Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 139

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Нарантуяа, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Д.Агар /томилолтоор/

Иргэдийн төлөөлөгч Г.Болормаа,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц.Ад холбогдох эрүүгийн 1811 01525 0698 дугаартай хэргийг 2018 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Хасаг овогт Цэвээндоржийн Алтанай, 1961 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 27 дугаар гудамж 336 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧП61042401/.

 

Шүүгдэгч Ц.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, Дэнж 27 дугаар гудамж 336 тоотод өөрийн нөхөр Н.Алтангэрэлтэй маргалдаж, улмаар зэвсэг хэрэглэж буюу хутгаар цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Агаас мэдүүлэхдээ: “..Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн гэв.

Хохирогч Н.Алтангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-22-23/ “..2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр Алтанай нь гэрээс гараад явсан ба буцаж ирэхдээ дүү Баярмаагийн хамт том шилтэй архи авчихсан идэж уух юм барьчихсан хүрч ирсэн ба би ганц хундага л архи уусан байсан. Тэгэхэд манай эхнэрийн дүү Баярмаа нь согтчихоод янз бүрийн юм яриад байхаар нь би хойд байшин руугаа ороод хэвтэж байтал эхнэр хойноос орж ирээд хойд өрөө рүү орсноо эргэж гарч ирэхдээ 2 гартаа ч юмуу мэдэхгүй байна ямар ч байсан хутга барьчихсан миний өөдөөс хүрч ирээд намайг сууж байхад цээжний зүүн хэсэгт хутгалсан. Тэгээд миний бие сонин болоод түүнээс хойш юу болсныг санахгүй байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Баярмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /24-25/ “..Тэгээд Алтанай эгч бид хоёр ууж байсан архинаасаа нэг хундага архийг Алтангэрэл ахад хийж өгсөн Алтангэрэл ах нэг уугаад дахин уугаагүй. Алтангэрэл ахын хувьд архи ер нь бараг уудаггүй юм. Тэгээд Алтанай эгч бид хоёр хараа архиа хувааж уугаад би гэрт нь унтаад өгсөн. Тэгээд байж байтал хүмүүс яриад Алтанай эгч Алтангэрэл ах нар хоорондоо юм яриад байхаар нь сэрээд хартал гэрт Алтангэрэл ахыг эгч Алтанай хутгалсан гээд гэрийн баруун талын орон дээр зүүн талын цээж хэсгийг дарсан сууж байсан. Би босоод яасан бэ гээд Алтангэрэл ахаас асуугаад байж байтал Алтангэрэл ах, бага хүү Отгоо гэрт орж ирсэн. Тэгээд Алтангэрэл ах хүү Отгоод ээж чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26/ “..Аав Алтангэрэлийн хувьд бараг архи уудаггүй. Ээжийг архи уулгахгүй гэж боддог, энэ асуудлаас болж гэр бүлийн маргаан үүсдэг. Өнөөдрийн хувьд аав, ээж хоёр хамт архи уусан юм шиг санагдсан. Өнөөдөр 19 цагийн үед манай дүү Отгонбаяр над руу утсаар яриад  ээж аавыг хутгалсан. Аав одоо хагалгаанд орох гэж байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад шууд эмнэлэг очиход аав хагалгаанд орсон байсан. Тэгээд хэсэг байж байгаад хагалгаанаас гарч ирсэн.. Ээж Алтанайгийн хувьд сэтгэцийн өөрчлөлттэй, архи уугаад, архинаас хамааралтай болсон. Тэгээд архи уусан үедээ аав Алтангэрэлтэй байнга маргалддаг..” гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7869 дүгээр дүгнэлтэнд: /хх-32/ “..1. Н.Алтангэрэлийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины 3-р сегментийг гэмтээж цээжний хөндийд хий шингэн хуралдсан, хагалгаа хийгдэж шархыг цэгцэлсэн хагалгааны дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс хамаарна..” гэх дүгнэлт,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 229 дүгээр дүгнэлтэнд: 1. Ц.А нь сэтгэцийн хувьд DS:F 20.6 Простая шизофрения, Одоогоор засралын байдалтай. Шинж тэмдгийн архисах эмгэгтэй байна. 2. Ц.А дээрх эмгэг нь сэтгэцийн дотоод шалтгаантай удамших хандлагатай сэтгэцийн эмгэг болно. 3.  Ц.А нь дээрх эмгэг нь буюу энгийн шизофрени эмгэг нь өвчний хяналтын картнаас үзэхэд 1979 оноос эхэлсэн, одоогоор засрал сайжралын үедээ байгаа болно. Харин архисах эмгэг нь өвчний хяналтын картнаас үзэхэд 1996 оноос эхэлсэн байх боломжтой эмнэлгийн бичиг байримт байна. 4. Ц.А нь сэтгэгцийн хувьд DS: F 20.6 Простая шизофрения /энгийн шизофрения/ Одоогоор засралын байдалтай. Шинж тэмдгийн архисах эмгэгтэй байна. 5. Ц.А нь хэрэг хариуцах чадвартай байна. 6. Ц.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 7. Ц.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

Шүүгдэгч Ц.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-51-52/ “..2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дүү Туяагийн гэрт очиход манай төрсөн дүү Баярмаа байхаар нь бид хоёр 0,33 граммын хараа архи хувааж уучихаад Туяагийн гэрээс гараад дэлгүүрээс 0.75 граммын хараа архи аваад таксинд суугаад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай нөхөр Алтангэрэл байсан. Тэгээд Баярмаа бид 2 авсан архиа уусан. Баярмаа нөхөр Алтангэрэлд архи хундаглаж өгөхөд манай нөхөр архинаас нь уусан. Тэгээд манай нөхөр надтай миний таньдаг  Сүхээ гэдэг хүнтэй хардаад хэрүүл хийж байгаад байшин руугаа ороод сууж байхад нь би уурандаа хутга аваад цээж рүү нь хутгалчихсан байж байсан чинь манай хүү Отгонбаяр гаднаас орж ирээд түргэн дуудсан..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Ан иргэний үнэмлэхний лавлага /хх-53, 54/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг мөдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, Дэнж 27 дугаар гудамж 336 тоотод өөрийн нөхөр Н.Алтангэрэлтэй маргалдаж, улмаар зэвсэг хэрэглэж буюу хутгаар цээжний зүүн талд хутгалж түүний биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины 3-р сегментийг гэмтээжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байна гэж үзлээ. Шүүгдэгч хохирогчийг хутгалж түүнд гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. Харин түүний өмгөөлөгч Ц.Тунгалагаас миний үйлчлүүлэгч Ц.А нь тухайн хэрэг болсон үйл явдалыг санадаггүй, нөхөр нь түүнийг хардаж хэрүүл хийсэн, үүний улмаас цочирон давчидаж дээрх үйлдлийг хийсэн гэж үзэж байна. Учир нь Ц.А нь олон жилийн өмнө 4 хүүхдээ ослоор алдаж байсан. Үүнээс хойш архи уудаг болсон. Мөн олон жил сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байсан зэрэг нь хэрэг хийхэд нөлөөлсөн гэх боловч энэ нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 229 дүгээр дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Ц.Агийн хохирогч Н.Алтангэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд зэвсэг хэрэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч Ц.Аг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, цайвар ягаан өнгийн фудболк, марль зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хасаг овгийн Цэвээндоржийн Алтанайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Аг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, цайвар ягаан өнгийн фудболк, марль шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР

 

                                     ШҮҮГЧИД                            Н.НАРАНТУЯА

 

                                                                                         С.БАТЖАРГАЛ