Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 66

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Ү.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ү.Бэд холбогдох эрүүгийн 1811026710034 дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Үнэнбаатарын Батмэнд, 1990 оны 7 сарын 05-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тахси үйлчилгээнд хувиараа явдаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-26 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:НТ90070519/

 

Шүүгдэгч Ү.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2018 оны 9 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын урд талд байрлах нийтийн байрны гадаа хохирогч Д.Нэргүйбаатарыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд “зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн чамархай, зулайн хуйх, дух, баруун нүдний зовхи хоёр талын хацар, уруул, баруун тохойд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ү.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.

 

Шүүгдэгч Ү.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-23-24, 36-37/ “..2018 оны 9 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цагийн үед би зүүн салаанд байдаг эгчийнхээсээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын урд байдаг нийтийн байранд байдаг байсан эхнэр Цэрмаагийн гэрт ирсэн. Нийтийн байрны өрөөнийх нь хаалга түгжээтэй байхаар нь удаан балбаад онгойлгохгүй дотроос нь хэн бэ гэхээр нь өөрийгөө байна гэж хэлэхэд онгойлгож өгөхгүй, дотор нь эрэгтэй хүн дуугараад байсан. Энэ үед цонхоор хүн гараад явчих шиг болохоор нь би байрнаас нь гарч тойроод очиход цонхон доор нэг эрэгтэй хүн гарчихсан зогсож байсан. Тэр хүнийг би Нэргүйбаатар гэдэг Цэрмаагийн ахынх нь найз гэдгийг өмнө мэддэг байсан. Би очоод Нэргүйбаатарын манай эхнэртэй шөнө нэг өрөөнд байсан болохоор нь уур хүрээд Нэргүйбаатарыг бариад гэр лүү хамт оръё гэтэл орохгүй гээд өөдөөс томроод, эсэргүүцээд байхаар нь би Нэргүйбаатарын нүүр лүү баруун гараараа 2 удаа цохисон, байрны үүдэнд байсан архины шилийг аваад Нэргүйбаатарын толгойн тус газар нэг удаа цохиход уг шил хагарсан. Үүний дараа Нэргүйбаатар толгойгоо дараад сууж байхад нь түүний зүүн ташаа орчим руу 2-3 удаа өшиглөсөн. Удалгүй Нэргүйбаатар надаас зугтааж хашаанаас гарч гүйж байгаад засмал замын дээр харуулдаж унахаар нь би гүйцэж очоод Нэргүйбаатарыг барьж аваад Цэрмаагийн хаалган дээр очиж Нэргүйбаатараар хэлүүлж байгаад хаалгыг нь онгойлгуулсан. Би гэмтэл учруулсан байж болно. Миний цохисон газруудад гэмтэл үүссэн байна Миний үйлдсэн хэрэгт сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би очоод Нэргүйбаатарыг манай эхнэртэй шөнө нэг өрөөнд байсан болохоор нь уур хүрээд Нэргүйбаатарын хувцаснаас нь зуурч гэр лүү оръё гэхэд орохгүй гээд өөдөөс томроод, эсэргүүцээд байхаар нь би Нэргүйбаатарын нүүр лүү нь баруун гараараа 2 удаа цохисон. Энэ үед миний өөдөөс цохих гээд гараараа сарвалзаад байхаар нь байрны үүдэнд байсан архины шилийг шүүрч аваад Нэргүйбаатарын толгойн тус газар нэг удаа цохиод уг шил хагарсан..” гэх мэдүүлэг

 

Хохирогч Д.Нэргүйбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-20-21/: “..Би уг өдрийн 13 цагийн орчим Цэрмаагийнд ах, эгч хоёртой нь хамт архи ууж байгаад тасраад уначихсан байсан. Нэг сэрсэн чинь Цэрмаагийн гэрт, гадаа харанхуй болтол унтчихсан байсан. Шөнө Цэрмаатай хамт байх үед 02 цагийн орчим гэрийнх нь хаалгыг хүн нүдээд байсан чинь Цэрмаа надад Батмэнд ирж байна, цонхоор гар гэхээр нь айсандаа цонхоор нь гарч зугтаасан. Гэтэл нийтийн байрны гадаа Батмэнд намайг барьж аваад Цэрмаатай хардан нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж, газар байсан архины шил авч миний толгой руу нэг удаа цохих үед уг шил нь хагарсан. Энэ үед би толгойгоо бариад доошоо суухад гэдэс рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод зугтаасан чинь жаахан архи уусан байсан болохоор машин зам дээр хөл алдаж унахад араас Батмэнд гүйцэж ирээд намайг чирч дагуулан буцаж Цэрмаагийн гэр лүү нь дагуулж ороод Цэрмаатай маргалдаад намайг хөөгөөд явуулсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цэрмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-25-26/: “..Нэргүйбаатар согтоод манайд унтаад өгсөн. Унтаж байтал хаалга нүдээд байхаар нь сэрсэн чинь хаалганы гаднаас Батмэндийн хоолой гараад байсан. Гадаа харанхуй болсон байсан тул өрөөний гэрлээ асаахад өрөөн дотор Нэргүйбаатар унтаж байхаар нь би Батмэндээс айгаад Нэргүйбаатарыг сэрээгээд цонхоор гараад явсан. Дараа 10-20 минутын дараа Батмэнд болон Нэргүйбаатар нар хамтдаа хаалгаар гэрт ороод ирсэн. Тухайн үед Нэргүйбаатар ахын толгойн дээд хэсгээс цус гарсан, зүүн нүдний доод хэсэг шалбарсан харагдаж байсан..” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №11633 дугаар дүгнэлтэнд: /хх-30/ “..биед зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн чамархай, зулайн хуйх, дух, баруун нүдний зовхи, хоёр талын хацар, уруул, баруун тохойд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хенгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Ү.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-58/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ү.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын урд талд байрлах нийтийн байрны гадаа хохирогч Д.Нэргүйбаатарыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд “зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн чамархай, зулайн хуйх, дух, баруун нүдний зовхи: хоёр талын хацар, уруул, баруун тохойд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ү.Бэд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Ү.Бэд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Д.Нэргүйбаатар нь шүүгдэгч Ү.Бээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ү.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Үнэнбаатарын Батмэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ү.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР