Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,  

шүүгдэгч, хохирогч Т.Ё, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт Т-н Ё, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н М нарт холбогдох эрүүгийн 1917000040018 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 18-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, .... жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, Б-н тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим хэсгийг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх И овогт Т-н Ё /РД: /

 

Монгол Улсын иргэн, 19 оны 06 дугаар сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа жоншин дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Б сумын  дугаар багт оршин суух албан ёсны хаягтай /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, Б тоотод түр оршин суух/, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б Б-н М /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Т.Ё нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1 дүгээр гудамжинд иргэн Б.М-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.М нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1 дүгээр гудамжинд иргэн Ц.Т-н нүүрэн тус газар тоосгоор цохих, Т.Ё-н нүүр толгойн тус газар гараараа болон чулуугаар цохих зэргээр зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Т.Ё нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1 дүгээр гудамжинд хохирогч Б.М-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,  

шүүгдэгч Б.М нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1 дүгээр гудамжинд хохирогч Ц.Т-н нүүрэн тус газар тоосгоор цохих, мөн хохирогч Т.Ё-н нүүр толгойн тус газар гараараа болон чулуугаар цохих зэргээр зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Т.Ё шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.3. Хохирогч Т.Ё шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-нд манай найз Т шинэ гэр авсан гээд би сумын Жуух бичиг авсан гээд найр хийсэн. Тэгж яваад энэ хэрэгт холбогдсон. Нэг гэрээс гараад нөгөө гэрт орох замдаа дэлгүүр орж, дэлгүүрээс гараад зодоон хийсэн. Одоо М-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

1.4. Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-нд найз Т-даа очиж тоглонгоо архи уусан. Тэгээд орой болоод гэр лүүгээ явах замд хажуугаар 2 хүн зөрж өнгөрөхдөө намайг хараагаад өнгөрсөн. Тэгээд тэр зүгээс дахиад 2 хүн ирж байхаар нь би нөгөө 2 хүн байна гэж бодоод нэгийг нь дуудаад өөдөөс ирэхээр нь би цохисон. Тэгэхэд нөгөө 2 хүний нэг нь биш байсан. Тэгээд араас Т.Ё ирээд зодоон болоод бид 2 хоорондоо зодолдоод, манай эхнэр цагдаа дуудсан байсан. Одоо Т.Ё-с нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэв.

 

1.5. Хохирогч Т.Ё мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 онд сайн ажилласан гээд Сүмбэр сумын “Жуух” бичгээр шагнуулсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө манай эхнэрийн найз М-н нөхөр Т-х хамт гэртээ дуудаж цай уулгасан. Тэгээд манайд хоол цай идэж уугаад тал шил Соёрхол архи байсныг М, Т, манай эхнэр Ч бид нар хувааж уусан. Тэгээд Т манайх шинэ гэр барьсан та хоёр манайд оч гээд эхнэр бид хоёрт хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Т, М нарын хамт Т-н гэрт очсон. Тэгээд Т-н гэрт ирээд мөн хоол цай идэж ууцгаасан. Т 0.5 литрийн Соёрхол архи гаргаж ирсэн, тэр архийг мөн Т, М, Ч бид нар хувааж уусан. Тэгээд байж байтал манай хүүхэд уйлаад байна гэхээр нь бид дөрөв манайд очихоор гарсан. М, Ч нар түрүүлээд манай гэр лүү явсан. Т-н гэрээс гарахад 19 цаг болж байсан. Т бид хоёр замаараа дэлгүүр орчихоод очъё гээд дэнжийн Андууд дэлгүүрийн урд талын Т-н дэлгүүр ороод нэг шил 0.5 литрийн Соёрхол архи аваад манайд очихоор дэлгүүрээс гарсан. Би дэлгүүрээс гараад тамхи асаагаад Т-с хоцорсон. Т надаас арай түрүүлээд явсан. Тэгтэл Уулзварын 1-р гудамжны зүүн үзүүрээс нэг эрэгтэй хүн наашир пизда гээд Т-г дуудсан. Т тэр залуугийн өөдөөс яваад очиж байгаа харагдсан. Тэр залуу Т-н урд талд тулж ирээд эргээд явсан. Т нүүрээ дараад миний өөдөөс хүрээд ирсэн. Би яасан хөгшөөн гэсэн чинь манийг нь тоосгоор цохичихлоо гэсэн. Тэгэхээр нь би ямар пизда вэ гээд нөгөө залуугийн араас явсан чинь манай эхнэрийн хамаатны хүнтэй суусан М байсан. Тэгээд М-д хандаад яаж байгаа юм бэ яагаад манай найзыг зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд М-тай зууралдаад дээр доороо ороод зодолдсон. Би М-г цохисон. М ч намайг цохисон. Тухайн үед М миний толгой руу чулуугаар цохисон. Мөн гараараа цохиод байсан. Би толгой руу чулуугаар цохисныг санаад байгаа юм. М намайг нилээн хэдэн удаа цохисон, голдуу толгой руу цохисон. Би М-г гараараа нүүр толгой руу нь цохисон. Тухайн үед хаана, хаана нь цохисоноо мэдэхгүй байна. Т, М эхнэр Д нар М бид хоёрыг салгасан. М түрүүлээд эхнэрийнхээ хамт яваад өгсөн. Би араас нь Т-н хамт алхаж байтал М дахиад өөдөөс гарч ирээд би танай эхнэрийг шаасан ш дээ гэхээр нь уур хүрээд дахиад М-тай зодолдсон. Тухайн үед манай эхнэр, эгч нар ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл цагдаагийн хүмүүс ирсэн. Тэгээд бид нарыг цагдаа дээр авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

1.6. Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Д-н хамт найз Т-н гэрт очсон. Т-н гэрт Т эхнэр Я, ах Н нар байсан. Тэгээд бид нар хөзөр тоглосон. Тэгээд хөзөр тоглож байхдаа дэлгүүрээс цувуулж авсаар байгаад 4 шил 0.75 литрийн Ерөөл архи авч уусан. Тэгээд архи ууж хөзөр тоглосоор байгаад орой 19 цагийн үед Т, манай эхнэр Д бид гурав түрүүлээд гарсан. Т-н гэр нь Баянбулагийн 1-1 тоот буюу Уулзварын 1-р эгнээний зүүн талд харалдаа байдаг юм. Т-н гэрээс гараад Уулзварын 1-р гудамж Баянбулагийн 1-р гудамж хоёрын голоор хойшоо эргээд гэр лүү явах гэж байгаад бид нар Т-н эхнэрийг хүлээгээд зогсож байтал хажуугаар хоёр залуу гараад явсан. Тэр залуучууд муу сайн пиздаанууд гээд хэнд хэлээд байгаа нь мэдэгдэхүй хойшоо яваад өгсөн. Тэгээд байж байтал тэр хоёр залуугийн явсан зүгээс цувраад хоёр залуу гараад ирэхээр нь би дуудсан. Нэг нь над руу хүрээд ирэхээр нь гартаа барьсан тоосгоны хагархайгаар айлгах гээд гараа хий савтал тэр залуу өөдөөс намайг харах гээд нүүрээ ойртуулсан. Би тоосго барьсан гараараа хамар хэсэгт цохисон. Тэгээд хартал хажуугаар явсан залуучууд биш өөр хүн байсан. Тэгэхээр нь би эргээд явсан. Тэгтэл араас намайг С гээд дуудсан, эргээд хартал манай эхнэрийн талын хамаатантай суусан Ё гэх залуу манай найзыг яаж байгаа юм бэ гээд шууд миний зүүн талын нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд би Ё-тэй дээр доороо ороод зодолдсон. Би Ё-г цохисон. Ё ч намайг цохисон. Би Ё-ний хаана нь цохисон талаар мэдэхгүй байна. Ё бид хоёр гараараа бие биенээ цохиод байсан. Ё бид хоёрыг Т, манай эхнэр Д нар салгасан. Тэгээд би салаад түрүүлээд явсан. Ё манайх хоёр зэргэлдээ хашаанд байдаг юм. Тэгтэл Ё араас хүрээд ирсэн. Бид хоёр дахиад дээр доороо ороод зодолдсон. Мөн манай эхнэр Ё-ний эхнэр бид хоёрыг салгасан. Тэгээд цагдаа ирсэн.

...Баруун нүдний доод зовхи, дээд хөмсөг хэсэгт хөхөрсөн байсан. Мөн үүдэн дээд доод шүд эмтэрсэн. Мөн духны баруун хэсэгт, толгойн оройд, зүүн чихний дэлбэнд, зүүн ташаан толгой орчмоор зулгараад урагдсан байсан. Өөр гэмтэл учраагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.7. Хохирогч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байтал манай эхнэрийн найз Ч манайд ирж цай уу гэж дуудсан. Ч-н нөхөр Ё сумын Засаг даргын “Жуух” бичгээр шагнуулсан юм байна лээ.Тэгээд Ё-н гэрт 16 цагийн үед очсон байх, цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Ё-д хоол цай идэж уугаад Соёрхол нэртэй 0.5 литрийн архины шилийн талаар архи байсныг уусан. Тэгээд би шинэ гэр барьсан, манай гэрт оч гээд  Ё-г эхнэрийнх нь хамт дагуулаад Уулзварын 1-131 тоотод гэртээ авчирсан. Манайд ирээд мөн хоол цай идэж уугаад 0.5 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд манайд байж байтал Ё-ний хүүхэд уйлсан гээд Ё, Ч манай эхнэр М нар түрүүлээд Ё-ий гэр лүү явсан. Ё бид хоёр Т  гэх хүний дэлгүүрт ороод нэг шил Соёрхол архи аваад Ё-ний гэрт очихоор гарсан. Ё надтай зэрэгцээд явж байгаад тамхи асаах гээд үлдсэн. Би түрүүлээд явж байтал Уулзварын эгнээ зүүн үзүүрийн хойд буланд хэдэн хүн зогсож байсан. Тэгтэл тэр хүмүүс дундаас нэг хүн дуудаад өөдөөс алхаад ирсэн. Одоо энэ М гээд байгаа залуу. Тэгээд надтай тулж ирээд үгийн зөрүүгүй миний хамар хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохиод авсан. М миний нүүр лүү тулж харчихаад өө биш байна ш дээ гээд цаашаа эргээд явсан. Би араас нь харахад баруун гартаа цагаан тоосгоны хагархай барьсан явж байсан. Тэгтэл миний баруун хацар луу халуун зүйл урсаад ирсэн. Гараараа арчаад үзсэн чинь цус байсан. Тэгтэл Ё яасан бэ гээд хүрээд ирсэн. Намайг тэр залуу цохичихоод явлаа гээд араас нь заасан чинь наадах чинь таньдаг хүн байна. Саруулаа гээд дуудаад явсан. Тэгээд тэр залуу дээр очоод чи дандаа ингэж байдаг, чи урд манайд агсам тавьж байсан гээд маргалдаж байгаад М-тай дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. М-тай хамт явж байсан хоёр согтуу эмэгтэй Ё, М нарыг салгах гээд дийлэхгүй байсан. Тухайн үед миний хамраас цус гараад байсан. Тэр хоёр эмэгтэй салгах гээд дийлэхгүй болохоор нь наанаас очоод хамт салгалцсан. Уулзварын 1-р гудамжны зүүн талд байдаг Баянбулагийн эгнээний баруун үзүүрт очоод мөн М, Ё тэр хоёр дээгүүрх хувцасаа тайлаад зодолдоод эхэлсэн. Тэгтэл 3 залуу ирээд тэр хоёрыг салгасан. Дараа нь асуухад М-н эхнэр дүү нараа дуудаад салгуулсан гэж байсан. Тэгээд тэндээс М нар түрүүлээд явсан. М, Ё нар зэрэгцээ хашаанд байдаг юм байна лээ. Ё-тэй хамт гэр лүү явж байтал М гэрээсээ гарч ирээд маргалдаж хоорондоо зодолдсон. Тэр хоёрыг салгаад байж байтал цагдаа ирсэн. Тухайн үед Ё-н эхнэр, эгч нар ирсэн байсан. Тэгээд бид хэдийг цагдаа дээр авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Намайг дуудахаар нь яваад очсон чинь үгийн зөрөөгүй тоосгоор цохисон. Би араас нь харахад гартаа цагаан тоосгоны хагархай барьсан байгаа харагдсан. Ямар шалтгааны улмаас зодсон талаар мэдэхгүй байна.

...Мөнхсаруул намайг ирээд цохичихоод өө биш байна ш дээ гээд эргээд явсан. Би араас нь намайг юугаар цохичихов гээд харсан чинь М баруун гартаа цагаан тоосгоны хагархай харагдсан. Тухайн үед гудамжны гэрэлд тод харагдсан. Тэгтэл миний нүүр лүү халуун оргиод ирсэн. Гараараа нүүрээ арчаад үзтэл цус гарч байсан. Тэгээд эргээд хартал Ё миний ар талд яасан хөгшөөн гээд ирж байсан. Би Ё-д хандаад намайг цохичихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

1.8. Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр би гэртээ байж байтал манай эгч Дүнжингарав 19 цагийн үед над руу утсаар яриад М-г Ё зодоод байна гэсэн. Гэрээс баруун тийш засмал замын хажууд байна гэж хэлсэн. Тэгээд гараад очтол М ахыг Ё зодож байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд М-г салгаад гэр лүүгээ явж байтал Ё араас гүйж ирээд М-г цохиж аваад унагаад өшиглөөд байсан. Тэгээд дийлдэхгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн хүмүүс ирсэн.

...Намайг гэрээс гараад очиход Ё М ахыг унагаасан нүүр лүү нь өшиглөж байсан. М ах нүүрээ гараараа дарсан байсан. Тэр хоёр урд нь нилээн зодолдсон юм шиг байсан. Миний хажууд Мөнхсаруул ах Ё-г цохиогүй. Маргааш нь М ахын нүүрийг харахад нэг нүд нь хөхөрсөн байсан. Аль талын нүд гэдгийг одоо санахгүй байна. Дараа сонсож байхад Ё-н толгой хагарсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

 

1.9. Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр М бид хоёр М-н найз Т-н гэрт очсон. Тэгээд Т-н гэрт хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхдаа дэлгүүрээс 3, 4 шил архи авч ууцгаасан. Тэгээд Т-н гэрээс 19 цагийн үед гарсан. Т, М бид нар хашааны гадаа Т-н эхнэр Я-г хүлээгээд зогсож байтал хажуугаар хоёр залуу явж өнгөрсөн. Тэр хоёр залуугийн нэг нь хараалын үг хэлээд гарсан. М явах гэхээр нь би болиулсан. Тэгээд Т-тай юм яриад зогсож байтал М нэг хүнтэй дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. Би наанаас яваад очсон чинь манай хамаатны хүүхэнтэй суусан Ё байсан. Тэгээд тэр хоёрыг Т бид хоёр салгах гэсэн дийлэхгүй байсан. Тэгээд арай гэж салгаад М-г гэр лүүгээ аваад явсан. Ё гэр нь манай зүүн талын хашаанд байдаг юм. Тэр хоёр бие биенээ дуудаж байгаад манай баруун хашааны үүдэнд дахиад дээр доороо ороод зодолдсон. Би дүү Д-г дуудсан. Мөн Ё-н эгч, эхнэр нь гарч ирээд энэ хоёрыг салгасан. Тэгтэл цагдаа хүрээд ирсэн. М, Ё, Т нарыг аваад явсан. Т гэр лүүгээ явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө манай найз М манай гэрт эхнэр Д-хаа хамт ирсэн. Би 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч өгсөн. Тэр архийг уунгаа муушиг тоглосон. Муушиг тоглож байхдаа цувуулж авсаар байгаад мөн 3 шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи ууцгаасан. Энэ архийг ууж дуусгаад манай гэрээс гараад М-н гэрт очихоор явсан. Би архи уугаад нилээн согтсон байсан болохоор хэдэн цагт гарсан талаар мэдэхгүй байна. Гадаа ямар ч байсан харанхуй болсон байсан. Тэгээд Уулзварын эгнээний зүүн үзүүрт явж байтал Андууд дэлгүүрийн талаар 2 залуу цувраад гарч ирсэн. М өөдөөс очиж уулзаж байгаад нэг залуутай дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. Би наанаас нь салгах гээд очсон миний хамраас цус гараад цаашаа хашааны буланд очоод хамрынхаа цусыг арчиж тогтоочихоод эргээд ирсэн. Нөгөө хэд яваад өгсөн байсан. Би тэндээс шууд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ унтаж байтал цагдаа ирээд намайг зодоон хийсэн байна гээд авчираад эрүүлжүүлсэн. Би зодоонд оролцоогүй салгах гээд наанаас очсон нэгнийх нь гаранд цохигдоод хамраас цус гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Би Ё, М хоёрыг зодолдоод байхаар нь салгах гээд голоор нь орох үед нэг юманд цохигдсон. Хэнийх нь юунд цохиулсан талаар мэдэхгүй байна. Тэгээд цус гарсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

1.11. Гэрч М.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз М-н нөхөр Т-х хамт урьж цай уулгасан. Манай нөхөр 2018 онд сайн ажилласан гээд Сүмбэр сумын Засаг даргын “Жуух” бичгээр шагнуулсан байсан юм. Манайд бид хэд тал шил Соёрхол архи уусан. Т, М нар манайх шинэ гэр барьсан, манайд очъя гээд бид хэд хамт Т-н гэрт очсон. Т-н гэрт очоод 0.5 литрийн Соёрхол архи ууцгаасан. Тэгээд 19 цагийн үед Т-н гэрээс гарцгаасан. Манай хүүхэд уйлаад байна гэхээр нь М бид хоёр түрүүлээд гэртээ харьж байя гээд явсан. Ё, Т нар дэлгүүр орчихоод араас чинь яваад очъя гэсэн. Тэгээд гэртээ ороод хүүхдээ хөхүүлээд байж байтал манай хадам ээж орж ирээд Ё хаана байгаа юм бэ гэхээр нь араас ирж байгаа гэтэл хадам ээж гараад гүйсэн. Би араас нь хүүхдээ дүүдээ орхичихоод гараад очсон чинь Ё миний өөдөөс босоод хүрээд ирсэн. М зам дээр хөлөө жийсэн сууж байсан. Ё, М нар дээгүүрх хувцасаа тайлсан байсан. Хадам ээж бид хоёр Ё-г аваад гэр лүү орох гэтэл М Ё-д хандаад би танай эхнэрийг шаасан ш дээ гээд орилсон. Ё буцаад явах гэхээр нь хадам ээж бид хоёр аваад гэртээ орсон. Мөн М-н эхнэр болон нэг танихгүй хүүхэн араас бид хэдийг хэл амаар доромжлоод байсан. Тэр чигт нь Ё-г аваад гэртээ орсон. Ё гэрт орчихоод эргээд гараад явчихаар нь араас нь гараад очсон чинь цагдаа ирсэн байсан. Тэгээд энэ хэдийг бүгдийг нь аваад явсан. Тухайн үед Ё-н толгойн зүүн хэсгээс цус гарч байсан. М-г харахад ил харагдах цус гарсан зүйл байгаагүй. Нүүрнийхээ баруун хэсгийг дараад сууж байсан. Би зодоон болох үед нь хажууд нь байгаагүй. Дараа сонсоход Т-г М нааш ир гээд дуудахаар нь яваад очсон чинь тоосгоны хагархайгаар Т-н хамар луу цохисон гэсэн. М Т-г тоосгоор цохичихоод өө биш байна ш дээ гээд эргээд явсан гэсэн. Энэ асуудлаас болоод Ё найзыгаа өмөөрөөд М-тай зодолдсон байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

1.12. Шүүгдэгч Т.Ё-н согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, /хх-ийн 7 дугаар хуудас/

 

1.13. Шүүгдэгч Б.М-н согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтэд:

- Ц.Т-н биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 35 дугаар хуудас/

 

1.15. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтэд:

- Б.М-н баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсгөнд духны үстэй хэсэгт баруун талдаа, толгойн оройд, зүүн чихний дэлбэнд, зүүн ташаан толгой орчмоор зулгаралт, зүүн доод 2-р шүдний сэлтрэлт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 42 дугаар хуудас/

 

1.16. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаартай дүгнэлтэд:

- Т.Ё-н биед толгойд зүүн чамархайн дээд хэсгээр өнгөц язрал, цус хуралт, цээжинд, зүүн суганы орчимд, зүүн бугалганд цус хуралтууд, зүүн тохойнд, зүүн гарын 2,3 хурууны угт зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 47 дугаар хуудас/

 

1.17. “Натур эмнэлэг” компьютерт томографикийн оношлогоо, /хх-ийн 36 дугаар хуудас/

 

1.18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Т.Ё, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Ё, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Т.Ё-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.М-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Т.Ё, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Т.Ё мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...М-тай сайн дураараа эвлэрсэн. Бие биенээсээ уучлалт гуйсан. Хохирлын тал дээр маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

2.2. Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Ё бид хоёр уулзаад учраа олсон. Хохирлын тал дээр маргаангүй болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2.3. Хохирогч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

М надаас уучлалт гуйсан, бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Намайг хамрын хагалгаанд ор гэсэн. Надад эмчилгээний зардалд 1 100 000 төгрөг өгсөн. М бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

2.4. Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М ахын хувьд олон таван үгүй байхгүй. Төлөв даруу зантай. Хүнтэй эвсэг харилцаатай. Хар бор ажилд сайн. Ер нь элдэв янзын ааш зан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

 

2.5. Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М-н хувьд гэр бүлдээ анхаарал халамж сайтай. Өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг. Үг дуу цөөтэй, даруухан зантай. Урд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хүнтэй хэр бараг маргалдаж муудалцаад байдаггүй. Хүнтэй эвсэг харилцаатай. Найз нөхдийнхөө дунд эвсэг харилцаатай. Хүнд тусархуу зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

2.6. Гэрч М.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ё-н хувьд хэр барагтай уурлаад байхгүй. Уурлахдаа учиртай уурладаг. Хүн цохиж балбаад байхгүй бол уурлахгүй. Түүнээс урд зодоон цохион хийж байгаагүй. Ааш зангийн хувьд хүнтэй эвсэг харилцаатай. Хэр барагийн хүнтэй учраа олоод ярьчихдаг. Өөрийн хариуцсан ажлыг сайн хийдэг. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Гэр бүлд анхаарал халамж сайтай... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

2.7. Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

2.8. Хохирогч Т.Ё-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 60 дугаар хуудас/

 

2.9. Хохирогч Ц.Т-н хохирол төлбөр барагдуулж, гомдол саналгүй болсон тухай нотариатаар батлуулсан баримт, /хх-ийн 66 дугаар хуудас/

 

2.10. Шүүгдэгч Б.М-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/

 

2.11. Шүүгдэгч Т.Ё-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/

 

2.12. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-104 дүгээр хуудас/

 

2.13. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 68 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-106 дугаар хуудас/

 

2.14. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-118 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Ё, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Т.Ё урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим хэсгийг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан боловч прокуророос уг хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг, мөн шүүгдэгч Б.М нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхад прокуророос түүнд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргасан байх тул уг саналын хүрээнд шүүгдэгч Т.Ё, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

          Иймд шүүгдэгч Т.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

          шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ё-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин, хөлс бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.

 

Шүүгдэгч Т.Ё, Б.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Т.Ё, Б.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ихэс боржигон овогт Т-н Ё-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Б-н М-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ё-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Т.Ё, Б.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Ё, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ё, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ