Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 02

 

 

АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 сарын 26 өдөр       Дугаар 222/МА2016/00002                           Баруун-Урт

 

Б.Чойжилмаагийн нэхэмжлэлтэй, А.Гансайханд 

холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгч Б.Чойжилмаа, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 124 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн  давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Б.Чойжилмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Гансайханд холбогдуулан “Хашаа байшингийн үнийн үлдэгдэл 6800000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Чойжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2015 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд мал махны бизнес хийсэн. Сүхбаатар суманд хүмүүстэй танилцаад тэндээ 10 сая төгрөгийн өртэй байсан учраас тус суманд буцаж ирж, модны бизнес хийсэн. Модны бизнес хийж өрөө дараад үүнээс 2 хашаа, 2 байшин барих мод үлдсэн. Тэгээд Гансайхантай тохироод 2 айлын газарт банзаар хашаа татаж 6х8 харьцаатай байшин барьсан. Энэ ажлыг 4 дүгээр сард дуусгасан санаж байна. Газрын налуугаас болж нимгэн, зузаан цутгасан. Батжаргалын байшин, Гансайханы байшин хоёр адил тооны банз, адил хөрөнгө орсон. Миний дансанд 700000 төгрөгийг хийсэн нь үнэн. 90000 төгрөг надаас зээлсэн байсан. Байшингийн монтаж, гадна тоосгон өрлөгийг  өөрсдөө хийнэ гэсэн хэлцэлтэй байсан. Бэлэн мөнгө байгаагүй учраас надаас мөнгө зээлж цемент авсан. Тоосго өрөх хөлсийг надаас авсан, үүнийгээ надад буцаан өгсөн. Би замын зардалд нэмэр болгох гэж адуу авсан. Би малыг нь 10000000 төгрөгт тооцно гэсэн. Бархас, Болдоо хоёр намайг мал, авахад борлуулахад тусалсан. Байшингийн чанарыг Батжаргал, Цэцэгмаа хоёр нотолно. Би энэ хүмүүсийг гуйж дутуу материалаа Сүхбаатар аймгийн барилгын материалын дэлгүүрээс авчруулж байсан. Иймд 6800000 төгрөгийг хариуцагч А.Гансайханаас гаргуулж өгнө үү гэв. 

 

 

Хариуцагч А.Гансайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... 1400м2 газарт 16800000 төгрөгөөр 4 тал хашаа болон 1 давхар өвөл зуны зориулалт бүхий байшинг бариулж, сум орон нутгийн банкнаас зээл авч, төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хэлцэл хийсэн. Байшин баригдаж дуусахад гэрчилгээг манай эхнэр Б.Номин-Эрдэнийн нэр дээр гаргуулж хашаа, байшингийн зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй тул Б.Чойжилмаа “гэрчилгээг миний нэр дээр шилжүүлчих, би нэр дээрээ зээл хөөцөлдөөд өгье” гэсний дагуу гэрчилгээг шилжүүлсэн. Гэтэл Б.Чойжилмаагийн нэр дээр зээл бүтээгүй тул тэрээр 10000000 төгрөгөөр тооцоод малаараа ч болтугай төл гэсний дагуу 137 толгой малаа өгсөн ба малын үнэлгээ 10550000 төгрөг болсон. Ингээд тооцоо дууссан гэж өөрөө хэлсэн. Дараа нь манай эхнэр Б.Номин-Эрдэнэтэй уулзаж 700000 төгрөг бэлнээр олоод өг,тэгвэл байшингийн чинь гэрчилгээг та нарын нэр дээр шилжүүлье гэж хэлж мөнгө аваад нотариат дээр очиход нотариат нөхрийн чинь иргэний үнэмлэх байх шаардлагатай гэсний дагуу гэррүүгээ түр явах хооронд явчихсан байсан.  Бид тохиролцсон ёсоороо бүх төлбөрийг төлж дуусгасан байхад 6800000 төгрөг нэхээд байгааг  хүлээн зөвшөөрөхгүй. Харин Б.Чойжилмаагийн дутуу болон огт хийгээгүй ажлуудыг нь гүйцээж хийсэн ажлын хөлс,  материалын зардалд тооцож өгсөн малаа буцааж авах, байшингийн хийгдээгүй орхигдуулсан ажлыг гүйцээж хийсэн болон үүнтэй холбоотой гарсан 3496000 төгрөгийн зардлыг төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гансайханы байшинг туршилтын журмаар барьсан. Энэ байшинд гаргасан алдаагаа засаж Батжаргалын байшинг барьсан. Хүмүүс нь харж байгаад засаж, янзлуулж бариулсан. Чойжилмаа бол Гансайханы хотыг харлуулсан. Байшингийн суурийг нимгэн барьсан. Гэрч Бархасын мэдүүлэгт “ наймаа сайхан боллоо, өглөг авлага цайрлаа, эгчдээ замын зардалд нэг адуу өгчих” гэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх гэж очоод зугтаагаад алга болсон. Хотод очоод малаа өндөр үнээр борлуулсан талаар Бархас гэрчилдэг. Материал хэмнэж хямд зардлаар барьсан. Чойжилмаа авч явсан малаа борлуулж 13000000 орчим төгрөг болгосон, дээрээс нь Гансайхан 700000 төгрөг, 550000 төгрөг бэлнээр өгсөн тул байшингийн үнэ бүрэн төлөгдсөн. 3496000 төгрөг хүнээс өндөр хүүтэй зээлээд энэ зээл нь төлөгдөөгүй одоо бараг 9000000 төгрөг болсон байгаа. 

Одоо хашаа байшингийн гэрчилгээ Чойжилмаагийн нэр дээр байгаа. Гансайхан нь Чойжилмаад 10000000 төгрөгийн малаа өгөөд хашаа байшин ч байхгүй байгаа. Чойжилмаа гэж энэ хүн луйвардаад бүх зүйлийг нь авсан. Энэ асуудал хоёр гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 124 дугаар шийдвэрт: Нэхэмжлэгч Б.Чойжилмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Гансайханд холбогдох “Хашаа байшингийн үнийн үлдэгдэл 6 800.000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Чойжилмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,750 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн давж заалдах гомдолдоо: Б.Чойжилмаагийн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхийн 435 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн бөгөөд Чойжилмаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй. Байшингийн чанар болон дутуу гүйцэтгэсэн гэх ажлын талаар байшингийн гэрээ ордерыг гаргуулах үед зохигчид мэдэж байсан боловч,  энэ талаар зохигчдын хооронд ямар нэг яриа үүсээгүй, ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гэрээ, ордерыг өөрсдийн нэр дээр гаргаж байсан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч, ямар нэг гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэсний дагуу шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар “ Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ” гэсний дагуу зохигчдын дунд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь байшингийн өмчлөлийн гэрчилгээг Номин-Эрдэнийн нэр дээр гаргуулснаар ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Гэтэл Гансайханаас Чойжилмаагийн өрөндөө авсан 137 толгой малыг 10550000 төгрөгөөр тохирч авсан байтал энэ малыг сүргээс нь шилж авч үнэтэй зарсан, Номин-Эрдэнэ байшин, хашаа болох үл хөдлөх хөрөнгөө 10000000 төгрөгөөр үнэлсэн гэж анхан шатны шүүх өрөөсгөл дүгнэж, хууль буруу хэрэглэн Чойжилмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Чойжилмаагийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Чойжилмаа нь хариуцагч А.Гансайханаас “хашаа, байшингийн үлдэгдэл үнэ 6800000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг хариуцагч “Би түүний хүсэлтээр 10550000 төгрөгийн 137 толгой мал  өгч тооцоогоо дуусгасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Чойжилмаа нь хариуцагч А.Гансайхан, Б.Номин-Эрдэнэ нартай “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутагт байрлах хариуцагчийн эхнэр Б.Номин-Эрдэнэ, хүү Г.Баасандорж нарын өмчлөлийн 1400 м2 талбай бүхий газар дээр банзаар 4 тал хашаа барьж, түүнийхээ гадна талыг байгалийн будгаар зосдон, нүүрэн талыг нь алхан хээгээр чимэглэх, мөн хашаанд  6х8 харьцаатай, бүргэд болон  модон хаалга бүхий 4  вакум цонхтой, 3 өрөө палкан байшин барьж, бүрэн дээвэрлэн, ханыг шилэн хөвөнгөөр дулаалан, битүү брус мод, хадан гипсэн хавтангаар доторлон ханыг обойдож, лампирэн тааз, паркетэн шал хийж, түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгч, тэдгээрийн Б.Номин-Эрдэнэ нарын нэр дээр  хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулсны  дараа тэд банкны барьцаанд тавьж, зээл аван хашааны 4800000 төгрөг, байшингийн 12000000 төгрөг, бүгд 16800000  төгрөгийг  төлөхөөр  тохиролцож” амаар хэлцэл хийсэн талаар зохигчид 

маргаагүй байна. 

 

Мөн нэхэмжлэгч хариуцагчтай амаар хийсэн хэлцлийн дагуу Сүхбаатар сумын 2 дугаар баг, Булгийн гудамжны 0 тоотын Б.Номин-Эрдэнэ, Г.Баасандорж нарын өмчлөлийн 1400 м2 газарт хашаа татаж, тус газар дээр 48 м2 талбай бүхий палкан байшин барьж, А.Гансайхан, Б.Номин-Эрдэнэ нарт хүлээлгэн өгч, хариуцагч уг хувийн орон сууцаа эхнэр Номин-Эрдэнийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгийн  улсын бүртгэлийн газар бүртгүүлэн 000385344 дугаартай  гэрчилгээ авч, банкнаас зээл авахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй юм. Тиймээс Б.Чойжилмаа нь тэдгээрийн газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн 3 гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэн тэдэнд зээл авч өгөхөөр хөөцөлдөөд бүтээгүй талаар ч зохигчид маргадаггүй юм.      

 

Харин тэдгээр нь “10550000 төгрөгийн 137 толгой малаар тооцоо дуусгасан” эсэх дээр маргалддаг хэдий ч нэхэмжлэгч “хашаа, байшингийн үнэ 16800000 төгрөгт 10000000 төгрөгийн мал авч тооцоо дуусгах талаар А.Гансайхантай тохиролцоогүй” гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч А.Гансайхан нь Б.Чойжилмаа надтай “Та нар малчин хүмүүс тул 10000000 төгрөгийн мал өгчих, тооцоо дуусгая гэсний дагуу 10550000 төгрөгийн  137 толгой мал өгч тооцоо дуусгасан” тухайгаа гэрч Ө.Бархас, Н.Түмэнжаргал нараар нотлуулсан гэж хуульд заасан журмын дагуу гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэн, эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох  зүйл хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч...хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...,худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

 

Нэхэмжлэгч Б.Чойжилмаа нь өөрийн хөрөнгөөр барьсан 1400 м2 хашаа, 6х8 харьцаатай байшингаа хариуцагчтай амаар тохиролцож, түүний өмчлөлд хуульд заасан журмын дагуу шилжүүлэн, хашаа байшингийн үлдэгдэл үнийг нэхэмжилсэн нь  худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 124 дүгээр шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэйн зэрэгцээ түүний тус шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дугаар сарын 14-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нэхэмжлэгч” гэсний өмнө “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

Хоёр.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Гурав.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 124000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

ДАРГАЛАГЧ О.БААТАРСҮХ

ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ

Д.БАЙГАЛМАА