Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0251/и |
Дугаар | 329 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 329
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг8 3-р 48-р байрны 25 тоотод оршин суух Доржсүрэнгийн Эрдэнэбаярын /РД:АЗ71071231/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн 44-р байрны 30 тоотод оршин суух Екос овогт Нэргүйн Анхтуяа /РД:АЮ89020867/ холбогдох
8.723.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 сарын 20-ны иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Н.Анхтуяа нь 2016 оны 02 сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөгийг 4-5 хоногийн хугацаатай зээлсэн. Энэ хугацаанд 300.000 төгрөгийг хүүтэйгээр зээлсэн. Гэтэл өгнө гэсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй, утсаар ярихаар одоохон өгнө. Данс руу чинь хийнэ гэж худлаа ярьсаар өдийг хүрлээ. Сүүлд 350.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. ...Иймд Н.Анхтуяагаас үндсэн зээл болох 6.000.000 төгрөг, хүү 1.150.000 төгрөг, 44 хоногийн алданги 1.573.000 төгрөг, нийт 8.723.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Анхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Эрдэнэбаяраас 6.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Энэ авсан мөнгөнөөсөө 350.000 төгрөгийг төлсөн. Надад хүү алданги төлөх амьдралын боломж байхгүй байна. Иймээс хүү алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
Зохигчдид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хүү алдангиийн үнийн дүнгээс 1.723.000 төгрөгийг хасч тооцохоор хариуцагч талтай тохирч эвлэрэх санал гаргасан. Үүнийг хариуцагч зөвшөөрч нийт 7.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 06-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр хариуцагч Н.Анхтуяагаас 8.723.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг 1.723.000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 7.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 06-ны өдрийн дотор Н.Анхтуяагаас гаргуулж авахаар, хариуцагч Н.Анхтуяа 7.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярт төлж барагдуулна гэж эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд зохигдчын эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарьлах талаар зохигчид тохиролцоогүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон 7.000.000 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154.518 төгрөгнөөс 27.570 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 63.475 төгрөг, хариуцагч Н.Анхтуяагаас 63.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнбаярт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Доржсүрэнгийн Эрдэнэбаяр /РД:АЗ71071231/ нь 8.723.000 /найман сая долоон зуун хорин гурван мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ 1.723.000 /нэг сая долоон зуун хорин гурван мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 7.000.000 /долоон сая/ төгрөгийг 2016 оны 08 сарын 06-ны өдрийн дотор хариуцагч Екос овогт Нэргүйн Анхтуяа /РД:АЮ89020867/ төлөхөөр тохиролцсон зохигдчын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154.518 төгрөгнөөс 27.570 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 63.475 төгрөг, хариуцагч Н.Анхтуяагаас 63.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН