Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 03

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Шүүгдэгч Г.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Мад холбогдох эрүүгийн 1811 03145 1068 дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Галбадрахын Мөнхбат, 1988 оны 01 сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улсын драмын эрдмийн театрт тайз засагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4-253 тоотод суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:АЮ88012614/.

 

Шүүгдэгч Г.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Буян-Өлзийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Маас мэдүүлэхдээ: “..Тухайн өдрөөс 7 хоногийн өмнө манай гэрт ирээд эцэг, эхэд минь агсам тавьсан байсан. Би тэрийг хэлэхэд намайг аавын дүүд хэлнэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд л маргалдаад би нэг мэдэхэд мөргөх шиг болсон. Манай найз салгасан. Би өөрөө цусыг нь арчиж өгсөн. Эмнэлэг явъя гэхэд намайг аллаа гээд өөрөө зугтаад явсан..” гэв.

 

Шүүгдэгч Г.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-30-31/: “..2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өглөө ажил дээрээ очсон боловч манай ажил амарна гээд ажлынхаа залуу болох Батбаяртай 0.5 граммын нэг шил архи хувааж уучихаад би найз Амартүвшинтэй талбай дээр уулзаад хүнээс машинаа авах гээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирсэн юм. Тэгээд нөгөө машинаа авах гэтэл надад өгөх ёстой хүн маань амжихгүй байна гээд найз Амартүвшингийн ажиллуулдаг авто засварын газар ирсэн юм. Тэгтэл Буян-Өлзий ах тэр авто засварын газар зогсож байсан. Намайг шар Галаагийн гуйлгачин банди гээд хэл амаар доромжлоод байхаар нь би чамаас юм гуйж амьдраагүй шүү гэж хэлсэн. Бид хоёр маргалдсан Буян-Өлзий явах гэхээр нь би явуулахгүй гээд намайг гуйлгачин гэж хэлсэн үгнийхээ учрыг тайлбарлаж өг гэж хэлээд зууралдаад авсан чинь манай найз Амартүвшин салгасан. Намайг салгаад татаад авахаар нь би Буян-Өлзийгийн нүүр рүү нь нэг удаа мөргөсөн чинь хамраас нь цус гарсан бөгөөд Буян-Өлзий тэгээд яваад өгсөн..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Буян-Өлзийгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх-10-11/: “..би машиныхаа баруун талын шилийг онгойлгоод ярилцсан чинь "ах би архи уучихлаа" гэхээр нь би "одоо 30 гарсан залуу уулгүй яахав дээ тааруулаад уугаарай" гэж хэлсэн. "Тэрийгээ өөрөө мэдэж байна" гэж хэлчихээд "надад нэг шил архи аваад өгчих" гэхээр нь би "ах нь сая ээж дээр очиж сүү авч өгчихөөд хамаг мөнгөө шавхаад явж байна" гэж хэлсэн чинь "эмээгээр далимдуулаад" энэ тэр гээд надаас архины мөнгө нэхээд доромжлоод байсан. Машины цонхоор гараа оруулаад миний хоолойн дээр боогоод хойш нь дараад миний нүүр лүү 4-5 удаа цохьсон. Цаанаас нэг жижиг залуу ирээд "наадах чинь юу юм бэ" гэсэн чинь Мөнхбат "хэн ч миний ахад гар хүрэхгүй шүү" гээд хэлсэн чинь нөгөө залуу нь яваад өгсөн. Тэгээд би машинаасаа заамдуулаад буусан. Машинаас буунгуут Мөнхбат намайг нэг удаа мөргөсөн. Хамарнаас цус гарсан чинь Мөнхбат миний толгой руу цохиод байсан. Хамт явж байсан хүнээ салгавал ална шүү гээд гэсэн. Би машинаасаа алчуур аваад хамраа дараад байж байтал машины түлхүүр суга татаж аваад энэ машиныг шатаа гээд нэг хүний нэр хэлээд орилоод байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Амартүвшингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би найз Мөнхбатыг талбайн хажуугаас авсан бөгөөд Мөнхбат бага зэрэг уусан байсан. Бид 2 миний ажиллуулдаг авто засварын газарт ирсэн. Удалгүй байж байтал Мөнхбатын таньдаг ах орж ирсэн. Мөнхбат миний машин дотор сууж байгаад босож очоод тэр хүнтэй юм яриад инээгээд зогсож байсан. Удалгүй тэр 2 хоорондоо барьцалдаад авахаар нь би очоод салгах гээд үзсэн чинь Мөнхбат надаас өндөр болохоор би салгаж дийлэхгүй байсан. Мөнхбат миний дээгүүр тэр эрэгтэйн нүүр лүү нэг удаа мөргөчихсөн чинь тэр эрэгтэйн хамарнаас цус гарсан..” гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн №13325 дугаар дүгнэлтэнд /хх-19/: “..Ж.Буян-Өлзийгийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт, болон шүүгдэгч Г.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Буян-Өлзийг зодож түүний биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.М нь хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй байх бөгөөд хохирогчоос нийт 451.350 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал болох 325.350 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Ж.Буян-Өлзийд олгох нь зүйтэй гэж шүүхээс шийдвэрлэлээ. Харин хавтаст хэргийн материалд хохирогчоос гарган өгсөн нотлох баримтаас 126.000 төгрөгийн баримтыг үнэлэх боломжгүй байх тул хохирогчийн нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч тооцлоо. Мөн хохирогчоос цаашид хамрын салст ясны хугарлын хагалгаанд орох шаардлагатай тул уг гарсан төлбөрийг нэхэмжилнэ гэсэн байх тул уг хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Баттөрд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Галбадрахын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Маас 325.350 төгрөг гаргуулж хохирогч Ж.Буян-Өлзийд /РД:АЮ72031876/ олгосугай.

 

6. Хохирогч Ж.Буян-Өлзий нь хамрын салст ясны, хугарлын хагалгаанд орохтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР