| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/0234/и |
| Дугаар | 268 |
| Огноо | 2016-05-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 268
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 13а-06 тоотод оршин суух Цагаан чулуут овогт Бавуугийн Машбат /РД:АЭ61022575 / хүсэлттэй,
Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1978 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх уурын зуухны галч, машинистаар, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга компанид 1991 оны 11 сарын 19-ний өдрөөс 1992 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Машбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Машбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1978 оны 09 сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд гачегар, слесариар ажиллаж байсан. Уг байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул өндөр насныхаа тэтгэвэрт орж чадахгүйд хүрээд байна. Архивын лавлагаа болон бусад бичиг баримтыг үндэслэн намайг 1978 оны 09 сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд гачегар, слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Машбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 онд түр ажилд ороод дараа нь жинхэлсэн. Би эхлээд хүний оронд орж байсан тэгээд нөгөө хүн нь ажилдаа эргэж ороогүй учраас би жинхэнэ ажилтан болж ажилласан. Эхлээд ахуйн үйлчилгээний 2-р уурын зуух уурын зууханд галчаар ажилд орсон. Намайг ажиллаж байх үед уурын зуух эхлэхээс өмнө уурын зууханд нүүрс буулгадаг байсан. Манай ахлагч Самбуу гэдэг хүн байсан. Тэгээд 1991 он хүртэл тасралтгүй ажилласан. Ахуй үйлчилгээ өөрчлөгдөөд Ундарга компани болсон. Миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Машбат ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Гэрч Ц.Жанлавын: Би 1970 онд Архангай аймгийн Барилга угсралтын конторт сантехникчээр ажилд орж ажиллаж байгаад 1973 онд цэргийн албанд татагдаж 1976 онд цэргээс халагдсан. Тэгээд Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны механикчаар 1976 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1990 онд нэр нь өөрчлөгдөж Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болсон. Тэгээд 1994 онд Дулааны үйлдвэр болж өөрчлөгдөж байсан. Энэ хугацаад би хэсгийн механикчаар ажиллаж байсан. Хэсгийн механикч нь аймгийн төвийн 5 уурын зуухыг хариуцаж ажилладаг байсны нэг уурын зууханд Б.Машбат нь ажилладаг байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Б.Машбат нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зууханд 1978 оны 09 сард 2-р уурын зууханд гачегараар ажилд орж ажиллаж байгаад 1980 онд 13-р уурын зууханд гачегараар 1992 оныг хүртэл ажиллаж байсан. 1983 онд байгууллагын сайн ажилтан болж хүндэт самбарт зургийг нь тавьж байсан. Мөн байгууллагаас баярын бичгүүд авдаг байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.Машбатын Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1978 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх уурын зуухны галч, машинистаар, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга компанид 1991 оны 11 сарын 19-ний өдрөөс 1992 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 05 сарын 16-ны өдрийн 90 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 09 сарын 18-ны өдрийн 207 тоот ажил томилох тухай тушаал, Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 06 сарын 06-ны өдрийн 116 тоот мэргэжлтэй ажилчид түр курсээр бэлтгэх тухай тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 14-ний өдрийн 492 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 149 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 143 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга компаний захиралын 1992 оны 04 сарын 17-ны өдрийн 69 тоот ажилчид шилжүүлэх тухай тушаал, гэрч О.Баатар, Ц.Жанлав нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1978 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх уурын зуухны галч, машинистаар, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга компанид 1991 оны 11 сарын 19-ний өдрөөс 1992 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Б.Машбатын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Машбатын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан чулуут овогт Бавуугийн Машбатын /РД:АЭ61022575/ Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1978 оны 9 сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх уурын зуухны галч, машинистаар, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга компанид 1991 оны 11 сарын 19-ний өдрөөс 1992 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Машбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН