Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02080

 

 

М.Ө, С.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02663 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: М.Ө, С.О

Хариуцагч: Ц.А

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 94,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө , түүний өмгөөлөгч Ц.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 С.О, С.Ө нар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.А т караоке, пабны тусгай зөвшөөрөлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 2476 тоот хаягт байршилтай, 203 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 395 м.кв талбайтай хувийн сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Мөн Ц.А т 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр И Эс Би Эс ХХК-ийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

 

1.2 Газар, хувийн сууцны үнийг гэрээнд 110,000,000 болон 90,000,000 төгрөг гэж тусгасан боловч бодитоор 680,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэвч хариуцагч нь гэрээний үүрэгт 540,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 94,000,000 төгрөгийг төлөөгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход зах зээлийн ханш 811,424,749 төгрөгөөр үнэлсэн. Ц.А аас зээлсэн 54,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт оруулан тооцсон ба тэрээр үлдэх 94,000,000 төгрөгийг төлнө гэсэн боловч төлөөгүй. Иймд Ц.А аас үлдэх төлбөр болох 94,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 С.О нь 2020 онд Ц.А аас 80,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Эхний 2 сарын хүүг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Ковид-19 цар тахалтай холбоотой зээлийн хүүг багасгасан. Ц.А 2021 оны 08 дугаар сард Монгол улсад ирэх хүртэл зээлийн төлбөрийн шаардсан боловч төлөөгүй бөгөөд газар болон хувийн сууцыг худалдаад төлбөрийг төлнө гэсэн. Нэхэмжлэгч нь газар болон хувийн сууцыг 550,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдах санал тавьсан. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч М.Ө ийн дансанд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400,000,000 төгрөг шилжүүлж, Төрийн банк ХК-ийн барьцаанаас чөлөөлсөн. Ийнхүү 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 50,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 10,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашин өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын хугацаатай түрээсэлсэн байсан тул нэхэмжлэгч нар түрээслэгчээс 14,000,000 төгрөг авсныг хасаж, уг мөнгийг 550,000,000 төгрөгөөс хасаж тооцсон. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 550,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөгийн зээлийн хүү 6,000,000 төгрөгийг хасаж, нийт 544,000,000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Ө, С.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ө, С.О нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Ц.А ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.

 

4.2 Нэхэмжлэгч нар 80,000,000 төгрөгийн зээлийн хүүд 26,400,000 төгрөг төлсөн. Ц.А үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбараа нотлоогүй. Арвижих-Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө 811,424,749 төгрөг гэж тогтоосон. Шүүх эдгээр баримтыг үнэлээгүй.

 

4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 110,000,000 төгрөг болон 90,000,000 төгрөг гэж тусгасан боловч бодит байдалд гэрээний үнийг 550,000,000 төгрөгөөр гэж, нэхэмжлэгч ...680,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж тус тус тайлбарласан. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1 Ц.А нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан эрхээ хэрэгжүүлсэн. Ц.А худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн. Гэрээний үнийг 680,000,000 төгрөгөөр тохирсон гэх баримтгүй. Арвижих-Эстимэйт ХХК-ийн дүгнэлт нь гэрээний үнийг 680,000,000 төгрөгөөр тохиролцсон гэдгийг нотлохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М.Ө, С.О нар нь хариуцагч Ц.А т холбогдуулан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан хөрөнгийн үнийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 94,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийг нийт 680,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, ...үлдэгдэл 94,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсон, хариуцагч шаардлагыг ...гэрээний нийт үнийг 550,000,000 төгрөгөөр тохиролцсон, ...төлбөрийг бүрэн төлсөн гэж эс зөвшөөрч маргасан./хх 1-2, 20/

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

 

3.а. Нэхэмжлэгч М.Ө, С.О болон хариуцагч Ц.А нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч М.Ө, С.О нар нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 247б тоот хаягт байрлах, 395 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, 203 м.кв талбайтай газрыг худалдах, худалдан авагч Ц.А нь хувийн сууцны үнэд 110,000,000 төгрөг, газрын үнэд 90,000,000 төгрөг төлөхөөр заажээ. /хх 5-8/

 

3.б. Талууд гэрээнд хувийн сууцны үнийг 110,000,000 төгрөг гэж, газрын үнийг 90,000,000 төгрөг гэж тус тус заасан боловч тухайн үнэ нь талуудын харилцан тохиролцсон үнэ биш болох талаар, мөн гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь газар болон хувийн сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч гэрээний төлбөрт 544,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Талууд гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийн үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсон тухайд маргаантай байна.

 

Гэрээний үнийг нэхэмжлэгч 680,000,000 төгрөгөөр, хариуцагч 550,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлажээ. /хх-108-122/

 

4.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний гол нөхцөлийн нэг нь үнэ буюу эсхүл үнийг тодорхойлох арга журам байдаг.

 

4.б. Нэхэмжлэгч нар нь гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж буй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийг 680,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний үнийг 680,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн ...гэрээний үнийг 550,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэх нь талуудын зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талууд гэрээний үнийг 680,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэрээний үнийг 200,000,000 төгрөг гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, нэхэмжлэгч нар гэрээний үнийг баримтаар нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүхээс гэрээний нийт үнийг хариуцагчийн тайлбарт үндэслэн 550,000,000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс хариуцагчийн төлсөн 544,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрт хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосон өөрчлөлт оруулна.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлийн талаар:

5.а. Хариуцагч нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул нэхэмжлэгчийн ...шүүх хуралдаанд Ц.А ыг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу гэх давж гомдлыг хангахгүй. /хх 48-54/

 

5.а. Хожим нөхөж үнэлүүлсэн Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 811,424,749 төгрөгөөр /хх 57-78/ тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

5.б. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд талуудын хооронд байгуулагдсан гэх 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хамааралтай эсэх талаар тодорхойлоогүй /хх 1-2, 56/, талууд энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын ...бид 80,000,000 төгрөгийн хүүд нийт 26,400,000 төгрөг төлсөн тухай баримт Хаан банк ХХК-ийн депозит дэлгэрэнгүй хуулга гаргаж өгсөн түүнийг шүүх үнэлээгүй гэх хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А аас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ө, С.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагчаас 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.О мын төлсөн 627,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН