Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/0073

 

           

Ц.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг

даргад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      М.Батсуурь

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    П.Соёл-Эрдэнэ

              Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 120/ШШ2022/0011 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 464 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Ц.Ууганцэцэг, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Н.Гарьдхүү, Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Ц.Ууганцэцэгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн (цаашид “Хурлын Тэргүүлэгчдийн” гэх) 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” 26 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагт Соёлын төвд хуралдуулахаар товлож, Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Хэлэлцэх асуудал батлах тухай” 27 дугаар тогтоолоор 7 асуудлыг хэлэлцэхээр баталжээ.

2.1. Тус Хурлын Төлөөлөгч Г.Батхаанаас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар албан бичгээр “... сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг огцруулах санал”-ыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн.

2.2. Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Хэлэлцэх асуудал батлах тухай” 28 дугаар тогтоолоор 8 асуудал хэлэлцэхээр баталж, тус тогтоолын 1.8-д “Сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгт итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэхээр оруулсан байна. Мөн уг тогтоолын 3 дахь заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.

2.3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (цаашид “Хурлын” гэх) гуравдугаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд нийт 27 төлөөлөгчөөс 26 нь оролцож, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан “Цогтцэций сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгт итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн, сумын Засаг даргыг огцруулах саналыг 20 төлөөлөгч дэмжиж, 2 төлөөлөгч татгалзах, 4 төлөөлөгч түдгэлзэх саналыг тус тус гаргажээ.

2.4. Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах саналын тухай” 3/1 дүгээр тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон 26 Төлөөлөгчдийн 20 төлөөлөгч буюу 76.9 хувийн саналаар итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн тул сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг огцруулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

2.5. Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.7 дахь хэсэг, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 72 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/1 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал ирүүлсэн, Хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг мөн өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь огцруулсан байна.

3. Нэхэмжлэгчээс “... Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын танилцуулга, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн албан бичгийг үндэслэн огцруулсан нь үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхээр шийдвэрлэгдсэн байхыг шаарддаг, шүүхээс гэм буруутай талаар тогтоогдоогүй, хууль дүрэм журам зөрчсөн эсэх нь тодорхойгүй байхад огцруулах санал гаргасан, эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан үе буюу өөр ажил албан тушаал эрхэлж байсантай холбогдуулан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр огцруулсан нь үндэслэлгүй, хуульд заасан үндэслэлгүйгээр огцруулсан, санхүү, аудитын газраас шалгасан 4 асуудал нь, 3 асуудал нь жирэмсний амралттай байх үеийнх, нөгөө 1 асуудал нь Засаг даргаас захирамж гарч гэрээ байгуул гэсний дагуу байгуулсан, энэ надтай холбоотой асуудал биш, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийн сумын хэмжээндээ шийдвэрлэсэн асуудлын нэг, 2021.08.02-2021.09.10 өдөр хүртэл хугацаанд Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ууганцэцэг хууль тогтоомж зөрчсөн эсэх талаарх маргаан, хууль тогтоомж зөрчсөн талаар нотлогддоггүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т заасныг баримталсан нь буруу, хариуцагчаас зөрүүтэй тайлбарууд гаргадаг, Авлигатай тэмцэх газарт байгаа хэрэг хэрэгсэхгүй болсон, Огцруулах санал нь хуульд нийцсэн эсэх, бодит үйл баримтыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай, огцруулах үндэслэл байхгүй нөхцөлд саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэй, Захиргааны ерөнхий хуульд заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх зарчмыг хангаж ажиллаагүй ...гэж тайлбарлан маргасан.

3.1. Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “... Огцруулах саналыг гаргаж, өөрт нь тайлбар гаргах боломжийг олгосон харагддаг, хэлэлцэх асуудлын жагсаалт, процесстой холбогдуулж нэхэмжлэгч маргаагүй, өмнө процесс ажиллагаагаа зөвтгөсөн, тухайн үндэслэлээр дахин огцруулах саналыг дахин ирүүлсэн, зөрчил гаргасан нь тогтоогдсон, Санхүү аудитын тайланг дан ганц үндэслээгүй, нэхэмжлэгч харилцаа хандлагын хувьд доголтой гэж төлөөлөгчид үзсэн, хурлын тэмдэглэлээс шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн тул сонсох ажиллагаа явуулаагүй, хэрэгт Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэрэг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон талаарх нотлох баримтууд авагдаагүй, хариуцагчийн зүгээс Засаг дарга байх хугацаандаа гаргасан зөрчил нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэх үндэслэн огцруулах санал гаргаагүй, харин хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэн огцруулах саналыг гаргасан, нэхэмжлэгчээс зөвхөн Засаг дарга байх хугацааны асуудлыг хамааруулах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, 2020 онд томилогдсон, гэтэл 2019 онд гэмт хэрэг үйлдсэн болох нь томилогдсоны дараа шүүхээр тогтоогдвол яах билээ ... гэж,

3.2. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас “... Хурлын олонхийн саналаар шийдвэрлэсэн огцруулах саналыг үндэслэн хуульд заасан эрхийн хүрээнд огцруулах захирамж гаргасан, өмнөх маргаан нь процесс ажиллагаа зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн талд шүүхээс шийдвэрлэсэн. Энэ удаа процесс ажиллагаагаа залруулсан, Засаг даргын зүгээс яагаад огцруулах гээд буйг хурлын тэмдэглэлээс харахад Ц.Ууганцэцэг нь ёс зүйн хариуцлагагүй, зөрчилтэй нь харагддаг, бусад төлөөлөгчдийн итгэлийг хүлээж чадахгүй байна гэдэг нь тэмдэглэлээс мөн тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр бус чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзсэн, Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу олон талаас нь хэлэлцсэн, 32.3 дахь заалтыг баримталсан нь техникийн шинжтэй алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна, Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан үйл ажиллагаатай нь холбож шийдвэрлэсэн ч зарчмын хувьд алдаатай юм шиг боловч нэг сумын Тамгын газартай холбоотой хамаатуулж үзэх нь зүйтэй, Хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчээс шүүхээр маргах талаар тайлбарласан, үүнийг үзээд шийдвэрлэсэн нь сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй ...” гэж тус тус шүүхэд тайлбар гарган, нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

4. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн г, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ууганцэцэгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Н.Гарьдхүүгээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргасан байна.

7.1. ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т зааснаар “огцруулах” саналыг зөвхөн тус хуульд заасан үндэслэлээр л гаргасан байх (уг үндэслэлд хамаарна гэж иргэдийн Төлөөлөгчдийн хурлын олонх үзсэн байх), дээд шатны Засаг даргаас уг санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг “хянах” агуулгатай болохоос Засаг даргыг огцруулах саналын үндэслэл нь үйл баримттай тохирч буй эсэхэд дүгнэлт хийх замаар огцруулах саналын үндэслэлийг хянах боломжгүй.   

7.2. Мөн хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн хуулиар олгогдсон сумын Засаг даргыг огцруулах саналыг Засаг даргад уламжлах онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаараа Засаг даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан аль нэг үндэслэлээр огцруулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг ойлгох бөгөөд уг санал, шийдвэр нь үйл баримтаар нотлогдсон тогтоогдсон байх шаардлагагүй.

7.3. Давж заалдах шатны шүүхээс “... Хурлаас Засаг даргад итгэл үзүүлээгүй гэх үндэслэлээр огцруулахаар заасан зохицуулалт байхгүй” гэж үйл баримт, хуулийг явцууруулан тайлбарласан нь үндэслэлгүй.

7.4. Аймгийн Засаг даргын шийдвэр нь “итгэл үзүүлээгүй гэх үндэслэлээр” огцруулаагүй, Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналд гагцхүү хуульд заасан үндэслэлийг дурдсан эсэхийг хянах хэмжээ, хязгаарын хүрээнд саналыг хүлээн авахаа шийдвэрлэх талаар дурдсан. Засаг дарга нь улс төрийн албан тушаалтны хувьд энэ чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

7.5. Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Засаг даргыг томилуулах, огцруулах санал уламжилж буй шийдвэр (тогтоол) нь улс төрийн шийдвэрт хамаарна. Сумын Засаг даргыг огцруулах саналын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх нь мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006 оны) үзэл санаатай зөрчилдөх юм.

8. Нэхэмжлэгчээс хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргасан байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

10. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар бүх шатны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч, сонгуулийн үр дүнд сонгогдож, томилолтын журмаар ажилладгаараа бусад төрийн албан тушаалтнаас ялгаатай бөгөөд Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах эрх зүйн харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-иар нарийвчлан зохицуулсан.

11. Засаг даргыг огцруулах талаар санал гаргах эрх нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах, мөн уг бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Хурлаар хэлэлцсэн асуудал нь олонхийн саналаар батлагдсанаар хүчинтэйд тооцох нөхцөлийн талаар хууль тогтоогчоос Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г” хэсэг, 23 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтуудад тусгайлан заажээ.

12. Тухайн тохиолдолд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж заасны дагуу Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 26, 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28  дугаар тогтоолуудаар Хурлын гуравдугаар хуралдааны товыг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, хуралдааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулж, тус хуралдаанд нийт 27 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч оролцон “Засаг даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг” хуралдаанаар хэлэлцэн 20 төлөөлөгч буюу олонхи саналыг дэмжиж Хурлын 2021 оны 3/1 дүгээр тогтоолоор сумын Засаг даргыг огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь тогтоогдсон, энэ Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

13. Давж заалдах шатны шүүх “Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, үйл баримтын талаар бүрэн дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу ...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу бөгөөд шүүх цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

14. Учир нь, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “Засаг даргыг огцруулах тухай” санал нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр, энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх эрхийг дээд шатны Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байх тул шүүх Засаг даргыг огцруулсан шийдвэрүүдэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдах тул энэ талаар дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

15. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд олонхийн саналаар шийдвэрлэсэн буюу Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд “чиг үүргээ хэрэгжүүлсэн (эсхүл биелүүлсэн) эсэх”-тэй холбогдон гарсан улс төрийн шийдвэрт шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй.  (Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 91, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаар тогтоол)

16. Тиймээс хариуцагч Хурлын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т зааснаар “огцруулах” саналыг зөвхөн тус хуульд заасан үндэслэлээр л гаргасан байх (уг үндэслэлд хамаарна гэж иргэдийн Төлөөлөгчдийн хурлын олонх үзсэн байх), дээд шатны Засаг даргаас уг санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг “хянах” агуулгатай болохоос Засаг даргыг огцруулах саналын үндэслэл нь үйл баримттай тохирч буй эсэхэд дүгнэлт хийх замаар огцруулах саналын үндэслэлийг хянах боломжгүй, Засаг дарга нь улс төрийн албан тушаалтны хувьд энэ чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй ...” гэх гомдол нь үндэслэлтэй байна.

17. Иймд, анхан шатны шүүх уг маргааны хяналтын цар хүрээг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 464 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 120/ШШ2022/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.БАТСУУРЬ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА 

ШҮҮГЧИД                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                     Ц.ЦОГТ

               Х.БАТСҮРЭН