Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00898

 

Э.Хангалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00298 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 877 дугаар магадлалтай,

Э.Хангалын нэхэмжлэлтэй,

М.Мөнхзулд холбогдох,

хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн,

хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Хангалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Хангал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Хангал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.Мөнхзултай танилцаж найз нөхдийн хэмжээнд харилцаатай байсан ба 2014 оны 6 сарын 19-нд хүү Х.Гүн-Ухаан төрж, хамтран амьдарсан. Амьдралын хэрэгцээний түвшинд бүхий л зүйлээр хангаж дутах зүйлгүй байлгахыг хичээж ажилласан. 2015 оны 1 сард намайг орон гэрээсээ хөөж үүнээс хойш хүүхдийн арчилгаа эрс муудаж бохир заваан хувцас, гар нүүртэй байх, ханиад томуу салахаа байсан. Миний зүгээс 2 дахь жилдээ оношлогоо эмчилгээ хийлгэж, томуу, хатгалгаа болон бусад шаардлагатай бүх төрлийн вакциныг хийлгэж байна. 2016 оны 6 сарын 14-ны өдөр эхийнх нь зусланд очиход хүүгийн нүүр амьтанд хазуулсан олон тооны шархтай, маажуулсан хумсны шархтай байсан. М.Мөнхзул  2 өөр эцгээс хүүхэдтэй, удаа дараа хүүгийн нэрийг барьж мөнгө нэхдэг, хүүхдийн эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож хүүхдийн ирээдүйн эрхийг хамгаалж хүү Х.Гүн-Ухааныг миний асрамжид өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э.Хангалыг хань минь 2 хүүхдийн эцэг гэж амьдарсан. Миний хувьд оюутан байхаасаа ажил хийж, мэргэжлээрээ ажиллаж, өөрийн цуглуулсан мөнгөөрөө дэлгүүр ажиллуулж мөн иогийн багшаар ажиллаж байна. 2013 оны 9 сард жирэмсэн болж төртлөө, төрсний дараа ч ажлаа хийсэн. Э.Хангал мөнгө ярьж, байр машинаа томсгоод баян тансаг амьдрах сонирхолтой, хувиа бодсон нэр төр хөөгч, хүүхэмсэг эр болохыг сайн ойлгосон. Би хүүгээ юугаар ч дутаахгүйн тулд өдөр, шөнөгүй ажиллаж 2011 оны 4 сард Рапид харш хороололд 2 өрөө байр, машин авсан. Харин Э.Хангал Баянмонгол хороололын 2 өрөө байраа зарж өөрийн бизнестээ оруулаад манайд амьдрах болсон. Хүүхдээ төрсөн тэр цагаас эхлэн орхиод явах хүртэл 6 сар эцэг хүнийхээ үүргийг хагас дутуу биелүүлж байсан. Төрсний дараа намайг сүү, живхний мөнгөгүй орхиод явснаас хойш би өөрөө бүгдийг болгож 2 хүүгээ хэнээс ч дутуугүй аваад явж байна. 2 үрийг минь өнчрүүлж, 1 хүүхдийг минь салгах гэж байгаад харамсаж байна. Бид хуулиар баталгаажсан гэр бүл биш, хамтран амьдрагсад байсан бөгөөд амьдралын баталгаат өмч хөрөнгөтэй, өөрөө эрүүл саруул, хөдөлмөрийн болон өөрийгөө удирдан жолоодох чадвартай, эрх зүйн чадамжтай байхад миний эрхийг зөрчиж хүүхдийг минь авах гэж эх хүний, эмэгтэй хүний, хүүхдүүдийн эрхийг зөрчиж үндэслэлгүй нотолгоогүй нэхэмжлэлийг гаргаж байна. Миний том хүү дүүгээ төрсөн цагаас нь  хайрласан, 2 хүү амь нэгтэй эрүүл саруул өсөж байгаа. Би 2 хүүгээ элэг бүтэн өсгөхийн тулд түүнийг гуйж ая талыг нь харж ирсэн. Миний хүүг бутач, рахиттай гэж хэлж байгаа нь нэхэмжлэгчийн хүүхэдтэй хэрхэн харьцах хандлага нь харагдана. Бага насны хүүхэд эхтэйгээ хамт байх нь илүү тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мөнхзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  хүү Х.Гүн-Ухааны төрсний гэрчилгээ, гадаад паспортыг надад хэлэлгүй аваад явсан. Хүүгээ эмнэлэгт үзүүлэх, сургах, улсын цэцэрлэгт өгч чадахгүй зэргээр миний болон хүүхдийн эрх зөрчигдөж байх тул Э.Хангалаас хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би Монгол улсад байсан, миний утасны дугаар болон ажлыг мэдэж байсан байж хүүхдийн бичиг баримтыг өг гэсэн бол өгөх байсан. М.Мөнхзул өмнө нь хүүхдээ аваад гадаад гарч амьдарна гэж ярьж байсан болохоор  хүүхдийг нууцаар аваад явж магадгүй гэсэндээ бичиг баримтыг авсан, надад гэрчилгээ, паспорт байгаа. Хүүхдийг гэрчилгээгүйгээс эмнэлэгт үзүүлж, цэцэрлэгт өгч чадаагүй гэдэг нь худал гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00298 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Х.Гүн-Ухааныг эцэг Боржигон овогтой Эрдэнэбатын Хангалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул М.Мөнхзулыг эхийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь Э.Хангал хориг саад болохгүйг даалгаж, Хариуцагч М.Мөнхзул нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 877 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Хангалын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Х.Гүн-Ухааныг эцгийн асрамжид үлдээхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Х.Гүн-Ухааны төрсний гэрчилгээ, гадаад паспортыг эх М.Мөнхзулд олгохыг Э.Хангалд даалгасугай” гэж, 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг “2” гэж, 5 дахь заалтыг “3” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Хангал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 877 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг гаргаж байна.

Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 183/ШШ2017/00298 дугаар шийдвэр хуулийн шаардлагыг хангасан, хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн шийдвэр байсан.

Миний зүгээс амьдралын хэрэгцээний түвшинд бүхий л зүйлээр хангаж дутах зүйлгүй байлгахыг хичээж ажилласан. 2015 оны 1 сард намайг орон гэрээсээ хөөж үүнээс хойш хүүхдийн арчилгаа эрс муудаж ханиад томуу салахаа байсан тул олон улсын эмнэлэгт гишүүнчлэл нээж, 2 дахь жилдээ оношлогоо эмчилгээ болон бүх төрлийн вакциныг хийлгэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болоогүй байна гэж үзэн шийдвэрт өөрчлөлт оруулсныг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримт, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үнэлээгүй гэдгийг ямар баримтад үндэслэн гаргасан шийдвэр болох нь тодорхойгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд “Гүн- Ухааныг эцэг эхийнхээ хэнтэй нь амьдрах саналаа илэрхийлэх насанд хүртэлх хугацаанд одоогийн амьдарч буй гэрт, ээж Мөнхзулын асран хамгаалалд үлдээх саналтай байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр яг энэ саналаар гарна гэсэн үг биш. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

Мөн хүүг эхээс нь салгах нь түүнд муугаар нөлөөлнө гэж дүгнэсэн нь учир дутагдалтай хүүг эцгээс нь салгавал ямар муу талтайг бас бодож үзэх ёстой. Зөвхөн эхээс нь салгавал ... гэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаад эцэг хүний хувьд гомдолтой байна. Энэ шийдвэр нь хүүхэд эхийн халамжинд байх ёстой мэтээр нэг талыг барьж шийдвэрлэсэн шийдвэр байгаа тул эс зөвшөөрч байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 877 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Э.Хангалын “...хүү Х.Гүн-ухааныг өөрийн асрамжид авах” тухай  нэхэмжлэлийг хариуцагч М.Мөнхзул эс зөвшөөрч, хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.  

Зохигчдын хамтран амьдрах хугацаанд хүү Х.Гүн-ухаан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, тэд нар 2015 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь тогтоогджээ.

Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн шинжээч нь “...эцэг эхийнхээ хэнтэй нь амьдрах саналаа илэрхийлэх насанд хүртэлх хугацаанд Х.Гүн-Ухааныг одоогийн амьдарч буй гэрт, эх М.Мөнхзулын асрамжид үлдээх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргажээ. 

Анхан шатны шүүх хүүхдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээхээр шийдвэрлэхдээ Э.Хангал нь хүүхдэд хандах анхаарал халамж сайн, орон байр, эдийн засгийн баталгааны хувьд хариуцагчаас илүү боломжтой үзсэн нь учир дутагдалтай болжээ. 

Бага насны хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй байхад төрсөн цагаас хойш ээжтэйгээ хамт байгаа хүүхдийн   дассан орчныг солих нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх энэ байдлыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, шийдвэрт өөрчлөлт оруулж хүү Х.Гүн-ухааныг эх М.Мөнхзулын асрамжид үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах шаардлагыг зөрчөөгүй байна.

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Хүүхдийн одоогийн өсөж, хүмүүжиж буй нөхцөл дордоогүй, түүний эрүүл мэнд, хүмүүжилд сөрөг өөрчлөлт ороогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Харин М.Мөнхзул нь Э.Хангалыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 877 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Хангалын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ