Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 306

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, Өндөр овогт Шаравын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газар

 

Хариуцагч: Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

“Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан хохирол, төлбөр, зардал, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс Хотонт сумын Засаг даргын тамгын газраас 16576000 төгрөг /Ш.Эрдэнэчимэгт 7576000 төгрөг, өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ туслалцааны хөлс 9000000 төгрөг/, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 5827700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэ-Очир, хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Оюунаа, хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал, Б.Одонтунгалаг, иргэдийн төлөөлөгч Б.Пунцаг-Ёндон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэ-Очир шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан хохирол, төлбөр, зардал, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс Хотонт сумын Засаг даргын тамгын газраас бүгд 16576000 төгрөг, үүнээс Ш.Эрдэнэчимэгт 7576000 төгрөг, өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ туслалцааны хөлс 9000000 төгрөг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 5827700 төгрөг гаргаж Ш.Эрдэнэчимэгт олгох.

          Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдолд дэлгэрэнгүй тодруулга, тайлбар хийх нь: Хотонт сумын Хөөвөр багийн иргэн Ш.Эрдэнэчимэгийн эрх зөрчигдөн хохирч 3 жил боллоо. Энэ хугацаанд миний бие өмгөөлөгчийн хувиар хүсэлтээр нь төлөөлж, төрийн хуулийг шударгаар хэрэгжүүлэн биелүүлдэг, шалгадаг, хянадаг, шийдвэр гаргадаг гэх эрх бүхий хаягладаг байгууллагуудад хүрч очин холбогдох хүмүүстэй уулзаж учирсан боловч үнэнийг хэлэхэд төрийн байгууллагын нэр барьсан төлөөний түшмэлүүдийг бие биендээ хууртаж явдаг хүнд суртлын ширээ, сандлын эзэд болжээ гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ хэргийн гол гэм буруутан нь Хөөвөр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга У.Нямжанцан, тухайн үеийн багийн засаг даргын хэргэм горилогч Б.Ганбаатар нар болно.

          Захиргааны хэргийн шүүх хохирогч Ш.Эрдэнэчимэгийн 2 удаагийн гомдлыг хүлээн авч шалган хуралдаанаар хэлэлцэн төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж хохирогчийн гомдлыг бүрэн дэмжин зөв гэж үзсэнээр Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, Б.Ганбаатарыг Хөөвөр багийн Засаг даргаар хоёр удаа томилсон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрт хэн ч гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон учир сумын засаг дарга Б.Батбаатар шийдвэрээ өөрчилж шүүхийн шийдвэрийг ИХШХШТХ-н 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар сайн дураар заавал биелүүлэх үүргийг зөрчсөнөөс иргэн Ш.Эрдэнэчимэг өдийг хүртэл хохирч, Б.Ганбаатар ивээн тэтгэгдэж завшиж байгаа нь хуулийн цоорхойгоор хулгана гүйлддэгийн адил болсныг санагдуулам. Д.Батбаатар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасан эрүүгийн гэмт хэргийн үйлдэлтэй мэдэн будлигч гэм буруутан.

          Шүүхийн шийдвэр сайн дураар биелэгдээгүй учир албадан биелүүлэх шүүгчийн захирамж гаргуулсныг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонжаргал үл мэдэгдэх шалтгаанаар биелүүлээгүй 22 сар болгосон... гэжээ.

 

          Хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Оюунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          1. Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн иргэн Ш.Эрдэнэчимэг нь 2013 оны 09 сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн шийдвэрээр Хөөвөр багийн Иргэдийн нийтийн хурлыг хүчингүй болгон багийн иргэдийн нийтийн хурлыг дахин явуулж олонхийн саналыг Б.Ганбаатар авч багийн засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн нийтийн хурлын 2013 оны 08 сарын 21-ний өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2013 оны 08 сарын 26-ны өдрийн б/23 тоот захирамжаар Хөөвөр багийн засаг даргаар Б.Ганбаатар томилсон.

           2. Ш.Эрдэнэчимэг нь дахин гомдол гаргасан бөгөөд Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хянан үзэж 2013 оны 12 сарын 09-ний өдрийн 32 тоот шүүгчийн захирамж нь Б.Ганбаатарыг авсан саналаас харьяаллын бус хүнийг хасаж тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Нийт 214 сонгогч санал өгснөөс шинээр шилжин ирсэн нэр бүхий 8 сонгогчийг хасаж 206 сонгогчоос иргэн Б.Ганбаатар 107 хүний санал, иргэн Ш.Эрдэнэчимэг 99 хүний санал авсныг Хөөвөр багийн сонгуулийн тооллогын комиссын шийдвэр, Хөөвөр багийн иргэдийн нийтийн хурлын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 05 тоот тогтоолыг үндэслэн 2013 оны 12 сарын 30-ны өдрийн Хотонт сумын Засаг даргын Б/33 тоот захирамжаар Хөөвөр багийн Засаг даргаар Б.Ганбаатарыг томилон шүүхийн шийдвэрийг хуулийн хүрээнд биелүүлсэн. Сумын засаг дарга нь шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээг тухай бүрд нь авч ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан Б.Отгонжаргалд шүүгчийн 32 тоот захирамжийн хэрэгжилтийг гаргаж өгсөн бөгөөд иргэн Ш.Эрдэнэчимэгт цалин авах эрх зүйн үндэслэл үүсээгүй. Энэ шийдвэрийн талаар иргэн Ш.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир нар нь хуулийн хугацаанд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаагүй учир шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болно. Иймд өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очирын гомдлын 16576000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Захиргааны  хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 тоот шийдвэрээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Иргэдийн нийтийн хурлын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 02 тоот тогтоол, Хотонт сумын Засаг даргын 2013 оны 08 сарын 26-ны өдрийн “Багийн засаг даргыг томилох тухай” б/23 тоот захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх гүйцэтгэх хуудас материалыг тус алба нь 2014 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 14 тоот тогтоол үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд дээрх шийдвэрийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0/536 тоот албан бичгээр шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг Архангай аймгийн Хотонт сумын Засаг дарга Д.Батбаатарт мэдэгдсэн.

          1.Өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир нь 2014 оны 07 сарын 20-ны өдөр ШШГЕГ-т шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа талаар гомдол гаргасан бөгөөд тус газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2в/1349 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөв явагдсан бөгөөд шүүхийн шийдвэрт даалгасан заалт байхгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдсэн байхад түүнийг огт биелэгдээгүй гэж үзэж 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Батмөнх албадан гүйцэтгэх захирамж гаргасан нь ойлгомжгүй байна.

          2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэсэн заалтыг үндэслэн тус байгууллагаас гэм хорын төлбөрт 5827700 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль бус үйл ажиллагаанаас болж иргэн Ш.Эрдэнэчимэгийн эрх зөрчигдөөд 3 жил болж байна. Иргэн Ш.Эрдэнэчимэгийн миний эрхийг хамгаалж өгнө үү гэсэн хүсэлтийн үндсэн дээр би өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд энэ хүнийг төлөөлж хэргийг шийдвэрлүүлэхээр явж байна. Хамгийн их будлиан тарьсан хэргийн эзэн бол багийн засаг даргын хэргэм горлигч Ганбаатар гэдэг хүн байгаа юм. Энэ хүн л энэ бүх хэргийн эзэн юм. Үүнийг бас тухайн сонгуулийг удирдан явуулж байсан Нямжанцан гэдэг хүн дэмжиж худлаа шийдвэр гаргаж өгсөн. Үүнийг шийдвэрлүүлэхээр Архангай аймгийн Прокурорын газар, Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан. Би өөрийн биеэр шударгаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргаж өгсөн боловч одоо болтол тодорхой шийдвэр гаргаагүй байна. Яагаад энэ хариуцагч нарт холбогдуулан гомдол гаргаад байгаа нь тодорхой юм. Хэргийн материалд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байгаа учир тайлбарлах шаардлагагүй гэж бодож байгаа. Ер нь Батбаатар хувьд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учир Захиргааны хэргийн шүүх албадан биелүүлэх захирамж гаргасан. Энэ захирамж гарсан байхад Б.Отгонжаргал гэдэг хүн өөрийн ажил мэргэжлийн хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Энэ хариуцлагагүй үйлдлийн улмаас Ш.Эрдэнэчимэг гэдэг хүн өнөөдрийг хүртэл хохирч байна. Энэ гэм хорын хохирлын тооцоог Засгийн газрын тогтоолыг үндэслэн гаргасан. Энэ 3 жил өнгөрөхөд эдгээр хүмүүстэй тохиролцох талаар ярьсан боловч үр дүнд хүрээгүй. Батбаатар, Б.Отгонжаргал нар ч хүлээж аваагүй. Ийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруул гэсэн шүүгчийн захирамжийн үндсэн дээр бүх зүйлийг дахин тодруулсан. Миний энэ гаргасан тооцоо, нэхэмжлэлд хавсаргасан баримтыг харгалзан үзэж шударгаар шийдвэрээ гаргах байх. Захиргааны хэргийг шүүх 2 удаа шийдвэр гаргасан. Эхнийх нь Засаг даргын захирамж, Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгосон. Эдгээрийг 2 ч удаа хүчингүй болгосон. Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тасгийн газрын даргын тайлбар дээр Эрдэнэ-Очир давж заалдах гомдол гаргаагүй гэсэн байсан. Би гомдол гаргах учиргүй. Харин эднийх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж биелүүлэхгүй, зөвшөөрөхгүй гэсэн бол гомдол гаргах эрхтэй байсан. Гомдол гаргах эрхийг нь 14 хоногт  хангасан өгсөн. Б.Отгонжаргал тэр онлайн хурал дээрээ хэлэхдээ Эрдэнэ-Очир өмгөөлөгч хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх гээд яваад байгаа юм гэж тайлбарлаж байна лээ. Өнөөдөр энэ захиргааны хэргийн шийдвэр хүчингүй байна уу? үгүй юу? гэдгийг би ойлгохтойгоо байна. Хүн гэмээ мэддэггүй, тэмээ гэдгээрээ мэддэггүй гэдэг шиг өөрийнхөө гаргасан гэмийг мэдэхгүй л яваад байна. Энэ хүн өөрийнхөө гаргасан алдаа дээрээ дүгнэлт хий ёстой гэж бодож байна. Захиргааны хэргийн шүүхийн албадан биелүүлэх захирамж буруу гаргасан бол хариуцлагаа хүлээнэ биздээ. Эдгээр хүмүүс өөрсдийнхөө үйлдэл дээр дүгнэлт хиймээр л байгаа юм. Ш.Эрдэнэчимэг надад хэлэхдээ эд нараас хохирсон хохирлоо нэхэмжилж авсны дараа таны өмгөөллийн хөлсийг өгнө гэсэн. Тийм учраас би өнөөдрийг хүртэл өөрийн сайн санааны үндсэн дээр энэ хэргийг хөөцөлдөөд явж байна. Захирамж яагаад гаргуулах болсон гэхээр Захиргааны хэргийг шүүхийн шийдвэр дотор албадан биелүүлэх заалт байхгүй байна, албадан биелүүлэх шийдвэр гаргуул гэж Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга хэлсэн. Тэгэхээр би хүсэлт гаргаад албадан биелүүлэх шийдвэр гаргуулсан. Батбаатарт энэ захирамжийг биелүүлэх сэтгэл байгаагүй. Тэрийг надаас олон удаа шаардаж байгаа. Би тэрийг гаргаж өгөхгүй байгаа. Яагаад гэвэл Батбаатарт 3 дахь удаагаа Ганбаатарыг томилох эрх байхгүй. Ард түмний санал хураалт дахин явагдаагүй. Үүн дээр буруу шийдвэр гаргасан. Б.Отгонжаргал яагаад ажил үүргээ биелүүлээгүй юм бэ? гэдэг утгаар нь ажил үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хуульд заасан үүргээ биелүүлж, ажлаа хийсэн бол Ш.Эрдэнэчимэгт хохирол учрахгүй байсан гэв.

 

Хариуцагч Хотонт сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Оюунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөвөр багийн засаг даргаар Ганбаатар томилогдсон байсан. Ш.Эрдэнэчимэгийн гомдлын дагуу энэ санал хураасан хурлыг хүчингүй болго, дахин санал хураах хурал зарла гэсэн дагуу шүүхийн шийдвэр ирсэн. Ингээд иргэдийн нийтийн хурлыг дахин явуулаад санал хураахад Ганбаатар нийт 114 хүний санал авсан юм. Гэтэл ахиад энэ хурлыг хүчингүй болгуулна гэсэн гомдол гаргасан. Тэгээд шүүх дахин шийдвэр гаргаж харьяаллын бус хүмүүсийг хасаж тооц гэсэн. Ингээд харьяаллын бус 8 хүмүүсийг хасаад Эрдэнэчимэг 106 хүний санал, Ганбаатар 107 хүний санал авсан. Ингээд Ганбаатарыг буцаагаад Засаг даргаар томилсон. Манай байгууллага шүүхийн шийдвэрийг ингэж гүйцэтгэсэн. Б.Отгонжаргал шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг манай байгууллага хугацаанд нь гүйцэтгэж тайлангаа Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Манайх шүүхийн даалгасан ажлыг хийж гүйцэтгэсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргад холбогдох Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 сарын 9-ний өдрийн 32 тоот шийдвэр гарсан байсан. Дээрх шийдвэрт 2014 оны 6 сарын 20-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж манай албанд материал ирсэн. Үүний дагуу Архангай аймгийн Хотонт сумын Засаг дарга Г.Батбаатарт 2014 оны 6 сарын 25-ний өдрийн 1/536 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн. Үүний дараа өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир гуай манай алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж гомдол гаргасан байсан. Энэ гомдлыг манай дээд байгууллага хянаж үзээд энэ гомдол нь үндэслэлгүй байна, шүүхийн шийдвэр биелэгдсэн гэсэн шийдвэр гаргасан. Манай алба хуульд заасан албан үүргээ биелүүлсэн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэв

 

Хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өргөдлийн хариу гэж манай Ерөнхий газраас 3 хариу ирсэн. Үүний дараа онлайнаар хурал хийсэн. Тэр хуралд өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир, Ганбаатар нар орсон. Тухайн үед Эрдэнэчимэг гуай өөрөө ирэх боломжгүй гээд утсаар холбогдоод орсон. Тэр хурал дээр манай Ерөнхий газрын дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч Дамдинцэрэн гуай маш тодорхой хэлсэн. Энэ шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэрийг албадан биелүүл гэсэн заалт байхгүй учир манайх албадан биелүүлэх үүрэг хүлээхгүй гэсэн. Та энэ хүнийг ямар буруутай үйл ажиллагаа хийснийг одоо хэлээд өг яг одоо арга хэмжээ авна гэсэн энэ хүн хэлээгүй. Тэгээд Эрдэнэ-Очир гуай намайг бусадтай хуйвалдаж албан тушаалаа буруугаар ашиглаж байна гээд намайг цагдаад өгсөн. Үүнд би гомдолтой байна. Батмөнх шүүгчийн 2014 оны 9 сарын 3-ны өдрийн 01/70 гэсэн шүүгчийн захирамжаар манай албаны хийсэн ажлыг татаж үзсэн. Ингээд ямар хариу гаргасан бэ? гэхээр шүүхийн шийдвэр биелэгдсэн байна гэсэн байсан. Танд давж заалдах хугацаа хангалттай байсан байна. Тэр хугацаандаа та яагаад давж заалдаагүй бэ? манай байгууллага албадан биелүүлэх учиргүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг нь Р.Эрдэнэ-Очирт шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 2016 оны 02 сарын 29-ний өдөр олгож итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэ-Очир шүүхэд Ш.Эрдэнэчимэгийг төлөөлөн нэхэмжлэл гарган шүүх хуралдаанд оролцожээ.

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн шүүхэд ирүүлсэн хохирол, төлбөр, зардал Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газраас 16576000 төгрөг үүнд Ш.Эрдэнэчимэгт 7576000 төгрөг, өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ туслалцааны хөлс 9000000 төгрөг, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 5827700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

          Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газраас 16576000 төгрөг, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 5827700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжилж байгаа боловч дээрх хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах ямар нөхцөл байдал үүссэнээс шаардлага гаргаж байгаа, уг шаардлага ямар учир шалтгаантай болохыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхойлоогүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Эрдэнэ-Очир нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгт учруулсан хохирол нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч Хотонт сумын Засаг даргын тамгын газар болон Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирол гаргуулахаар нэхэмжилж байгаа шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал тодорхойлж чадахгүй байна.

           Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгаа тул шүүх хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм.

            Иймд нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан. Нэхэмжлэгчийн Хотонт сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа 16576000 төгрөг /Ш.Эрдэнэчимэгт 7576000 төгрөг, өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ туслалцааны хөлс 9000000 төгрөг/, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжилж байгаа 5827700 төгрөг буюу нийт 22403700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгээс 269969 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн хариуцагч Хотонт сумын Засаг даргын тамгын газраас 16576000 төгрөг гаргуулах, хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 5827700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгээс 269 969 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН

                                              

                                               ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Т.БАДРАХ