Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02016

 

 

Ц.О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02635 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Ц.О

Хариуцагч: ЭМ ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц.О нь ЭМ ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, дэд бүтэц, уул уурхайн технологийн газарт дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

 

1.2 Ц.О гийн ажиллаж байсан ажлын байр хасагдаагүй. Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтэн ажлын байрны чиг үүрэг, нэршил өөрчлөгдсөн. ЭМ ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах чиг үүрэгтэй тул Ц.О гийн ажиллаж байсан албан тушаал зайлшгүй шаардлагатай.

 

1.3 Ажил олгогч ажилтныг бөөнөөр халах бол ажилтны төлөөлөлттэй хэлэлцээр хийх ёстой. Гэтэл ЭМ ХХК ажилтны төлөөлөлттэй хэлэлцээр хийгээгүй.

 

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс ЭМ ХХК-ийн 2019, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудын өнөөгийн байдалд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж, зөвлөмж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын дүнгийн тухай тогтоолын хамтаар ирүүлсэн.

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар ЭМ ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн, компанийг нэгдлийн бодлого, зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг бататгасан. Компанийн шинэчлэн баталсан дүрэмд холбогдуулан Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-т шинэчлэн баталсан дүрэмд нийцүүлэн ЭМ ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан.

 

Мөн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 225 дугаар тогтоолоор ЭМ ХХК-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газруудыг Эрдэнэс монгол нэгдлийн харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

 

2.2 ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалт болон ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн баталсан. ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/61 дүгээр тушаалаар дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтний ажлын байр хасагдсан. Ц.О гийн ажлын байр, албан тушаал компанийн зохион байгуулалтын бүтцэд байх эсэх асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу гүйцэтгэх захирал тодорхойлох эрхтэй.

 

2.3 Ц.О д 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/448 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т зааснаар бөөнөөр халах асуудлаар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажилтны төлөөлөлтэй хэлэлцээр хийсэн талаар баримт хэрэгт авагдсан. Компанийн бүтцээс дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтний ажлын байр байхгүй болсон тул тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О г урьд эрхэлж байсан Дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭМ ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31,519,461 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О гийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 08 дугаар 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ЭМ ХХКд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч ЭМ ХХК-аас 315,547 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй буюу шуудангийн баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх ажил олгогч ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсэн талаарх цахим шуудангийн баримтыг үнэлээгүй. ЭМ ХХК-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор Ц.О д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар мэдэгдсэн.

 

4.2 Анхан шатны шүүх ЭМ ХХК нь ажилтныг бөөнөөр халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтэст мэдэгдэл хүргүүлсэн тухай баримтыг хэрэгт өгсөн боловч ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ЭМ ХХК-ийн хамтын гэрээний 7.4-д заасны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид нь ажлаас чөлөөлөгдсөн, тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллах боломжгүй болсон тул ажилчид төлөөллөө сонгож оролцуулсан талаар баримт хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг бодитой дүгнээгүй.

 

4.3 Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хуулийн ямар зүйл, заалтад хамаарч байгаа талаар тодорхой дүгнээгүй. Ажил олгогч тушаалын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэсэн. Гэтэл ажлын байрны бүтэц, орон тоо хасагдсан талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, ажлын байрны хууль зүйн шинжилгээ болон тодорхойлолтуудаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Шүүх эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй.

 

4.4 ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар батлагдсан ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэж байж болохуйц ажлын байрны тодорхойлолтууд хэрэг авагдсан боловч Дэд бүтэц, тээвэр ложистик хариуцсан мэргэжилтэн-ний ажлын байрны чиг үүрэгтэй давхардаагүй нь гэрч Д.Эрдэнэ-Очирын мэдүүлгээр нотлогдоно. Тухайн ажлын байр хадгалагдаагүй, нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 ЭМ ХХК нь Ц.О д ажлаас чөлөөлөх мэдэгдлийг шуудангаар явуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөх талаар утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан. Бичгээр мэдэгдэл аваагүй.

 

5.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.3-т зааснаар ажилтныг бөөнөөр халах хэлцлийг хийгээгүй. ЭМ ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлд хамтын гэрээ хэрэгт авагдсан. Хамтын гэрээний 7.4, 7.5-т компанийн бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбоотой асуудал ажилтын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох эрх бүхий удирдлагын шийдвэр, уулзалт, хуралд Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оролцуулна, компани нь нийт ажилчдын эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хангаж ажиллах бөгөөд түүнд нөлөөлж болохуйц компанийн хэмжээнд үнэлэгдэх дотоод журам, дүрэмд өөрчлөлт оруулах, Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөнө гэж заасан.

 

Мөн хамтын гэрээний 8 дугаар зүйлд энэхүү хамтын гэрээг зөрчил гаргасан аливаа шийдвэр нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5-т хамтын гэрээ компанийн бусад дүрэм, журамтай зөрчилдөх бол хамтын гэрээг дагаж мөрдөнө гэж, мөн зүйлийн 2.5-д хэм хэмжээ хоорондоо зөрчигдөх юм бол ажилтанд аль ээлтэй байдлын зарчим хэрэглэнэ гэж тус тус заасан.

 

5.3 ЭМ ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэл татан буугдсан эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2019 онд тухайн сонгуульт ажилтнууд үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн нь хамтын гэрээ болон Үйлдвэрчний эвлэл татан буугдсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Гэрч Ү.Уранбилэг мэдүүлгээр халагдах ажилтны тоог багасгахаар шинээр 18 ажилтан бий болсон байна, шинээр бий болж байгаа ажлын байранд ямар үндэслэлээр ажилтнуудыг авах талаар хэлэлцээр хийе гэхэд ажилтнууд хэлэлцээр хийгээгүй гэдэг нь нотлогдоно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан бөөнөөр халах хэлэлцээр хийгдээгүй. Мөн Д.Эрдэнэ-Очирын мэдүүлгээр Ц.О гийн хийж гүйцэтгэж байгаа тээвэр, логистикийн ажил Гашуун сухайт авто зам ХХК-ийн замд 300 гаруй гэрээнүүдийн хяналтын ажлыг хийсэн. Энэ ажлыг Д.Эрдэнэ-Очир үргэлжлүүлээд хийж байсныг зөвшөөрсөн.

 

Авто замын хяналт буюу мониторинг дүн шинжилгээ хийх ажлыг Д.Эрдэнэ-Очир нь хийж гүйцэтгэдэг боловч амжихгүй байгаа тул хийж гүйцэтгээгүй гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээр тухайн ажлын байр хасагдаагүй нь нотлогдоно. ЭМ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 чиг үүрэг баталсан тушаалын ашиглалт судалгааны хэлтсийн 4, 6, 7-д чиг үүргийг заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч ЭМ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан гэх агууллагаар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, ЭМ ХХК-ийн дүрмийн 7.7.3, 7.7.4, Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.9, 11.4.1, Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг үндэслэн Дэд бүтэц, тээвэр ложистик Ц.О той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /1хх-7/

 

4. ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ. /1 хх 59-70/ Уг тушаалын 2 дугаар хавсралтад Дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны нэр тусгагдаагүй байна. /1хх 69/

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Ийнхүү цуцлах тухайгаа мөн зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь өөрийн салбар, нэгжийг татан буулгах, ажлын байрыг хасах, орон тоог цөөрүүлэх эрхтэй, үүнтэй холбоотой ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч ийнхүү цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан тусгай журмыг мөрдөх үүрэгтэй.

 

5.1 Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр цуцалж буй 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг мөн зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь тухайн тушаалыг хуульд заасан журам, хугацааны дагуу нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан ЭМ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/448 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн ар талд ...шуудангаар 2022.06.07-ны өдөр явуулсан гэх бичвэр бичигдсэн байгаа нь хариуцагчийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. ЭМ ХХК-ийн дүрмийн 3.3.4-т компанийн үндсэн үйл ажиллагааг эрхлэх хүрээнд ашгийн төлөө зам, тээвэр, ложистикийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр заажээ. /1хх 33 ар тал/ Хариуцагчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаал болон тушаалын 2 дугаар хавсралтад Дэд бүтэц, тээвэр логистик хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрыг хассан гэх боловч компанийн дүрмээр тухайн ажлын байранд заасан үйл ажиллагааны чиг үүрэг хэвээр байна. Өөрөөр хэлбэл, тухайн ажлын байр хариуцагч байгууллагад шаардлагагүй болсон буюу ажлын байрыг бодитоор хассан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн ажлын байр хадгалагдаагүй, нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нотлох үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. ЭМ ХХК болон ЭМ ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хамтын гэрээ хэрэгт авагджээ. /1хх 126-129/ Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчид ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралд ажилтны төлөөллөөр Ү.Уранбилэгийг оролцуулсныг ажилтны төлөөлөлтэй хэлэлцээр хийсэн гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3 дахь хэсэг болон ЭМ ХХК болон ЭМ ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хамтын гэрээ-ний 7.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэнийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...компанийн үйлдвэрчний эвлэл ажиллах боломжгүй учир ажилтны төлөөллөөс ажилчид оролцож ...хэлэлцээ хийгдсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН