| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0067/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч П.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нд холбогдох эрүүгийн 1811030640474 дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Пүрэвдагвын Намсрай, 1970 оны 02 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамж 183 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХЙ70020313/.
Шүүгдэгч П.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Чингэлтэй. дүүргийн 5 дугаар хороо Самбуугийн гудамж Тэнгис кинотеатрын урд замд “Хонда Фит” маркийн 66-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх. 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч ОХУ-ын иргэн Ким Инна Александровна-г мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Нгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Чингэлтэй. дүүргийн 5 дугаар хороо Самбуугийн гудамж Тэнгис кинотеатрын урд замд “Хонда Фит” маркийн 66-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх. 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч ОХУ-ын иргэн Ким Инна Александровна-г мөргөн түүний биед баруун шаант ясны хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоосын суналт, урагдал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Ким Инна Александровнагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-23/: “..2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 08 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5-р хороо Тэнгис кинотеатрын урд замд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед Хонда Фит маркийн 66-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт намайг ирж баруун талын хөл хэсэг рүү мөргөсөн. би тухайн үед кармандаа гараа хийж явсан учир баруун талаасаа мөргүүлээд газарт шидэгдэж унасан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 12811дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-35/ “..К.Иннагийн биед баруун шаант ясны хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоосын суналт, урагдал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,
Тээврийн Цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №813 тоот шинжээчийн дүгнэлтэнд: /хх-38/ “..Хонда Пит маркийн 66-47 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Пүрэвдагва овогтой Намсрай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 13.1-д заасан “Явган хүний зохицуулдапгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч ОХУ-ын иргэн Ким Инна Александровна нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна..” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Д.Намсрайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-60-61/ : “..Өөрийн бурууг ойлгож байна. Би тухайн үед хойноосоо баруун гар тийш эргэж байсан юмаа, гэтэл баруун эргэх үедээ явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчийг харалгүй мөргөсөн. Тухайн үед явган зорчигч мөргүүлээд зам дээр унасан, би машинаа зогсоогоод бууж ирсэн. Энэ үед хөл өвдөж байна гэсэн, тэгэхээр нь би машиндаа суулгаад түргэн, цагдаа дуудаж дуудлага өгсөн. Тэгээд түргэн ирээд гэмтэл рүү ирээд аваад явсан, би хэмжилт хийлгэж дуусаад араас нь гэмтэл явсан. Тэгээд гэмтэл дээр үзүүлэх үед баруун хөлийн яс цөмөрсөн, хугарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд бүх шинжилгээг хийлгэж төлбөр тооцоог нь би өөрөө хийсэн. Ингээд хэд хоногийн дараа хагалгаанд орсон. Хагалгааны зардал болон эмчилгээний зардалд 4 сая орчим төгрөг өгсөн. Дараа нь хохирогчийн цалингийн алдагдал гэж хоорондоо зохицсоны дагуу 4 сая орчим төгрөг өгсөн. Нийт 8 сая төгрөг хохирогчийн эмчилгээ болон цалингийн алдагдалд өгсөн..” гэх мэдүүлэг болон Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-13/, шүүгдэгч П.Нн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-62/, шүүгдэгч П.Нн хохирогч Ким Инна Александровна хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-101/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-103/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Чингэлтэй. дүүргийн 5 дугаар хороо Самбуугийн гудамж Тэнгис кинотеатрын урд замд “Хонда Фит” маркийн 66-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх. 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч ОХУ-ын иргэн Ким Инна Александровна-г мөргөн түүний биед баруун шаант ясны хугарал, баруун өвдөгний үений урд чагтан холбоосын суналт, урагдал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12811 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ким Инна Александровнад учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч П.Нн Эрүүгийн хууулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Нн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Ким Инна Александровна нь шүүгдэгч П.Нгаас өөрт учирсан хохирлын мөнгө 4.000.000 төгрөг авсан бөгөөд өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Пүрэвдагвын Намсрайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч П.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР