Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00809

 

“Эрдэнэт фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр магадлалтай,

“Эрдэнэт фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нарт холбогдох,

20.928.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.Жавхлантуяагийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигтогтох, хариуцагч Х.Жавхлантуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 7 дугаар сард “Эрдэнэт Фүүдс” ХХК-ийн гурилын үйлдвэр ашиглалтад орж бэлэн бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн. Х.Жавхлантуяатай 27/14 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагчийн албан тушаалд ажиллуулсан. Тэрээр 2014 оны 08 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд нийт 1.337,63 тонн гурил борлуулж, 911.762.150 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар байгууллагын санхүүд тушаасан ба тооцоог тулгахад 20.928.350 төгрөгөөр зөрсөн.  Дээрх зөрүүг Х.Жавхлантуяад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж, холбогдох материалуудыг танилцуулахад ажилтан өөрийн гар тайлантай тулгаж үзээд 2014 оны 8, 9, 10 дугаар саруудын зөрүү болох 3.005.100 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин 2014 оны 11, 12 дугаар саруудын борлуулалтын зөрүү болох 17.923.250 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн зөрүүг дахин нягтлан гэрээт хамгаалалтын Бамбай харуул ХХК-ийн бүртгэлийн дэвтэртэй тулган үзэхэд борлуулалт хийж бэлэн бүтээгдэхүүн гаргасан нь нотлогдсон.

Мөн тус компанид бэлэн бүтээгдэхүүний няраваар ажиллаж байсан Р.Байгалмаа нь Х.Жавхлантуяатай хамт ажиллаж байсан ба тухайн маргаанд холбоотой. Иймд 20.928.350 төгрөгийг Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нараар төлүүлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Жавхлантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Эрдэнэт Фүүдс” ХХК-нд 2014 оны 6 сард анх ажилд орсон. 2015.03.31-ний өдөр жирэмсний амралт авсан. Гэтэл 2016 оны 4 сарын сүүлээр чамд 16.711.300 төгрөгийн тооцоо гарч ирлээ гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд 6 ширхэг падаан үзүүлсэн ба данс тооцоо хэвийн орсон падаанууд байсан. 2014, 2015 оны дотоод аудитын дүгнэлтээр надад ямар ч өр төлбөр гараагүй. Гэтэл 2016 онд программ шинэчилсэн чинь өр гараад ирсан гэсэн. Хуучин нярав, нягтлан Мөнх-Эрдэнэ, Байгалмаа нартай холбоо барихад байгууллага дээр очиж чадахгүй, ажлаа хүлээлгээд өгсөн ямар нэгэн өр төлбөр байгаагүй, одоо бидэнд хариулт хэлэх зүйлгүй гэсэн. Би байгууллагаас нэг төгрөг аваагүй, тооцоогоо цаг бүрт хийж актаа үйлдэж байсан, мөн шаардлагатай баримтуудыг хуулбарлан авч, давхар хяналт тавьдаг байсан. Бүх баримтад би гарын үсгээ зурдаг байсан. Гарын үсэггүй нэг ч зарлага хийж байгаагүй. Дээрх байдлууд нь нягтлан бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Р.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт фүүдс” ХХК-нд бэлэн бүтээгдэхүүний нярвын ажилд томилогдон ажилласан ажлын байрны тодорхойлолтын дагуу үйлдвэрийн агуулахад орлогод авсан бэлэн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын салбар агуулахад вагоноор ачуулах, бэлэн болон дараа тооцоогоор борлуулах мөн дотор борлуулалт болох борлуулалтыг менежерийн захиалгын дагуу гэрээт боруулалгчид руу бэлэн бүтээгдэхүүнээ ачуулан гаргадаг байсан. Борлуулалтын менежер Жавхлантуяа тухайн өдөр ямар бараа материал гаргахаа урьдчилан надад мэдэгдээд түүнийг нь би өөрийн ноорогт тэмдэглэн аваад борлуулалтад гаргадаг байсан. Падааны бичилт орой нь бичиж баталгаажуулан гарын үсгээ зуралцдаг байсан. 2014 оны 9 сараас санхүүгийн программд падаан шивэлт хийж эхэлсэн. Гаралт хийх болгонд программд хийж амждаггүй, ажлын нөхцөл боломжгүй, техникийн саатал зэрэг зүйлс гарч падаан шивэлтэнд орж хэвлэн гаргах боломжгүй үед тухайн өдрийн орой эсвэл маргааш нь хэвлэн гаргадаг байсан. Энэ үед зарим нэг падаан борлуулалтын менежерт очоогүй тохиолдол гарах магадлалтай. Борлуулалтын менежер Жавхлантуяагийн тухайн сарын тооцоог 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, түүнээс хойших өдрийн борлуулалтыг дараа сарын борлуулалтад оруулж тооцоо нийлдэг байсан. Зарим падаан борлуулалтын менежер Жавхлантуяад очоогүй эсвэл гарын үсэг нь зурагдаагүй үлдсэн байж болно. Компаний нэхэмжлэлд дурдагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох падаанууд гарын үсэг зурагдаагүй болон борлуулалтын менежер Жавхлантуяагийн тайланд тусгагдаагүй падаан нь санхүүгийн албаны гарах зөвшөөрөл, Бамбай хамгаалалтын албаны бүртгэлийн дэвтэр, борлуулалтын машины жолооч /33-48ОРО/ хар дэвтэрт бүртгэгдсэн бөгөөд миний хариуцсан агуулахаас сар өдөр цаг хугацаатайгаа үйлдвэрийн хашаанаас гарч гэрээт борлуулагчдад хүргэн өгсөн нь нотлох баримтаар гэрчлэгдэж байгаа тул борлуулалтын авлагын зөрүү болох 20.928.350 төгрөг нь надад ямар ч хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-д заасныг баримтлан хариуцагч Х.Жавхлантуяагаас 7.115.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.813.350 төгрөг, хариуцагч Р.Байгалмаад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Жавхлантуяагаас 128.790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Жавхлантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.790 төгрөгийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.017 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Жавхлантуяагийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 р зүйлийн 495.1 , 495.2 заалтыг зөрчсөн гэж үзэж Х.Жавхлантуяагийн дансанд орсон гэх 7.115.000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг заалт нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй мөнгийг захиран зарцуулсан гэх заалт бөгөөд  Д.Даваа, М.Солонго, Л.Норовсамба нараас ирсэн гурилын үнийг нэхэмжлэгчид өгөөгүй гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй байхад түүнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь хууль бусаар өмчлөгчийн зөвшөөрөлгүй мөнгийг захиран зарцуулсан, өөртөө ашиглаж бусдыг хохироосон байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгчийг хохирсон талаар нэхэмжлэгч нотлоогүй. Ажиллаж байх хугацаандаа Х.Жавхлантуяа нь борлуулалтын орлогоо кассаар болон “Эрдэнэт фүүдс” ХХК 2 ч дансаар Жавхлантуяа, Жавхаа борлуулалтын орлого гэж хийдэг байсан баримтыг хавтаст хэргийн 63хх-83 хх, дансны хуулгын баримт, 100хх-114 хх баримтуудаар нотлогдож байгаа. Дээрх “Эрдэнэт Фүүдс” ХХК дансны хуулгаар мөн “Цагаан алт” ХХК нь “Эрдэнэт Фүүдс” ХХК-тай тооцоогоо хийдэг байсан нь харагдаж байгаа.

Гэтэл Жавхлантуяа ажлаас гарснаас хойш 8 сарын дараа “Цагаан Алтан хүнс” ХХК-тай хувиараа наймаа хийж дансаар авсан мөнгийг нэхэмжлэгчийн мөнгө гэж шүүх үзсэн. “Цагаан Алт” ХХК нь нэхэмжлэгчийн мөнгийг хариуцагчаар дамжуулан өгч байсныг нэхэмжлэгч нотлоогүй байхад шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч бараа болон борлуулалтын мөнгийг дутуу төлсөн талаар нэхэмжлэгч тал нотлоогүй байхад хариуцагчийн дансанд орсон гэх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Ямар үнэтэй гурил эсвэл өөр бүтээгдэхүүний борлуулалтын үнийг шилжүүлээгүй болохыг нотлоогүй байхад зөвхөн “ гурилын үнэ” гэх утга , мөн “манай харилцагч” гэх нэрийг үндэслэн хариуцагчаас дансанд орсон мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК нь хариуцагч Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нараас гурилын үнэ 20.928.350 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч Х.Жавхлантуяа “...падаанд гарын үсэг зураагүй, гурил хүлээн аваагүй” гэж, хариуцагч Р.Байгалмаа “...менежерийн  захиалгын  дагуу барааг борлуулагчид ачуулан гаргасан...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

“Эрдэнэт фүүдс” ХХК нь 2014 оны 8 дугаар сард Х.Жавхлантуяаг борлуулагчийн,  Р.Байгалмааг  бэлэн бүтээгдэхүүний нярвын ажилд тус тус томилж, ажилтан тус бүртэй хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ /хэргийн 1 дэх хавтас 7-10, 2 дах хавтас 34-40 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүд болон 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн авлага өглөгийн тулган баталгаажуулалт хийсэн ажлын тайлан, “Нүүдэлчин групп” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх  аудитын хорооны 2016 оны 6 дугаар сарын 6-ний өдрийн ажлын тайланг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурджээ.

Хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан барааны борлуулалтын падаанд хариуцагч Х.Жавхлантуяа гарын үсэг зураагүй бөгөөд тэрээр уг падаанд заасан бүтээгдэхүүнийг хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид барааг хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх “...падаануудад гарын үсэг зурагдаагүй, барааг хэн авсан нь тодорхойгүй тул хариуцагч нараас төлбөр гаргуулах үндэслэлгүй” гэж үзсэн атлаа хариуцагч Х.Жавхлантуяагаас 7.115.000 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. 

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцлийг тусгах бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хуульд заасан шаардлагууд тусгагдсан байх тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Х.Жавхлантуяа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр жирэмсний амралт авсан, түүнийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр хэрэгт авагдаагүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй байна.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд  дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж өгөөгүй ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.3-т заасан.

Х.Жавхлантуяа нэхэмжилж буй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан нь тогтоогдоогүй, энэ тохиолдолд түүнд хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Х.Жавхлантуяагийн дансанд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Цагаан алт” ХХК-с 5.000.000 төгрөг, Д.Даваагаас 1.100.000 төгрөг, М.Солонгоос 200.000 төгрөг, Л.Норовсамбаас 815.000 төгрөг шилжин орсон боловч үүнийг дээрх  падаанд заасан гурилын үнэ гэж үзэх боломжгүй.  

Хариуцагч Р.Байгалмаад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нараас 20.928.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Х.Жавхлантуяа хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 128.790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ