Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0306

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 30 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0306

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Ш.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Н нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 113/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдлоор, Ш.О нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш.Ог 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 113/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан Ш.О гаргасан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүхийн шийдвэрт “...хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг гаргах үед шүүгчийн туслах Ш.О, Д.Д нар эрх зүйн байдлын хувьд адил төрийн жинхэнэ алба хаасан байсан, ...Ш.О зүгээс тухайн үед эрх бүхий этгээдэд гомдол гаргаж гаргаагүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлах тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан байх бөгөөд хэрэгт байгаа Д.Д хууль зөрчин албан тушаалд томилсон болохоо хүлээн зөвшөөрч түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг үнэлж үзсэнгүй.

Түүнчлэн “Ур чадвар, ажлын дадлага, туршлагын байдлыг дүгнэх хуудас”-ны үндэслэл нь 2017 оны шалгалтын дүн байх бөгөөд түүнийг яагаад 2018 оны ажилд хамаатуулсан тал дээр шүүхээс дүгнэлт өгсөнгүй. Мөн “Дүгнэх хуудас”-ны үндэслэлд ажилтны мэргэшлийн түвшингийн үнэлгээг хамааруулж байгаа юм бол “ёс зүй, харилцаа, хандлагын түвшин”-г яагаад хамааруулаагүйг шүүхээс шалгаж тодруулсангүй. Өөрөөр хэлбэл шалгаж тодруулаагүй зарим зүйл байхад дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний алдаа юм.

2.Шийдвэрт “...нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын явц, үр дүнтэй маргаагүй болох нь, ...зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурьдав” гэжээ. Сонгон шалгаруулалт явагдаагүй тул нэхэмжлэгч нь оролцоогүй сонгон шалгаруулалтад холбогдуулан гомдол гаргах шаардлага байгаагүй.

Иймд нэхэмжлэгчийн маргаагүй үйл баримтад холбогдуулан шүүх дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний алдаа юм.

3.Шийдвэрт “...сонсох ажиллагаа явуулаагүй нь ...албан тушаалаас чөлөөлсөн эрх зүйн үр дагаврыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм” гэжээ. Сонсох ажиллагаа явуулаагүй нь шийдвэр гаргах ажиллагааны зөрчил бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал тул уг шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчийн туслах Ш.О, Д.Д, Г.Х, Л.Х нарын сүүлийн гурван жилийн үр дүнгийн гэрээний биелэлт, мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлагыг нэгтэн дүгнэж хамгийн бага үнэлгээ авсан нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Шүүгчийн туслахуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх болсон 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд “…Д.Д 2008 онд төрийн албан хаагчийн шалгалт өгч тангараг өргөсөн…” гэж Тамгын газрын даргын зүгээс тайлбарлах бөгөөд Д.Дн төрийн албан хаагчийн шалгалт өгч төрийн албан хаагчийн тангараг өргөсөн талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай байна.

Учир нь дан ганц Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 6 ны өдрийн 09 дүгээр тогтоолд “…Д.Д төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй…” гэснээр түүнийг төрийн албаны жинхэн албан хаагчийн шалгалт өгсөн гэж дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл Тамгын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Д “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлгүй” гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Иймд шүүгчийн туслах Д.Д холбоотой дээрх нотлох баримтыг цуглуулснаар шүүгчийн туслахын орон тоо буурсан нөхцөл байдалд хариуцагчийн зүгээс орон тооны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, шүүгчийн туслахуудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинд үнэлгээ хийх шаардлага байсан эсэхэд, тодруулбал маргаан бүхий тушаалыг зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэлийн гол үндэслэлд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.

Харин нэхэмжлэгч Ш.О тухайд Хэнтий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт, салбар зөвлөлийн мөн сарын 27-ны өдрийн 72 дугаар тогтоолд тус тус зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй, иймд хариуцагчийн гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн буюу маргаан бүхий актаас хойш гаргасан Б/21 дүгээр тушаалаар түүнийг төрийн жинхэнэ албан тушаалын анх орох иргэний нөөцөд бүртгэлгүй байсан гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгчийн туслах нарын ажил мэргэжлийн шалгалт авах талаарх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгч Ш.О тухайд Д.Д төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй учраас орон тооны цомхтголыг шалгалт авах байдлаар бус харин төрийн жинхэнэ албан хаагч болоогүй туслахыг чөлөөлөх байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар хэлж байсан нь тусгагдсаныг тэмдэглэв. 

Түүнчлэн Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлсон нэгдсэн үнэлгээний хуудсанд буй мэргэшлийн түвшингийн үнэлгээг дүгнэх хуудаст оруулсан атлаа ажилтны ёс зүй, харилцаа хандлагын түвшингийн үнэлгээг чухам ямар үндэслэлээр дүгнэх хуудаст оруулаагүй болохыг хариуцагчаас тодуулах шаардлагатай, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 113/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН