Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 177

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Э.У /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ут холбогдох эрүүгийн 1911 00438 0178 дугаартай хэргийг 2019 оны 02 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржгон овогт Элбэгбаярын Ууганбаяр, 1991 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Сонгдо” эмнэлэгт тогооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-29 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:УШ91072731/

 

Шүүгдэгч Э.У нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ согтуугаар 2019 оны оны 01 дүгээр сарын 25-26 ны шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1-29 тоотод Б.Шижиржаргалыг “хүнтэй танилцсангүй” гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, хутга, заазуураар зүүн гарын тохой, баруун чих, хацрыг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, өөрийн төрсөн эцэг Г.Элбэгбаярыг дээрх үйлдлийг таслан зогсоох зорилгоор Э.Уыг гараараа барих үед заазуураар баруун бугалгыг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                    

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.

Шүүгдэгч Э.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-45-46/ “..2019 оны 01 сарын 26-ны өдөр би ажлаа тараад найз Цагаантогоогийн хамтаар хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо байх пабд хүний 3-н шил пиво уусан. Бид 2 пиво ууж дуусчихаад манай гэр рүү явсан ба бид 2 манайд хоноод өглөө нь ажилдаа хамт явах гэж байсан юм. Хашааныхаа гадаа очоод гэр рүүгээ оролгүйгээр дүүгийнхээ гэрт ороод 0,5 граммын нэг шил архийг найз Цагаантогоогийн хамтаар хувааж уусан ба би эхлээд гэр рүүгээ ортол манай аав хажуу хашааны ах Шижирээ 2 архи уугаад сууж байсан. Би эргэж гараад дүүгийнхээ гэрт ороод найзыгаа дуудаад эргээд хамтдаа манай гэр рүү орсон. Би аав болон Шижирээ ах хоёрт манай найзтай танилц гэж хэлсэн ба Шижирээ ахтай би маргалдсан юм. Маргалдаж байгаад ууж байсан архины шилээр нь Шижирээ ахын толгой хэсэгт нь цохиод хутганы комноос заазуур аваад Шижирээ ах руу заазуураар далайтал чих хэсэгт нь оносон ба мөн гарыг нь заазуураар зүсэж гэмтээсэн юм. Тэр үед манай аав голоор орж салгах гэж байгаад заазууранд өртөөд гарын бугалга хэсгээ зүсүүлчихсэн байсан. Тэгээд манай найз аав 2 надаас заазуур булааж авсан ба би хутганы комноос улаан иштэй хутга авсан. Тэгээд Шижирээ ах гараад зугатаасан ба удалгүй цагдаа орж ирээд намайг аваад эрүүлжүүлэх байранд хүргэсэн..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Элбэгбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16/ “..2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орой 23 цагийн орчимд би хажуу хашааны залуу Шижирээтэй 0.33 граммын архи хувааж уух гээд дангаж задлаад нэг нэг удаа уучихаад сууж байтал манай хүү Э.У найзын хамтаар гэртээ ороод ирсэн. Орж ирэхдээ халамцуу байдалтай байсан ба манай найзтай танилц гэж хэлсэн. Тэгээд Шижирээ бид 2 танилцсан бөгөөд манай хүү дахиад манай найзтай танилц гэж хэлтэл Шижирээ танилцчихсан гэж хэлтэл манай хүү уурлаад бидний уух гэж байсан архийг аваад Шижрээгийн толгойруу шидчихсэн юм. Тэгээд Шижирээ босоод иртэл манай хүү үүдний хэсэгт байрлах хутганы комноос эхлээд хар иштэй хутгыг аваад Шижирээрүү дайраад гарыг нь зүсчихээд дараа нь заазуур барьж аваад толгойруу нь цохиод байсан юм. Би болохоо болилоо гэж бодоод дундуур нь салгах гэж ороод Шижирээг зугтаа гэж хэлтэл Шижирээ гараад явсан. Манай хүү дундуур нь орох үед миний баруун гарын булчин хэсгийг зүсчихсэн юм... надад гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Шижиржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20/ “..ирээд манай найзтай танилц гэж дахиж хэлэхээр нь би танилцчихсан гэж хэлтэл надруу агсраад дайраад бид хоёрын уух гэж байсан архины шилээр толгой руу цохиод гал тогооны хэсэг рүү яваад хар иштэй улаан эмжээртэй хутга аваад над руу далайгаад миний зүүн гарын шуу хэсгийг зүссэн, удалгүй дахиж яваад ногоон иштэй заазуур аваад намайг тонгойх үед миний чихийг зүсчихсэн юм... Би Ууганбаяр гэгчтэй маргалдаагүй..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Эрдэнэтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-21-22/ “..манай нөхөр Б.Шижиржаргал нь байшингийх нь ард талд цусаа гойжуулсан байдалтай гадаа зогсож байсан... юунаас болж зүсүүлсэн талаар нь би хэлж мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Цагаантогоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29-30/ “..тэгээд Ууганаагийн хашаанд ороод дүүгийнх нь гэрт нэг шил 0.5 граммын Хараа нэртэй архийг Ууганаа бид хоёр хувааж уусан... цүнхээ газарт тавьчихаад эргээд хартал нөгөө ах гараад гүйж байсан ба Ууганаа гартаа заазуур барьчихсан байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1860 дугаартай дүгнэлтэнд: /хх-36/ “..Г.Элбэгбаярын биед баруун бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1760 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-37/ “..Б.Шижиржаргалын биед баруун чихний дэлбэн, баруун хацар, зүүн гарын тохойнд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун чихний дэлбэн, баруун хацар, зүүн гарын тохойнд шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-12/ болон шүүгдэгч Э.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, хохирогч нарын гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-101-102/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.У нь согтуугаар 2019 оны оны 01 дүгээр сарын 25-26 ны шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1-29 тоотод Б.Шижиржаргалыг “хүнтэй танилцсангүй” гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, хутга, заазуураар зүүн гарын тохой, баруун чих, хацрыг зүсэж түүний биед баруун чихний дэлбэн, баруун хацар, зүүн гарын тохойнд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, өөрийн төрсөн эцэг Г.Элбэгбаярыг дээрх үйлдлийг таслан зогсоох зорилгоор Э.Уыг гараараа барих үед заазуураар баруун бугалгыг нь зүсэж түүний эрүүл мэндэд баруун бугалганы зүсэгдсэн гэмтэл тус тус үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна.  

Шүүгдэгч нь хохирогч нарыг цохисон, үүний улмаас тэдгээрт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.У нь “Хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Уаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Уыг “ Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ут оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Э.Ут торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Б.Шижиржаргал, Г.Элбэгбаяр нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  урт нь 35 см, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг,  29 см ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржгон овогт Элбэгбаярын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  урт нь 35 см, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг,  29 см ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХБАЯР