| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0004/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан даш овогт Өрөгийн Атарбаясгалан, Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбэ нарт холбогдох эрүүгийн 201725030187дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Дархан даш овгийн Өрөгийн Атарбаясгалан, 1982 оны 01 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Бизнес Пойнт ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р багт оршин суух иргэний үнэмлэхний хаягтай боловч, тухайн хаяг дээрээ оршин суудаггүй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялыг1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас өршөөн хасагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ДА82010134.
2. Монгол Улсын иргэн, Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбэ, 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-2-26 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн 8 сарын хорих ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 669 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УП91050611.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Э.Д, Ө.А нар нь Ш.Шинэтулгатай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22-456 тоотод оршин суух хохирогч Г.Солонгын эзэмшлийн өвлийн байшинд нэвтрэн орж Шарп загварын 32 инчийн LCD телевизор, усны тэргийг авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Агаас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Дэс мэдүүлэхдээ: “.Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Ө.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-81-83/ “..Тэгээд бид 3 цагдаагийн хэлтсээс гараад Шинэтулгын гэрийг нь очиж эргэчээд эргээд явж байгаад 5 буудлын гэр хороололын дундуур ороод явж байгаад нэг хашаан дотроо 1 давхар тоосгон байшинтай айлын гадаа ирээд энэ айл гэж Шинэтулга заагаад уг айл руу орохоор болж эхлээд намайг тэр хоёр хашаа руу нь ороод байшингийх нь гадаа байгаа тэргийг аваад ир гэж хэлээд би эхэлж ороод усны тэргийг нь байшингынх нь гадаа байхаар нь аваад гарч ирээд бид гурав явж байгаад би доор байх түүхий эд авах цэгт усны тэргийг нь хар төмөрөнд өгөхөд 1000 төгрөг болсон юм.. Доржсэмбэ уг айлын цонхыг түлхэж онгойлгоод эхлээд дотогш явж орсон, араас нь Шинэтулга бид 2 явж ороод Шинэтулга, Э.Д 2 уг байшингийн том өрөөнд газарт байх зурагтыг нь аваад би өөр өрөөгөөр хэрэг болох эд зүйл байна уу гэж хайгаад байхгүй болохоор нь нөгөө хоёрыг зурагтаа аваад гарахаар нь араас нь гараад бид 3 байшингых нь араар тойрч гараад хашааных нь доор том нүх байхаар нь тэрүүгээр гараад гудамж уруудаад явж байгаад зам дээрээс такси бариад тухайн үед яг хаана ямар нэртэй ломбард орсныг нь санахгүй байна, ломбарданд очиж Шинэтулга зурагтыг тавьсан. Зурагтыг 90,000 төгрөгөнд тавьсан гээд надад 30.000 төгрөг өгөөд Доржсэмбэ салаад явсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Дэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-84-86/ “..Шинэтулга хойно манай таньдаг айл байгаа тэдний гэрт очоод хүрээд ирье гээд засварын буудлын гэр хороололын айлуудын гудамж руу ороод нөгөө айл эзэнгүй байсан, Шинэтулга гэрээс зурагт хулгайлах санааг анх гаргаж би тэр айлын цонхыг түлхэн онгойлгож дотогш орж газар байрлуулсан байсан хар өнгийн ЛСД зурагтыг авч гараад Шинэтулгад өгч явуулаад би салж яваад гэртээ очиж амраад маргааш өглөө нь цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Шинэтулга, Атарбаясгалан 2 ирсэн байсан, зурагтыг хаана, хэдэн төгрөгөөр, зарж борлуулсан эсэхийг Ө.Ад хэдэн төгрөг өгснийг мэдээгүй, надад 20.000 төгрөг өгсөн, хэрэглээд дуусгасан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-7-8/ “..Би 2016 оны 12 сарын 27-ны өглөө гэрээс өөрийн дүү Г.Энхболдын хамтаар 07 цаг өнгөрөөгөөд өөрийн ажил болох Барс зах дээр очиж жимс зарж байгаад орой ажлаа тараад 19 цагийн үед гэртээ ирээд гэрлүүгээ орж харсан чинь том өрөөнд байрлуулан тавьсан байсан зурагт байхгүй суурь үлдсэн байсан. Тэгээд буйдангийн хажууд байсан хувцасны шүүгээний доторх эд зүйлийг нь гадагш гаргаад хаясан байсан. Тэгээд хаагуур орсон юм бол гээд харсан чинь том өрөөний цонх онгорхой байхаар нь би цагдаагийн 102 дугаарын утас руу залгаад гэртээ хулгай орсон байна гээд дуудлага өгөөд өөрийн дүү болох Г.Энхболд руу залгаад гэрт хулгай орсон талаар хэлсэн чинь удалгүй гэрт ирсэн. Манай гэрээс 32 инчийн Шарп брэндийн ЛСД зурагт алдагдсан байсан. Хэрэг гардаг өдөр мэдэхгүй байсан маргааш өглөө нь үзсэн чинь манай гэрийн гадаа байдаг усны тэрэг алдагдсан байсан..” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-16/, шүүгдэгч Ө.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-93/, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-94/ Шүүгдэгч Э.Д, Ө.А нарын энэ гэмт хэрэгт шийтгэгдэхээс өмнө гэм буруутайд тооцогдож, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудыг хуулбар /хх 102-128/, энэ гэмт хэрэгт хамтран оролцсон Ш.Шинэтулгийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан тухай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 21-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 161-168/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тэл бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д, Ө.А нар нь Ш.Шинэтулгатай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22-456 тоотод оршин суух хохирогч Г.Солонгын эзэмшлийн өвлийн байшинд нэвтрэн орж Шарп загварын 32 инчийн LCD телевизор, усны тэргийг авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22-456 тоотод оршин суух хохирогч Г.Солонгын эзэмшлийн өвлийн байшингаас эд зүйлс хулгайлсан үйлдэлтэй Э.Д, Ө.А, Ш.Шинэтулга нарт холбогдох эрүүгийн 201726020463 дугаартай хэргээс Э.Д, Ө.А нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Ш.Шинэтулгад холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 21-ны өдөр хянан шийдвэрлэж 511 дугаартай шийтгэх тогтоолоор энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсан байна. Хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн нь бусдын эрхийг зөрчөөгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болоогүй буюу хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос шүүгдэгч Ө.А, Э.Д нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч одоо шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж байгаа, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгч Ө.А, Э.Д нарт сонсгосон ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.А, Э.Д нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, үйлдсэн нь зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болж байна. Иймд шүүгдэгч Ө.А, Э.Д нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч шүүгдэгч Ө.А, Э.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял болох 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 16 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Э.Д нь шүүх хуралдаанаас өмнө 68 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.А, Э.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болгохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дархан даш овогт Өрөгийн Атарбаясгалан, Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.А, Э.Д нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 16 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А, Э.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийн шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Ө.А, Э.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Ө.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, шүүгдэгч Э.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР