| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0003/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч А.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А.Над холбогдох эрүүгийн 1811 00665 0977 дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Батархундага овогт Амгаланбаатарын Насанбат, 1993 оны 8 сарын 14-ний өдөр Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Хос Эверист ХХК-д даамал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1 дүгээр гудамж 17 тоотод суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap 1 хоногийн хорих ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147,2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 3 cap 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:НТ93081413/
Шүүгдэгч А.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн задгайд 64-96 УНӨ улсын дугаартай автомашин дотор болон гадна хохирогч С.Батмөнхийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлсэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч А.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-91-94/: “..буцаад явж байтал жижигдүү биетэй эмэгтэй ганцаараа явж байхаар нь би цонхоо онгойлгоод хаар хүрэх вэ,, хүргээд өгөх үү, гэж асуухад тэр эмэгтэй Хайлааст орно гэхээр нь би Лхагва-Очирт хэлээд машинаа зогсоогоод би буугаад нөгөө эмэгтэйг машины арын суудалд суулгасан. Нөгөө эмэгтэй машинд суухдаа машины чинь номерыг харнаа гээд машины арын дугаарыг харчихаад суусан. Явж байхдаа би тэр эмэгтэйг жаахан өдөөд мөрөөр нь тэвэртэл тэр эмэгтэй дургүйцээд би сүртэй юм бэ гэх зэргээр жаахан маргалдсан. .. би тэр эмэгтэйг үнсэх гэтэл нөгөө эмэгтэй орилж хашгираад миний нүүр амыг маажаад байсан тул Лхагва-Очир машинаа зогсоосон. Тухайн зед би нилээн согтсон байсан болохоор тэр эмэгтэйг хүчиндэх гээд өмдийг нь хүчээр нэг хөлийг нь тайлсан бөгөөд энэ үед нөгөө эмэгтэй над луу чи над шиг эгч дуугүй юу, гэхээр нь би больсон. .. би гараад тэр эмэгтэйг татаж машинаас чирж буулгаад машинаа асаагаад хөдөлсөн..” гэсэн мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Наас мэдүүлэхдээ: “..Тухайн өдөр найзуудтайгаа пиво уугаад манай хамаатны Лхагва-Очироор машин бариулаад явж байсан. Замд нэг охин явж харагдаад надад таалагдаад байсан учраас жаахан юм ярьсан. Гэтэл машины урд сууж байсан залуу руу хандраад байсан учраас би маргалдаад буулгасан гэсэн.
Хохирогч С.Батмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх-12-16/: “..шөнө 04 цагийн орчим караокенаас бид хэд гараад гэрээс хадам ээж залгаад хүүхдээ ирж хар гээд байсан болохоор би шууд харих гээд замын эсрэг тал буюу Гандан явах талдаа гараад замын хажуугаар явсан. Ингээд явж байхад хөх цэнхэр өнгийн 64-96 УНӨ гэсэн дугаартай машинтай хүн ирээд суух уу, танилцья чамайг хүргээд өгье гээд миний 2 гарнаас татаад машинд суулгасан. Би машинд дөнгөж суугаад арын суудал дээр сууж явсан намайг машинд суулгасан эрэгтэйтэй муудалцсан. Яагаад муудалцсан бэ гэвэл би машинаас бууя гэхэд буулгахгүй хэрүүл хийгээд байсан. Машинд явж байхад миний хоолойг боож чамайг алсан ч яадаг юм чамайг хүчиндэнэ, хэн ч тоохгүй гэх зэргээр доромжилж энэ муу овоо гичий гээд миний зүүн нүд рүү үсдээд цохихоор нь эргүүлээд өөрийг нь цохисон. Тэгсэн дахиад намайг цохисон. Би эсэргүүцэл үзүүлж зүүн гараараа түүнийг заамдахад урд талаас нэг залуу гарч ирээд миний баруун гарыг эргүүлээд доош нь дарахаар нь би орилж чарлахад нэг залуу нь миний гарыг барьж байсан залууг олигтойхон гарыг нь бариач гээд нэрээр нь дуудсан боловч би нэрийг нь тогтоож чадаагүй. Намайг яг тэр чигээр нь машинаас чирч буулгаад толгой өвдгөөрөө дарж нүд рүү цохисон. Миний зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацранд учирсан зөөлөн эдийн няцрал, баруун талын завьжны язрал гэмтлийг цагаан цамцтай машины ард намайг татаж суулгасан залуу миний нүд, нүүр хэсэг рүү гараараа цохихдоо учруулсан. Мөн тэр залуу миний хувцасыг тайлах гэж байхдаа миний хүзүү, эрүү, цээж хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан. Тэгээд намайг машинаас чирч буулгахдаа миний нуруу, зүүн хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, ташаа, баруун өгзөгт зулгаралт гэмтлүүдийг учруулсан. Миний биед учирсан гэмтлийг бол А.Н гэх залуу намайг зодож учруулсан. Намайг машинаас А.Н хүчээр үсдэж чирээд буулгаад орхисон юм..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Насанбат зөрүүлээд нүүр лүү нь гараара цохисон чинь нөгөө эмэгтэй нь бүүр уурлаад орилж хашгираад байхаар нь бид хэд зогсоод нөгөө эмэгтэйг буулгаад яваад өгсөн. Хохирогчийн биед учруулсан гэмтлийг А.Н учруулсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Лхагва-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Тэгээд тэр эмэгтэй орилоод байхаар нь Насанбат больсон бөгөөд бид хоёр тэр эмэгтэйг машинаас чирээд буулгасан. Энэ үед Насанбат тэр эмэгтэйгийн толгой болон нүүр лүү хэд хэдэн удаа цохиж авсан..”гэх мэдүүлэг,
Шинжээч Т.Чимэд-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..С.Батмөнхийн биед баруун гуя, ташаа, баруун өгзөгт зулгаралт гэмтэл үүсчээ. Энэ гэмтэл нь өмдтэй газар чирэгдэх үед үүсч болно. Өмд заавал урагдсан байх шаардлагагүй. Баруун гарын ядам хурууны зөөлөн эдийн гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн №2994 дугаар дүгнэлтэнд /хх-41/: “..С.Батмөнхийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, нуруу, баруун бугуй, зүүн хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун талын завьжинд язрал, баруун гуя, ташаа, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч А.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/, зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 02 сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн задгайд 64-96 УНӨ улсын дугаартай автомашин дотор болон гадна хохирогч С.Батмөнхийг зодож түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, нуруу, баруун бугуй, зүүн хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун талын завьжинд язрал, баруун гуя, ташаа, баруун өгзөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Шүүгдэгч А.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Батархундага овогт Амгаланбаатарын Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ныг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Над оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР