Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/21

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Н.Ариунжаргал, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга П.Р,

иргэдийн төлөөлөгч М.Э,

улсын яллагч Э.Н,

насанд хүрээгүй хохирогч Э.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.М,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Г, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Н-ийн Э-д холбогдох эрүүгийн 1817002620117 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Н-ийн Э /РД:ЕЙ/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1975 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, тоотод оршин суух, “л” ХХК-нд манаач ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр,  хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2002 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 100 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 9 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин 11 настай Э.Ц-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний хэвлийн тус газар 1 удаа өшиглөн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 9 тоотод оршин суух гэртээ төрсөн охин  Э.Ц-г /11 настай/ архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хэвлийн тус газарт нь 1 удаа өшиглөсний улмаас түүнд дэлүүний урагдал задрал, хэвлий хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед гэртээ унтаж байгаад босоод эхнэрээсээ нэг жижиг шилтэй архи аваад өгөөч гээд гуйсан чинь тэг тэг гээд надаа 5 000 төгрөг өгсөн. Эхнэр Ц-г аав чинь цаашаа яваад өгч магадгүй чи хамт яв гэсэн. Бид хоёр дэлгүүр ороод архи авах гэсэн чинь Ц би танд пиво авч өгье, архи аваад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ ирээд чи аавдаа архи аваад өгчихгүй яасан юм бэ гэсэн чинь та маргааш өглөө ажилтай байж яах гээд байгаа юм бэ таныг ахиад архи нэхэх юм бол би цагдаа дуудаад өгнө гэхээр нь чи аавыгаа яасан гэж цагдаад өгөх гэж байгаа юм бэ гэсэн чинь би таныг цагдаад өгнө гээд утсаа авахаар нь утсыг нь булааж аваад ор луугаа унахдаа охиныхоо зүүн хажуу тал руу нь хөл хүрчих шиг болсон. Тухайн үед орилж чарлалгүй яая ааваа гээд унасан. Тэгээд босгох гэсэн чинь энд өвдөөд байна гээд босож чадахгүй байсан. Би өөрөө гэм буруугаа ойлгож байна. Би ганц охиноо загнаж зодож байгаагүй. Надаас болж ийм байдалд хүрсэн нь бол үнэн. Гэхдээ би гэмтээе гэж гэмтээгээгүй. Болгоомжгүй байдлаасаа ийм зүйлд хүрлээ. Охиноо гэмтээгээд өөрөө ч гэсэн ийм байдалд орж байгаадаа маш их харамсаж байна. Ийм учраас  ялын хэмжээг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсье гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би доороо гурван дүүтэй. Манай хоёр ихэр дүү цэцэрлэгт, миний доод талын дүү сургуульд явдаг. Дүү нар аав хаана байна гэж асуугаад хэцүү байгаа гэв.

 

1.3. Насанд хүрээгүй хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед гэртээ ороход манай аав Э архи уусан байдалтай унтаж байсан. Би дүү Т-тэй гар утас булаацалдаж байгаад аавыг сэрээсэн. Аав босож ирээд архи уумаар байна гээд ээжээс мөнгө нэхээд ганцхан пиво аваад ууя гээд байхаар нь ээж 5 000 төгрөг өгөөд ганц пиво авч өгөөрэй гээд аавын хамт Тулга дэлгүүр ороход аав пиво авахгүй 100 граммын архи авна гэхээр нь би архи авч өгөхгүй гээд буцаад аавын хамт дэлгүүрээс гараад гэртээ орсон. Гэрт байж байгаад аав ээжээс 5 000 төгрөг аваад дэлгүүрээс архи авч гадаа уугаад орж ирсэн. Тэгээд аав гэрийн зүүн талын баганын хажууд сууж байгаад надад хандаад чи намайг таньдаг худалдагч эгчийн хажууд онигоо болголоо гэхэд ээж намайг өмөөрөөд аавтай маргалдсан. Би аавд хандаад ядаргаатай, тамтай юм бэ цагдаа дуудна гээд орон дээрээс утас аваад аав руу хартал миний зүүн хавирганы доод хэсэг рүү өшиглөсөн. Нээх хүчтэй өшиглөөгүй. Тэгтэл аавын өшиглөсөн газарт эхлээд янгинаж өвдөж байгаад сүүлдээ нилэнхүйдээ хэвлийгээр өвдөөд байсан. Удалгүй цагдаагийн хүмүүс орж ирээд эмнэлэг дуудаад намайг үзүүлсэн. Аавыг цагдаа аваад явсан. Намайг эмч тэр орой эмнэлэг дээр авч ирээд хагалгаанд оруулсан. Ухаан ороод миний дэлүү гэмтсэн гэдгийг мэдсэн. Урьд нь үгэнд орсонгүй гэрээ цэвэрлэсэнгүй гээд аав хурууныхаа үзүүрээр мөр лүү түлхэж байсан. Түүнээс цохиж, зоддож байгаагүй.  Тухай өдөр ааваас өөр хүн намайг цохиж зодоогүй. Би унасан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21, 27 хуудас/

 

1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой охин Ц-ийн хэвлий тус газарт өшиглөж дэлүүг нь гэмтээсэн. Ц-гийн дэлүүг мэс заслын аргаар авсан гэдгийг мэдэж байна. Мэс заслын үед нилээн хүнд хагалгаанд орсон. Цаашид эрүүл мэндийн талд нилээн хүндрэлтэй. Манай Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эмчилгээний зардалд нь 300 000 төгрөг өгсөн. Ц-той ганцаарчилж уулзахад аавыгаа их үгүйлж байгаа талаар ярьж байсан. Цаашид цус нөхөн төлжүүлэхэд заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Гэр бүлийн өрхийн орлого дунджаас доогуур, бага насны олон хүүхэдтэй учир асаргаа халамж маш их хэрэгтэй гэв.

 

1.5. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би орой ажлаасаа 17 цаг 40 минутанд гэртээ ирэхэд манай нөхөр Э гурван бага хүүхдийн хамт гэртээ согтуу байсан. Удалгүй манай дээрээс 2 дахь охин Ц хичээлээсээ ирээд аавтайгаа хамт дэлгүүр орсон. Э дэлгүүрт ороод архи авна гэхэд нь охин Ц авч өгөхгүй гээд гүйгээд гэртээ ирэхдээ Э архи авч өгсөнгүй гээд охин Ц хоёр хоорондоо маргалдаад орж ирсэн. Би маргааш Орос руу эмчилгээнд явтал архи уухгүй тэсчихгүй гээд жаахан үглээд Э-тай маргалдаад сууж байтал манай охин Ц аав руугаа уурлаад та дандаа ээжийг зовоодог гээд цагдаа дуудна гэж хэлээд утас автал Э охин Ц-ийн зүүн талын хавирга руу нь өшиглөсөн. Тэгтэл охин Ц хавиргаа тэврээд суугаад өгсөн. Хэр хүчтэй өшиглөснийг нь мэдэхгүй байна. Ц-г уйлаад орилоод эхлэхээр нь цамцыг нь сөхөөд харсан чинь тэр хэсэгтээ улайсан байсан. Би Э-тай охин гэмтээлээ гээд маргалдаад байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэгээд цагдаа нар эмнэлэг дуудсан. Ц-г 1 удаа өшиглөсөн, өөр гар хүрээгүй. Ц хааяа нэг толгой өвдлөө гэдэг байснаас өөр өвчин байхгүй байсан. Э намайг ажлаас ирэхэд нилээд согтуу байсан ба унтаж байгаад 21 цагийн үед сэрэхэд архи нь бүрэн гараагүй байсан. Э нь намайг зодож байсан, хүүхдүүдээ айлгана, юм авч шиднэ, дээрх үйлдүүдийг дандаа согтуу хийдэг. Цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тухай бүрт нь цагдаад мэдэгдэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-33 хуудас/

 

1.6. Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр С-ийн хажуу айлд хүмүүс архи уугаад байсан. Өдөр цайны цагийн үеэр эхнэр бололтой хүн ирсэн архи уусан хүмүүсийг хөөж гаргаад гэрээ цоожлоод явсан. Тэгээд орой 21 цагийн үед унтахаар хэвтэж байтал хажуу айлын эхнэр хүүхдүүд нь уйлалдаад нөхөр нь чанга чанга дугараад нэг эмэгтэй хүүхэд тасралтгүй орилоод уйлаад байсан. Миний багцаагаар 20-30 минут уйлсан. Ээж нь болиочээ гээд байсан. Тэгэхээр нь өөрийнхөө мэддэг утас 108 дугаарт залгаад болж байгаа асуудлын талаар мэдэгдсэн. Би тухайн үед айгаад тэр айл руу орж чадаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/

 

1.7. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сард орж ирсэн өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр харанхуй болсон байсан цагийг нь сайн мэдэхгүй байна. Э нь бага насныхаа охины хамт манай дэлгүүрт орж ирсэн. Миний харсанаар 5, 6 дугаар ангийн хүүхэд болов уу гэж бодож байна. Э архи авъя гэсэн чинь охин нь үгүй ээж пиво авч өгөөрэй гэсэн гээд авч өгөхгүй байсан. Би хажуунаас нь Э-д битгий архи авч өг хүүхдийнхээ үгэнд орохгүй гэж загинахад Э охиноо дагуулаад гараад явсан. Удаагүй Э ганцаараа орж ирээд эхнэр зөвшөөрсөн гээд 100 граммын Ерөөл билүү Хараа архи аваад гарсан. Э охиноо зандарч зангинаагүй, охин нь уйлсан шинжгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/

 

1.8. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 14-ний орой хүлээн авах тасагт дуудагдан очиж Ц гэх хүүхдийг үзсэн. Тухайн хүүхэд нь үзлэгээр хэвлийн гэмтлийн шинжтэй, биеийн байдал нь хүнд байсан. Тэгээд эхо-д харахад хэвлийд сул шингэн агууламж илэрсэн тул яаралтай хагалгаанд орсон. Сул шингэн хэвлийд байна гэдэг нь ямар нэгэн эрхтэн гэмтээд цус, гэдэсний агууламж сул байдаг учраас яаралтай хагалгаанд ордог. Хагалгаанд ороход Ц-ийн дэлүүний үүдэвч хэсэгт нилээн том хэмжээтэй язарч урагдсан байсан. Тэр урагдалаас их хэмжээний цус гарч хэвлийн хөндийд хуримтлагдсан байсан. Дэлүүний урагдалыг оёх гэж оролдсон боловч оёх боломжгүй байсан учраас дэлүүг авсан. Дэлүү нь хүний биеийн зүүн хавирганы нуман доор өрцний зүүн доод хэсэгт байрладаг. Уг гэмтлийг авсан даруйдаа өвдөлт мэдрэгдэнэ. Цаг алдах юм бол амь насанд аюултай байсан. Харин цаг алдаагүй хурдан ирсэн байсан. Өөрөөр хэлбэл дотуур цус алдаад үхнэ гэсэн үг. Дэлүү нь цус төлжүүлж дархлааг дэмжих үүрэгтэй. Энэ хүүхэд цусны эмгэгтэй болж байна гэсэн үг. Мөн дархалаа сул өвчинд өртөмтгий болно. Хагалгааны дараа ухаан ороход нь Ц-оос яасан талаар асуухад аав намайг өшиглөөд гэмтээсэн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/

 

1.9. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал 23 цагийн үед над руу С эгч залгаад Ц хагалгаанд орохоор боллоо гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирээд ах Э нь охин болох Ц-г зодсон болохыг мэдсэн. Э нь ямар шалтгаанаар Ц-г зодсон талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/

 

1.10. Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 30 минутын үед жижүүрээс Сүмбэр сумын 6-н байшингийн 9 тоотод хажуу айлд хүүхэд уйлаад байна гэсэн дуудлага 108 төвд ирсэн тул шалгаадах гэсэн дуудлагын дагуу очиход Э гэх айл байсан. Би ороод юу болсон талаар асуухад аав Э нь манай хүүхэд Ц гадаа халтирч унаад элгээ тэврээд байна гэж хэлсэн. Охин Ц нь аав намайг өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудаж охин Ц-г үзүүлсэн. Э-ыг эрүүлжүүлэх байранд авч ирж хүлээлгэн өгсөн. Э тухайн үед архи уусан согтуу байсан. Намайг гэрт ороход гэр нь эмх цэгцтэй. Эвдэрч хэмхэрсэн эд зүйл байхгүй байсан. Гэрт Э, тэр Ц гээд байгаа хүүхэд мөн ээж нь гэх эмэгтэй 3 жаахан хүүхэд байсан. Охин нь Э-ын хажууд юм хэлэхгүй хэвлийнхээ зүүн хажуу хэсэгт дараад уйлаад байсан. Би Э-ыг машинд суулгаад буцаж ороод Ц-оос юу болсон талаар асуухад аав намайг өшиглөсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

1.11. Шинжээч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж буюу мэс заслын эмчилгээ хийж чадвал амьд үлдэх боломжтой. Энэ нь уг гэмтлийг аваад түргэн хугацаанд цус тогтоолт хийнэ гэсэн үг. Цус тогтоолт түргэн хийгдэхгүй бол цус алдалтын цочмог шоконд орж нас барах аюултай. Дэлүү задарсан тохиолдолд ёолох, хөл гараа хөдөлгөх, савчих хэвлийгээ дарж эвхрэх гэх мэт хөдөлгөөн хийх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хавирга буюу хэвлийн зүүн дээд хэсэг рүү өшиглөхөд уг гэмтэл үүссэн байх боломжтой. Явганаас унах үед үүсэх боломжгүй. Дэлүү нь амин чухал эрхтэнүүдийн тоонд ордоггүй учир авахуулах буюу ажиллагаагүй болсон тохиолдолд эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт орохгүй гэж үздэг. Бага насны хүүхдийн цус төлжүүлэх эрхтэн нь авагдсан учир цаашид цусны болон цус төлжилт талаас эмгэг үүсэх магадлалтай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61 хуудас/

 

1.12. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар дүгнэлтэнд: Э.Ц-ийн биед дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 52 хуудас/

 

1.13. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл  /х.х-ийн 4 хуудас/

 

1.14. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 7-8, 167-172  хуудас/

 

1.15. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 9-16 хуудас/

 

1.16. Насанд хүрээгүй хохирогч Э.Ц-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 28,156 хуудас/

 

1.17. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд дуудлага өгсөн тэмдэглэлийн  хуулбар, Э.Ц-ийн өвчний түүхийн хуулбарууд /х.х-ийн 163-164, 174-212 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, иргэдийн төлөөлөгч М.Э шүүгдэгч Н.Э-ыг гэм буруутай гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэвч шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Н.Э нь хэдийгээр урьд нь эхнэрээ зодож Зөрчлийн тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхээр баривчлагдаж, мөн удаа дараа архидан согтуурч арга хэмжээ авагдаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч насанд хүрээгүй хохирогч Э.Ц-д халдаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байгаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авч,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэж тус тусд нь заасан тул давхар зүйлчлэх шаардлагагүй гэж үзэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэснийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г шүүгдэгч Н.Э нь тухайн үед Э.Ц-нг цагдаа дуудна гэхээр нь айгаад гар утсыг нь булаан хойшоогоо савж унахдаа болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан. Э.Ц-д учруулсан хүнд гэмтлийг шүүгдэгч Н.Э нь санаатай учруулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдлийн улмаас хүний бие махбодид хүнд хохирол учруулсан гэж үзэн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн нь насанд хүрээгүй хохирогч Э.Ц, гэрч О.О, Д.Н, С.Г нарын мэдүүлгүүдээр,

мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А Э.Ц-д мэс засал хийхэд ямар процесс болсон нь мэдэгдэхгүй, харах боломжгүй. Өөрөөр хэлбэл дэлүүг нь авах шаардлага байсан юм уу гэдэг нь тодорхойгүй. Дэлүүг нь оёх гэж байхдаа дэлүүний байдлыг улам муутгасан уу, үгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Ер нь эмнэлгийн ажилтнууд бөөрийг нь авах гэж байгаад цөсийг нь авчихдаг асуудлууд гардаг. Тэгэхээр энэ хүнийг хүнд гэмтэл учруулсан гээд ял халдаахад хэцүү байна гэж үзэж байна гэсэн нь шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар дүгнэлт, шинжээч Б.С, гэрч Д.Н нарын мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байгааг дурдлаа. 

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би аавтайгаа хамт баймаар байна. Аавд шийтгэл битгий өгөөчээ. Нэг удаа харж үзээч гэж гуймаар байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

 

2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэр бүл нь хүнд байдалтай байгаа учир тэр талаас нь харж үзээсэй гэж хүсч байна гэв.

 

2.3. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Одоо охин Ц-ийн бие гайгүй болж байгаа. Э-ыг ар гэрийн байдлыг харгалзан үзээд хорих ялаас өөр арга хэмжээ авч өгнө үү. Э нь охиноо зодож гэмтэл учруулсан хэдий ч ард нь олон хүүхэд үлдэнэ. Ганц хүний цалин мөнгө хүрэхгүй амьдрал хэцүү болно. Охиныхоо биеийг би ганцаараа байвал сайн асарч чадахгүй, ажлын араас явсаар байгаад таарах байх. Дээрх байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү. Э одоо ухаарч байгаа байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

2.4. Гэрч Р.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь хүнд их тусархуу, цайлган сэтгэлтэй, хань ижил үр хүүхдээ сайн халамжилдаг. Гэртээ гэрийнхээ хамаг ажлыг хийдэг ажилсаг зантай, хүнтэй эвсэг харьцаатай, ямар ч хүнтэй эв зүйгээ олоод харьцдаг, элдэв янзын муухай ааш зан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 хуудас/

 

2.5. Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь зан аашны хувьд хүнтэй эв зүйтэй харилцдаг, гэр бүл эхнэр хүүхдүүддээ халамжтай, ажил хөдөлмөр хийхдээ сайн. Хүний хувьд сэтгэл сайтай, Ц ганц охин нь гээд их хайртай байдаг. Янз бүрийн гаж буруу зан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46 хуудас/

 

2.6. Гэрч О.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э-ын хувьд хүнтэй мэндтэй, нөхөрсөг харилцаатай, алиа хошин зантай хүн. Хөдөө манайхтай айл саахалт байсан. Морь уях сонирхолтой, мал маллах ажилд сайн, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46 хуудас/

 

2.7. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, “Мөнхсүмбэр Уул” ХХК-ний тодорхойлолт /х.х-ийн 102-103, 105 хуудас/

 

2.8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 106-114 хуудас/

 

2.9. Н.Э-ын зөрчилд холбогдон шалгагдаж арга хэмжээ авахуулсан талаарх холбогдох баримтууд, холбогдсон зөрчлүүдийн лавлагааны хуулбарууд /х.х-ийн 115-151 хуудас/

 

2.10. Насанд хүрээгүй хохирогч Э.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.Мөнхгэрэл нарын шүүхэд бичгээр гаргасан хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал Н.Э-ын хувьд тогтоогдсон гэж үзэж байна. Мөн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвар алдсан, гэр бүлийн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” үзэхээр зааснаар ба шүүгдэгч Н.Э нь бага насны хүүхдэд согтуугаар халдаж эрхтэнээс нь хагацааж эрүүл мэндэд нь ноцтой хор уршиг учруулсан, байнгын архидан согтуурч цагдаагийн байгууллагаар арга хэмжээ авахуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үүнийг нь өмгөөлөгч нар нь дэмжин насанд хүрээгүй хохирогчоос гар утас булааж авахдаа болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр мэтгэлцсэн болно.

 

Харин шүүгдэгч Н.Э-ын хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр алдсан болон насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Э-ыг цагдан хоригдсон 13 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан  тооцож, шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Н-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА

                          ШҮҮГЧИД                              Н.АРИУНЖАРГАЛ

                                                              Р.БАТБАЯР