Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01838

 

 

 

 

 2023 оны 10 сарын 06 өдөр Дугаар 210/МА2023/01838

 

Х.С...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02108 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.С...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б..., Ц.Т... нарт холбогдох,

2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш..., хариуцагч Ц.Т..., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б..., хариуцагчийн өмгөөлөгч Э.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ.

1.1. Х.С... нь өөрийн эзэмшлийн 02299... дугаартай Хан-Уул дүүрэгт орших 4,383 м.кв хэмжээтэй амины орон сууц барих зориулалттай газар эзэмших эрх, 03484. ..дугаартай Сонгинохайрхан дүүрэгт орших 700 м.кв газар эзэмших эрхүүдийг барьцаалан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б.Б...тэй 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээгээр нэг ч төгрөг шилжүүлэн аваагүй.

1.2. Ц.Т... нь мөнгөний хэрэг болоод байна, Б.Б...ээс мөнгө зээлье, гэрээнд гарын үсэг зурчих, хоёулаа дараа нь барилга барина гээд зуруулсан. Хэрэв мөнгө авсан гэж байгаа бол Ц.Т..., Б.Б... хоёр хоорондоо өгч, авсан байх Б.Б...ээс Ц.Т...д хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Нэгэнт мөнгийг аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус .

1.3. Ц.Т...д 3,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг тус тус өмгөөллийн хөлсөнд өгсөн. 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг хүүтэй нь тооцоод 7,727,000 төгрөг болсон шүү гээд гарын үсэг зур гээд зуруулсан.

Түүнээс өмнө нь хоёр удаа л зээл авсан нь дандаа Ц.Т....лд очсон. Б.Б.... намайг зодоод түүнд мөнгийг хүүтэй нь бүрэн төлсөн.

1.4. 30,000,000 төгрөгийн зээлийг Э... ХХК-ийн хөрөнгөд оруулсан гэдэг худлаа. Ц.Т... өмгөөлөгч болохоор итгэдэг байсан. Хүү чинь хүнд гэмт хэрэгт холбогдчихлоо гэхээр нь би айгаад түүнд 5-6 сая төгрөг өгсөн.

Дараа нь миний гүйцэтгэж байсан барилгын ажилтай холбоотойгоор таньдаг цагдаадаа намайг өгсөн. Цагдаад очвол баригдана, очиж болохгүй гэж хэлээд сар зугатаалгасан. Гэтэл эрүүгийн хэрэг биш гээд прокуророос хаачихсан. Б.Б...ээс авсан гэх мөнгөнүүдийг бүгдийг Ц.Т... өөрөө авсан, би аваагүй.

Иймд 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Б...ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ц.Т..., Х.С... нар нь надаас удаа дараа бага багаар мөнгө зээлдэг байсан. Мөнгийг сарын 10 хувийн хүүтэй хоногийн 0,5 хувийн алдангитай байхаар тохиролцдог. Хамгийн сүүлд 30,000,000 төгрөг зээлэхээр хүсэхэд өгөхгүй, өмнөх зээл дуусаагүй гэдгийг хэлсэн боловч Ц.Т.... манай талийгаач ааваар дамжуулан гуйлгасан тул би Ц.Т..., Х.С... нарт 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлсэн.

2.2. Зээлэхдээ мөнгийг хоёр хувааж, 15,000,000 төгрөгөөр өгсөн. Эхний 15,000,000 төгрөгөөс өмнөх зээлүүдийн үлдэгдэл 7,727,000 төгрөгийг суутгаад үлдэх мөнгийг Ц.Т...д өгсөн. Эхний хэсгийг өгөхөд Х.С..., Ц.Т... нар хамтдаа байсан. Сүүлийн 15,000,000 төгрөгийг өгөхөд Х.С... байгаагүй Ц.Т...д өгсөн.

2.3. Сүүлийн мөнгийг Х.С...ийн эзэмшдэг Э. ХХК..-д зарцуулсан гэдгийг Ц.Т... зөвшөөрч тайлбарлаж байгаа. Хамтран зээлдэгч болох Ц.Т... мөнгийг авсанд маргаагүй, зээлээс 15,000,000 төгрөгийг манай ааваар дамжуулан бага багаар төлж, сүүлд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөгийг дансаар төлсөн баримтыг гаргаж өгсөн. Харин Х.С.а зээлээс төлөөгүй. Зээлийг төлж дуусгаагүй тул барьцааг чөлөөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Б...ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Зээлийн гэрээний үүрэгт зээл 7,173,000 төгрөг, хүүд 6,681,000 төгрөг, алдангид 1,146,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг Х.С..., Ц.Т.. нар төлөх ёстой.

Мөн зээлийн гэрээг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан ба зээлдэгч нар хүүд нийтдээ 9,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. Х.С..., Ц.Т... нар 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийтдээ 39,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Б... надад төлөх үүрэгтэйгээс 15,100,000 төгрөгийг төлсөн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 9,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, Х.С..., Ц.Т... нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 24,000,000 төгрөгийг гаргуулна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

3.1. 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Х.Су..., Ц.Т... нартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан.

3.2. Улмаар 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний дагуу бодитоор 22,273,000 төгрөгийг Х.С..., Ц.Т... нарын эзэмшилд шилжүүлж, Х.С... нь өмнөх зээлийн төлбөртөө 7,727,000 төгрөгийг суутгуулсан.

3.3. Мөн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн .... дүгээр хороонд байрлах нэгж талбарын 186272968.... дугаартай, Г-0229... эрхийн дугаартай 4384 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах нэгж талбарын 1862731074.... дугаартай, Г-0348.ду..гаартай 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу бодитоор 22,273,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлж, өмнө нь зээлсэн байсан 7,727,000 төгрөгийн үлдэгдлийг нэмж, нийтдээ зээлийн гэрээг 30,000,000 төгрөгөөр хийсэн болно.

3.4. Миний бие 2015 оны 09 дүгээр сараас эхлэн гадаад улсад суралцаж байсан. Зээлдэгч нар нь 2015 оноос 2019 он хүртэл нийт 15,000,000 төгрөгийг миний аав н.Б.д шилжүүлсэн бөгөөд Ц.Т... нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлийн гэрээгээр шилжүүлсэн 22,273,000 төгрөгөөс зээлдэгч нар нийтдээ 15,100,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул зээлийн гэрээний үлдэгдэл 7,173,000 төгрөг, хүүд 6,681,000 төгрөг, алдангид 3,565,000 төгрөг, нийт 17,419,000 төгрөгийг зээлдэгч нар төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний үүрэгт зээл 7,173,000 төгрөг, хүүд 6,681,000 төгрөг, алдангид 1,146,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг Х.С..., Ц.Т... нар төлөх ёстой.

3.5. Мөн зээлийн гэрээг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан ба зээлдэгч нар хүүд нийтдээ 9,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. Х.С..., Ц.Т... нар 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийтдээ 39,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Б.. надад төлөх үүрэгтэйгээс 15,100,000 төгрөгийг төлсөн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 9,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, Х.С..., Ц.Т... нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 24,000,000 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч Х.Сувдмаагийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. Б.Б...ээс нэг төгрөг ч зээлж аваагүй. Мөнгийг шилжүүлсэн бол түүнд баримт байх ёстой ч шүүхэд баримт ирүүлээгүй. Хэзээ ямар баримтаар надад мөнгө шилжүүлснийг би огт мэдэхгүй.

4.2. Түүнчлэн хэрэв мөнгө зээлсэн гэж байгаа боловч мөнгө шаардаж байгаагүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Сүүлд байгуулсан 2018 оны хэлцэлд Х.С... оролцоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан баримтгүй.

4.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Нэгэнт зээлийн гэрээ байгуулагдаагүй тул мөнгө төлөх үндэслэлгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч Ц.Тодгэрэлийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүх хариуцагч Б.Б...ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр намайг хамтран хариуцагчаар татсан нь буруу юм. Гуравдагч этгээдээр татсан захирамжийг хүчингүй болгоогүй байж шууд хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь процессын алдаанд тооцогдоно.

5.2. Х.С... бид хоёр Б.Б...ээс 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ хийж, бодитоор 22,270,000 төгрөгийг авсан ба тухайн үед Х.С.. нь Б.Б...ээс өмнө нь зээл аваад төлөөгүй байсан учир өмнөх зээлийг суутгаж төлбөрийг олгосон.

5.3. Түүнчлэн Х.С... нь 5,450,000 төгрөгийг хувьдаа авсан. Миний бие Б.Б...ээс авсан гэх 22,270,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй Х.С...ийн Э... ХХК-д зарцуулсан. Уг мөнгөөр компанид 40 тонн цемент, тоосго буулгасан байсан. Мөнгөөр 6 байшингийн суурь хийж, нэг байшингийн тал барьж, 10 ажилтанг цалинжуулсан. Компанийн 30 хувийн эзэмшигч нь 30,000,000 төгрөг оруулсан гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

5.4. Зээлээс 15,000,000 төгрөгийг төлсөн. Өмнө нь барьцааны гэрээний асуудлыг шийдвэрлэхэд зээлийн гэрээний асуудал шийдвэрлэгдсний дараа шийдэх ёстой гэж гарсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байхад дахин хэргийг шийдэх гэж байна.

5.5. Х.С...ийн хүү хүчингийн хэрэгт холбогдсон, өөрөө залилангийн хэрэгт холбогдсныг өмгөөлсөн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, би сүүлд 100,000 төгрөг төлсөн. Хариуцагч Б.Б...ийн нэхэмжилж буй мөнгийг Э... ХХК-аар дамжуулан түүнд төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.С...ийн хариуцагч Б.Б...д холбогдуулан гаргасан 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Х.Сувдмаа, Ц.Тодгэрэл нараас 21,581,900 төгрөгийг гаргуулж Б.Б...д олгож, нэхэмжлэлээс 2,418,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Х.С..., Ц.Т... нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн .... дүгээр хороонд байрлах нэгж талбарын 186272968.... дугаартай, Г-0229.... эрхийн дугаартай 4384 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн . д.угаар хороонд байрлах нэгж талбарын 1862731074.... дугаартай, Г-03484... дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч Х.Сувдмааг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Б.ийн сөр..өг нэхэмжлэлд төлсөн 489,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.С...гаас 335,240 төгрөгийг гаргуулж Б.Б...д олгож, шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Хариуцагч Б.Б.... нь тус шүүхэд зээлийн гэрээний үүргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шаардаж анх сөрөг нэхэмжлэл гаргасан, үүнээс урьд шүүхэд гэрээний үүргийн биелэлтийг надаас шаардаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.

7.2. Б.Баярцэнгэлээс нэг ч төгрөг аваагүй, бэлэн мөнгө авсан талаар баримт байхгүй.

7.3. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөгийг Ц.Т...ээс Б.Б...д шилжүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэг хамтран зээлдэгч төлж байсан, баталгаа гаргасан гэж тайлбарласан. Х.С... ямар нэгэн баталгаа гаргаж, баримтад гарын үсэг зураагүй.

7.4. Анхан шатны шүүх Ц.Т... бид хоёрыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.14-т "хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу түр зогссон нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй" гэж заасан.

7.5. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д "хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй" гэж заасан. Миний бие энэхүү зүйлд заасан үндэслэлээр татгалзаж байгаа тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахгүй.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болох ёстой.

7.6. Хариуцагч Ц.Т... нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр Н.О... шүүгчээс татгалзах үндэслэл бүхий хүсэлт гаргасан. Гэтэл Н.О... шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасныг зөрчиж шүүх хурлыг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан.

7.7. Ц.Т...ийн өмгөөлөгч хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад нийт 60 орчим удаа шүүх хуралдаан хойшлогдсон байдаг. Мөн анхан шатны шүүхэд хариуцагч Ц.Т...ийн хүсэлтийн дагуу 30 орчим удаа шүүх хуралдааныг хойшлуулсан.

8.2. Мөн өмнө нь авсан өмгөөлөгчөөсөө дараагийн шүүх хуралдааны явцад татгалзаж, өөр өмгөөлөгч авах боломжоор хангаж өгөх тухай хүсэлт гаргаж удаа дараа хойшлуулж байсан. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд шинэ өмгөөлөгч оролцуулж, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хариуцагч Ц.Т...ийн өмгөөлөгч авах хүсэлтийг нь удаа дараа хангасан учраас тухайн хүсэлтийг хангахгүй гэж шийдвэрлэсэн.

8.3. Уг хүсэлтийг хангаагүй гэх шалтгаанаар шүүгчээс татгалзсан учраас анхан шатны шүүхийн шүүгч тухайн татгалзлыг өөрөө шийдвэрлэсэн. Шүүгчээс татгалзсантай холбоотой асуудлыг Улсын Дээд шүүхээс тайлбар гаргасны хүрээнд хариуцагчийн татгалзлыг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний тооцооллын асуудалд ямар нэгэн алдаа гаргаагүй бөгөөд үнэн зөв бодитойгоор тооцоолж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Ц.Т...., түүний өмгөөлөгч Д.Б... нарын хамт гаргасан давж заалдах гомдлын агуулга:

9.1. 2022 оны 11 сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/Ш32022/16502 тоот захирамжаар иргэний хэргийн хариуцагчаар Ц.Т.ийг тат..аж, 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 181/шз32023/00351 тоот захирамжаар эрэн сурвалжилж хэргийг түдгэлзүүлсэн байдаг.

9.2. Уг захирамжийн шүүх хуралдааны тэмдэглэлд ...хариуцагчийн өмгөөлөгч: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээд Ц.Т....ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүрэг зөрчигдсөн гэсэн үндэслэлээр өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэх н.Т...ийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх оролцуулах захирамжийг түүнийг оролцуулахгүйгээр гаргасан байна. Гуравдагч этгээдээр татсаныг хүчингүй болгоогүй байна.

9.3. Ц.Т...ийн хувьд төлбөрийг бүрэн төлсөн байхад энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг тодорхойгүй, эргэлзээтэй хийсэн.

Шийдвэрийн Х.С..., Ц.Т... нараас 21,581,900 төгрөгийг гаргуулж Б.Б...д олгох, шийдвэрийн хариуцагчаар татсан, хүүд 6,681,900 төгрөгийг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Ц.Т...ийн хувьд 15,100,000 төгрөгийг төлсөн баримтаар нотлогдож энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно гэх заалтыг үндэслэн тогтоох хэсгийн Ц.Т...ийг хариуцагчаар тооцсонд болон 6,681,900 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөх хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч Х.С... нь хариуцагч Б.Б...д холбогдуулан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1-р хх. 1, 46, 122, 2-р хх 153/

3. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

3.а. Б.Б... нь Х.С..., Ц.Т... нартай 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр гэрээ байгуулжээ. /1-р хх 29/

3.б. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэгж талбарын 186272968... дугаартай, Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, амины орон сууцны зориулалттай, 4,384 м.кв талбайтай газар эзэмших эрх, нэгж талбарын 1862731074... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Т. тоотод... оршин байрлах амины сууц,700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан барьцааны гэрээ авагдсан./1-р хх 30/

4. Зохигч зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгөн хөрөнгийг хэнд хэрхэн шилжүүлсэн, зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээ, уг үүргийг хэн хариуцах ёстой талаар маргаж байна.

5. Мөн хариуцагч Ц.Т...ийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй талаар гаргасан давж заалдах гомдол гаргажээ.

5.а. Дээрхи давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь шүүх нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Удаа дараагийн шүүх хуралдаанаас хэргийн талуудад эрх үүргийг тайлбарлаж, хэргийн оролцогчийн хувьд эрхээ эдлэх боломжоор хангалттай хангасан. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

5.а. Түүнчлэн шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэн захирамжтай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа гэх үндэслэлээр шүүгчээс татгалзсныг тухайн шүүүгч шийдвэрлэж, хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй. Учир нь Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт дурдсан тайлбарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. гэж заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.б. Харин хариуцагч Б.Б....ийн зүгээс Ц.Т...ийг хамтран хариуцагчаар оролцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцэхгүй болжээ. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд хариуцагчаа сонгох эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдлэх юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцуулахаар нэхэмжлэгчийн эсрэг гаргадаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэх юм.

Б.Б....ийн Ц.Т...д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг энэ маргаантай хамтатган шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй юм. Учир нь зээлийн гэрээний үүргийн хэмжээ, төлбөр төлсөн байдал, тооцоолол, хөөн хэлэлцэх хугацаа зэрэгт маргаантай байгаагаас үзэхэд Х.С..., Ц.Т... нарт холбогдох зээлийн маргааныг энэ маргаантай хамтатган хэлэлцэх нь учир дутагдалтай байна.

6. Дээрх нөхцөл байдлыг залруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэх, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Т....ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Ш.ОЮУНХАНД