Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00275/И |
Дугаар | 361 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 361
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа би Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Н.Наранчимэгт холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 4.507.265 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг 2016 оны 06-р сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багт оршин суух Нэргүйн Наранчимэг нь 2012 оны 11-р сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Талх нарийн боовны үйлдвэрлэл” төсөл хэрэгжүүлэхээр 1.900.000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан. Иргэн Н.Наранчимэг нь зээлээ гэрээнд заасны дагуу зээлийн төлөлт, түүний хүүг хугацаа хэтрүүлэн, зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг зөрчиж, удаа дараа зээл төлөх шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул тул зээлийн үлдэгдэл 1.638.508 төгрөг, зээлийн хүү 66.637 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 2.802.120 төгрөг, нийт 4.507.265 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Нөгөө талаас хариуцагч Зүүнбүрэн сумын Бэлчир 2-р баг 1-16 тоотод амьдран суугч Нэргүй овогтой Наранчимэг
1.МЮ-76122309 регистрийн дугаартай Нэргүй овогтой Наранчимэгийн Сум хөгжүүлэх сангийн зээл 1.638.508 төгрөг, хүү 66.637 төгрөг, нийт 1.638.508 төгрөгөнд бодогдсон алданги 2.802.120 төгрөгийг хүчингүй болгох эвлэрлийн гэрээ байгуулав.
2.Нэргүй овогтой Наранчимэг нь үндсэн зээл 1.638.508 төгрөг, хүү 66.637 төгрөг нийт 1.705.145 төгрөгийг зээл төлөх графикийн дагуу 2016 оны 11-р сарын 05-ны дотор төлж дуусгах, төлж дуусаагүй тохиолдолд гэрээн заасны дагуу алданги тооцох болно.
Н.Наранчимэгийн Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх график:
2016 оны 10-р сарын 05-ны өдөр -700.000 төгрөг
2016 оны 11-р сарын 05-ны өдөр -1.005.145 төгрөг нийт 1.705.145 төгрөг.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Хариуцагч Н.Наранчимэг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Н.Наранчимэг холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 4.507.265 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хугацаа хэтэрсэн алданги 2.802.120 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 1.705.145 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Н.Наранчимэг нь уг мөнгийг 2016 оны 10-р сарын 05-ны өдөр 700.000 төгрөг, 2016 оны 11-р сарын 05-ны өдөр 1.005.145 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар, уг графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу алданги тооцохоор болж талууд эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1.705.145 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 42.232 төгрөгний тал хувь 21.116 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Наранчимэгт холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 4.507.265 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 1.705.145 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1.705.145 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 42.232 төгрөгний тал хувь 21.116 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА