| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0001/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2019-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Т.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т.Сод холбогдох эрүүгийн 1811 02583 1101 дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Тунгалагийн Сүхболд, 1996 оны 02 сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянжаргал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Мандалын 8-195 тоотод суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:НЕ96022712/.
Шүүгдэгч Т.С нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-8 дугаар гудамжинд хохирогч Б.Алтангарьдыг “гал асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Соос мэдүүлэхдээ: “..Би ажлынхантайгаа ажлаасаа гараад дэлгүүр орж нэг шил архи авчихаад явж байхад гадаа хоёр залуу байж байсан. Энхтөр тэр хоёр залуугаас гал асуугаад түүнээс болж маргаан үүсээд Ганзоригтой маргалдсан. Би Ганзоригийг өмөөрч цохисон..” гэв.
Шүүгдэгч Т.Соос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-45/: “..Би тухайн үед ажлынхантайгаа дэлгүүрээс юм авчихаад явж байтал үл таних 2 залуу гал асуусан. Тэгээд үл ойлголцол үүсээд Ганзоригийг өмөөрөөд Алтангарьд гэх залуугийн нүүрэн тус газарт цохиход хамарнаас нь цус гарсан. Хажуу талаас манай ажлынхан одоо боль гээд холдуулсан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Алтангарьдаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх-12-13/: “..2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15.00 цагийн орчим гэртээ байж байгаад найз Төмөрхуяг руу залгаад уулзаагүй удсан юм чинь уулзах уу гээд ярьсан, ингээд уулзсан..Төмөрхуягийн гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо гэрийн хаягийг нь мэдэхгүй байна, гэрт нь орсон; 20 цагийн 30 минутын орчим гэрээс нь гараад дэлгүүр орж тамхи тариа. дахиад нэг шил архи аваад гэр лүү нь явж байтал замд газар шорооны ажил хийж байсан 5-6 залуу хашааны буланд архи уугаад сууж байхаар нь хажуугаар нь өнгөрөхдөө гал байна уу, галаа өгөөч гэтэл нэг залуу босч ирээд чиний галыг бэлдэх ёстой юм уу гэхээр нь хөгшөөн гал байна уу, тамхи асаах гэсэн юм гэж хэлтэл үгийн зөрүүгүй шууд хамар хэсэг рүү мөргөхөд би газар унаад, миний хамарнаас цус гарсан, энэ үед тэдний нэг залуу нь хүрч ирээд намайг босгоод одоо хөшгөөн яваа яв гэхээр нь найз Төмөрхуягтай гэр лүү нь яваад хамар амныхаа цусыг угаасан. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өглөө нь гэртээ хариад байж байтал хамар болон нүүр хэсэг хөхрөөд хавдартай байсан, ингээд хамар хөндүүртэй зовиуртай 3 хоног гэртээ байж байгаад хамар нэг л биш байхаар нь гэмтлийн эмнэлэг болон “Мөнгөн тойг” эмнэлэг хамрын томографид үзүүлэхэд хамрын гол савхан яс хугарсан байна гэж хэлсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Хагалгаанд ороход 1.250.000 төгрөг болно гэсэн, би эмчилгээний баримтаа. бүрдүүлж байгаад эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Төмөрхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-14/ “..Газар шорооны ажил хийж байсан хэсэг залуучууд юм яриад зогсож байхад манай найз Алтангарьд очоод гал байна уу гээд асуухад гал байхгүй гэхээр нь цаашаа явж байтал араас дуудаад чи яахаараа гал асуудаг юм бэ наашаа хүрээд ир гэхээр нь яваад очтол маргалдсан, тэгээд явах гэтэл явуулахгүй байсан, гэтэл нэг залуу нь Алтангарьдийг нүүр лүү нь нэг нэг удаа гараараа цохисон, тэгээд салаад гэр лүүгээ ороод авсан архиа уучихаад унтсан. Тухайн үед Алтангарьдийн хамарнаас цус гараад гэрт ороод угаасан, тэгээд маргааш нь Алтангарьдийг гэрт нь хүргэж өгөөд салсан. Тухайн үед нилээн орой болчихсон байсан, манай найзыг ажлын хувцастай, бакал өмссөн, өндөрдүү махлагдуу залуу гараараа нэг удаа хамар хэсэгт нь цохисон..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Энхтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-23-24/ “..тэр бид нар 20 цагийн үед Сүхболд, Ганзориг, Тогтох, Даваадорж бид 1 шил Соёрхол архи уусан. Тэгтэл хоёр согтуу залуу ирээд надаас гал асуусан. Би өөдөөс нь гал байхгүй гэтэл арчаагүй новш вэ гэсэн. Тэгтэл Ганзориг, Сүхболд нар гарч ирээд юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр залуу руу дайрсан. Тэгээд би нэгийг нь цаашаа чирсэн. Тэгтэл Сүхболд надад үг хэлсэн залууг нь цохьчихсон чинь хамарлуу нь цохьсон цус нь садарчихлаа гэж ярьж байсан..”гэх мэдүүлэг,
Гэрч Г.Тогтохоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-27/ “..Ганзориг, Даваадорж нар Сүхболд хүн зодчихлоо гэж ярьж байсан. Харин Сүхболд маргалдаж байгаад 2 бацааныг цохьчихлоо гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 сарын 19-ний өдрийн №11433 дугаар дүгнэлтэнд /хх-31/: “..Б.Алтангарьдын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Т.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 08 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-8 дугаар гудамжинд хохирогч Б.Алтангарьдыг “гал асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч Б.Алтангарьд нь шүүгдэгчээс хагалгаанд орох эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Т.Соос баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал болох 153.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтангарьдад олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Тунгалагийн Сүхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сод оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Хохирогч Б.Алтангарьдаас 1.250.000 төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Соос 153.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Алтагарьдад /РД:КЮ83100610/ олгосугай.
6. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР