Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 107

 

 

П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                  

          Прокурор П.Бямбасүрэн,                                         

          Шүүгдэгч О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

          Шүүгдэгч П.Зүчийн өмгөөлөгч Д.Дашдорж,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт холбогдох 2016 2502 1624 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэсүд овгийн Пүрэвбаатарын Зүч, 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 46 дугаар байрны 504 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:УХ98061719/,

2. Бодон овгийн Отгончимэгийн Нямбаяр, 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ98050315/,

3. Харчин овгийн Дамбадаржаагийн Мөнгөнхүү, 1999 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбоо Техникийн сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 6 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УА99010214/,

4. Булган овгийн Цогжавхлангийн Ууганбаатар, 1998 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 18 дугаар гудамж, 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП98062235/,

 

П.Зүч нь ялтай байх хугацаандаа О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Номун” хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн “Трек-3500” загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийг гардан зохион байгуулж, үйл ажиллагааг нь чиглэн удирдсан, гардан үйлдсэн,

О.Нямбаяр нь П.Зүч, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Номун” хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн “Трек-3500” загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган, унадаг дугуйг хулгайлж 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн,

Д.Мөнгөнхүү нь П.Зүч, О.Нямбаяр, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Номун” хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн “Трек-3500” загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган, унадаг дугуйг хулгайлж 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хүн харж өгч, учрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хулгайлсан унадаг дугуйг зарж борлуулж хамжсан,

Ц.Ууганбаатар нь П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Номун” хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн “Трек-3500” загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган, унадаг дугуйг хулгайлж 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хүн харж өгч, учрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хулгайлсан унадаг дугуйг зарж борлуулж хамжсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: П.Зүчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, О.Нямбаяр үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, дараах зүйлүүдийг тодруулах шаардлагатай байна. Үүнд:

1. Ц.Ууганбаатар нь П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Номун” хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн “Трек-3500” загварын унадаг дугуйг, мөн П.Эрдэнэчимэгийн хар саарал өнгийн “Хома” загварын эмэгтэй унадаг дугуйг бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж  тус тус хулгайлсан бөгөөд хохирогч Т.Батдоржийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн /хх 1/ шалгах явцад шүүгдэгч нар сэжигтнээр байцаагдахдаа П.Зүч /хх 14-16/, О.Нямбаяр /хх 69-71/, Д.Мөнгөнхүү /хх 77-79/, Ц.Ууганбаатар / хх 85-87/ нар тус тус үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

2. Хохирогч П.Эрдэнэчимэгийн унадаг дугуйг хулгайлсан гэх гомдлыг шалгаад учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын 2680 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол болон холбогдох баримт /хх 200-206/ хэрэгт авагджээ.

3. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг тусад нь шийдвэрлэсэн нь эдгээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, тэдгээрээс учирсан хохирлыг бүрэн тогтоогоогүй, энэ яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруут үйлдэл бүрэн тогтоогдсон байхад эдгээрийг нэгтгээгүй, ганц үйлдэлд яллаж байгаа нь үндэслэлгүй байна.

4. П.Зүчийн хувийн байдлыг тодруулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна. Иймд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн П.Эрдэнэчимэгийн “Автомашины зогсоолоос унадаг дугуй алдагдсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр СБ1-7951 дугаараар бүртгэн шалгаад, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж ирүүлснийг тус прокурорын газрын хяналтын прокурор М.Гантулга хүлээн авч хянаад 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд хүрэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гаргасан байна.

Иргэн П.Эрдэнэчимэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны буюу Дүүргийн прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан ба прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл буюу “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн зүйлс нь юу ч байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрч байж гэмт хэрэгт тооцогдоно. Гомдол гаргагч П.Эрдэнэчимэгийн алдсан “Хома” загварын унадаг дугуйг эд зүйлийн үнэлгээний комисс 150.000 төгрөгөөр үнэлсэн байна.

П.Зүчийн “...бид нар дөрвүүлээ гарааш руу ороод эхлээд нэг “Трек” загварын хар өнгийн унадаг дугуйг паарнаас бэхэлсэн байсныг төмрийн хөрөөгөөр хөрөөдөж тасалсан, тэндээсээ гараад бид Улсын Их дэлгүүр орсон, тэндээ байж байгаад нэг унадаг дугуй хулгайлахаар болоод Д.Мөнгөнхүү, О.Нямбаяр нар буцаж “Номун” хотхон руу яваад жижиг саарал өнгийн голоороо эвхэгддэг унадаг дугуйг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг, Д.Мөнгөнхүүгийн “...бид дөрөв гарааш дотор тойрч алхаж байхдаа унадаг дугуйгаа харсан, П.Зүч, О.Нямбаяр хоёр унадаг дугуйгаа түрээд гараад ирсэн, тэгээд Улсын Их дэлгүүрийн арын сааданд очихоор болоод би тэр унадаг дугуйг нь унаад түрүүлээд тэр саад руу нь явсан юм. Тэгээд дөрвүүлээ уулзаад байж байтал П.Зүч тэнд дахиад нэг унадаг дугуй үлдсэн гэж хэлсэн. О.Нямбаяр бид хоёр ярилцаж байгаад тэр дугуйг очиж авахаар болсон. О.Нямбаяр түгжээг нь хөрөөдөөд бид 2 аваад гарсан юм...” гэсэн мэдүүлэг, О.Нямбаярын “...П.Зүч бид хоёр үлдээд П.Зүч нөгөө төмрийн хөрөөгөө гаргаж ирээд “Трек” загварын унадаг дугуйг паартай бэхэлсэн байсан бэхэлгээг ганцаараа хөрөөдөөд тасдаж уг дугуйг аваад орцны хаалгаар нөгөө хоёрт гаргаж өгсөн. Тэгээд Д.Мөнгөнхүү уг унадаг дугуйг унаад бид дөрөв Улсын Их дэлгүүрийн ард талын 247 нэртэй сааданд уулзацгаахаар болсон. Сааданд байж байтал О.Нямбаяр бүгдэнд нь энэ унадаг дугуйг зараад нүдний шил, утас авахад хүрэхгүй нөгөө унадаг дугуйг нь авчихья гэж хэлсэн, тэгээд Д.Мөнгөнхүү, О.Нямбаярын хамтаар яваад нэг жижиг эмэгтэй хүний унадаг дугуй аваад ирсэн...” гэсэн мэдүүлгүүдээр П.Эрдэнэчимэгийн унадаг дугуйг хулгайлсан үйлдэл нь Т.Батдоржийн унадаг дугуйг хулгайлсан үйлдлээс тусдаа үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Иймд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Зүчийн хувийн байдлын талаар дараах баримтууд хэрэгт авагдсан. Үүнд: Хувийн байдлын талаар гэрч Б.Билгүүний /П.Зүчийн хуурай ах гэх/ мэдүүлэг /хх 40/, гэрч Б.Төгөлдөрийн /П.Зүчийн найз гэх/ мэдүүлэг / хх 92/, гэрч Б.Мөнхтуяагийн /П.Зүчийн ээж гэх/ мэдүүлэг /хх 93-94/, гэрч Э.Цэлмэг /П.Зүчийн найз/ мэдүүлэг /хх 26-27, 167-168/, ял шийтгэл шалгах хуудас, урьд ял шийтгэлтэй байсан талаарх шүүхийн шийтгэх тогтоол, захирамжууд, иргэний үнэмлэхний лавлагаа байгаа болно.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч П.Зүчийн өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Зүчийн хувийн байдлыг сайн тодруулж чадаагүй, хавтаст хэрэгт түүний хувийн байдлыг хүндрүүлэх талаарх баримтыг цуглуулсан...” гэв.

Шүүгдэгч О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан...” гэв.

Шүүгдэгч Ц.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна...” гэв.

Шүүгдэгч Д.Мөнгөнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч О.Нямбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, хулгайн гэмт хэрэг үйлдэн бусдад нийт 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас П.Зүчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, О.Нямбаяр үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуулыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Иймд хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүх хуралдааны ажиллагааг явуулж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, П.Зүчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ДАВААСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                            Д.МӨНХТУУЛ

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ