Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02081

 

 

ОЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2000 /03722 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ОЛ ХХК

Хариуцагч: ГЕГ- газар

Гуравдагч этгээд: БЭХ ,

Гуравдагч этгээд: Г.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: ХЗТ- ажлын албаны 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, гуравдагч этгээд Г.Э т, гуравдагч этгээд БЭХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 00 -ны өдрийн 02180 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00437 дугаар тогтоолоор ОЛ ХХК-аас 1,274,170,305 төгрөг гаргуулж БЭХ ид олгож, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 1 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах Г.Э тийн өмчлөлийн 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч БЭХ ийн төлөөлөгч болон өмчлөгч Г.Э т, мөн өмчлөх эрх шилжүүлэн авагч С.Ү- нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зээл төлүүлэх, өр төлбөр барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж, төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 1 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 139.12 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг С.Ү- ийн өмчлөлд шилжүүлж, түүний хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгө /авлага/-өөс 400,000,000 төгрөгийг суутгах, Г.Э т нь ОЛ ХХК-ийн төлөх төлбөрөөс 400,000,000 төгрөгийг банкинд төлсөнд тооцохоор тохиролцсон.

1.3 ХЗТ- ажлын албаны 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаар албан бичгийн дагуу дээрх орон сууцыг С.Ү- ийн өмчлөлд шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь, Г.Э т, С.Ү- нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш. ОЛ ХХК шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх ёстой. Шүүхийн шийдвэрт барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан. Иймд ХЗТ- ажлын албаны 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 00 -ны өдрийн 02180 дугаар шийдвэрээр ОЛ ХХК-аас 1,274,170,305 төгрөг гаргуулж БЭХ ид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч БЭХ болон өмчлөгч Г.Э т нар харилцан тохиролцож, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг С.Ү- ийн өмчлөлд шилжүүлэх, улмаар Капитал банк ХХК-аас авах түүний авлагаас 400,000,000 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон.

2.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг С.Ү- ийн нэр дээр шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БЭХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

3.1 ОЛ ХХК нь Капитал банк ХХК-аас зээл авахдаа Г.Э т, С.Оюунгэрэл нарын өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан. ОЛ ХХК 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 90,000,000 төгрөг төлж, С.Оюунгэрэлийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. ОЛ ХХК 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 119,170,306 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. ОЛ ХХК нь сард 700,000,000-800,000,000 төгрөгийн ашигтай ажилладаг талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан.

3.2 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар өмчлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцох эрхтэй. Харин ОЛ ХХК төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Э тийн оролцоогүй харилцан тохиролцох боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахад үнэлгээчний тогтоосон үнийн 70, 50 хувиар тооцож өмчлөгчийг эрсдэлд оруулдаг. Г.Э т орон сууцыг С.Ү-д шилжүүлж, Капитал банк ХХК нь С.Ү-д өгөх өглөгөөс 400,000,000 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон нь ОЛ ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй. ОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр олдохгүйгээс битүүмжлэх ажиллагаа хийж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э тийн тайлбарын агуулга:

4.1 БЭХ аас шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэл ирүүлсэн талаар ОЛ ХХК-д мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг хурааж дуудлага худалдаанд оруулах нь тодорхой болсон. ОЛ ХХК-аас сар бүр мөнгө өгнө, тэр мөнгөөр орон сууцаа аваарай гэсэн боловч 05 сараас хойш өгөөгүй. Капитал банк ХХК зээлийн төлбөрийг төлөх нь тодорхой байхад хугацаа авах зорилготой байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ОЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ХЗТ- албаны 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Гуравдагч этгээд БЭХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч ОЛ ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулах гэсэн боловч гардаж авахгүй байсаар 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан.

6.2 Банкны эрх хүлээн авагч болон Г.Э т, С.Ү- нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БЭХА-166 дугаартай Зээл төлүүлэх, өр төлбөр барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-г гэрээг байгуулсан. Шийдвэр гүйцэтгэх газар Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 1 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах Г.Э тийн өмчлөлийн 139,12 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны битүүмжлэх, хураах ажиллагааг явуулаагүй байсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн нь үндэслэлтэй.

6.3 ОЛ ХХК ХЗТ- ажлын албаны 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаар албан бичгийн дагуу хийгдсэн ажиллагааг хүчингүйд тооцуулснаар ямар үр дагаварт үүсгэх нь тодорхойгүй байна. Дээрх албан бичгийн дагуу явагдсан ажиллагааг хүчингүй болгосон ч Банкны эрх хүлээн авагч, Г.Э т, С.Ү- нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 3ээл төлүүлэх, өр төлбөр барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр тул орон сууцны өмчлөх эрх С.Ү-д хэвээр үлдэнэ. Нэхэмжлэгч уг гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргаагүй.

6.4 Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагч барьцаалуулагч харилцан тохиролцсон тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй тул тухайн хөрөнгийг заавал албадан дуудлага худалдаагаар худалдах ёстой гэж, Г.Э тийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд бие даасан шаардлага гаргах эрх нь хуулиар олгодсон.

Түүнчлэн, барьцаалуулагч Г.Э т, Капитал банк ХХК-аас авлагатай этгээд С.Ү- нар харилцан тохиролцож Капитал банк ХХК-аас С.Ү-д өгөх төлбөрөөс 400,000,000 төгрөгийг, Г.Э т нь ОЛ ХХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрөөс 400,000,000 төгрөгийг банкинд тус тус барагдуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

6.5 Орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан тохиолдолд битүүмжлэх, хураах ажиллагаа явагдаж Г.Э тийн гэр бүл уг орон сууцад нэвтрэх боломжгүй болно. Түүний гэр бүлийн гишүүн нь бие суутай учир сэтгэл санааны хүнд байдалд орохоор байна. ОЛ ХХК нь ашигтай ажиллаж байгаа ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Г.Э тийн өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах ёстой гэж нэхэмжлэл гаргаж өмчлөгчийг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э т болон хариуцагч талын тайлбарын агуулга:

БЭХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гуравдагч этгээд БЭХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ОЛ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан тус албаны 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар хариуцагчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 00 -ны өдрийн 102/ШШ2020/02180 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00437 дугаар тогтоолоор ОЛ ХХК-аас 1,274,170,305 төгрөг гаргуулан БЭХ ид олгож, дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. /1 хх 70-85/

 

3.2 Төлбөр төлөгч ОЛ ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/11482 дугаар захирамж болон 102/ГХ2022/01087 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн ХЗТ- ажлын алба нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1 хх-90/

3.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч БЭХ нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 1 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 139.12 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгч Г.Э т болон С.Ү- нартай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зээл төлүүлэх, өр төлбөр барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ гэх гэрээг байгуулсан. Гэрээнд өмчлөх эрх шилжүүлэгч Г.Э т нь өөрийн өмчлөлийн тухайн орон сууцны өмчлөх эрхийг С.Ү- ийн өмчлөлд шилжүүлж, төлбөр авагч БЭХ нь С.Ү- ийн хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгө /авлага/-аас 400,000,000 төгрөгийг суутгах гүйлгээ хийн өр төлбөр барагдуулж, төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэрийн дагуу банкинд төлөх зээлийн өр төлбөрөөс 400,000,000 төгрөгийг төлүүлэхээр тусгасан. /1 хх 152-153/

3.4 Улмаар хариуцагч нь 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаар албан бичгээр дээрх гэрээг үндэслэн Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ОЛ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г.Э ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205021377 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 1 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 139.12 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг талууд харилцан тохиролцож, төлбөр авагч БЭХ 400,000,000 төгрөгийн төлбөрт тооцон С.Ү- ийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, хариу ирүүлэхийг мэдэгдье гэсний дагуу улсын бүртгэлээр тухайн орон сууцны өмчлөх эрх С.Ү-д шилжсэн. /1 хх-243,246, 2хх- 44/

 

4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах юм.

 

4.1 Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар болон орон сууцыг хэдэн төгрөгийн төлбөрт тооцон гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн, энэ талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлбөр төлөгчийн төлбөрөөс орон сууц өмчлөх эрхийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэн тооцох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

5. Давж заалдах гомдлын тухайд:

 

5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлж болно.

 

Төлбөр авагч БЭХ болон гуравдагч этгээд Г.Э т болон С.Ү- нартай байгуулсан гэх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээл төлүүлэх, өр төлбөр барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй. Учир нь, тухайн зүйлд заасан ...төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлж болно гэх зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд төлбөр төлөгч энэ талаар мэдсэн байх учиртай. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй.

 

5.2 Төлбөр авагч БЭХ болон гуравдагч этгээд Г.Э т болон С.Ү- нарын хооронд байгуулагдсан гэх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний үүргийн гүйцэтгэл, үр дагавар зэрэг нь, мөн Иргэний хуульд заасан өмчийн эрх зүйн харилцаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхийг шүүх хянан шийдвэрлэхэд хамааралгүй.

 

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт хамаарч байх тул залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох учиртай. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад энэ талаар заагаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд БЭХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2000 /03722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГЕГ- газрын ХЗТ- ажлын албаны 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд БЭХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БЭХ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН