Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 106

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэдгэр овогт Жамъянжавын Балдорж, Чонос овогт Батхуягийн Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 1811018090676 дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Гэдгэр овогт Жамъянжавын Балдорж, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Нийслэл бургер ХХК”-ний захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16-187 тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:СЕ90032110/

2. Монгол Улсын иргэн, Чонос овогт Батхуягийн Отгонбаяр,1996 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дархан хийдэг, ам бүл 5, ээж, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17-437 тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол биелүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:УХ96050931/

 

Шүүгдэгч Ж.Б, Б.О нар нь 2018 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Hyтar дэвсгэрт “Таксины үйлчилгээний хөлс”-нөөс үүдэн хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Боос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Оаас мэдүүлэхдээ:“..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

Хохирогч Ж.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-17-18-р хуудас/: “..Би 2018 оны 06 дугаар сарын 17-ны шөнө өөрийн хувийн 02-44 УНД улсын дугаартай машинаараа такси үйлчилгээнд явж байсан юм. Тэгээд шөнийн 02 цагийн орчимд Баянгол зочид буудлын замын эсрэг талаас нэг эрэгтэй хүн ганцаараа гар өргөөд машинд суусан. Тэр залуу орж ирээд Дэнжийн 1000-руу явъя гэсэн. Тэгээд тэр залуу Нарантуул-2 захын урд талд очоод энд бууя гээд машинаас буух гээд хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би тэр залууд хандаж 5000 төгрөг гарсан гэсэн чинь тэр залуу мөнгөө өгөхгүй байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан мөнгөгүй бол яах гэж такси барьсан юм бэ гэсэн чинь тэр залуу PC орж мөнгө авъя гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандан энд PC алга байна ш дээ гэсэн чинь тэр залуу утсаа өгч байгаач гээд миний гар утаснаас нэг дугаар луу 4-5 удаа залгасан. Тэр залгасан дугаар нь 99421631 гэсэн дугаар байсан. Тэр залгасан дугаарынх нь эзэн шөнө утсаа аваагүй. Тэгээд дараа нь 88094381 гэсэн дугаарлуу 1 удаа залгахад тэр утас холбогдохгүй байсан. Тэгээд дараа нь 86974053 гэсэн дугаарлуу залгахад бас утсаа авахгүй байсан. Тэгээд би тэр залуугаас таксины мөнгөө өгөөч гэхэд тэр залуу миний ард сууж байсан учраас араас хүзүү рүү эхлээд 1 удаа хүчтэй цохьсон. Тухайн үед би жаахан ухаан балартсан. Тэгээд би сандраад яаж байна аа гээд хойшоо харахад тэр залуу миний нүүрлүү хэд хэдэн удаа гараараа цохьсон. Тухайн үед би тэр залуутай машин дотор зууралдсан. Тэр залуу намайг хойноос машины рулийн доод талруу түлхээд чихээд байсан. Тухайн үед би жаахан сандарчихсан байсан. Энэ үед тэр залуу миний машинаас буугаад зугтаасан. Тэгээд би сандраад тухайн үед цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу миний хүзүү, нүүр, дух руу гараараа цохьсон..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-23-р хуудас/ “..2018 оны 06 дугаар 16-17-нд шилжих шөнө би Төв номын сангийн ойролцоо цагаан өнгийн марк улсын дугаарыг нь мэдэхгүй нэг машинд суугаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Нарантуул захын урд байрлах ПС тоглоомын газар ажилладаг найз Гяваа, Энхбаяр хоёр найз дээрээ очсон юм. Тухайн үед таксины мөнгө байхгүй байсан бөгөөд 2 найзаасаа мөнгө аваад өгнө гэж бодож байсан. Тэгээд ПС тоглоомын газар очиход таксины жолооч залуу нь энд ПС тоглоомын газар байхгүй байна гээд өнгөрөөд явсан. Тэгээд хэлээд эргээд ПС тоглоомын газар очсон бөгөөд би машинаас нь буух гэсэн чинь жолооч залуу намайг машинаасаа буулгахгүй гар утсаараа дууд гэсэн тэгээд би өөрийнхөө 95881810 дугаараасаа найз Энхбаярын 99441632 дугаарын утас руу залгасан. Тэгтэл миний дугаар нэгжгүй болсон байсан тул таксины жолоочийн утсаар найз Энхбаяр луу залгасан. Тэгээд Энхбаяр утсаа авахгүй байсан болохоор нь хуурай ах Ганболдын 88094381 дугаар руу залгасан боловч холбогдоогүй түүний дараа хуурай ах Батсүхийн 86974053 дугаарын утас руу залгасан боловч утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд таксины жалооч залуу чи утсаа өгч бай би утсаар чинь залгана гээд миний гарт байсан Самсунг галакси эс 7 маркийн гар утсыг маань булааж аваад утас чинь болохгүй байна гээд жолооны хүрдний доод талын дөрвөлжин хайрцганд хийчихсэн. Тэгээд би утсаа нэхсэн чинь тэр жолооч залуу юун утас утас чинь байхгүй юу яриад байгаа юм бэ одоо буу гээд машинаасаа хөөгөөд байсан. Тэгээд би буухгүй утсаа нэхээд байсан чинь жолооч залуу голын хайрцагнаасаа отверк шиг зүйл гаргаж ирээд буухгүй бол чамайг яаж ч болно гэсэн. Тэгээд би машинаас буухгүй утсаа нэхээд байсан чинь жолооч залуу чи буу гээд миний цагаан цамцнаас заамдаад боосон. Тэгэхээр нь би тэр залуугийн дух руу нь зүүн гараараа 1 удаа цохьсон. Тэр үед тэр залуу намайг өөрлүүгээ татаад миний хамар болон уруул хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд би хоёр гараараа тэр залуугийн үснээс зулгаасан чинь тэр залуу миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд би үснээс нь тавихгүй байсан чинь нөгөө залуу за үснээс тавьчих утсыг чинь өгье гээд миний утсыг авч өгөхөөр нь би утсаа аваад машинаас нь буугаад шууд гэр лүүгээ зугтаасан. Тэгээд гэртээ ирэхэд манай ээж Батжаргал ганцаараа унтаж байсан. Тэгээд маргааш орой 20 цагийн орчимд Батсүх ах надруу залгаад чамайг цагдаагаас хайгаад байна гээд би цагдаа дээр очиж уулзсан. Гол маргалдсан шалтгаан бол тэр залуу миний гар утсыг авчихаад өгөхгүй байснаас болсон юм. Тухайн үед миний шүд рүү цохисны улмаас миний дээд үүдэн шүд 2 шүд хөдөлсөн, зүүн талын шанаа орчим хавдаж зулгарсан зүүн талын хөмсөг сэтэрсэн байсан..” гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 сарын 21-ний өдрийн №7723 дугаар дүгнэлтэнд /хх-36/: “..Б.Оын биед зүүн хөмсөг, шанаанд зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал, холбогч эдийн тасрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №7711 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “..1. Ж.Бийн биед дух, хамрын угт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, шүүгдэгч Ж.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-63/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б, Б.О нар нь 2018 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Hyтar дэвсгэрт “Таксины үйлчилгээний хөлс”-нөөс үүдэн хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогч Б.Оын биед зүүн хөмсөг, шанаанд зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал, холбогч эдийн тасрал бүхий гэмтэл, хохирогч Ж.Бийн биед дух, хамрын угт цус хуралт бүхий гэмтэл харилцан үүсгэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эдгээр гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нар дээрхи үйлдлийн улмаас харилцан бие биедээ хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ. Шүүгдэгч нар харилцан зодолдсон, үүний улмаас бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Б, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Шүүгдэгч Ж.Б, Б.О нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд бие биенээсээ харилцан нэхэмжилсэн хохирол байхгүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ

 

Шүүгдэгч Ж.Б, Б.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Б, Б.О нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Ж.Б, Б.О нар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэдгэр овогт Жамъянжавын Балдорж, Чонос овогт Батхуягийн Отгонбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Оыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б, Б.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ж.Б, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР