Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ү ” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “..“Ү ” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэрээс тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 12217Х/*******/ дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Дээрх шаардлагыг дор дурдсан үндэслэлээр өөрчилж байна.  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-5386 тоот албан бичигт “Танай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн гектар тутамд тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4. дэх хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэнийг 56.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдье” гэж дурьдсан боловч манай компанийн хэдэн оны хайгуулын ажил нь зардлын доод хэмжээнээс бага байгаа эсэхийг мэдэх боломжгүй, учир дутагдал бүхий албан бичиг байсан. 

Хэдийгээр дээрх мэдэгдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 зүйлийн 56.1.4-д заасан “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол” зохицуулалтыг зөв хэрэглэсэн боловч маргаан бүхий захиргааны акт болох Геологи Уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дугаар шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж буюу “Тусгай зөвшөөрөлт талбайн 2010 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэж хуульд заагаагүй зохицуулалтыг шинээр гарган ирж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн болно. Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмалын газар хэрэгжүүлж буй хуулиа эндүү, ташаа ойлгож хэрэгжүүлсэн гэх үндэслэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна.” гэж заасан бөгөөд төрийн захиргааны байгууллага хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрсэн бол баталгаажуулна, хэрэв зардлын доод хэмжээнд хүрээгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан үндэслэлээр цуцлах шийдвэрийг гаргана. “Баталгаажуулаагүй” гэсэн ойлголт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй бөгөөд харин геологи хайгуулын ажлын тайлан болон санхүүгийн тайлангаа төрийн захиргааны байгууллагад нотолгоо, баталгаа болгон гаргаж өгөөгүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг энэ тохиолдолд “зардлын доод хэмжээгээ баталгаажуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж “практикт” хэрэглэж болох юм.

Тус компани нь Ашигт малтмалын тухай 31, 32 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж ажиллаж ирсэн бөгөөд жил бүрийн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг Ашигт малтмалын газарт тухай бүр өгч, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж байсан болно. Энэ жишгээр манай компани ашигт малтмалын хайгуулын 12217Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2010 онд гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын тайланг 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр өгч Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтнуудаар хянуулсан.

Түүнчлэн манай компанийн 2010 оны санхүүгийн жилийн тайланг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, санхүүгийн хэлтэст 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгсөн. Манай компани тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрэм, журам, маягтын дагуу тайлан мэдээгээ гаргаж өгсөн бөгөөд Санхүүгийн тайлангийн маягтад хайгуулын ажлын зардлын талаар нарийвчилсан хүснэгт, нүд тухайн үед байгаагүй ба Ашигт малтмалын газрынхны ашиглах ёстой гэж үзээд буй Сангийн сайдын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам”-ыг ашиглаж тайлан, мэдээ гаргах ямарч цаг хугацаа, эрх зүйн хувьд боломжгүй байсан. Хариуцагчийн хариу тайлбар болон тухайн үед мөрдөгдөж байсан хууль, Засгийн газрын тогтоол зэргээс харахад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэр нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1.”захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;” 9.1.7.”захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” 9.1.9. “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн.” гэж заасныг бүрэн хангаж байна. Харин одоо 2016 оны 7 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай;” буюу “хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэсэн хууль тогтоомжид огт байхгүй үг хэллэг болон үүрэг үүсгэсэнээрээ, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” буюу нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхад мөрдөхийг хууль бусаар шаардсан /Сангийн сайдын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам”/ болон хайгуулын ажлын ээлжит жилийн тайлан болон санхүүгийн тайлан зохих ёсоор хүргүүлсэн байтал хариуцагч өөрөөр гүйцэтгэх ажил үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч гүйцэтгэх ёстой гэж ташаарснаараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэр нь илт хууль бус байх үндэслэлтэй байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэрийн “Ү ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Д.Мөнхтамир шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ү " ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын элтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 1069 тоот шийдвэрээс ******* тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Нэг. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Шоргоолжийн гол нэртэй 1616 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1107 тоот шийдвэрээр иргэн Б.Өнөрцэцэгт олгогдсон байна. 

Хоёр. Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1177 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 9011080141 тоот гэрчилгээтэй “Ү ” ХХК-д шилжүүлсэнийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. 

Гурав. Тус компани нь 2009-2010 онуудад төрийн захиргааны байгууллагад хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлээгүй, зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй нь Геологи, хайгуулын хэлтсийн 2016 оны 396 тоот тодорхойлолтоор дахин тогтоогдох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг манай байгууллагаас санхүүгийн тайлан тэнцэлд нь тулгуурлан баталгаажуулдаг. Дээрх заалтын хүрээнд тус компаниас хайгуулын ажлын 2009-2010 онд ирүүлсэн тайланд дурдсан тооцооллыг 2011 онд Сангийн яамнаас манай байгууллагад Е-балансд нэвтрэх эрх олгосны дагуу шалган үзэхэд Ашигт малтмалын тухай, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон журмыг зөрчиж хайгуулын ажилд гарсан зардлыг тусгаагүй байсан нь тогтоогдсон.

Дөрөв. “Ашигт малтмалын тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”... заалтыг биелүүлж ажиллаагүй тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 1069 тоот шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндаслэлтэй болно. 

Тав. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол” заалтын дагуу ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн гектар тутамд гаргах зардлын хэмжээ бага тул цуцлах үндэслэл бүрдсэн хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол нотлох баримтыг ирүүлнэ үү гэж 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6-5386 тоот мэдэгдэлийг мөн хуулийн 56-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" заасны дагуу хүргүүлжээ. Дээр дурдсан мэдэгдлийг анх ******* тоот тусгай зөвшөөрлийг авахдаа маягт К8, К9 бичиж өгсөн “Ү ” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 32-489 тоот хаягаар хүргүүлж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцлийг зааж өгсөн бөгөөд жил бүр ээлжит жилийн төлбөр төлөх, хайгуулын ажпын тайлан төлөвлөгөө гаргах, хугацааг сунгуулах зэрэг хөдөлгөөнийг хийх үүргүүдтэй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. 

Иймд 2011 онд гарсан захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан “Ү ” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа “...”Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Шоргоолжийн гол нэртэй 1616 гектар бүхий ашигт малтмалын хагуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1107 тоот шийдвэрээр иргэн Б.Өнөрцэцэгт олгогдсон байна. Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1177 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 9011080141 тоот гэрчилгээтэй “Ү ” ХХК-д шилжүүлсэнийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. 

Мөн тус компани нь 2009-2010 онуудад төрийн захиргааны байгууллагад хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлээгүй, зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй нь Геологи, хайгуулын хэлтсийн 2016 оны 396 тоот тодорхойлолтоор дахин тогтоогдох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг манай байгууллагаас санхүүгийн тайлан тэнцэлд нь тулгуурлан баталгаажуулдаг. Дээр заалтын хүрээнд тус компаниас хайгуулын ажлын 2009-2010 онд ирүүлсэн тайланд дурдсан тооцооллыг 2011 онд Сангийн яамнаас манай байгууллагад Е-балансд нэвтрэх эрх олгосны дагуу шалгаж үзэхэд Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон журмыг зөрчиж хайгуулын ажилд гарсан зардлыг тусгаагүй байсан нь тогтоогдсон. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг биелүүлж ажиллаагүй тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 1069 тоот шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу  ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн гектар тутамд гаргах зардлын хэмжээ бага тул цуцлах үндэслэл бүрдсэн, хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол нотлох баримтыг ирүүлнэ үү гэж 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6-5386 тоот мэдэгдэлийг мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлжээ. Дээр дурдсан мэдэгдлийг анх ******* тоот тусгай зөвшөөрлийг авахдаа маягт К8, К9 бичиж өгсөн “Ү ” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтаын 32-489 тоот хаягаар хүргүүлж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцлийг зааж өгсөн бөгөөд жил бүр ээлжит жилийн төлбөр төлөх, хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө гаргах, хугацааг сунгуулах зэрэг хөдөлгөөнийг хийх үүргүүдтэй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ү ” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулах” гэж өөрчилж, шүүх хуралдаан дээр маргаан бүхий актын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулахаар тодруулсан тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, нараас бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “Ү ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс “хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна. 

Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1177 дугаар шийдвэрээр  “Ү ” ХХК-ийг 12217А тоот ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн эзэмшигчээр шинэчлэн бүртгэж, мөн өдөр тусгай зөвшөөрлийг олгожээ. Тусгай зөвшөөрлийн хугацааг 2009 онд 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-5386 тоот албан бичгээр  “Ү ” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн гектар тутамд тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэл бүрдснийг, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-6525 тоот албан бичгээр  тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ: гээд 33.1.1-33.1.4-д зардлын доод хэмжээг заасан байна. Мөн хуулийн  33.2-д “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна.” гэж заажээ.

Үүнээс үзвэл тухайн жилд хийх хайгуулын ажлын зардлыг дээрх хуульд заасан нэгж га талбайд буюу гектар тутамд зарцуулах зардлаар тооцсон байх, уг зардал нь хайгуулын ажлын тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан байх шаардлагатай байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 48.1.2-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлэх үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгч “Ү ” ХХК нь 12217А тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шоргоолжийн гол нэртэй газарт 1616 гектар талбайд 5 дахь жилдээ буюу 2010 онд явуулсан хайгуулын ажлын тайланг хуульд заасан хугацааны дотор хүргүүлсэн болох нь уг тайлангийн нүүр хавтаст тэмдэглэгдсэн холбогдох албан захиргааны албан тушаалтаны гарын үсэг огноо /2011.01.28/-оор тогтоогдож байх бөгөөд тайланд тус компани 2010 онд хайгуулын ажилд нийт 11.507.536 сая төгрөг /нэгж га талбайд 7.121 төгрөг/-ийн зардал гаргаснаа тайлагнасан байна. 

Мөн “Ү ” ХХК-ийн харъяалах татварын албанд гаргасан 2010 оны санхүүгийн тайланд дээрх зардал тусгагдаж баталгаажсан байна. 

Гэтэл “хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Ү ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ойлгомжгүй бөгөөд хуульд заасан үндэслэлийг хангахгүй байна. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 56 дугаар зүйлийн 56.1.4-д “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол тусгай зөвшөөрлийг цуцлана.” гэж тус тус  заасан байхад нэхэмжлэгчийн баталгаажуулсан зардлын талаар дүгнэлт хийхгүйгээр “хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцээгүй байна. 

Иймд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул маргаан бүхий акт нь илт хууль бус гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.        

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас 2010 оны “Ү ” ХХК-ний хайгуулын ажлын тайлан, 2011 оны хайгуулын ажлын хүлээн авч баталгаажуулсаны дараагаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Харин Сангийн сайдын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам”-ыг ашиглаж тайлан мэдээг гаргасан эсэх тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар гаргах боломжгүй энэ талаар маргахгүй  гэж тайлбарлсан тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

 Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэр нь илт хууль бус захиргааны акт бөгөөд уг актын улмаас “Ү ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах, хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж дүгнэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.2, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1069 дүгээр шийдвэрийн “Ү ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас 70200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ