Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0352

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0352

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Э.П нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гаргасан давж заалдах гомдлоор, Э.П нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Э.П 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 85 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 26, 27, 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.2.4, 40.2.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 85 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.П урьд эрхэлж байсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шийдвэр гарах 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 108 хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх ...... /........./ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Э.П олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчим нь хуульд гагцхүү хуульд заасан агуулгаар нь хэрэглэх, хуулийн утга санаанаас өөрөөр буюу гуйвуулан хэрэглэж болохгүй гэсэн утга санааг илэрхийлсэн байдаг...” гэж зөв дүгнэсэн боловч “...шийдвэр гаргахад баримталбал зохих хуулийг тодорхойлоогүй, захирамж гаргах үндэслэл болсон шалтгааныг дурьдаагүй, захиргааны акт гаргасан этгээдийн гарын үсэг зурагдаагүй буюу захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах нөхцөлүүдийг хангаагүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн нь хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийг бүрдүүлж байна. Учир нь

а/ Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Заавар шинэчлэн батлах тухай” /Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх/ зааврын 3 дугаар зүйлийн 31-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын тамгыг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга болон дэд дарга, Ерөнхий сайдын гарын үсэг зурсан баримт бичигт дарна” гэж заасныг;

б/ Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 189 дүгээр тушаалыг үндэслэн Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2 дугаар зүйлийн 2.3.13-т “Баримт бичгийн хуулбар хувийг байгууллагын тэмдгээр баталгаажуулах бөгөөд хэвлэмэл хуудсан дээр үйлдэж болно. Тогтоол, тушаал, захирамж зэрэг захирамжлалын баримт бичгийн хуулбарыг холбогдох газруудад хүргүүлэхдээ “хуулбар үнэн” гэсэн тэмдэглэл хийхгүй, зөвхөн байгууллагын тэмдэг дарж, баталгаажуулна” гэж заасныг;

в/ Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны “Ажлаас чөлөөлөх тухай” 85 дугаар захирамжийн 1-д “Албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь...” гэж дурдсаныг тус тус харгалзан үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

2. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа маргаан бүхий захиргааны актын эх хувийг нотлох баримтаар эрх бүхий байгууллагаас гаргуулалгүйгээр, хэрэгт авагдсан маргаан бүхий захиргааны актын хуулбар хувьд үнэлэлт, дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Ажлаас чөлөөлөх захирамж” нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэсэн байна. Хуулийн энэхүү заалт нь нийтийн албан тушаалтныг нийтийн албан тушаалаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулахад баримтлах заалт байх боловч уг хуулийнхаа..., 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн..., ...ажлаас чөлөөлөх тухай захиргааны шийдвэрт дээрх тохиолдлуудын алийг хэрэглэсэн нь буюу ямар зөрчил гаргасан болохыг тодорхойлоогүй нь хуулийг зохих ёсоор хэрэглээгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно” гэж дүгнэсэн нь маргаан бүхий актын 1-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулан улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь..., ...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1...” гэж заасныг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны актаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа хийж шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, шийдвэр гарах болсон нөхцөл, үндэслэлийн талаар танилцуулах, санал авах, уг захиргааны акт гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг заавал олгохоор заасан байна. Гэтэл “хэрэгт маргаан бүхий актыг гаргахтай холбоотойгоор нэхэмжлэгч Э.П сонсох ажиллагаанд оролцуулахаар мэдэгдсэн, санал тайлбарыг нь авсан талаарх баримт байхгүй байгаа тул захиргааны шийдвэр гаргахад шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Учир нь “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т “биечлэн уулзах”, 27.4.4-т “утсаар санал авах” гэж тус тус заасан арга хэлбэрээр явуулсан болох нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “..., ...бид Э.П дуудаж уулзсан. Э.П дуудаад “Та өргөдлөө өгөхгүй бол арга хэмжээ авна. Та өргөдлөө өгөх үү” гэж асуухад Э.П “Шүүхэд хандана” гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байгааг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй нь буруу байна.

5. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “..., ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7-т заасныг баримтлан...” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны гол үйл баримт болсон “…албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан…” гэх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон Ерөнхий сайдын захирамжийн үндэслэлд ямар ч дүгнэлт өгөөгүй, түүнчлэн захирамжийг хэлбэрийн талаас “…гарын үсэг зурагдаагүй…” гэх байдлаар буруу үнэлсэн байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.П гаргасан “зөрчил”-д хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүйгээс Төрийн албаны тухай хуулийн дагуу тус тус хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзвэл нийтийн албан тушаалтных нь хувьд хариуцлага хүлээлгэх эрх хэмжээ хариуцагчид хуулиар олгогдсон байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар анх дээрх албан тушаалд томилогдсон Э.П нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн эгч Э.З гүйцэтгэх захирлаар ажилладаг “Т” ХХК-ийн “Э” ХХК-иас сарын ..... сая төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан 300 м.кв талбайг сарын ........ сая төгрөгөөр түрээслэх давхар гэрээг тус компанитай 2016 оны 6 дугаар сарын 13-наас эхлэн 1 жилийн хугацаатай байгуулсан нь мөн өдрийн 18 дугаар бүхий түрээсийн гэрээ, дотоод аудитын тайлан, прокурорын тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, санхүүгийн баримтууд зэргээр тогтоогдсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчдөөс ч үүнийг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй болно. 

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 757 дугаар албан бичигт дурдсанаар Э.П нь уг албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албаны сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалтын дүнгээр томилогдоогүй, өөрөөр хэлбэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын санал болгосноор шууд томилогдсон албан тушаалтан боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу дээрх зөрчилтэй нь холбогдуулж түүнд нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний хугацаанд ....... сая төгрөгийн хохирол учруулсан нь нэгэнт тогтоогдсон, мөн ийм гэрээ байгуулснаар хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөнд тооцогдоно.

Нэхэмжлэгч тухайн албан тушаалд анх томилогдохдоо хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан нь Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.1.21-д “…Ерөнхий сайдаас томилогддог бусад албан тушаалтан” гэсэн зохицуулалтын хүрээнд хийгдсэн, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас түүний нийтийн албанд томилогдохоор гаргасан дээрх мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулж байсан зэргээс тус тус дүгнэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилох, халахын аль ч тохиолдолд нэгэн адил үйлчилнэ.

Харин Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 08 дугаар тогтоолын энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянах эрх тус шүүхэд олгогдоогүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.П гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн “Ажлаас халах тухай” 85 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН