Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01920

 

 

 

 

 

 

 

 

2023 11 03 210/МА2023/01920

 

 

 

Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03051 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-, П.Т- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,079,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ф ХХК  нь Д.Б-, П.Т- нартай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3Г20/26 тоот гэрээ байгуулж, гэрээгээр 3,700,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, гэрээний дагуу 3,700,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.

Зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтаар тохиролцож тогтоосон ба хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зээлдэгч Д.Б-, П.Т- нар биелүүлээгүй хугацаа хэтэрсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарыг оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2022/02626 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, хариуцагч нарын хаягийг олж тогтоосны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 2,258,197.01 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү 3,340,894.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,876.63 төгрөг, нийт 6,079,967.85 төгрөг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч П.Т-ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Зээлийн эдийн засагч нь Д.Б-ийг зээлээ төлөхгүй байна гэж холбогддог байсан. Зүгээр холбогдож байсан хэрнээ эрэн сурвалжлуулж цаг хугацаа алдсан байна. Үндсэн мөнгөө төлж чадаагүй явж байна. Тухайн үед төлсөн бол 2,000,000 гаруй төгрөг төлөх байсан байна. Миний хувьд ажилд ороод ажлын газартаа ойрхон хашаанд түр буусан, өмнөх хашаанд ээжийнх байгаа, хаягтаа бүртгэлтэй хэвээр байгаа гэжээ.

 

3. Хариуцагч Д.Б-ий тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу төлөлтөө хийж байсан боловч корона гараад зээлээ төлж чадахгүй болсон. Эдийн засагч нь утсаар ярьж машинаа зараад эсвэл задлаад зээлээ төл гэдэг байсан. Бидний хувьд төлөхгүй зугтсан зүйл байхгүй. Төлье гээд үнэхээр боломжгүй байсан учраас өнөөдрийг хүрсэн. Посын орлогоосоо өдөрт 50,000 төгрөг татуулна гэж санал хэлж байсан. Зээлийн үндсэн төлбөрийг төлнө гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д-ийн Б, П-ийн Т нараас 3,358,414.99 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,721,552.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б-, П.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид 68,685 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хууль, Улсын дээд шүүхээс тайлбарласан дараах тогтоолуудыг зөрчиж, хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг хэрэглэн хэт нэг талыг барьсан гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн /4-р нүүр эхний догол мөрнөөс/ ... Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Үүнийг зээлдэгч эээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэ зүйл, хэсэг нь зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтэрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заажээ. Иймд үндсэн хүүгийн хэмжээг тогтоосонтой адил хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож гэрээндээ заах нь хуульд нийцнэ хэмээн /2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүйд тооцсон хуулийг иш татан хэрэглэсэн/ дурджээ.

Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдан өнөөдөр үйлчилж байгаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно.” 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг тус тус зөрчсөн.

Талууд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3Г20/26 дугаар зээлийн гэрээг байгуулахдаа Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан нууцлал бүхий холбогдох мэдээлэл, бичиг баримтуудыг хариуцагч тал нь ББСБ-д гаргаж өгсөн бөгөөд талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч тал нь зээл авах зорилгоор бүрдүүлэн өгсөн нотлох баримтуудыг судлаж үзэлгүй хүчингүй болсон хуулийг шийдвэр гаргахдаа хэрэглэж, гэрээний талуудын чөлөөт байдалд нөлөөлөхөөр дүгнэлт хийж байгаа нь шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Ф ХХК-тай байнгын холбоотой байсан. Зээлээ төлнө гэдгээ илэрхийлсэн. Харин 6,000,000 төгрөгийн хүү, алдангиас татгалзаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Шүүх хуралдаан 2 сар гаруй хугацаанд хойшилсон бөгөөд тухайн хугацаанд төлөх бүрэн боломжтой байсан. Мөнгийг нь өгөхгүй гэж хэлээгүй. Тухайн машиныг 10,000,000 гаруй төгрөгөөр авах болчихоод байна, зах зээлийн үнэ нь 2,000,000-3,000,000 төгрөгийн үнэтэй, он хуучин машин байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.  

 

1. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Д.Б-, П.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 2,258,197.01 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү 3,340,894.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,876.63, нийт 6,079,967 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар үндсэн зээл төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “хаягаа өөрчлөөгүй, эрэн сурвалжлуулж хугацаа алдсанаас хүү нэмэгдсэн байна, ... ковидын нөхцөл байдлаас шалтгаалан зээлээ төлж чадаагүй” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20/26 тоот зээлийн гэрээгээр Ф ХХК нь 3,700,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Д.Б-, П.Т- нар зээлийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, үүргийг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ. /хх 6-7/

 

Мөн өдрөө “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/” байгуулж, зээлдэгч П.Т-ын эзэмшлийн 22-93 УАВ улсын дугаартай Тоёота кроун /Toyota crown/ маркийн автомашины өмчлөх эрхийг Ф ХХК-д шилжүүлсэн байна. /хх8-9/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3. Ф ХХК нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн үүргээс 2,863,000 төгрөг төлсөн талаар маргаангүй. Харинхэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

 

3.а. Талуудын зээлийн гэрээний 2.1.7-д “Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ. /хх6-7/

 

3.б. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2 дахь хэсэгт “Зэээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. Уг хуулийг анхан шатны шүүх хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Тодруулбал, талуудын зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэргийн нотлох баримтаар нотлогдсон байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг үндэслэн хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон хариуцагч нараас шаардах эрхтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

3.в. Хариуцагч Д.Б-, П.Т- нар нь зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурсан учир тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

Иймд зээлийн үндсэн төлбөр 2,258,197.01 төгрөг, хүү 3,340,894.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,876.63 төгрөг, нийт 6,079,967 төгрөгхариуцагч Д.Б-, П.Т- нараас гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэх учир энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаагүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03051 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3,358,414.99 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,721,552.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “6,079,967 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “68,685” гэснийг “112,230” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,495 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

        ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 Ц.АЛТАНЦЭЦЭГ