Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 333

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Нист гэх газар оршин суух Рэнжав овогт Сонууванжилийн Лонжидпэлжээгийн /РД:АД56050817/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч С.Лонжидпэлжээ шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтөвшин  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лонжидпэлжээ нь 1965 оны 5 сарын 8-ны өдөр төрсөн. Бага насаа эцэгтэйгээ мал маллаж өнгөрөөсөн. 1975 онд Хужирбуланд цэргийн алба хаагаад 1978 халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Нист гэдэг газар нүүж очиж тугал хариулсан. Тэгээд жил гаран тугал хариулсны дараа бяруу авч хариулсан. Бяруугаа 1990 он хүртэл тасралтгүй хариулсан. Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэврээ тогтоолгох гэтэл ажиллаж байсныг нь нотлох баримт байхгүй гэсэн. Яагаад баримт байхгүй гэхээр Өндөр-Улаан сумын архив хоёрч удаа шатсан гэсэн. Тэгээд зарим баримт нь гарч ирэхгүй байгаа учир дундаа тасарсан зарим баримтуудыг бүрдүүлж өгсөн гэжээ.

   Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч С.Лонжидпэлжээ ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 06 сарын 07-ны өдрийн 47 тоот үхэрчдийн арга зүйн зөвлөгөөнд оролцогчдыг шагнах тухай тогтоолд: Нэгдлийн үхэрчдийн арга зүйн зөвлөгөөнд оролцогчдыг шагнаж, урамшуулах тухай нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдээс тогтоох нь: Хавсралтанд: Донгой бригадын С.Лонжидпэлжээ гэсэн.
  2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 01 сарын 30-ны өдрийн 09 тоот мэнд сүрэгтэн, сумын аварга малчин шалгаруулж батлах шагнах тухай тогтоолд: Сумын мэнд сүрэгтэн, аварга малчдаар доорхи 17 хүнийг шалгаруулан баталсугай. Донгой бригадын үхэрчин С.Лонжидпэлжээ гэсэн.
  3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 05 сарын 03-ны өдрийн 44 тоот шагнал олгох тухай тогтоолд: Майн баяраар сумын төвд ердийн хөсгийн цуваагаар орж ирж жагсаалд оролцон сүү цагаан идээ, галын түлшний мод тээвэрлэж ирсэн 20 хүнд тус бүр чихэр 300 грам, 2 төгрөг, 80 мөнгийн шаазан аяга, 1-ээр шагнал болгон олгохоор тогтоож хавсралтаар баталсугай. Хавсралтын 18-рт: С.Лонжидпэлжээ гэсэн.
  4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 08-ны өдрийн 14 тоот шагнал олгох тухай тогтоолд: 1984 онд хуриуцсан ажил дээрээ амжилт гаргасан нэгдлийн ажилчин, албан хаагч 19 хүнд хавсралтанд заасан хэмжээний бүгд 526 төгрөгийг үнэ бүхий зүйлийн шагнал олгохоор тогтоож хавсралтыг баталсугай. Хавсралтын 07-рт: С.Лонжидпэлжээ гэсэн.
  5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 06 сарын 24-ний өдрийн 54 тоот хүнсний зүйл зарлага болгох тухай тогтоолд: Тууварч, малчдын бүсийн зөвлөлгөөнөөр өөрийн сумын оролцсон 36 тууварчдыг зөвлөгөөний хугацаанд хооллосон 278 төгрөг 60 мөнгөний хүнсний зүйлийг хавсралтанд заасан хэмжээгээр зарлага болгохоор тогтоож хавсралтаар баталсугай. Хавсралтын 27-рт: С.Лонжидпэлжээ гэсэн.
  6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 сарын 09-ний өдрийн 92 тоот өвчнөөр хорогдсон малыг зарлага болгох тухай тогтоолд: 1988 оны 09 сард өвчнөөр хорогдсон нийт 254 малыг зарлага болгохоор тогтоож хавсралт тодорхойлолтыг баталсугай. Хавсралтанд С.Лонжидпэлжээ амьдрал маш дорой олон хүүхэдтэй мал хөрөнгөгүй гэсэн.
  7. Гэрч Б.Сүхээгийн: Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Донгой бригадад 1965 оноос 1971 он хүртэл хугацаанд үхэр хариулж байгаад 1972 оноос 1990 оныг хүртэл хугацаанд адуун сүрэг хариулах болсон. С.Лонжидпэлжээ нь цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Донгой бригадад 1978 оноос 1980 оныг хүртэл хугацаанд тугалчнаар ажиллаж  байгаад 1980 оноос 1990 оныг хүртэл хугацаанд үхэр сүрэг хариулж тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Манай Донгой бригадын даргаар С.Баасанжав, тоо бүртгэгчээр Сүхбаатар нар ажиллаж байсан. С.Лонжидпэлжээ нь нэгдлийн малд нүдтэй сайн малчин байсан бөгөөд 1981 онд сумын аварга малчин болж байсан. Бид хоёр нэг газар, нэг нэгдэлд олон жил хамт мал маллаж байсан болохоор С.Лонжидпэлжээгийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Одоо ч гэсэн малаа малаад л байж байгаа гэсэн мэдүүлэг.
  8. Гэрч Д.Даамаагийн: Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Донгой бригадад 1978 оноос 1990 оныг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан. С.Лонжидпэлжээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Донгой бригадад 1978 оноос 1980 оныг хүртэл хугацаанд тугалчнаар ажиллаж  байгаад 1980 оноос 1990 оныг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан. Манай Донгой бригадын даргаар С.Баасанжав, тоо бүртгэгчээр Сүхбаатар нар ажиллаж байгаад 1988 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Жаргал гэдэг хүн тоо бүртгэгчээр ажилласан. С.Лонжидпэлжээ нь 1981 онд сумын аварга малчин болж байсан. Бид хоёр нэг нутагт олон жил хамт мал маллаж байсан болохоор С.Лонжидпэлжээгийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч С.Лонжидпэлжээг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 06 сарын 07-ны өдрийн 47 тоот үхэрчдийн арга зүйн зөвлөгөөнд оролцогчдыг шагнах тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 01 сарын 30-ны өдрийн 09 тоот мэнд сүрэгтэн, сумын аварга малчин шалгаруулж батлах шагнах тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 05 сарын 03-ны өдрийн 44 тоот шагнал олгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 08-ны өдрийн 14 тоот шагнал олгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 06 сарын 24-ний өдрийн 54 тоот хүнсний зүйл зарлага болгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 сарын 09-ний өдрийн 92 тоот өвчнөөр хорогдсон малыг зарлага болгох тухай тогтоол, гэрч Д.Даамаа, Б.Сүхээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн С.Лонжидпэлжээгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч С.Лонжидпэлжээгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Рэнжав овогт Сонууванжилийн Лонжидпэлжээг /РД:АД56050817/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Лонжидпэлжээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН