Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 86

 


 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяр,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Болдбаатарын Билгүүн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдсон Дэд овогт Амгаланбаатарын Чинзориг нарт холбогдох 1711009660039 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж ах дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 6-159 тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №104 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №46А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр эдлэх ялыг дүйцүүлэн хасаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдбаатарын Билгүүн, (РД: УП93120890),

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй гэх, Олон улсын эдийн засаг бизнесийн сургуулийн 1 дүгээр курсэд сурдаг, ам бүл 4, эцэг эхийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн-12 дугаар гудамж 200 тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №318 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалаар дээрх ялыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болгон өөрчилж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Дэд овогт Амгаланбаатарын Чинзориг, (РД:У395122013)

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдгэлсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Цаг уур, орчны шинжилгээний газрын орчимд хохирогч О.Чимэдрагчаа руу хүч хэрэглэн довтолж “Самсунг галакси эс-8” маркийн гар утсыг авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулж гэмт хэргийг гүйцэтгэсэн, шүүгдэгч А.Ч нь урьдчилан амлаж шүүгдэгч Б.Бийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд Соната-6 маркийн 89-29 УБН маркийн машинаар дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бээс мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  “Lux” бааранд орох гээд явж байсан. Ингээд явж байх замдаа “Тайм Таур”-ын орчимд Чимэдрагчаатай таарсан ба дагаж яваад утсыг нь авсан. А.Ч үүнийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Чоос мэдүүлэхдээ: “..тэр өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Яармагийн хуучин эцэст такси үйлилгээнд явах гээд зогсож байсан. Б.Б тухайн үед миний машин ирээд суусан. Тэгээд хотын төв орох уу гэж хэлсэн  би орно гэж хэлээд явсан. Төв номын сан дээр очоод хоёр хүнээ буулгасан. Билгүүнийг хаана очиж буухыг нь асуухад  “Lux” орно тэнд очоод буух тухай хэлсэн. Ингээд  “Lux”- руу эргэсэн. Энэ үед  Билгүүн хохирогч Цэндрагчаатай зогсож бай уулзаад ирье гэж хэлсэн учраас машинаа зогсоосон. Тэр үед Билгүүн хохирогчтой уулзаж ирээд наад хүнээ дагаад явчих би чамд мөнгө өгнө чи өдөрт хэдэн төгрөгний орлоготой байдаг вэ гэж асуусан. Би 50.000-.60.000 төгрөгийн орлоготой байдаг гэж хэлсэн. Гэтэл би чамд 250.000 төгрөг өгнө чи өнөөдөр надад үйлчилээд өг гэж хэлсэн. Тэгээд би аваад явсан. Дээрмийн үйлдэлд оролцож байгаа, дээрэм хийж байгаа талаар огт мэдээгүй. Ийм зүйлд оролцож байгаа талаар огт мэдээгүй..” гэсэн мэдүүлэг.

Шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяр мэдүүлэхдээ: “..Би хамгийн сүүлд уг хулгайн утсыг худалдаж авч хохирогч болж үлдсэн. Би хохирол 800.000 төгрөг А.Ч, Б.Б нараас авахаар болсон ба иргэний нэхэмжлэгчээр жил гаруйн хугацаанд явж байна. 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас 440.000 төгрөг гаргуулан авахаар болсон. Түүнээс хойш Чинзориг надтай байнга холбоотой байж мөнгө төгрөг олдохгүй байгаа талаараа хэлж байсан. А.Ч миний хохирлыг барагдуулах бодолтой явж ирсэн, одоо барагдуулсан” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /1хх-58-59/ “..2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатарын хойд талын караокенаас үл таних 30 гаруй настай эрэгтэй гарч ирээд утсаа оролдоод тонгойгоод зогсож байхад Чинзориг харчихаад чи булаагаад зугтчих гэхээр нь ард талд нь машин байна ш дээ гэхэд за тэгвэл дагаад явж байя гэж хэлсэн. Ингээд бид 2 тэр хүний явсан зүгт машинтайгаа дагаад явсан. Ингээд цаг уур орчин судлалын хүрэлээнгийн хойд талд ирээд би машинаас буусан Чинзориг машинтайгаа зугтахад бэлдээд байж байя гэж хэлэхээр нь би тэр хүн рүү дөхөж очоод нүүрэнд нь гараараа нэг удаа цохьсон цээж рүү нь 2 гараараа цохисон тэгээд хашлага налаад уначихаар нь гартаа барьж байсан гар утсыг нь аваад зугтаагаад Чинзориг дээр очсон юм. Ингээд бид 2 тэндээс зугтаагаад шууд Яармаг явсан. Тэгээд маргааш нь Чинзориг бид 2 уулзаад Тэди худалдааны төв ороод 4 давхарт ажилладаг Одхүү гээд  Чинзоригийн таньдаг хүнд гар утсыг 1 сая төгрөгөөр зарсан ..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: /1хх-62-63// “…Билгүүнээ намайг андаа түр зогсож байдаа гэхээр нь зогстол буугаад 1 минут гаруй болчихоод эргэж ирж суугаад андаа хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхээр нь яасан бэ гэсэн чинь энд нэг эс 8- тай хүн байна гэхээр нь 250.000 төгрөг хэрэгтэй байна гэхдээ лай лай мань чинь явахгүй гэсэн чинь, за одоо би худлаа шаахгүй, ганц удаа яваад өгчих гэхээр нь за за гээд зөвшөөрсөн. Тэгсэн чинь Билгүүнээ тэр хүнийг дагаарай гээд нэхий билүү пальто билүү хар бараан өнгийн гадуур хувцас өмссөн, махлаг, 40 гаруй насны ах, Цэцэг төвийн чигт алхаад явж байсан. Тэгээд Билгүүнээ бид хоёр зам дагуу нилээн дагаж явсан Тэр хүн Блю Скайаc алхаад зам гараад, Цэцэг төв рүү алхаад хойшоогоо чиглээд алхаж байсан. Тэгээд бид хоёр уг хүнийг 30 гаруй минут машинтайгаа дагаад л яваад байсан тэгээд би Билгүүнээд за хөгшөөн болъё оо, буу хөгшөөн гэсэн чинь за одоо тэгвэл энд зогсож бай хөгшөө би оччихоод ирье би удахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Зоос гоёлын ард тал руу баруун эргэдэг уулзвар руу эргэж, дэлгүүрийн үүдэнд зогсож байтал 2-3 минут орчим болоод машин дотор орж ирж суугаад машинаа унтраа гээд намайг доошоо суугаарай гэхээр нь би доошоогоо суусан. Очиж 100.000 төгрөг ав гээд байсан гэсэн. Тэгээд тэр ахтай өрөлцөж зогсож байгаад гарнаас нь утсыг нь шүүрээд зугтаасан гэсэн..Тэгсэн надтай цуг нойл ороод надад авсан эс 8 утсаа өгсөн. Би утсыг нь авсаны дараа машиндаа ороод суугаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 05 цаг 40 минутын үед тэд нар нилээн ууж байгаад гарч ирээд модны хоёрын буудал дээр буулгаад Билгүүнээ бид хоёр шууд Тэди орсон. Дотогшоо ороод Одхүү ахтай 4-н давхарт уулзаад утсаа үзүүлээд ахын утас байгаа юм, мөнгө хэрэгтэй болчихоод таньд зарчихъя, ах мэдэхгүй байгаа шүү, би ахад алдчихсан гээд хэлчихье, та энэ кодыг нь гаргаад авах юм уу гэсэн чинь тэгнэ, тэгнэ ах нь кодыг нь гаргаад авчихна, ..хайрцагтай юм бол 960.000 төгрөгөөр авъя гээд надад 960.000 төгрөг өөрөө бариад ирсэн. Тэгээд 880.000 төгрөг надад өгсөн. Би тэр мөнгийг нь тэндээс гараад шууд Билгүүнээд өгсөн. Тэгээд 250.000 төгрөгийг нь надад тоолж өгөөд машиндаа сууцгаагаад явсан гэсэн мэдүүлэг.

Хохирогч О.Чимэдрагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би ангийхантайгаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Выставкийн хажуу талд байрлах караокед уулзаж ууж сууж байгаад тэндээсээ гэр рүүгээ хариад 22 цаг 45 минутын орчимд гараад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Цаг уурын хүрээлэн өнгөрөөд Ханбүргэдэй дэлгүүрийн орчимд утсаа хараад доошоо хараад явж байтал урдаас миний зүүн нүд рүү гар орж ирээд цохихоор нь урагшаа хартал цайвар шаргал савхин куртиктэй, кэпкэн малгайтай 25 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд бариад автал над руу ямар нэг юм хэлэлгүй цээж рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл би цохиж түлхэхийнх нь эрчинд хашлага руу налаад унатал гарт байсан утсыг маань гар руу цохиж байгаад тавигдахаар нь булааж аваад гүйгээд явсан. Самсунг галакси эс-8 маркийн хөх саарал өнгийн гар утас байсан юм. Эхлээд намайг доошоо тонгойгоод явж байхад зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн миний цээж рүү 2-3 удаа цохиод түлхэхэд би хойшоо буттай хашлага руу налж унасан. Юу ч яриагүй гудамжаар явж байхад шууд намайг зодож дээрэмдсэн” хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн мэдүүлэг.

Гэрч Ч.Одхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Зоригоо утсаар яриад ах ажил дээрээ байна уу, би нэг утас үзүүлэх гэсэн юм гэхээр нь би за хүрээд ир гэтэл удалгүй манай ажил дээр найзтайгаа хүрч ирсэн. Ах энэ Эс-8 манай ахын утас байгаа юм, энийгээ нэг гайгүй өгөх гэсэн юм гэхээр нь энэ ямар утас юм бэ, хэний утас юм, иймээ тиймээ асуудал байхгүй биз дээ гэтэл манай ахын утас байгаа юм, хайрцагийг нь би таньд маргааш аваад ирье гэж хэлсэн. Би хүнээс асуугаадахья гээд гар утас зардаг Готов ах дээр очоод та энэ утсыг авах уу гээд ганцаараа очоод асуутал иймээ тиймээ юм байхгүй биз дээ гэхээр нь би Зоригоо, найз хоёрыг нь дагуулж ирээд энэ манай нэг дүү байгаа юм, ахын нь утас гэсэн, та үнэ ханш тохиролцвол үзэх үү гэсэн чинь Готов ах бэлнээр мөнгийг нь уг хоёр залууд өгсөн” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12862 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.О.Чимэдрагчаа-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. гэсэн дүгнэлт /хх 36/, болон шүүгдэгч Б.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-166/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-64/, шүүгдэгч А.Чийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-75/, эд зүйлийн үнэлгээ /хх 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяраас хохирол төлсөн тухай гаргаж өгсөн баримт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч А.Чийн Соната маркын 89-29 УБН улсын дугаартай авто машинаар Яармагийн автобусны эцсийн буудлаас хотын төв хүргүүлэхээр явах замдаа бүлэглэж бусдыг дээрэмдэн мөнгө олон хувааж авахаар тохирч орой 23 цагийн орчимд Блю Скай-аас Цэцэг төвийн үүдээр дайран алхаж байсан хохирогч О.Чимэдрагчааг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Цаг уур, орчны шинжилгээний газрын орчимд ирэхэд шүүгдэгч Б.Б машинаасаа буун хохирогч дээр очин нүд, цээж рүү нь цохиж, хашлага налж унахад нь гар руу нь цохиж гар утсыг нь авсан байна. Энэ үед шүүгдэгч А.Ч ойролцоох газарт машин дотороо хүлээж байсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогчийн “Самсунг галакси эс-8” маркийн гар утсыг дээрэмдэн ирэхэд хэсэг хугацаанд машинаа унтраан, тэд суудал дээрээ доош болж нуугдсан байна. Үүний дараа шүүгдэгч нар тухайн газраас холдон машиндаа унтацгаасан бөгөөд өглөө нь “Тэди” төв орж шүүгдэгч А.Ч нь өөрийн танилд “ахын утас байгаа юм, мөнгө хэрэгтэй болчихоод таньд зарчихъя, ах мэдэхгүй байгаа шүү, би ахад алдчихсан гээд хэлчихье, та энэ кодыг нь гаргаад авчих” гэж хэлэн бусдаас дээрэмдэж авсан гар утсаа 880.000 төгрөгөөр худалдан борлуулж, гадаа машинд хүлээж байсан шүүгдэгч Б.Бд мөнгийг өгөхөд тэрээр 250.000 төгрөгийг шүүгдэгч А.Чт буцаан өгсөн байна. Шүүгдэгч нарын хохирогчоос дээрэмдэж авсан “Самсунг галакси эс-8” маркийн гар утас нь эд зүйлсийн үнэлгээний комиссын дүгнэлтээр 1.850.000 төгрөгөөр үнэлэгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Чимэдрагчаад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Чимэдрагчааруу хүч хэрэглэн довтолж “Самсунг галакси эс-8” маркийн гар утсын авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийг гүйцэтгэсэн, шүүгдэгч А.Ч нь урьдчилан амлаж шүүгдэгч Билгүүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд Соната маркын 89-29 УБН улсын дугаартай авто машинаар дэмжлэг үзүүлсэн, гар утсын худалдан борлуулах, олсон орлогыг хувааж авах зэргээр хамжигчаар оролцон дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ч болон түүний өмгөөлөгчөөс энэ гэмт хэргийг хамтран үйлдээгүй, шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэж байгааг мэдээгүй” шүүгдэгч Б.Бээс би ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч А.Ч мэдээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлэх боловч хэрэгт авагдсан А.Ч, Б.Б сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар энэ нь үгүйсгэгдэж байна.

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, А.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б, А.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно. Харин шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэдгийг хүлээх боловч үүнийг шүүгдэгч А.Ч нь мэдээгүй, би дангаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхэд мэдүүлж байгаа нь түүнийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй болгож байна.

Шүүгдэгч Б.Бий 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 377 хоногийг,  шүүгдэгч А.Чийн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.

Хохирогч О.Чимэдрагчаа “Самсунг галакси эс-8” маркын гар утсаа биет байдлаар нь буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяраас нэхэмжилсэн 880.000 төгрөгийг шүүгдэгч нараас төлж барагдуулсан бөгөөд тэднээс нэхэмжлэх өөр зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөхгүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн, Дэд овогт Амгаланбаатарын Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Ч нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бий цагдан хоригдсон 377 хоногийг, шүүгдэгч А.Чийн цагдан хоригдсон 53 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Чт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, А.Ч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР