Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 14

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч А.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 1811032051116 дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Аранзад овогт Ариунсайханы Баттөр, 1986 оны 08 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюуш 1 дүгээр гудамж, Амины орон сууц байр 4 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл байхгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧС86081617/

 

Шүүгдэгч А.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2018 оны 10 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фэйс” бааранд хохирогч Б.Очирбатыг согтуугаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч А.Бөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.

 

Шүүгдэгч А.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-38-39/ “..Бүжгийн талбай дээр Очирбат гэх залуутай мөрөөрөө шүргэлцсэн ба аль аль нь уучихсан байсан болохоор тэрнээсээ болж хоорондоо маргалдсан, тэгээд Очирбат бид 2 бие биенээ цохисон ба тэнд байсан хүмүүс бужигналдаад бид хоёрыг салгасан. Тэгээд бужигналдаж байх үеэр би Очирбатын нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон..” гэх мэдүүлэг

 

Хохирогч Б.Очирбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-14-16/: “..Тэгээд тэнд үйлчлүүлээд бүжиглэж байхад бүжгийн талбай дээр байсан хүмүүс араас түлхээд байхаар нь би нөгөө талд нь гараад бүжиглэсэн тэгэхэд цаана түлхээд байсан хүмүүс манай ажлын Ганзориг гээд залууг түлхээд унагаачихсан. Тэгээд би очоод тэр түлхэж унагаасан залуу буюу Баттөр гэх залуутай барьцалдаж аваад бие биенээ цохиод харилцан зодолдсон. Тэгж байхад уг залуу миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон ба миний нүд таглараад хамарнаас цус гарсан, тэгэхэд манай ажлынхан бид хоёрын дундуур орж салгаад намайг аваад гарсан.. эмчилгээ болон ажилгүй байх үеийн хохирол төлбөр гээд 8 сая төгрөг авсан байгаа. Одоо миний зүгээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-22-23/: “..нэг мэдэхэд бөөн бужигнаан үүсээд хүмүүс зодолдоод байх шиг байсан ба удахгүй хамгаалагч нар нь ирээд салгаад аваад гарсан. Очирбат тэр үед хүнд зодуулсан байсан. Тэгээд өөрөө баарнаас гараад явсан. Очирбатыг зодсон залуу баарнаас гараад машинд суугаад явахаар нь би араас нь дагасан ба тэр үед эргүүлийн цагдаа машинтайгаа явж байсан ба би цагдаад хандаад энэ машинтай хүн хүн зодчихоод зугтаачихлаа гэж хэлээд араас нь дагаад Цэцэг төвийн үүднээс зогсоогоод бариад аваад явсан..” гэх мэдүүлэг, 

 

Гэрч Д.Мөнхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тэр үед Очирбат нөгөө түлхсэн хүнтэй зууралдаад авсан ба нөгөө хүн нь Очирбатыг 2 удаа цохисон ба бид нар дундуур нь ороод салгасан. Тэр хооронд Очирбат баарнаас гараад явсан байсан. Би гараад очиход хамарнаас нь цус гарсан зогсож байсан ба удалгүй араас Мөнхцэцэг гараад ирсэн, тэгээд Очирбатыг аймар зодуулсан царайг хараад бид нар ингэж явж болохгүй зодсон хүнийг нь олно гээд гүйгээд явсан удалгүй Мөнхцэцэг эргүүлийн цагдаатай мөн зодсон хүнтэй нь хамт баарны гадаа зогсож байсан, тэгээд бид нар цагдаа дээр ирсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ганзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..гадаа гарсан чинь Очирбат баарны үүдэнд нүүр, хувцас нь цус болчихсон зогсож байсан ба дотор бааранд бүжиглэж байхад намайг нэг залуу түлхээд тэгээд Очирбат өмөөрөөд тэр залуутай маргалдаад зодоон болсон байсан..” гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №13010 дугаар дүгнэлтэнд: /хх-31/ “..Б.Очирбатын биед нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн, зүүн хажуу хананы зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүд, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд шарх, доод баруун 1, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч А.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-53/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 10 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фэйс” бааранд согтуурсан үедээ хохирогч Б.Очирбатыг зодож түүний биед нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн, зүүн хажуу хананы зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүд, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд шарх, доод баруун 1, зүүн 1-р шүдний сулрал бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Бөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Бд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч А.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Б.Очирбат нь шүүгдэгч А.Бөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аранзад овогт Ариунсайханы Баттөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР