Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01903

 

 

 

 

 

 

 

 

2023 10 30 210/МА2023/01903

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02872 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Т-т холбогдох,

10,763,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Г.Т- нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М ХХК-д борлуулалтын ажилтнаар ажилласан ба Г.Т-ыг ажилд орсон цагаас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтнаар бүртгэж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулахыг хүссэн боловч хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалд даатгуулахгүй, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийж 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүрсэн. Г.Т- нь тус хугацаандаа өдөр тутмын орлого буюу түгээлтээр хүргэж өгч байсан бараа материалыг зарж борлуулсан өдрийн орлогоос дутуу тушааж явсаар нийт 10,763,470 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулсан байна. Үүнд 2017 оны 10 дугаар сард тушаавал зохих 11,589,820 төгрөгөөс 11,526,700 төгрөг тушаасан ба дутуу 63,120 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард тушаавал зохих 15,892,970 төгрөгөөс тушаасан 14,362,600 төгрөг тушаасан ба дутуу 1,530,370 төгрөг, 2017 оны 12 дугаар сард тушаавал зохих 15,749,770 төгрөгөөс 15,822,000 төгрөг илүү 72,230 төгрөг тушааж, нийт 1,521,260 төгрөгийг дутуу тушаасан. 2018 оны 01 дүгээр сард тушаавал зохих 7,499,300 төгрөгөөс 4,950,000 төгрөг тушаасан ба дутуу 2,499,300 төгрөг, 2018 оны 02 дугаар сард тушаавал зохих 9,131,300 төгрөгөөс 8,390,000 төгрөг тушаасан ба дутуу 741,300 төгрөг, 2018 оны 03 дугаар сард тушаавал зохих 24,327,750 төгрөгөөс 20,420,000 төгрөг тушаасан ба дутуу 3,907,750 төгрөг, нийт 7,148,350 төгрөгийг дутуу тушаасан. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тушаавал зохих 3,739,900 төгрөгөөс 2,646,500 төгрөг тушаасан ба дутуу 1,093,400 төгрөг, 2018 оны 5 дугаар сард тушаавал зохих 28,546,530 төгрөгөөс 27,174,900 төгрөг тушаасан ба дутуу 1,371,630 төгрөг, 2018 оны 6 дугаар сард тушаавал зохих 14,554,150 төгрөгөөс 15,064,000 төгрөг тушаасан ба илүү 509,850 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тушаавал зохих 9,184,010 төгрөгөөс 8,479,800 төгрөг тушаасан ба дутуу 704,210 төгрөг нийт 2,656,390 төгрөг дутуу тушаасан. Иймд нийт 11,326,000 төгрөгийн тооцооноос 652,500 төгрөг хасагдаж нийт 10,643,500 төгрөгийг Г.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Би 2017 оны 08 дугаар сараас борлуулалт хийж эхэлсэн бөгөөд мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулгаар баталгаажиж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийсэн гэж нэхэмжлэлд бичсэн нь өөрсдөө холбогдох торгууль, хуулийн арга хэмжээнээс зайлсхийх арга юм. Нийгмийн даатгал төлөх нь компанид алдагдалтай, ажилтанд хэрэгтэй байдаг. Би өдөр бүр бараа бүтээгдэхүүн очиж авдаг, очиж тооцоо хийж үлдэгдэл бараагаа хүлээлгэн өгдөг учраас хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хамрагдахгүй байх нь надад ашиггүй. Миний бие М ХХК-тай хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэг ямар нэгэн хууль ёсны гэрээ байгуулж ажиллаагүй. Солонгосоос ирсний дараа 2017 оны 05 дугаар сард Г.Г надтай холбогдоод манай гахайн махыг борлуулаад өгөөч гэж санал тавьсан. Би саналыг зөвшөөрч өөрийн (29-87 УББ) улсын дугаартай (Probox) машинаар борлуулалтыг хийж эхэлсэн. Г.Г-тэй амаар тохирсон борлуулалтын урамшууллын мөнгийг авахгүйгээр илүү төлөлт хийж байсан нь дансны хуулгаар баталгаажсан болно. М ХХК-ийн тооцооны нягтлан Н.О- тухайн үед өдөр тутам өгч явуулж буй бүтээгдэхүүн хүлээлцсэн акт дээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүй байсан. Мөн бэлэн мөнгө тушаасан акт үйлддэггүй байсан. Надад нэхэмжилж буй үнийн дүнгээр бараа өгч явуулж байсан нь баримтаар нотлогдох боломжгүй. Ажил олгогч талын өөрсдийн бичсэн санхүүгийн баримтыг үндэслэн надаас их хэмжээний бэлэн мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгч талын бичсэн мөнгөн дүн, нэхэмжлэхэд хавсаргасан баримт дээрх дүн, өөрийн данснаас Г.Г-ийн данс руу шилжүүлсэн Хаан банкны дансны хуулганы нотлох баримт дээр үндэслэн нэгтгэн тооцоолоход нийт 2,522,550 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Дээрх тоон баримтуудыг үндэслэн М ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн хоёр талын гарын үсгээр баталгаажсан нотлох баримт байхгүй, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэсэн нотлогдох баримт байхгүй гэж нэхэмжлэлийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан үндэслэлгүй тул Г.Т-аас 10,763,470 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02872 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч нь тус шүүхийн шийдвэрийг гардан авах үед шүүхийн шийдвэрийн эхний хуудас буюу шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсгийг багтаасан эхний хуудас нь өөр маргааны шүүхийн шийдвэрийн эхний хуудас байсан.

Учир нь эхний хуудас нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02875 дугаартай С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр байсан.

4.б. Нэхэмжлэгч тал нь хэргийн материалд өөрийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор тооцооны үлдэгдлийн баталгаа, борлуулагч Г.Т-ын эхнэрийн өргөдөл зэрэг компанид учруулсан эд хөрөнгийн хохиролтой холбоотой бүхий л баримтуудыг өгсөн.

Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 8 дугаар хуудаст Тооцооны үлдэгдлийн баталгаа №01 гэсэн баримтыг өгсөн. Тус баримтад борлуулагчаар ажиллаж байсан Г.Т- нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд компанид 8,946,980 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан талаар дурдаж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, энэхүү баримт нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн өртэй болохыг баталсан санхүүгийн эх баримт юм. Гэтэл шүүхийн зүгээс энэхүү баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийг нэхэмжлэлд дурдсан шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч Г.Т- нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Харин тус баримтаар 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны компанид учруулсан хохирлыг хэрхэн төлсөн тухай тогтоогдох боломжгүй. Манай компанид хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд борлуулагчийн ажил хийж байсан талаар маргадаггүй. Энэ хугацаанд хариуцагч нь борлуулагчийн ажлаа хийж байсан тул борлуулалтын орлогуудыг шилжүүлж байсан. Харин тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан хохирлыг огт төлөөгүй.

Шүүх шийдвэртээ дээрх хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэхдээ зөвхөн дансны хуулгуудыг нь харсан. Гэтэл тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан хохирлыг буцааж шилжүүлсэн эсэх гүйлгээ байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй юм. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр 2 талаас гаргаж өгсөн баримт дээр үндэслэж гарсан. Анхан шатны шүүх дээр М ХХК-аас бэлэн мөнгө тушаасан баримтыг гаргуулж өгөөч гэхэд нягтлан солигдсон тул гаргаж өгөх боломжгүй гээд уг баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч талд өөрт байгаа баримт буюу М ХХК-ийн захирал Г.Г-ийн хувийн данс руу мөнгө шилжүүлж байсан гэх дансны хуулгыг гаргаж өгсөн нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна. М ХХК сар болгон өгч явуулдаг байсан бараа бүтээгдэхүүнийхээ нийт дүнгээр нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талын шилжүүлдэг байсан мөнгө нь өдөр тутмын орлого байдаг байсан. Уг мөнгийг шилжүүлэхдээ Г.Т- гэж шилжүүлдэг байсан нь дансны хуулгаас харагдана гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.Т-т холбогдуулан 10,763,470 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шийдвэр үйлдсэн боловч бичгээр гаргасан 102/ШШ2023/02872 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэснийг зөрчсөн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талд гардуулагдсан шүүхийн шийдвэрийн 1 дүгээр хуудасны нүүрний удиртгал болон тодорхойлох хэсэгт өөр хэргийн буюу С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бичигдсэн байна. /хх 178-179/

 

4. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжилж буй бараа материалын төлбөрийг нэхэмжлэгч компанийн захирал Г.Г-ийн дансанд төлсөн гэж маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан Хаан банкны 0000, 0000 тоот дансанд хийгдсэн төлбөрүүд нь хэний дансанд хийгдсэн гүйлгээнүүд болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч компани болон түүний захирал Г.Г-ийн данс мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлбөрөө төлсөн гэж тайлбарлан ирүүлсэн банкны дансны дэлгэрэнгүй хуулга нь тухайн маргаанд хамааралтай эсэх, хариуцагч нь нэхэмжлэгч компанид болон компанийн захирлын алинтай нь, эсвэл аль алинтай нь эрх зүйн ямар харилцаа үүсгэн ажиллаж байсан болох, хэрэв талуудын хооронд хөдөлмөрийн эсхүл хөлсөөр ажиллах гэрээний харилцаа байсан гэж үзвэл ялгамжтай байдлаар тодорхойлох, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг шүүхээс тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаануудыг хийгээгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож шийдвэрлээгүй байна. /хх 119-144/

 

Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж үзэхээр байна. Учир нь, нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тухайн компанид борлуулагчаар ажилласан гэсэн атлаа 2018 оны 07 дугаар сарын 10 хүртэлх хугацааны Г.Т-ын гарын үсэгтэй болон гарын үсэггүй бараа материалын борлуулагчийн тооцооны хуудсуудыг хавсаргаж өгсөн байх ба, 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хариуцагчийн гарын үсэг бүхий тооцооны үлдэгдлийн баталгаа болон түүний гарын үсэггүй, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх нэхэмжлэгч талын 10,763,470 төгрөгийн тооцооллыг үндэслэн нэхэмжлэлийг гаргажээ. Энэхүү тодорхойгүй нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх тодруулаагүй, үйл баримтыг бүрэн тогтоож, уг тооцоололд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

 

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх зөрчлүүдийн улмаас давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

  ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ