Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/034

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч Ж.А,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000750044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С- ургийн овогт Х-ын Т, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа айл өрхийн хог ачдаг, ам бүл-4, хадам ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ***

 

Шүүгдэгч Х.Тий холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед иргэн Ш.Еийг өөрийнх нь хашаанд хэрүүл маргааны улмаас гараараа баруун талын нүд рүү нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Ш.Еийг өөрийнх нь хашаанд хэрүүл маргааны улмаас гараараа баруун талын нүд рүү нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 87 дугаартай: “...Иргэн Ш.Еий баруун талын нүдний дээд доод зовхи болон баруун талын хацарны төвгөрийн хэсгийг хамарсан захаараа шаргал туяа орж шимэгдэж буй хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстыг бүхэлд нь хамарсан улаан ягаан өнгийн цус харвалт, доод зовхины дотор булангийн хэсэгт зулгарсан шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх /хх-ийн 27 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Еий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

            Хохирогч Ш.Еий эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Х.Т учруулсан болох нь:

- Хохирогч Ш.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хотоос ирсэн бөгөөд 02 дугаар сарын 05-ны өдөр Х.Тд ирсэн талаар хэлсэн. Тэрээр 15 цагийн үед манай хашаанд ирэхэд би Тд “Замд явж байхад чи мессежээр  маргаж доромжилсон. Би чиний мөнгийг өгнө” гэж хэлсэн. Тэрээр бид хоёр маргаад намайг заамдаж авахаар нь би ч гэсэн заамдаж аваад зогсож байхад миний баруун талын нүд руу зүүн талын гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед миний нүднээс цус гарч хөхөрч, хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч Н.Хуанышын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 15 минутын үед гэрт сууж байсан чинь над руу хүү Т залгаад “Миний ажлын хөлсийг Е өгөхгүй байна. Та хүрээд ирээч би 10 дугаар багт Зайд сургуулийн хажууд байна” гэсэн. Тэрээр би 10 минутын дараа Еий машин тавьдаг хашаа руу очиход Е гэх залуугийн баруун талын нүднээс  цус гарсан, хавдсан хөхөрсөн байдалтай байсан ба “Юу болсон бэ” гэхэд “Т цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд та нар боль ингэж болохгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.Тий мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид  хоёр  мөнгө  өгсөнгүй  гэж  мессежээр маргалдсан. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Е би ирчихсэн байгаа хүрээд ир гэж залгахаар нь 15 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багт байрлалтай машин тавьдаг хашаанд нь яваад очих үед хашааны гадна талд нь жижиг машин дотор эхнэр нь сууж байсан ба өөрөө хашааны дотор байсан. Чи 2 өдөр 6 цаг ажилласан гэж хэлснээс болж маргалдсан ба улмаар бид хоёр бие биенээ заамдаж аваад зогсож байсан. Би уурлаад зүүн талын гараараа Еий баруун талын нүд рүү нэг удаа цохих үед баруун талын нүднээс нь цус гарч хавдаж хөхөрсөн. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Тий дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Еий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Еий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “хохирогч Ш.Е нэг ч төгрөг нэхэмжилэхгүй, би уучилсан ямар нэгэн маргаан байхгүй” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Тийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч Х.Тий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, өөрийн санал зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Х.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С ургийн овогт Х-ын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Х.Тий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ