Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0316/З |
Дугаар | 001/ХТ2022/0083 |
Огноо | 2022-12-19 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2022/0083
“Ш-УХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
СБД-ийн ТХ-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 662 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 491 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Б.М, Э.У, Г.Н Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Д, Ч.О, Б.Э, Ж.Д, А.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Компанийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, нийт 185 үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх болохыг тогтоолгох,
- “Ш-УХ” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай нийт 185 үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 онд хууль бусаар ногдуулсны улмаас үндэслэлгүй хураасан 6,910,369,842.56 төгрөгийн татварыг дараа оны албан татварын төлөлтөд шилжүүлэн тооцохоос татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцохыг хариуцагчид даалгах,
- 2016-2020 онд хууль бусаар ногдуулсны улмаас үндэслэлгүй хураасан 6,910,369,842.56 төгрөгт тооцох алдангийг Монголбанкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дундаж хэмжээгээр тооцож, татвар хураасан өдрөөс эхлэн буцаан олгох шийдвэр гарах хүртэл хоногийн тоогоор олгохыг хариуцагчид даалгах;
2.Хэргийн нөхцөл байдал: “Ш-УХ” ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай, 185 ширхэг үл хөдлөх хөрөнгөнд ашиглалтад орсон хугацаанаас хойш буюу 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэх үүссэний дагуу үл хөдлөх хөрөнгийн татварт 2016-2020 онд нийт 6,910,369,842.56 төгрөгийг төлжээ.
3.Нэхэмжлэгчээс “... манай компани 185 орон сууцыг чөлөөлтөд хамруулахаар удаа дараа татварын албанд хандахад өнөөдрийг хүртэл татгалзаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ашиг олох зорилготой учир чөлөөлөгдөхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хуулийн 7 дугаар зүйлд “орон сууц” гэж заасан байдаг болохоос тухайн орон сууц нь ашиг олох зорилготой байна уу, ашиг олохгүй зорилготой байна уу гэдэг талаар тодорхой зааж тогтоож өгөөгүй, ашиг олох эсэх талаарх асуудал нь ямар ч ач холбогдолгүй” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч компанийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь худалдан борлуулж, ашиг олох зорилгоор өмчилж байгаа, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан түрээсийн гэрээнээс харахад үл хөдлөх хөрөнгүүдийг ашиг олох зорилгоор ашиглаж байна гэж үзэхээр байгаа тул бараа буюу орон сууцыг татвараас чөлөөлөх үндэслэлгүй, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн үзэл санаа нь иргэдийн орон сууцыг татвараас чөлөөлөх иргэдийг орон сууцжуулах өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох нөхцөл бололцоогоор хангах, амьдран суух зориулалттай орон сууцыг татвараас чөлөөлөх агуулгатай” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “... 2000 онд баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх орон сууц гэх ойлголт нь хуулийн төсөлд анх өмчлөгч этгээдийн өөрийн амьдран сууж буй буюу хүний анхдагч хэрэгцээг хангаж буй орон сууцны барилгад татвар ногдуулахгүй байх гэсэн агуулгаар тусгагдсан. Уг хуулийн зорилго, зохицуулалт нь иргэн, хуулийн этгээдээс өөрийн амьдран суух болон ажилчдынхаа нийгмийн анхдагч хэрэгцээг хангах зориулалт бүхий тодорхой тооны орон сууцыг татвараас чөлөөлөх зорилго бүхий хуулийн зохицуулалт болохоос бус нэхэмжлэгчийн тайлбарлан маргаж буй шиг компанийн санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгөд бүртгэгдэн, хөрөнгийн элэгдэл хорогдол, засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг албан татвар ногдуулах орлогоос хасч тооцдог, компанийн өөрийн ашиг олох зорилгоор ашиглаж байгаа орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх гэсэн агуулгагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... Улсын Их Хурлаар дээрх хуулийн төслийн танилцуулга, төслийг хэлэлцсэн Төсвийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, чуулганы 2000 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс тус тус үзэхэд орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх болсон үндэслэл, шалтгаан нь иргэдийг орон сууцтай болгоход татварын бодлогоор дэмжих агуулгатай, 2 байртай хүний нэг байранд дүү нь амьдран суух байж болох тохиолдлыг жишээлэн ярьж, улмаар “өөрийн амьдран сууж байгаа” гэх томьёоллыг хассаныг одоогийн нэхэмжлэгчийн өмчлөлийн 185 орон сууцтай, тэр тусмаа ашиг олох зорилгоор, бизнесийн үйл ажиллагааны нэг хэлбэр болгон бусдад хөлслүүлэн орлого олж буй нь хангалттай баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолтой харьцуулан жиших байдлаар дүгнэх нь үндэслэлгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.8-д “орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээг албан татвараас чөлөөлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн 185 орон сууцыг бусдад хөлслүүлэх үйлчилгээний орлогыг татвараас чөлөөлж байгаа харилцааг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 185 орон сууцанд албан татвар ногдуулж буй харилцаатай харьцуулан дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл эдгээр нь татварын төрлийн хувьд өөр, мөн эрх зүйн зохицуулалт болон хууль зүйн үр дагаврын хувьд ялгаатай ойлголтууд юм” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч “Ш-УХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.М, Э.Г нарын анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Хууль тогтоогч Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “орон сууц” гэж аливаа нөхцөл шалгуургүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татаас чөлөөлөгдөхөөр салаа утгагүй шууд заасан. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Орон сууц” гэх ойлголтыг “хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тодорхой заасан, Гэтэл шүүхүүд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан орон сууц мөн боловч Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “орон сууц” биш гэж дүгнэлт өгсөн нь хууль хэрэглээний алдаа гаргасан.
6.2.Анхан шатны шүүх “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх хөрөнгийг тодорхойлохдоо өмчилж байгаа зорилгыг анхаарна” гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх эзэмшиж ашиглаж буй зорилго нь ашиг олох эсэхэд анхаарах ёстой гэж зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.
6.3.Давж заалдах шатны шүүхээс хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн агуулгыг уг өөрчлөлт орохоос өмнөх заалтад ч агуулагдаж байсан мэтээр тайлбарлан, үндэслэлгүйгээр хуулийг буцаан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
6.4.Хууль санаачлагч нь өмчлөгчийн хэлбэр өмчлөгч орон сууцаа өөрөө ашиглаж байгаа эсэх, орон сууцны талбайн хэмжээг харгалзах зэрэг шалгуур тавьж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулсан, Гэвч хууль тогтоогч дээрх шалгуурыг тавихгүйгээр зөвхөн орон сууц гэдэг томъёоллоор эцэслэн баталсан. Гэтэл шүүх хуулийг зорилгоор нь тайлбарлаж байна гэж үндэслэлээр хуулийг өргөжүүлэн тайлбарлаж эцэслэн батлагдсан хуульд заагаагүй шалгуурыг тавьсан.
6.5.Орон сууцнаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авдаггүй атлаа зөвхөн манай компаниас авч, тэгш бус хандсан, Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор бусад аж ахуй нэгжийг татвараас хассан байсан.
6.6.Орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авдаггүй байхад ганцхан манай компаниас татвар суутгаж, тэгш бус хандсан, Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор манайхтай адилхан тохиолдолд Эрэл банк, Зоос банкийг татвараас чөлөөлсөн байсан гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.М, Э.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2022 оны 11 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
9.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө”, 7.1.2-т “орон сууц” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүрэгтэй байна. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн танилцуулга,[1] (Засгийн газрын өргөн мэдүүлснээр) 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны протокол[2] зэргээс үзэхэд иргэдийн өөрийн оршин сууж байгаа орон сууцыг татвараас чөлөөлөх замаар өрх бүрт эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан орон сууцаар өөрөө өөрсдийгөө хангах боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх, цаашид орон сууцны хэмжээг нэмэгдүүлж, амьдралын түвшинг сайжруулах зорилготой байсан байх бөгөөд дээрх зорилгын үүднээс иргэдийн амьдран суух орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлсөн агуулгатай байна.
11.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд, өмчлөлийн орон сууцаа бусдад хөлслүүлж орлого олдог, энэ нь татвараас чөлөөлөх хуулийн зорилгод хамаарахгүй буюу орон сууц хөлслүүлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон сууцыг татвараас чөлөөлөх хуулийг батлаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй.
12.Нэхэмжлэгчийн “хууль тогтоогчоос “орон сууц” гэж аливаа нөхцөл шалгуургүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр салаа утгагүй шууд заасан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, маргааны үйл баримтад зөвхөн үгчилсэн тайлбар хийх нь тухайн үеийн хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй, татвараас чөлөөлөх болсон үндэслэл, үзэл баримтлал, зорилгод нийцэж байгаа тохиолдолд татвараас чөлөөлөгдөх нь хууль тайлбарлах зарчимд нийцэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн “орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх болсон үндэслэл шалтгаан нь иргэдийг орон сууцтай болгоход татварын бодлогоор дэмжих агуулгатай” гэх дүгнэлт зөв болжээ.
13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Улсын Их Хурлаас хуулийг батлахдаа хууль санаачлагчийн боловсруулсан заалт, үзэл баримтлалаас илтэд өөрчлөн баталж, өмчилж буй зорилго, өмчилж буй субъектээс үл хамааран “ерөөсөө орон сууц бол чөлөөлье” гэдэг байдлаар хамрах хүрээг тодорхойлж, гишүүдийн 82 хувийн саналаар эцэслэн баталсан байдаг” гэх гомдлын тухайд:
14.Улсын Их Хурлын чуулганы 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн анхны хэлэлцүүлэгт, гишүүн Н.Энхболд “... өөрөө амьдарч байгаа гэхээр хэтэрхий явцуу болчхоод байгаа юм ...” гэж тайлбарласныг хууль тогтоогчийн хүсэл, зорилго илтэд өөрчлөгдсөн гэж үзэхгүй, агуулгын ялгаагүй хууль санаачлагчийн нэгдмэл хүсэл зорилго нь дээр дурдсан баримтуудаас үзэхэд орон сууц хөлслөх үйл ажиллагааг дэмжих зорилго агуулаагүй, харин иргэдийг орон сууцаар хангах зорилгын хүрээнд татвараас чөлөөлөх бодлого баримталж байжээ.
15.“Орон сууцнаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авдаггүй атлаа зөвхөн манай компаниас авч, тэгш бус хандсан, Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор бусад аж ахуй нэгжийг татвараас хассан байсан” гэх гомдлын тухайд: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа л бол албан татвар төлөгч байх нь гарцаагүй бөгөөд, адил төрлийн маргааныг Маргаан таслах зөвлөл хэрхэн шийдвэрлэж байгаа нь шүүхийн энэхүү шийдвэрт нөлөөлөхгүй, нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэл болохгүй юм. Учир нь шүүх нь иргэдийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх ба шүүхэд маргаагүй асуудлаар Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхгүй.
16.Нэхэмжлэгчийн “Улсын дээд шүүхийн 2016 оны 34 дүгээр тогтоолоос өөрөөр тайлбарлаж, хэргийг зөрүүтэй шийдсэн” гэх гомдлын тухайд:
17.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор, “Мейкдифферинс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, “... орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан, зориулалтаар нь ашиглаж байгаа барилга-орон сууц нь бараа мөн бөгөөд уг барааг худалдан борлуулсны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай байна, хуулийн заалтаас үзэхэд орон сууцыг хэн, ямар зорилгоор борлуулсан эсэх талаар аливаа субьектив нөхцөл тавиагүй, орон сууц өмчлөгч нь уг орон сууцыг бусдад түрээслүүлсэн, өөрөө амьдран суусан эсхүл хоосон хадгалж байсан үйл баримт нь уг орон сууцыг борлуулсан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хуульд заасны дагуу чөлөөлөхөд нөлөөлөхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
18.Дээрх хэргийн маргааны үйл баримт нь энэхүү хэргийн үйл баримтаас ялгаатай буюу эрх зүйн харилцаа нь өөр, тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татвар нь үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулдаг татвар бол үл хөдлөх хөрөнгийн албан татвар нь үл хөдлөх хөрөнгөд ногдуулдаг татвар байхын зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж татварын хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байна.
19.Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.8-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого” гэж заасныг үл хөдлөх хөрөнгийн албан татвартай адилтган хэрэглэхгүй, татвараас чөлөөлөх хууль тогтоогчийн зорилго нь нийгэм эдийн засгийн хүчин зүйл, иргэдийн хэрэгцээ шаардлага, улс төрийн бодлогоос хамаарч ялгаатай хэрэглэгдэх бөгөөд ямар тохиолдлыг татвараас чөлөөлөхийг хууль тогтоогч өөрөө шийдвэрлэх онцгой бүрэн эрхтэй тул адилтган хэрэглэх боломжгүй юм.
20.Түүнчлэн 2016 оны үйл баримтад холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 12-нд нэхэмжлэл гаргасан нь зөрчилтэй буюу хариуцагч Татварын ерөнхий газраас нэхэмжлэгчийн “үл хөдлөх албан татвараас чөлөөлөгдөх” тухай өргөдөлд, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/1155, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/1838 дугаар албан бичгээр тус тус хариу өгч байсан буюу захиргааны байгууллагаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, харин тодорхой тохиолдлыг зохицуулсан захиргааны акт гаргасан, нэхэмжлэгчээс уг захиргааны актад холбогдуулан, тухайн цаг хугацаанд нэхэмжлэл гаргаагүй атлаа нэгэнт төлсөн татварыг ирээдүйд төлөх төлбөрт суутган тооцуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.
21.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй, учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 төлөөлөгчтэй байсан, шүүх хуралдаанд 5 төлөөлөгч оролцож байгаа тул хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан, шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэх шалтгаан байгаагүй болохыг тэмдэглэж байна.
23. Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 662 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ш-УХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч компаниас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ