Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

Улсын яллагч М.Очбадрах,  

         Шүүгдэгч Э.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нд холбогдох эрүүгийн 1811020570960 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Боржигон овогт Энхболдын Нутаггүй, 1989 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хустайн шил ХХК-д мончёр ажилтай, Төв аймаг Баянчандмань сумын Чандмань баг 3-р хороо 08-07 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, ам бүл 3, ах, эмээ нарын хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар НХ89082311.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

 Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” супермаркетын гадна талын шатан дээр хохирогч А.Цэвэлмаад хүч хэрэглэн, довтолж цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2-52 тоотод оршин суух хохирогч Н.Энхдалайгийн эзэмшлийн байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бөөгийн хэрэглэл мөнгөн толь, мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, монетон хослол 1 ширхэг, мөнгөн хослол 1 ширхэгийг хулгайлж 2.893.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох  баримтуудыг шинжлан судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Нгээс мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Э.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би хуурай ах Азбаярын гэрт байсан бөгөөд тэдний гэрээс 02 цагийн орчимд хажуу талын айлд нь хүн байхгүй болохоор нь эд зүйлсийг нь хулгайлах зорилгоор би ганцаараа орсон юм. ...би нойл явах замд байсан байшингийн цонх нь онгорхой байхаар нь тухайн цонхоор байшин дотор орсон. Байшингаас би 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, бөөгийн толь, эмэгтэй хүний монетон ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг гэрт байсан гялгар уутанд хийгээд буцаад орсон газраараа эргээд гараад явсан...Мөнгийг тагшнаас нь салгаад граммлуулаад, бөөгийн толь, мөнгөн бөгж, ээмгийг хамтад нь 140 мянган төгрөгөөр зарсан. Харин хоёр хөөргийг би өөртөө авч явж байгаад алга болгосон байсан..” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч А.Цэвэлмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19/ “..2018 оны 7 дугаар сарын 19-ний 23 цагийн үед супермаркетын үүдэнд дүү Ичинхорлоог хүлээгээд утсаар яриад зогсож байтал үл таних залуу миний араас намайг түлхэж шатны уруу түлхэн унагаасан. Тэгээд миний барьж явсан хар өнгийн цүнхийг аваад зугтаахад нь би миний цүнхийг булаачихлаа гэж хашгирсан чинь тэр залууг хүмүүс барьж аваад цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг,

 

            Гэрч А.Ичинхоролоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23/ “..ажлаас гараад эгч рүүгээ явган явж байгаад зам гараад эгч рүүгээ дөхөнгүүт араас үл таних улаан шар фудволк, хар шорт өмссөн намхавтар 25-30 орчим насны эрэгтэй хүрч ирээд цохиж, улмаар цүнхийг нь аваад зугтсан..” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Энхжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-30/ “..Стар супермаркетын шатан дээр зогсож байсан нэг эгч газарт унаад цус нь гоожоод орилоод байсан би яасан бэ? эгчээ гээд очоод босгох гэсэн чинь миний цүнхийг булаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би хойшоо харсан чинь нэг хүн хар өнгийн цүнх барьчихсан дээшээ замын зүүн талаар гүйж байсан юм. Тэгээд би хойноос нь хөөсөн ба замд явж байсан нэг бүдүүн ах тэр зугтаж байсан залууг хажуунаас өшиглөхөд нь тэр залуу оногдоод барьж явсан цүнхээ хаяад гүйсэн ба бүдүүн ах араас нь хөөж чадаагүй би хойноос нь хөөсөн. Тэр запуу гүйсээр байгаад эх нялхасын харалдаа ирээд зам хөндпөн гараад яг эх нялхсын баруун талд би гүйцэж барьж авсан. Тэр залууг барьж аваад дагуулж яваад буцаад нөгөө дэлгүүрийн үүдэнд очоод цагдаа дуудаж тэр залууг хүлээлгэж өгсөн..” гэх мэдүүлэг,

 

  •             Хохирогч Н.Энхдалайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-101/ “..2018 оны 07 дугаар сарын 20-ны үед би нөхөр хүүхдийн хамт 61-н гарам руу яваад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ирсэн юм. Гэрт ирэхэд хаалга түгжээтэй байсан бөгөөд том өрөөний цонхны дээд талын салхивч онгорхой, гэрт ороод үзэхэд бурханы урд байсан виски нойлын өрөөний урд газарт байсан. Тэгээд ер нь гэрт хулгай орсон юм биш үү гэж бодоод эд зүйлсээ шалгахад бөөгийн хэрэглэл болох мөнгөн толь, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, миний монетон ээмэг, бөгж, мөнгөн гинж, бөгж тус тус алдагдсан байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8955 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: /хх-34/ “..Х.Цэвэлмаагийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зураасан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-99/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-114-115/ болон шүүгдэгч Э.Нн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-79/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” супермаркетын гадна талын шатан дээр хохирогч А.Цэвэлмаад хүч хэрэглэн, довтолж цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2-52 тоотод оршин суух хохирогч Н.Энхдалайгийн эзэмшлийн байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бөөгийн хэрэглэл мөнгөн толь, мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, монетон хослол 1 ширхэг, мөнгөн хослол 1 ширхэгийг хулгайлж 2.893.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баритуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Н нь дээрхи гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаагүй бөгөөд прокуророос яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалтыг зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Э.Нн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч Э.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч А.Цэвэлмаагаас хохиролд 1.450.000 төгрөгийг нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 154.500 төгрөг, хохирогч Н.Энхдалайд учирсан 2.893.000 төгрөгийг шүүгдэгч Э.Н төлөөгүй байх тул түүнээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Н нь шүүх хуралдаан болохоос өмнө 91 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Энхболдын Нутаггүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Нн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нн цагдан хоригдсон 91 /ерөн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нгээс 154.500 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 3-39 тоотод оршин суух Лангандай овогт Адилбишийн Цэвэлмаад /РД:ЗК84010902/ олгох, 2.893.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 11-р хороо, хувьсгалчдын д-2-52 тоотод оршин суух Боржигон овогт Нацагийн Энхдалайд /РД:УХ64110407/ тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Э.Нн бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Нн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР