| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0029/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Өсвөр насны шүүгдэгч Б.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч П.Баяраа, өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,
Өсвөр насны хохирогч Х.Тэнгис, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Солонго, өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Өт холбогдох эрүүгийн 1811029351079 дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Гэсэр овогт Баяраагийн Өсөхбаяр, 2002 оны 7 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 23 дугаар сургуулийн 11А ангид сурдаг, ам бүл 3, аав, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 1а-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УЖ02271172/
Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч Х.Тэнгисийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Өаас мэдүүлэхдээ: “...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Баяраагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-27-30/: “..2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай доод ангийн хүүхэд Х.Тэнгис нь гэрийнхэндээ миний талаар худлаа хэлж буруу ойлголт төрүүлсэн байсныг би мэдээд Х.Тэнгистэй уулзаж үнэнээ хэл гэж хэлээд нэг удаа цохисон. Тэгэхэд Х.Тэнгисийн амнаас нь цус гараад ээжрүүгээ утсаар яриад дуудсан. Ийм л асуудал болсон..Би болон манай аав бид 2 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анх 180.000 төгрөг ээж Солонго гэх хүний данс руу хийсэн. Дараа нь 320.000 төгрөгийг өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг мөн данс руу шилжүүлсэн. Тэгээд өнөөдөр 565.600 төгрөг буюу нийт 1.565.600 төгрөг өгчихсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Х.Тэнгистэй сургууль дээр уулзаж багштайгаа хамт уулзаж уучлалт гуйж гар барьсан бөгөөд энгийн ах дүү хэвээрээ үлдсэн..” гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны хохирогч Х.Тэнгисээс шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлэхдээ: “....” гэв.
Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Солонгоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....” гэв.
Өсвөр насны хохирогч Х.Тэнгисээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх-8-9/: “..2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сургууль дээр байж байхад манай сургуулийн 11-р ангийн ах намайг дуудаад чамайг Зоос талбай дээр дээд ангийн ах нар чинь дуудаж байна гэхээр нь очиход манай 11-р ангийн ах Өсөхбаярт тэдний ангийн Бат-Очир гэх хүүхэд буруу мэдээлэл өгснөөс болж Өсөхбаяр нь ангийнхаа 4-5 хүүхэдтэй байсан. Өсөхбаяр намайг гэдэс рүү өшиглөсөн ба араас хэн нэг нь миний араас цохисон тэгээд би сандал дээр доошоо хараад суусан чинь хэдэн хүүхдүүд дээрээс цохиод байсан ба би цохиулаад дээшээ өндийгөөд боссон чинь Өсөхбаяр гүйж хүрч ирээд миний уруул руу гараараа нэг удаа цохисон ба тэгэхэд миний дээд талын 2 ширхэг шүд хугараад миний уруул хавдаж хөхөрөөд цус гарсан. Тэгээд би гэрийнхэндээ мэдэгдсэн..” гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны гэрч Б.Ирмүүнсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16-17/ “..2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз Өсөхбаяртай хамт явж байгаад манай 9-р ангийн сурагч Тэнгистэй Зоос гэдэг сагсны талбай дээр уулзсан. Тэгээд Өсөхбаяр Тэнгисийг загнаж байсан ба тэгэхдээ Тэнгис нь өөрийнхөө ээж аавд Өсөхбаярыг уруу татаж архи уусан гэж худлаа хэлсэн байсан учраас тэрнээс болж Өсөхбаяр Тэнгисийг чи үнэнээ хэлэхгүй яасан юм бэ гээд загнасан. Тэгж байгаад Өсөхбаяр Тэнгисийн ам руу нь цохисон ба Тэнгисийн амнаас цус гарсан ба Тэнгис ээжрүүгээ утасдаад ээжийгээ дуудсан..” гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 16-ны өдрийн №12506 дугаар дүгнэлтэнд /хх-19/: “.Х.Тэнгисийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, язрал, цус хуралт, дээд талын 2 ба доод талын 3 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, болон өсвөр насны шүүгдэгч Б.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч Х.Тэнгисийг зодож түүний биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, язрал, цус хуралт, дээд талын 2 ба доод талын 3 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл үүсгэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3.650.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид шүднүүдэд сувгийн эмчилгээ хийхэд 1.250.000 төгрөг, шилэн гол суулгахад 600.000 төгрөг, циркон бүрээс хийхэд 4.500.000 төгрөг, шүд тус бүрээс 750.000 төгрөг, 6 сар тутам ирж цэвэрлэгээ хийхэд 500.000 төгрөг нийт 7.600.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байх тул гэм хорын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Өт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Өсвөр насны шүүгдэгч Б.Өт нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Гэсэр овогт Баяраагийн Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Өт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Өт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны хохирогч Х.Тэнгис нь цаашид шүдээ эмчлүүлэхтэй холбоотой гарах эмчилгээний зардал болох гэм хорын хохиролыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР