| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0053/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/52 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Э-т холбогдох эрүүгийн 1838008620076 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Э-,
Шүүгдэгч Л.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Мөрөн сумын 13-р багийн 12-р гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.О-тай тааралдаж хавсарч унагааснаас баруун шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12 дугаар гудамжинд согтуурсан үедээ хохирогч Д.О-ыг хавсарч унагаан, эрүүл мэндэд нь баруун шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг өнгөрч байх үед би Нэгдсэн эмнэлэг орж олгойныхоо боолтыг хийлгэчихээд гэр лүүгээ харьж явсан юм. Гэр лүүгээ харьж явж гэрийнхээ арын гудамжинд буюу 13 дугаар багийн 12 дугаар гудамжинд Эрдэнээ гэх зүс таних залуутай таарсан. Тухайн үед Эрдэнээ нь согтуу байдалтай байсан. Эрдэнээ надтай таараад надаас тамхи асуухаар нь “байхгүй” гэж хэлэхэд “хоёулаа барилдчих уу” гээд намайг барьж авсан. Тэгж барьж авсан байхдаа намайг хавсарч унагаасан. Унахад миний баруун хөл маань эвгүй болоод хугарчихсан. Би тухайн үед хөл дээрээ босох гэж оролдсон боловч босож чадахгүй савж унасан. Унасан байхдаа ухаан балартаад хэвтсэн. Намайг хэвтэж байхад түргэн ирээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод хөлөө үзүүлэхэд хөлийг маань “хугарсан байна” гээд шууд гипсдсэн, тэгээд эмнэлгийн мэс заслын тасагт хэвтсэн...Би эмнэлэгт нийт 15 хоног хэвтсэн...Эрдэнээ нь намайг ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй. Согтуугийнхаа халуунд л зодсон болов уу... Л.Э- нь надаас уучлалт гуйж миний хохирлыг барагдуулсан байгаа. Тийм учраас би түүнтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 13,16-р тал/
Шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын эхээр байхаа /яг өдрийг нь одоо санахгүй байна/... Цогтбаяр гэх залуугийн авчирсан архийг бид хоёр манай гэрт хувааж уусан.Харин би гэрээсээ гараад 13 дугаар багийнхаа 12 дугаар гудамжинд явж байгаад Д.О- гэх зүс таних ахтай таарсан. Тухайн үед би түүнээс тамхи асуухад “байхгүй” гэж байсан. Тэгэхээр нь тоглоод “барилдчих уу” гээд барьж аваад баруун хөлөөрөө түүний хөл рүү хавсраад унагаасан. Тэгэхэд л Д.О- ах доошоогоо суугаад өгсөн. Би түүнийг доошоогоо суугаад өгөхөөр нь “яасан бэ” гээд асуухад юм дуугараагүй.Тэгээд би “зүгээр байх” гэж бодоод л яваад өгсөн...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөн би хохирогч Д.О- ахаас уучлалт гуйж, түүний эмчилгээнд гарсан хохирлыг төлж барагдуулан, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 19, 30-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 572 дугаартай: “...Д.О-ын биед баруун шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа тус тус үүсгэгджээ. Д.О-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хуацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна.. гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Л.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12 дугаар гудамжинд согтуурсан хоихрогч Д.О-ыг хавсарч унагаан, эрүүл мэндэд нь баруун шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Л.Эрдэнбаяраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 300.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч Д.О-тай эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчээс 300.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн 1838008620076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Э-с эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-т олгосугай.
5. Эрүүгийн 1838008620076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл,бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР