Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 140

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М. Ц 

Хариуцагч: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, зохих бичилтийг хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие М.Ц 2014 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж эхэлсэн. 2 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, өсөж дэвжиж ажилласан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоёр яам нэгдсэний улмаас бүтэц, орон тоонд өөрчлөлт гарсан. Үүнээс болж Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс хоёр нэгдэж бүтэц, орон тоонд өөрчлөлт гарсан. Намайг үндэслэлгүйгээр тушаалаар ажлаас халсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Учир нь надад урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлаас халж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлын бус цагаар бидний цуглуулж тушаалыг өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бид нарыг цуглуулж уулзсан бөгөөд бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаа. Та нар бэлтгэлтэй байгаарай гэсэн бөгөөд 2-3 минутын хурал хэлтсийн дарга Б.М хийсэн. Нэхэмжлэл дээрээ бол тушаалыг хүчингүй болгож, эгүүлэн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж авах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...М.Ц 2011 онд МУИС-ийн Худалдаа, үйлдвэрлэлийн сургуулийг “Даатгалын эдийн засагч” мэргэжлээр төгссөн. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 3 дугаар сарын 03-ны бөгөөд тус дүүргийн 6 дугаар хороо хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. 2014 оны төрийн шалгалт өгч тэнцсэн. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 

Нэхэмжлэлийн үндэслэлд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг удирдлага болгон холбогдох мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хуулийн хугацааны өмнө мэдэгдэл өгөөгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хийж, түүний нийгмийн баталгааг хангах талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй байна. Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасны дагуу захиргааны актад тавигдах шаардлага, 40.4-д заасны дагуу бодит нөхцөл байдлыг огт заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу ажил хүлээлцсэн өдрүүдийг ажилласан өдөр оруулж тооцоогүй зэрэг зөрчилтэй байна.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дотоод журмынхаа дагуу Лхагва гараг болгонд шуурхай зөвлөгөөн хийдэг байсан. Тэр журмын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн лхагва гарагт бүх албан хаагч цугларсан. Өөрчлөлт орж байгаа гэсэн дам сураг байсан бөгөөд албан ёсоор хэлсэн зүйл байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр ажлаа гүйцэтгэсэн байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.М хурал хийж мэдэгдээд мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баримт бичгээ архивт өгөх ширээ сандлаа халамж үйлчилгээний хэлтэст аваачиж өгөх ийм ажлуудыг хийнэ гээд тарсан. Эдгээр ажилчид бичиг баримтаа архивт өгч, ширээ сандлаа халамж үйлчилгээний хэлтэст аваачиж хүлээлгэж өгсөн. Оройны 19 цагийн орчимд цуглуулаад тушаалыг уншсан. Гэхдээ хэлтсийн дарга үүрэг гүйцэтгэгч Ч.М орж ирээгүй. Албаны дарга н.Даваажав гэдэг хүн орж ирээд тушаалыг уншсан.

Хөдөлмөр халамж үйлчилгээний даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалын үндэслэлд ч заасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг үндэслэж, тушаалыг гаргасан байдаг. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. Эдгээр хуулиуд хэрэгжсэнгүй. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй. Дүрмийн заалтыг цуцлах тухай бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэгжсэнгүй. Төрийн байгууллагаас халагдаж байгаа ажилчдын эрх, хууль ёсны эрх, ашгийг хөндсөн аливаа захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Гэтэл энэ тогтоогдсонгүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах заалтуудыг хэрэгжүүлсэнгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. Гэтэл бүх хүмүүсийг урьдчилан гаргаж мэдэгдэх ёстой байсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2 дахь хэсэгт хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. Энэ бол хөдөлмөрийн тухай хуультайгаа нийцэж байгаа бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагт шууд тушаал уншиж гарын үсэг зуруулан байдаг. Тус хэлтэс өөрчлөгдөн байгуулагдаж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, М.Ц ын хувьд ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан ажилтан байсан. Шинэ орон тоо дээр албан тушаалын нэр өөрчлөгдсөн болохоос биш яг хэвээрээ үлдсэн байгаа. Хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. Хурал дээр Б.Мэндсайхан дарга шалгалт авах бөгөөд хэрвээ тэнцсэн бол цаашаа үргэлжлүүлээд ажиллах боломжтой гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн асуудлын хувьд бол 2016 оны эхний хагас жилийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээгээр 86.6 хувь дүгнэгдсэн байдаг. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан үр дүнгийн гэрээ дүгнэх заавар дээр сайн үнэлгээтэй албан хаагчийг бол цалин хөлсийг нэмэгдүүлэх буюу албан тушаалыг ахиулах боломжтой гэж тайлбарласан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно. Миний сая дурдсан хуулиудыг бүгдийг зөрчсөн. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт .бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах эрхийг хангасангүй. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М ын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалын бичвэр нь хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шийдвэрийнхээ зорилгыг тодорхойлох ёстой байсан. Энд бол огт тодорхойлогдоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалын захирамжийн нэгдүгээрт М.Ц ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө албан тушаалыг нь бичээгүй. Ямар ажил хийж байгаад халагдсан гэдэг нь тодорхой харагдахгүй байгаа. Зөвхөн энэ заалт дотор явахаар Машбат эцэг нь болохоос овог биш. Хамгийн гол нь энэ тушаалын 3 дугаарт нь 30-ны өдөр ажлаас чөлөөлж халчхаад 5 өдрийн дараа ажил хүлээлцэж дуусгахыг нягтлан бодогчид даалгасан байдаг. Энэ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Тиймээс үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Улсын Дээд Шүүх энэ заалтыг тайлбарласан байдаг. Тайлбарын 19-т хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажлаас халагдсан өдөр гэдгийг ажил олгогчийн шийдвэр, захирамж, тушаал зэргийг заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд оногдвол зохих, ээлжийн амралтын хугацааг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулсан хоногийг нэмж сүүлчийн өдрийг тогтооно. Тушаалын 4-т тушаалд хяналт тавьж ажиллахыг ажил хүлээлцэх комиссын даргад үүрэг болгосугай. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах талаар Б/54 дүгээр тушаалд шийдэж өгөөгүй. Нэхэмжлэлийн 4 шаардлагыг хангаж өгнө үү.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч М.Ц нь Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргажээ. “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний А/11 дугаартай тушаалын хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 70 гэж баталж өгснөөр 30 ажлын байрны орон тоо цөөрсөн. Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дугаар тушаалаар хэлтсийн албан хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилж, чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн М.Ц ыг ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний А/11 тоот хэлтсийн шинэ бүтэц, орон тооны тушаалыг танилцуулан, бүтцийн өөрчлөлт болон орон тоо хасагдсан талаар мэдэгдэн сонсгол хийсэн. 

Шинэ Засгийн газар бүрдсэнээс болж хоёр яам нэгдсэн бөгөөд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Халамж үйлчилгээний хэлтэс нэгдэж нийт 100 хүнтэй байсан бол 70 хүнтэй болж батлагдаж ирсэн. Хуучин бол Хөдөлмөрийн хэлтэс 30 хүнтэй, Халамжийн хэлтэс 70 хүнтэй байсан. Ерөнхий газрын баталж өгсөн шинэ бүтцээр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар орон тоог нийт 70 хүнтэйгээр баталж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн алба 7 хүнтэй, нийгмийн халамжийн алба 20 хүнтэй, захиргаатайгаа нийлээд 70 хүнтэй байгаа. Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мын тушаал Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын А/11 дүгээр тушаалын дагуу яг энэ албан тушаал дээр хүмүүсээ баталсан байгаа. Нийт 110 албан хаагчаас 30 хүн цомтголд орсон. М.Ц ын ажиллаж байсан орон тоо нэгдсэн байгаа бөгөөд ажилд зуучлах хариуцсан мэргэжилтэн байсан. Шинэ бүтцээр бол ажил чиг үүргийн баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн гэж нэг орон тоо баталж өгсөн. Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах харилцааг ярьж байна. Гэтэл манай харилцааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт зааснаар зохицуулж өгсөн байгаа. Хууль тогтоогч нар 3 нөхцөлийг тавьсан байгаа бөгөөд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар бол М.Ц д бол 3 сарын тэтгэлэг олгож ажлаас халсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа хөдөлмөрийн хуулийн заалтыг эргэж харах боломжгүй. Яагаад гэхээр Төрийн албаны тухай хуулиар энэ харилцааг зохицуулсан байна. 

 Захиргааны ерөнхий хууль ярьсан бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаар өөр этгээдийг татах нь зүйтэй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс босоо удирдлагатай. Дээрээс баталж өгсөн бүтцийн дагуу 10 дугаар сарын 01-ний өдрөөс 70 оронтой бүтцээр ажиллана. Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан. 100 хүн ажиллаж байсны 30 хүнийг яамнаас цомхтгосон бөгөөд дүүргээс цомхтгоогүй. Цомхтгосон нөхдүүдийг хариуцагчаар татах нь зүйтэй.  Бичвэрийн асуудал дээр илт хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно. Энэ заалтыг ажил олгогчийн эрх хэмжээний заалт гэж үзэж байгаа. Хуулийн заалт бол зөрчигдөөгүй байна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, зохих бичилтийг хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч нь 2014 оны 3 сараас эхлэн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 6 дугаар хороо, 3, 13 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн, 2016 оны 03 дугаар сараас ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд М.Ц нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн  байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалтын хүрээнд хянаж үзэх нь зүйтэй байна. 

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст М.Ц ыг ажилд томилж, чөлөөлж байсан тушаалууд дутуу, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажилтнуудыг ажлаас чөлөөлж, томилсон 2016 оны Б/05 тушаалд  нэхэмжлэгчийн албан тушаал, нэр зөрүүтэй, сүүлд эрхэлж байсан “ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байрны тодорхойлолт 2 өөр нэрээр байгаа зэрэг зөрчлүүд байх хэдий ч талууд энэ талаар маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс үйл ажиллагааны үр дүн, ур чадвар, ажлын туршлагыг үл харгалзан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж маргаж, хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, албан тушаалын орон тоо цөөрсөн тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж тайлбарлана.

  Нэхэмжлэгч М.Ц нь 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргатай байгуулж, эхний хагас жилийн байдлаар гэрээгээ 86.8 хувийн үнэлгээтэй дүгнүүлж  ажилласан байх ба мөн оны 09 дүгээр сард байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас ажлаас чөлөөлөгджээ. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар захирамжаар  дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулж улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр  тушаалын хавсралтаар  Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтцийг 3 алба, хороо хариуцсан мэргэжилтнүүд нийт 70 албан тушаалын орон тоотой ажиллахаар албан тушаалын жагсаалтыг баталжээ. Уг орон тоог Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар баталгаажуулсан байна.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь 30 албан тушаалын орон тоотойгоор ажиллаж байсан ба хоёр байгууллагыг нийлүүлэн өөрчлөн байгуулсан зохион байгуулалтын бүтцээр тус байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүргийг 7 албан тушаалтан эрхлэн гүйцэтгэхээр болжээ. Үүний дотор нэхэмжлэгч М.Ц ын эрхэлж байсан “ ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байр болон “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байрны чиг үүргийг нэгтгэж “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн 1 орон тоогоор ажиллахаар болсон байх ба энэ талаар талууд маргаагүй болно. Харин цөөрсөн албан тушаалд ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийг шалгаруулж томилоогүй талаар маргаж байна.     

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгааг заасан байх ба 27.2.3.-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэжээ.

Үүнээс үзвэл төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөний орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох зохицуулалттай байна. Гэтэл захиргааны байгууллага дээрх хуульд заасан ажиллагааг хийхгүйгээр нэхэмжлэгч М.Ц ыг “орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байх бөгөөд хариуцагчийн “хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь “ажилд томилох, чөлөөлөх” нь байгууллагын даргын бүрэн эрхэд хамаарах ч шийдвэр нь хуульд үндэслэх буюу хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой юм.

Иймд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаал нь нэхэмжлэгч М.Ц ын Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл цөөрсөн албан тушаалд шууд томилох хууль зүйн үндэслэлгүй байх тул захиргааны байгууллагаас хуульд заасан шаардлагыг хангуулж тус албан тушаалд ажиллах төрийн албан хаагчийг шалгаруулж дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэгч М.Ц ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5, 107.6  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Машбат овогтой Цацралыг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” Б/54 дүгээр тушаалыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нь цөөрсөн ажлын байранд шалгаруулалт явуулж, нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн  баталгааг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Хариуцагчаас шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Машбат овогтой Цацралыг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ