| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0112/Э |
| Дугаар | 1811033310126 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 1811033310126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Ө.Энхсайхан /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Энхсайханд холбогдох эрүүгийн 1811033310126 дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Цагаагчин овогт Өлзийсайханы Энхсайхан, 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 6-743 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТЯ94031419/.
Шүүгдэгч Ө.Энхсайхан нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-537 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч С.Дуламсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ө.Энхсайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
Шүүгдэгч Ө.Энхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-/ “..Би С.Дуламсүрэнтэй 2017 онд танилцаад 2018 оноос эхлэн хамт ЧД-ийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-537 тоот манай хашаанд Дуламсүрэнгийн гэрт амьдрах болсон. Хааяа гэр бүлийн маргааны улмаас хоорондоо маргалдаж ам зөрдөг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд бид 2 гэртээ амарч байсан. Тэгэхэд Дуламсүрэн хөгжим сонсож байхад би дууг нь санаандгүй сольсноос болж маргалдаж эхэлсэн. Ингээд маргалдаж байх үед миний уур хүрээд гар луу нь гараараа 2 удаа цохьсон. Бас нүүр хэсэгт нь 1 удаа цохьсон байж магадгүй. Хоорондоо маргалдаж байх үед намайг хэл амаар доромжлоод хараал хэлээд байхаар нь уурандаа цохьчихсон юм. Хохирогчийн биед учирсан гэмтэл миний буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтэл, би хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Дуламсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17-18/ “..Би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Ө.Энхсайхантай 1 жилийн хугацаанд хамт байр түрээслээд үерхэж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-537 тоотод хамт амьдрах болсон.. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчимд гэртээ байж байтал манай нөхөр нэг хөгжим сонсож байгаад сольчихоор нь наад дуу чинь гоё дуу буцаагаад тавьчих гэхэд чи надад таалагддаггүй дуу сонсох гэлээ, пизда наахуу, өмхий гичий, гэж хэл амаар доромжлоод байхаар нь би чамд сэтгэл гаргаад гоё хөгжим аваад өгч байхад надтай эвтэйхэн харьцаж болохгүй байна уу гэж гуйсан. Тэгсэн үглээ ядаргаатай пизда вэ гэж босч ирээд миний зүүн гар талын толгой хэсэгт 2 удаа цохиход аймар өвдөлт мэдрэгдээд их айсан. Тэгтэл дахиад зүүн гар талын булчин хэсэгт хөлөөреө 2 удаа өшиглөхөд нь миний буруу, би ахиж тэгэж хэлэхгүй гээд уйлсан. Хэсэг хугацааны дараа гадагш гарах гэтэл гаргахгүй болохоор нь бие засмаар байна гэж хэлээд 00-д ороод дүү Пагмадулам руу хурдан ир, би яг алуулах юм шиг байна гэж мессеж бичсэн. Удалгүй манай дүү хүрч ирсэн. Би зөрөөд дэлгүүр орчихоод ирье гэж гараад цагдаа дуудсан юм Тухайн үед миний толгой өвдөж байсан зүүн талын хөмсөгний дээд хэсэгт хөхөрч, зүүн гар талын булчин хэсэгт овойж хавдаад хөхөрсөн байдалтай байсан. Ө.Энхсайхан нээх архи уугаад байдагүй ба ер нь уудаггүй тэр өдөр бол цоо эрүүл байсан. Намайг дуу буцаагаад тавьчих гэтэл ядаргаатай, үгэллээ гээд л уурлаж зодсон. Намайг найз нөхөдтэй уулзах харьцахыг хязгаарладаг, маш их харддаг хүн байгаа юм. Манай дүү Пагамдулам гэрчилнэ. Хэрэг болсоны дараа орж ирээд ямар нөхцөл байдалд байгааг харсан. Бид 2 бараг цуг байдаггүй голдуу 2 тийшээ ажлаа хийгээд явчихдаг. Би зодуулсандаа гомдол санал байхгүй. Одоо гэрээ нүүлгээд аваад явчихсан энэ хүн одоо ажил хийдэггүй болохоор мөнгө төгрөг нэхмжлээд гаргаж өгөх чадвар байхгүй болохоор нзхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хүнээс тусдаа хол амар тайван амьдармаар байна. Гэр бүлийн баталгаа байхгүй. Бид хоёр 2017 оноос эхлэн хамт амьдарч байсан. Энэ хугацаанд хэн хэнийхээ буруугаас болж маргалдаж зодолдох үе байсан. Гэхдээ тэр үед миний биед хүнд хөхрөл няцрал учрахуйц гэмтэл учруулдаггүй байсан. Тийм болохоор нь цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан юм. Хамт амьдарч байсан газар нь Чингэлтэй дүүргийн 7-р хороо хувьсгалчдын Г-537 тоотод байхад асуудлууд болдог байсан. Би яг тэд хэд гэж тоолоогүй тийм олон удаа зодоогүй. Сүүлд уг хэрэг болохоос өмнө их айхтар зодож байгаагүй. Зүгээр бие биенээ түлхэх ганц нэг цохих ч юм уу, тиймэрхүү үйлдлүүд байсан. Тэрнээс өөр сүртэй зодож цохих юм байгаагүй. Надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хурдан шуурхай шийдүүлмээр байна гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13697 дугаар дүгнэлтэнд: /хх-29/ “..С.Дуламсүрэнгийн биед зүү нүдний алим, зүүн хөмсөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, шүргэх үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Ө.Энхсайханий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Энхсайхан нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-537 тоотод хамтран амьдрагч С.Дуламсүрэнг зодож түүний биед зүү нүдний алим, зүүн хөмсөг, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч, шүүгдэгч нар 2017 оноос хойш цуг хамтран амьдарч гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болсон бөгөөд энэ хугацаанд хоорондоо хэд хэдэн удаа маргалдаж, маргах болгондоо байнга шүүгдэгч Ө.Энхсайхан нь хохирогчийг цохих түлхэн зэргээр сэтгэл санааны болон бие махбодын дарамт үзүүлдэг байсан нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Шүүгдэгч Ө.Энхсайханы дээрх байдлаар хохирогч С.Дуламсүрэнг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ө.Энхсайханы “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Энхсайханаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ө.Энхсайханыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Энхсайханд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Ө.Энхсайханд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч С.Дуламсүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Энхсайхан нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагаагчин овогт Өлзийсайханы Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Энхсайханыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Энхсайханд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Энхсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ө.Энхсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Энхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР