Бэлэгтийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дугаартай тушаалаар Г.Бэлэгтийг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр Захиргаа, мониторингийн газрын дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлж, шинжлэх ухаан боловсролын байгууллагад 31 жил, үүнээс тус сургуульд 22 жил ажилласныг дурдан 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг үндэслэн 21 551 400 төгрөг олгосон. Г.Бэлэгт 2008 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 188 000 төгрөгийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хамтын гэрээний дагуу авч байснаа холбогдох албан тушаалтнуудаас нуун дарагдуулж, 21 551 400 төгрөгийн тэтгэмжийг давхардуулан авсан нь тогтоогдсон. Г.Бэлэгт нь 2008 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэмж авсны дараагаар ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэлт гаргасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Холбоо, мэдээлэл технологийн сургуульд ахлах нягтлан бодогч, Шинжлэх ухаан технологийн их сургуульд дотоод аудитор зэрэг ажлыг гүйцэтгэж байсан. Бид Г.Бэлэгтийн гүйцэтгэж байсан ажлыг хүндэтгэн давхардуулан авсан тэтгэмжийн 21 551 400 төгрөгийг төлж барагдуулах талаар хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тэтгэмжид авсан мөнгийг төлөхөөс эрс татгалзсан хариу өгсөн болно. Г.Бэлэгтийн завшсан 21 551 400 төгрөгөөр нэг бүр нь 1 050 000 төгрөгийн үнэтэй сүүлийн үеийн хүчин чадал өндөртэй 21 компьютер авч, лаборатори танхим байгуулах хэмжээний мөнгийг давхардуулан авч гэм хорын хохирол учруулаад байна. Г.Бэлэгтийн хууль бус үйлдлээр завшсан 21 551 400 төгрөгийн гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургууль хичээлийн жил бүрд тухайн хичээлийн жилд мөрдөх багш нарын зөвлөл, үйлдвэрчний эвлэл, захиргааны гурвалсан хамтын гэрээг байгуулан мөрдөн ажилладаг. 2014-2015 оны хичээлийн жилд батлагдсан хамтын гэрээ, дараагийн хамтын гэрээ батлагдтал мөрдөнө гэсний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөгдөж байгаа. Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаа мониторингийн газарт дотоод аудитороор ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэртээ гарах хүсэлт гаргаж зохих журмын дагуу өргөдлөө бичиж дарга нараар цохуулан хүний нөөцийн мэргэжилтэнд өгснөөр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ректорын Б/354 тоот тушаал гарсан. Уг тушаалаар Хамтын гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу намайг боловсролын байгууллагад тасралтгүй 31 жил, Шинжлэх ухаан технологийн их сургуульд тасралтгүй 22 жил 8 cap ажилласны учир 18 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох шийдвэр гарч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний Голомт банкин дахь цалингийн харилцах данс руу 21 551 400 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу олон хүүхэд төрүүлж өсгөсний төлөө тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний учир 2008 онд тэтгэврээ тогтоолгосон бөгөөд тэр үед 3 сарын тэтгэмж олгосон. Би тэтгэвэрт гараагүй үргэлжлүүлэн ажилласаар 7 жил гаруй хугацаа өнгөрсөн. Хэрвээ надад тэтгэмжийн мөнгийг буруу олгосон гэж үзэж байгаа бол 2008 онд тэтгэврээ тогтоолгосон байхад олгосон тэтгэмжийг буруу олгогдсон гэж үзэх үндэслэлтэй. Гэвч энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Надад хууль бусаар тэтгэмж олгосон гэж үзэж нэхэмжилж байгаа бол яагаад 2008 онд олгосон 3 сарын тэтгэмж болох 1 188 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, 2015 онд олгосон тэтгэмжийг нэхээд байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Би тэтгэвэр тогтоолгосноо нуун дарагдуулаагүй. Хуулийн дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа хариуцлагатай гүйцэтгэж байсан, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу цалингаас тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа хүний төлдөг 7,8 хувиар нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулан суутгуулж ажилласан. Би төрийн байгууллагад тасралтгүй 35 жил ажилласнаас боловсролын байгууллагад 31 жил ажилласан. 2002 онд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болж, 2009 онд хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч болсон. 2012 онд аудит ба баталгаажуулах эрхтэй аудитор болж батламжаа авсан. Энэ сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж, миний хөдөлмөрийг үнэлэн хүндтэй шагналуудаар шагнасанд баярлаж талархаж байдаг. Миний өөрийн зан чанар, ажил мэргэжил шударга үнэнийг эрхэмлэн ажиллахыг удирдлага болгодог. Би дотоод аудиторын ажлыг "хараат бусаар" гүйцэтгэх зарчимтай бөгөөд тэр зарчмаа хатуу баримтлан ажиллаж байсан. Би 50 насандаа тэтгэвэр тогтоолгосон нь ажилласан бүхий л хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлж, төлсөн шимтгэлээсээ буцааж авах эрх үүссэний дагуу олон хүүхэд төрүүлж өсгөсний төлөө төрөөс олгож буй хөнгөлөлт, харин надад хамтын гэрээгээр олгож байгаа тэтгэмж нь боловсролын байгууллагад Шинжлэх ухаан технологийн их сургуульд тогтвор суурьшилтай үр бүтээлтэй удаан жил ажилласны төлөө олгож байгаа тэтгэмж урамшуулал юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2, 9.2-т заасны дагуу жил бүрийн хичээлийн жилд дагаж мөрдөх хамтын гэрээг ажиллагсдын төлөөлөлтэй байгуулан ажилладаг. 2014-2015 оны хичээлийн жилд батлагдсан хамтын гэрээ дараагийн хамтын гэрээ батлагдтал мөрдөнө гэсний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөгдөж байгаа бөгөөд уг хамтын гэрээний 4.3 заалтад, "Шинжлэх ухаан боловсролын байгууллагад 25 жил ба түүнээс дээш жил, үүнээс Шинжлэх ухаан технологийн их сургуульд 22 жил ажилласан багш, ажилтан тэтгэвэрт гарахад нь 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно" гэсний дагуу надад боловсролын байгууллагад тасралтгүй 31 жил, үүнээс Шинжлэх ухаан технологийн их сургуульд тасралтгүй 22 жил 8 cap ажилласны учир тэтгэмжийг сургуулиас олгосон. 2008 онд тэтгэвэр тогтоолгоход надад тухайн үед мөрдөгдөж байсан хамтын гэрээний дагуу 3 сарын тэтгэмж олгосон боловч би тэтгэвэрт гараагүй ажлаа үргэлжлүүлэн хийсээр 7 жил ажилласан. Хэрэв надад буруу олгосон гэж үзэж байгаа бол 2008 онд тэтгэвэрт гараагүй, тэтгэврээ тогтоолгосон байхад олгосон тэрхүү тэтгэмжийг нэхэмжлэх ёстой. Энэ үед би хамтын гэрээнд заасны дагуу тэтгэвэрт гараагүй болно. Хөдөлмөрийн дотоод журмын 2.17-д заасны дагуу намайг үргэлжлүүлэн ажиллуулсан. Харин 2015 оныд хамтын гэрээний 4.3-т зааснаар тэтгэвэрт гарсан учир тэтгэмж олгогдсон. Ажилтандаа олгосон нэг удаагийн тэтгэмжийг буцаан авах тухай хууль зүйн болон дотоод журам, хамтын гэрээнд ямар нэгэн заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар, тэтгэвэр авах эрх үүссэн тул миний хүсэлтээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн хуулийн 42.1-д зааснаар, ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг хамтын гэрээгээр 18 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор заасны дагуу надад тэтгэмж олгосон болно. Иймд үндсэн нэхэмжлэлийн эх сурвалж болж байгаа Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалын 1 дүгээр заалт буюу Ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн /Ажлаас чөлөөлөх тухай/ Б/354 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсон болон, уг тушаалын 2 ба 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Г.Бэлэгт нь 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн захиргаанд бичсэн өргөдөлдөө...улсад тасралтгүй 28 жил, үүнээс Шинжлэх ухаан технологийн их сургуульд 15 жил 6 cap ажиллаж байна. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсний учир хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн тул ажлаас чөлөөлж өгнө үү.. гэсэн өргөдлийг гаргаж байсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн захирал Г.Бэлэгтийн гаргасан өргөдлийн баруун доод өнцөгт Хүсэлтийн дагуу 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гаргая...гэсэн цохолт хийсэн байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн Захирлын 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 109 тоот тушаалаар Г.Бэлэгтэд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна. 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Бэлэгт 3 сарын тэтгэмж 1 188 000 төгрөг хүлээн авсан тухайгаа гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Г.Бэлэгт тэтгэвэрт гарах өргөдлөө гаргаж тэтгэвэр тогтоолгосноос 1 хоногийн дараа 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүсэл зоригоо дахин илэрхийлэн тэтгэвэр тогтоолгосон боловч цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа тул ажиллуулж өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаартай тушаалаар, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан, Г.Бэлэгтийг 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс ажиллуулж, албан тушаалын цалин, зохих нэмэгдлийг олгосугай...гэсэн шийдвэр гарснаар Г.Бэлэгт ажлаа гүйцэтгэх болсон байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаа, хамт олны төлөөлөгчдийн 2008-2009 оны хичээлийн жилийн хамтын гэрээний гуравдугаар зүйлийн 6.1-д Шинжлэх ухаан технологийн их сургуульд 15-20 хүртэл жил ажилласан профессор багш, ажилтан, ажилчид тэтгэвэрт гарахад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авахаар заасан байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дугаартай тушаалаар Г.Бэлэгтийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Захиргаа, мониторингийн газрын дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлж, шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 31 жил, үүнээс тус их сургуульд 22 жил ажилласан гэж дүгнэн 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох эрх үүссэн байна. Ийнхүү Г.Бэлэгт нь 2 удаа тэтгэвэрт гарч, 2 удаа тэтгэмж авсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Г.Бэлэгт нь 2008-2009 оны хамтын гэрээнд зааснаар 3 сарын 1 188 000 төгрөгийн тэтгэмж авсан атлаа давхардуулан 2014-2015 оны хичээлийн жилийн хамтын гэрээнд зааснаар 18 сарын 21 551 400 төгрөгийн тэтгэмжийг авсан байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.Бэлэгтийг 2 дахь удаагаа давхардуулан авсан 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг буцаан суутган авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Г.Бэлэгт сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 тоот тушаалын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир Г.Бэлэгтийг тушаалын 2 дахь заалтаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, Захиргаа, мониторингийн газрын дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлсөн. Тушаалын 3 дахь заалтаар Г.Бэлэгт 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 21 551 400 төгрөгийг давхардуулан авсан нь тогтоогдсон учир холбогдох албан тушаалтнуудад суутган авахыг даалгасан нь шударга ёс, хууль зүйд нийцсэн. Г.Бэлэгт давхардуулан авсан 21 551 400 төгрөгийг буцаан төлж өгөх нь шударга ёсонд нийцсэн сайн үйлс болно гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бэлэгтээс 21 551 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуульд олгож, Ректорын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Бэлэгтээс 265 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуульд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Бэлэгт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шударга бус шийдвэр гаргасан. Миний бие Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, мөн тушаалын 2 дугаар заалтын дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 21 551 400 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний Голомт банкны харилцах дансанд тус сургуулийн санхүүгээс шилжүүлж өгснөөр тэтгэмжийн мөнгийг би авсан. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон тайлбарыг үг үсэг орхилгүй дурдсан мөртлөө миний шүүхэд өгсөн тайлбарын зарим хэсгийг орхин бичжээ. Тухайлбал нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн өргөдөлдөө "Бид Г.Бэлэгтийн гүйцэтгэж байсан ажлыг хүндэтгэн давхардуулан авсан тэтгэмжийн 21 551 400 төгрөгийг төлж барагдуулах талаар хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тэтгэмжид авсан мөнгийг төлөхөөс эрс татгалзсан хариу өгсөн болно гэсний дээр Г.Бэлэгтийн завшсан 21 551 400 төгрөгөөр 21 ширхэг компьютер авч лаборатори байгуулах тухай бичсэнийг дурдсан атлаа миний шүүхэд өгсөн тайлбартаа бичсэн, ажиллаж байх хугацаандаа гаргасан амжилт, үр дүн, зорьсон зорилго, оруулсан орлого (25 сая), хууль бус аргаар завшсан мөнгийг илрүүлсэн дүн (100 сая), сургуулийн мэргэжилтний 8 байрны (240сая) төлөө сургуулийн эрх ашгийг хамгаалж хөөцөлдөж байсныг дурдаагүй нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг илтгэж байна. Би сургуулийн өгсөн мэдэгдэлд эрс татгалзсан хариу өгөөгүй. Тайлбар гаргаж зохих хүсэлтээ илэрхийлсэн боловч миний хүсэлтийг хүлээж авалгүй шүүхэд өгсөн. Шүүх намайг "үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэж дүгнэсэнд үнэхээр гомдолтой байна. Уг тэтгэмжийг надад олгохдоо бусдын адилаар бүх багш ажилтуудад мөрдөгддөг журам зааврын дагуу олгосон. Шүүх Иргэний хуулийн 492.1-д зааснаар хамтын гэрээний дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгосноор нэг удаагийн тэтгэмж төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Хамтын гэрээ гэдэг нь хичээлийн жил тутам шинэчлэгдэн батлагдаж тухайн хичээлийн жилдээ мөрдөгддөг журам юм. Тэтгэмжийг 2 удаа олгож болохгүй гэж үзэж байгаа юм бол 2008 онд "тэтгэвэр тогтоолгоход" олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1 188 000 төгрөгийг буцааж төлүүлж болно шүү дээ. Ер нь тэтгэмж олгох заалт бүхий хуулиудад "тэтгэвэрт гарахад нь" гэж заасан байдаг. Би боловсролын салбарт түүний дотор Шинжлэх ухаан технологийн их сургуульд олон жил, үр бүтээлтэй, хариуцлагатай, шударга ажилласан хөпөлмөрөө үнэлүүлэн, авах ёстой тэтгэмжээ авсан гэж бодож байна. Хамтын гэрээнд тусгагдсанаар олон жил ажилласан багш ажилтанд олгох буцалтгүй тэтгэмж нь бүх багш ажиллагсдад хамаарсан бүгд дагаж мөрдөж байгаа журам заалт юм. Би өөрийн албан тушаалаа ашиглаж, залилж, хулгайлж "үндэслэлгүй хөрөнгөжсөн" зүйл байхгүй. Иймээс асуудлыг тал бүрээс нь бодитоор дүгнэж хэт нэг талыг барьж шударга бус шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь хариуцагч Г.Бэлэгтэд холбогдуулан илүү олгогдсон тэтгэмжийн 21 551 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалын 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Г.Бэлэгт нь 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул захирлын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 96 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд байгууллагаас хамтын гэрээний 6.1-д заасны дагуу захирлын 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 109 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Г.Бэлэгтэд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1 188 000 төгрөгийн тэтгэмж олгосон тухай үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.                               /хх-4-5, 8-9 дүгээр тал/

 

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Г.Бэлэгтэд өндөр насны тэтгэвэр авах үүссэн бөгөөд тэрээр 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хэргийн 76 дугаар талд авагдсан тэтгэврийн дэвтэрээр нотлогдсон байна.

 

Хариуцагч Г.Бэлэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч байгууллага хүлээн авч 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаар тушаалаар урьд ажиллаж байсан ажил албан тушаалд томилсон бөгөөд тэрээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах тул тэтгэмж авах хүсэлт гаргасныг хүлээн авч түүнийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ректорын Б/354 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж 18 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид 21 551 400 төгрөг олгосон тухай үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан 2008-2009 оны, 2015-2016 оны хамтын гэрээнд талууд тухайн байгууллагын профессор, багш ажилтныг тэтгэвэрт гарахад ажилласан жилээс хамаарч нэг удаа тэтгэмж олгохоор тохиролцсон байх бөгөөд дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч байгууллага хариуцагчид 2 удаа тэтгэмж олгосон байна.

 

Хариуцагч эхний удаа олгосон тэтгэмжийг 2008 онд тэтгэвэр тогтоолгоход тухайн үед мөрдөж байсан хамтын гэрээний дагуу 3 сарын тэтгэмж 1 880 000 төгрөг, дараагийн удаа олгосон тэтгэмжийг 2015 онд хамтын гэрээнд заасны дагуу 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 21 551 400 төгрөг олгосон гэж тайлбарласан боловч дээрх хамтын гэрээнээс үзвэл тухайн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд 1 удаа тэтгэмжийг ажилласан жилээс нь хамаарч олгохоор тохирсон байтал хариуцагчид 2 удаа тэтгэмж олгосон нь хамтын гэрээ зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нэг удаа үүсэх бөгөөд хариуцагч нь ажлаа үргэлжлүүлэн хийсний дараа өндөр насны тэтгэвэрт гарч байгаа явдал хамтын гэрээний дагуу нэг удаагийн тэтгэмж олгох ажил олгогчийн үүрэг дуусгавар болсон, дахин олгох үүрэг шинээр үүсэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч Г.Бэлэгтийг  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар Г.Бэлэгт нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Захиргаа, мониторингийн газрын дотоод аудирторын албан тушаалаас чөлөөлж, 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон тушаалыг залруулж хүчингүй болгон 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.                                                                                    /хх-15, 23 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Г.Бэлэгтээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 710 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ