Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01856

 

 

 

 2023 оны 10 сарын 11 өдөр Дугаар 210/МА2023/01856

 

Б... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02877 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В... ХХК-д холбогдох,

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоогоор авах авлага 14,255,000 төгрөг, доголдлыг арилгуулах, бетоныг хүчитгэх, бэхлэхэд гарсан зардал буюу учирсан хохирол 338,319,806 төгрөгийг тус тус гаргуулж, 109,801,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг Бергамо ХХК-д шивж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, ... дугаар байрны .... тоот хаягт байрлах дулаан зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг "В...." ХХК-д шилжүүлэхийг "Б..." ХХК-д даалгах, Бетон зуурмагийн үнэ 1,621,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М..., Д.Э., хариу..цагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ч...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б... ХХК нь В... ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16022 тоот "Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ" байгуулж, "В..." ХХК нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Зайсангийн аманд баригдаж буй "Бергамо" ХХК-ийн "UPPER HOUSE RESIDENCE" төслийн аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээтэй апартмент төвийн барилгад бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон.

1.2. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3-т зааснаар В..." ХХК нь М400 маркын барилгын норм, дүрэм, стандартын болон гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг 1 м.куб-ыг нь 160,000 төгрөгөөр, Помп (50м)-ыг нэгж м-ийг нь 8,000 төгрөгөөр тус тус тооцож нийлүүлэхээр харилцан тохиролцсон.

Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар гэрээний нийт үнийн дүнг бодит байдлаар нийлүүлэгдсэн бетон зуурмагийн тоо хэмжээн дээр үндэслэн гэрээний нэгж үнээр эцэслэн тооцож гаргахаар болсон.

В... ХХК нь 2016 онд 1,772 м бетон, 1,772 м помп нийлүүлж, уг зуурмагаар барилгын суурь ба В2 давхрыг цутгасан 2016 онд нийлүүлсэн бетон, помпны үнэ нийт 297,276,000 төгрөг болсон.

"Б... ХХК нь энэхүү төлбөрт бартераар 225,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гаражийн хамт шилжүүлж, 155,726,000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 380,726,000 төгрөгийн төлбөр төлсөн.

1.3. Дараа жил нь буюу 2017 онд үргэлжлүүлэн бетон зуурмаг нийлүүлэх байсан боловч барилгын ажил 2 жилийн хугацаанд зогссон. Ингээд 2019 онд барилгын ажил үргэлжилж, Винс конкрейт" ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 437 м.куб зуурмаг нийлүүлж, уг зуурмагаар барилгын В1 давхрыг, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд нийт 344 м.куб зуурмаг нийлүүлж уг зуурмагаар 1 давхрыг тус тус цутгасан.

"В. ХХК нь 2019 онд 781 м бетон зуурмагийг 1 м-ийг нь 170,000 төгрөгөөр нийлүүлж, Б... ХХК нь 2017 онд 63,575,000 төгрөгийг тус компанид бэлнээр төлсөн.

Ийнхүү "В... ХХК нь гэрээний дагуу 2016, 2019 онуудад нийт 2,553 м бетон зуурмаг, 1,772 м помп худалдан нийлүүлж, "Б... ХХК нь тус компанид нийт 430,046,000 төгрөг төлөх байснаас 225,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гаражийн хамт төлбөрт тооцон шилжүүлж, бэлнээр 219,301,000 төгрөг, нийт 444,301,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг.

1.4. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоогоор "В...  ХХК нь Бергамо ХХК-д илүү төлсөн 14,255,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

1.5. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16022 тоот "Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1-т "В... ХХК нь М400 маркийн барилгын норм, дүрэм, стандартын болон гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг "Б... ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Гэтэл "UPPER HOUSE RESIDENCE" төслийн барилгын 81 давхарт "В... ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн бетон зуурмагийг нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр "Барилга архитектур корпораци"-ийн итгэмжлэгдсэн лабораторид 32 хоногтой бетон сорьцын шинжилгээ өгч шинжлүүлэхэд уг нийлүүлсэн бетоны чанар М400 маркад хүрэхгүй М200 марк гарч, хариуцагчийн нийлүүлсэн бетон гэрээний болон чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон.

Үүний дараа уг лабораторийн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ШУТИС-ийн оношилгооны "Ре... төвийн Захирал профессор доктор Я.Д...аар барилгын бетоны бат бэхийг үл эвдэж сорил хийж шалгуулахад М400 маркийн чанарын шаардлага хангахгүй гэдэг нь дахин батлагдсан.

1.6. Нэхэмжлэгч нь дээрх дүгнэлтүүдийг "В... ХХК-д танилцуулж, Р... төвийн доктор, профессор Я.Д...ын зөвлөгөө, зааварчилгааны дагуу барилгынхаа В1 давхрын бетоны маркийг дээшлүүлэх, чанарыг нь нэмэгдүүлэх арчилгаа хийх ажлыг "В... ХХК-аар 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 10 хоног гүйцэтгүүлж бат бэхийг нь давтан шалгуулсан, бетоны марк М300 хүртэл өсч үүнээс цааш нэмэгдээгүй болно.

В... ХХК-ийн нийлүүлсэн бетон М400 маркийн чанарын шаардлага хангахгүй хэвээр байсан ба доктор, профессор Я.Д...ын зүгээс барилгын төмөр бетон хийцэд хүчитгэл хийх шаардлагатай гэж дүгнэж, мөн манай барилгын зургийн зохиогч "Э..." ХХК нь "Барилгын дэвшилтэт технологийн төв"-ийн нарийвчилсан тооцооллоор хүчитгэл хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Дээрх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс "В...." ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн нийлүүлсэн бетоны чанарын доголдлыг арилгах тухай удаа дараа утсаар шаардаж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шаардлага, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл хүргүүлж, байсан боловч хариуцагчийн зүгээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан гомдол хүртэл гаргаж байсан ба нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "В..." ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилж байсан.

1.7. Нэгэнт "В..." ХХК нь доголдлыг арилгах, бетоны чанарыг нэмэх ажлыг хийхгүй алга болсон тул нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Ц.. ХХК-аар В1 давхрын бетоны хүчитгэл, бэхэлгээний ажлыг, "Н..." ХХК-аар бетон баганыг гипсон ханаар бүрэх ажлыг тус тус хийлгэж, "Э..." ХХК-аас бетон баганын гадна талаар хийх си төмөр рамыг худалдан авч, угсруулж, У... ХХК-аас ногоон хавтан худалдан авч, ШУТИС-ийн оношилгооны "Р... төвөөр барилгын бетоны бат бэхийг ул эвдэж сорил хийж шалгуулах зэрэг ажилд тус тус нэхэмжлэгчээс өнөөдрийн байдлаар нийт 203,472,360 төгрөгийн зардал гарч хохирол учраад байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж заасны дагуу болон Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, 8.6 дахь хэсэгт заасны дагуу "В..." ХХК нь гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй бетоныг хүчитгэх бэхлэх зэргээр доголдлыг арилгуулах, чанарыг нэмэгдүүлэхэд гарсан зардал, учирсан хохирлыг "Б.." ХХК-д төлөх үүрэгтэй болно.

1.8. "В... ХХК нь 430,046,000 төгрөгийн борлуулалтын дүнгээр "Б... ХХК-д НӨАТ-ын төлбөрийн баримт (падаан) шивж өгөх үүрэгтэй байсан боловч үүнээс 320,245,000 төгрөгийн борлуулалтын дүнгээр НӨАТ-ын баримт шивж, 109,801,000 төгрөгийн борлуулалтын орлогод НӨАТ-ын төлбөрийн баримт (падаан) шивж өгөөгүй.

Хуульд заасны дагуу бидний төлсөн албан татвараас 9,981,909.09 төгрөгийг буцаан авах манай компанийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй хохирол учруулж байна. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэст хандан гомдол гаргасан боловч тус хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/2030 тоот албан бичгээр хариу өгөхдөө хариуцагчид и-баримт шивэхийг үүрэг болгосон гэдгээс өөр зүйл дурдалгүй бидний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байдаг. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ. гэж тус тус заасан.

1.9. Иймд "Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ"-ний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоогоор авах авлага 14,255,000 төгрөг, гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй бетоны доголдлыг арилгуулах, бетоныг хүчитгэх, бэхлэхэд гарсан байгаа зардал буюу учирсан хохирол болох 338,319,806 төгрөг, нийт 352,574,806 төгрөгийг В..." ХХК-аас гаргуулж, 109,801,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг борлуулсан орлогод НӨАТ-ын төлбөрийн баримт (падаан)-ыг "Б..." ХХК-д шивж өгөхийг "В..." ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. В..." ХХК нь 2016 онд 16022 дугаар "Бетон зуурмаг нийлүүлэх" гэрээг "Б..." ХХК-тай байгуулсан.

2.2. Гэрээнд заасны дагуу 2016 онд 1772 м.куб бетон зуурмагийг нэхэмжлэгчийн барилгад нийлүүлсэн. Уг бетон зуурмагийн үнэ, помпны ажлын хөлс нь нийт 297,276,000 төгрөг болсон. Үүнээс нэхэмжлэгч нь 225,000,000 төгрөгт тооцож орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, бэлнээр 141,550,000 төгрөгийг манай компанид өгсөн. Дулаан зогсоолыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгөөгүй.

Нэхэмжлэлд дурдсан 155,726,000 төгрөгийг бэлнээр төлөөгүй.

2.3. Харин 2019 онд бид нийт 791 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, 134,470,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны бетон зуурмагийн үнэнд 63,575,000 төгрөгийг төлсөн. Үүн дээр 2016 оны илүү төлөлт 69,274,000 төгрөгийг нэмбэл нэхэмжлэгч нь 2019 оны бетон зуурмагны үнэ 134,470,000 төгрөгөөс 132,849,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчид 1,621,000 төгрөгийг төлөх, дулаан зогсоолыг хариуцагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

2.4. Нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй "UPPER HOUSE RESIDENCE" төсөлд хариуцагч нь 2016 онд бетон зуурмаг нийлүүлж В2 давхрын цутгалтыг хийсний дараа уг төсөл зогссон.

2019 оны 07 дугаар сард нэхэмжлэгч компаниас манай компанитай холбогдож барилгын ажил үргэлжлэх болсон гээд бетон зуурмаг захиалсны дагуу бетон зуурмагийг нийлүүлэхээр очиход барилгын талбайд нэвтрэх орц гарцын маргаантай асуудлын улмаас бидний миксер машиныг нэвтрүүлэхээс татгалзсан.

2016 оны 16022 дугаар "Бетон зуурмаг нийлүүлэх" гэрээний 5.5, 5.14-т заасны дагуу орц гарцын асуудлыг шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн үүрэг байсан боловч энэ үүргээ гүйцэтгээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэгдэхийг 2-3 хоног хүлээсэн боловч асуудал шийдвэрлэгдээгүй, харин "Б..." ХХК-ийн инженер, удирдлагууд 200 гаруй метрийн холоос хоёр помп машинаар дамжуулан бетон цутгалтыг хийхээр шийдвэрлэсэн. Бидний зүгээс энэ нь норм, дүрмийг зөрчсөн үйлдэл болно, бетон зуурмаг нь хоёр помп дамжин гарахдаа өтгөрнө шүү гэдгийг нэхэмжлэгчийн инженер, удирдлагуудад анхааруулсан боловч тэд бидний шаардлагыг хүлээн авахгүйгээр 2019 оны 07 дугаар сарын 20-ний өдөр хоёр помпоор дамжуулан М400 маркийн бетон зуурмаг цутгах ажлыг эхлүүлсэн.

2.5. Бидний хэлснээр хоёр помп дамжуулснаар бетон зуурмаг өтгөрч эхлэхэд нэхэмжлэгч компанийн удирдлагууд бетон зуурмагт бодис хийж шингэлэхийг шаардаж уг шаардлагын дагуу бетон зуурмагийг шингэлсэн.

Энэ нь бетон зуурмагийн бэхжилт удаашрах, бат бөхийг бууруулах, нэг жигд бүтцийг алдагдуулах зэрэг технологийн алдаа гарах үндэс болсон гэж үзэж байна.

Бетон зуурмаг цутгах ажлыг бид гүйцэтгээгүй ба өөр компани өөрсдийн помпоор цутгаж гүйцэтгэсэн. Бид мөн хэт их шингэлж болохгүйг нэхэмжлэгчийн инженерүүдэд нь байнга хэлж сануулж байсан боловч манай ажилчид авч чадахгүй байна, удаад байна гэх шалтгуудыг хэлж бетон зуурмагийг шингэлэхийг шахаж шаардаж байсан. Тухайн өдөр барилгын В1 давхрын цутгалтад нийт 437 м.куб М400 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн.

2.6. Үүний дараа нэхэмжлэгчээс уг бетон нь бат бөхийн шаардлага хангахгүй байна гэж мэдэгдэхэд бидний буруутай аливаа үйл ажиллагаа байхгүй боловч 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 30 өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд В1 давхрыг битүүлж уурын аргаар бетоны арчилгааг хийсэн.

Энэ хугацаанд бетон хийц эдлэхүүнийг усалж, чийглэж орчны дулааныг цельсийн 24 хэмээс буулгахгүйгээр 10 хоног тасралтгүй аливаа төлбөр нэхэмжлэгчээс авахгүйгээр ажилласан. Үр дүнд бетоны бат бөх стандарт хэмжээнд хүрсэн. Нэхэмжлэгч нь шаардлагагүй арга хэмжээг авч үргүй зардал гаргасан байж болзошгүй байх ба үүнийгээ биднээс шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын шаардлага хангахгүй байгаа бол энэ нь хариуцагчаас биш нэхэмжлэгчийн ашиглах журам зөрчсөний улмаас бий болсон доголдол юм. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.8-д заасны дагуу уг хохирлыг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй. Талуудын хоорондын тооцоо нь тодорхойгүй, таарахгүй байна.

2.7. 2016 оны 16022 дугаар гэрээний 7.8-д "Бетон цутгалтын технологи бетоны чанарт муугаар нөлөөлсөн аливаа эрсдэл асуудлыг "В... ХХК хариуцахгүй бөгөөд Б... ХХК эсвэл гүйцэтгэгч хариуцна гэж тохиролцсон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу шаардлага гаргаж байна гэж бичсэн. Хуулийн уг зохицуулалтад худалдан авагч нь зөвхөн гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй гэж тодорхой зохицуулсан тул өөрөөс гараагүй, мөн гэрээний талууд харилцан тохиролцож багасгах боломжтой хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа мөн дуусгавар болсон байна гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

3.1. Манай компани "Б..." ХХК-тай 2016 онд 16022 дугаар "Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж уг гэрээний дагуу бид 2016 онд 1772 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн ба бетон зуурмагийн үнэ 297,276,000 төгрөг, 2019 онд 791 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн ба бетон зуурмагийн үнэ 134,470,000 төгрөг болсон. Бид 2016, 2019 онуудад гэрээний дагуу 431,746,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг Бергамо ХХК-д нийлүүлсэн.

3.2. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 92 дугаар байрны 3 давхрын 43 тоот 100 м.кв орон сууцыг дулаан зогсоолын хамт 225,000,000 төгрөгийн төлбөр тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэйгээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч дулаан зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүй.

3.3. Үүнээс гадна гэрээний төлбөрт хариуцагч нь мөнгөн хэлбэрээр 205,125,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. Орон сууцаар төлсөн төлбөр 225,000,000 төгрөг дээр мөнгөн хэлбэрээр төлсөн 205,125,000 төгрөгийг нэмбэл хариуцагч нь гэрээний төлбөрт нийт 430,125,000 төгрөгийг төлсөн байна.

3.4. Үлдэгдэл 1,621,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 92 дугаар байрны 30 тоот хаягт байрлах дулаан зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг мөн бидэнд шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Энэ зогсоол нь Б... ХХК-ийн өмчлөлийн зогсоол биш, энэ шаардлагыг Б... ХХК-д холбогдуулан гаргах үндэслэл байхгүй. Өөр хүний нэр дээр байгаа хөрөнгийг шилжүүлж өгөхийг зөввшөөрч болохгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч В... ХХК-аас 209,622,500 төгрөгийг гаргуулан Б... ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 142,152,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 109,801,000 төгрөгийн дүнтэй орлогод НӨАТ-ын, төлбөрийн баримтыг Б... ХХК-д шивж өгөхийг В. ХХК-д, Хан-У..ул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, дулаан зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг В... ХХК-д шилжүүлэхийг Б... ХХК-д тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагч В... ХХК нь бетон зуурмагийн үнэ 1,621,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 1,316,800 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 266,055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 1,276,262 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад, нэхэмжлэгч байгууллагаас 70 200 төгрөг гаргуулан хариуцагч байгууллагад тус тус олгож, шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02877 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч "Б...  ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.1. Нэхэмжлэлээс 142,952,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болох тухайд.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн. Харин "...гэрээнд тусгагдаагүй ажлын хөлс орсон, гэрээнд заасан ажлын аль хэсэгт нэмэлт ажиллагаа хийгдсэн болох нь тодорхойгүй байгаа үлдсэн 142,952,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэрээнд тусгагдаагүй ажлын хөлс орсон гэж дүгнэсэн боловч чухам аль гэрээнд тусгагдаагүй хөлс юм, доголдол арилгуулахад гарсан аль зардал, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй вэ гэдэг нь тодорхойгүй байна.

"В..." ХХК нь доголдлыг арилгах, бетоныг хүчитгэх ажлыг хийгээгүй тул нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн "Ц..." ХХК-аар чанарын шаардлага хангахгүй бетоны хүчитгэл, бэхэлгээний ажлыг "Н..." ХХК-аар бетон баганыг гипсон ханаар бүрэх ажлыг тус тус хийлгэж, "Э..." ХХК-аас бетон баганын гадна талаар хийх си төмөр рамыг худалдан авч, угсруулж, "У..." ХХК-аас ногоон хавтан худалдан авч, ШУТИС-ийн оношилгооны "Ре..." төвөөр барилгын бетоны бат бэхийг үл эвдэж сорил хийж шалгуулах зэрэг ажилд нэхэмжлэгчээс нийт 338,319,806 төгрөгийн зардал гарч хохирол учирсан.

Энэ талаарх хохирлын тооцоог 1-р хавтаст хэргийн 45 дахь талд гарган өгч, холбогдох ажил гүйцэтгэх гэрээ, худалдах худалдан авах гэрээнүүд нь 1-р хавтаст хэргийн 36-44 дэх талд авагдсан байгааг шүүх нарийвчлан судлаагүй байна. Тэгээд ч нэхэмжлэгчийн зүгээс доголдлоо арилгахад хийгдэх ажлын нэг бүрийн үнэ болон нийт гарах зардал хохирлын дунг 366,537,692 төгрөг болж байгаа тухай албан бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид бичгээр урьдчилан мэдэгдсэн байдаг. Харин ч нэхэмжлэгчийн хувьд урьдчилан мэдэгдэж байсан уг дүнгээс даруй 30 орчим саяаар бага дүн буюу 338,319,806 төгрөгийг шүүхэд хандан нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгч илүү төлбөр огт нэхээгүй болохыг харуулж байгаа юм.

6.2. Гэрээнд заасан ажлын аль хэсэгт нэмэлт ажиллагаа хийгдсэн болох нь тодорхойгүй байгаа гэсэн нь мөн л үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчаас 2019.07.20-ны өдөр В1 давхарт 437 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн ба энэхүү бетон нь гэрээнд заасан чанар, үзүүлэлтийн шаардлага болох М400 маркад хүрэхгүй М200 марктай гарч шаардлага хангаагүй.

Ингээд В1 давхрын бетоны маркийг дээшлүүлэх, чанарыг нь нэмэгдүүлэх арчилгаа хийх ажлыг "В..." ХХК-аар 2019.9.20-ны өдрөөс 9.30-ны өдөр хүртэл нийт 10 хоног гүйцэтгүүлж бат бэхийг нь давтан шалгуулсан боловч бетоны марк М300 хүртэл өсч үүнээс цааш нэмэгдээгүй байдаг.

Улмаар барилгын зургийн зохиогч "Э..." ХХК нь В1 давхарт хүчитгэл хийх шаардлагатай тул яаралтай хүчитгэх арга хэмжээг авах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгч өөрийн зардлаар бетоныг хүчитгэхэд шаардлагатай бетоны хүчитгэл, бэхэлгээний ажил, бетон баганыг гипсон ханаар бүрэх ажил, бетон баганын гадна талаар хийх си төмөр рамыг худалдан авч, угсруулах ажил ногоон хавтан худалдан авах зэрэг шаардлагатай ажлуудыг хийлгэсэн.

Эдгээр ажлууд нь бүгд гүйцэтгэгч, худалдагч талуудтай байгуулсан гэрээний дагуу хийгдсэн ажлууд байхад шүүх чухам яагаад нэмэлт ажиллагаа гэж үзсэн, тэгснээ нэмэлт ажиллагаа хийгдсэн болох нь тодорхойгүй гэж байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.

6.3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болох тухайд

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 92 дугаар байрны 3 давхрын 43 тоот 100 м.кв талбай бүхий орон сууц нь "Б..." ХХК-ийн өмчлөлд байгаагүй байхад шүүх ямар нотлох баримтад үндэслэж 6 жилийн өмнө "В." ХХК-д шилжүүлж өгсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Бодит байдалд энэхүү орон сууц болон автозогсоол нь "Б..." ХХК-ийн барилгын төсөлд орон сууц захиалсан иргэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд бөгөөд захиалсан орон сууцныхаа телберт тооцож арилжсан (бартераар шилжүүлсэн) байхад анхан шатны шүүх шууд л нэхэмжлэгчийн өмчлөлийнх мэтээр дүгнэж, авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаснаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчиж, хууль зүйн хувьд болоод эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн практикт биелэгдэх огт боломжгүй шийдвэр гаргасан нь алдаатай болжээ. 

6.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасны дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02877 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, "...нэхэмжлэлээс үлдсэн 142,952,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож" гэсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн нийт шаардлага болох 352,574,806 төгрөгийг бүхэлд нь хангаж хариуцагчаас гаргуулсан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлийн талаар тодорхой ярилцсан, хэрэгт энэ талаарх баримт авагдсан. Тухайлбал, Ц... ХХК болон нэхэмжлэгчийн хооронд байгуулагдсан 2020 оны ажил гүйцэтгэх гэрээг үндэслээд барилгын В1 давхарт хүчитгэлийн ажил хийгдсэн бөгөөд ажлын хөлсөнд 324,000,000 төгрөгийг төлсөн гэж шүүхэд тайлбарладаг. Ц... ХХК-аас хүчитгэлийн ажлыг хийгээд ажил гүйцэтгэсэн актыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тухайн актаас үзэхэд В1 давхрыг хүчитгээд дээрээс нь В2 давхрыг нэмж хүчитгэсэн талаар баримт хэрэгт авагдсан. Мөн Upper House Residence барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д В2 давхрын хүчитгэлийн ажлыг хийхээр нэхэмжлэгч тохиролцсон.

7.2. Төлсөн мөнгөндөө нэхэмжлэгч гагцхүү В1 давхрыг хүчитгүүлсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар В2 давхрыг хамт хүчитгэсэн. Шүүх хуралдааны явцад В2 давхрын хүчитгэлийн ажилд тусдаа гэрээ хийсэн эсэхийг асуухад тусдаа гэрээ хийгээгүй гэх тайлбарыг өгдөг. Үүнээс үүдээд анхан шатны шүүхээс тухайн төлсөн төлбөрөөс В1, В2 давхрын хүчитгэлийн зардлыг ялгах боломжгүй нөхцөл үүссэн.

Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 102/ШШ2023/02877 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.1. 14,255,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухай анхан шатны шүүх "Б... ХХК нь 2016, 2019 онуудад В... ХХК-аас хүлээн авсан бетон зуурмагийн үнээс 14,255,000 төгрөгийг илүү төлсөн болох нь төлбөр тооцооны баримтаар нотлогдож байна. /1хх-21, 113-129, 143, 145, 2хх 8, 9/, Хариуцагч нь зөвхөн 79 000 төгрөгийн өглөгтэй гэж тайлбарлан хэрэгт өгсөн тооцоонд 2016 оны тооцоо ороогүй байх бөгөөд үлдсэн 14 176 000 төгрөгийг буцаан төлсөн эсхүл төлөх үндэслэлгүй болохыг няцаасан баримтгүй байх тул энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна. /1хх-27/ гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Зохигчид нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 1хх-ийн 21-р талд байгаа төлбөрийн тооцоогоор нэхэмжлэгч хариуцагчид төлсөн гэх 2016 оны төлбөрөөс дараах төлбөрийг төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн гэх 10,512,000 төгрөгийн баримт; 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн гэх 120,000 төгрөгийн баримт; 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 35,440,000 төгрөгийг төлсөн гэх боловч хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 440,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч төлбөр тооцоондоо 2016 онд мөнгөөр 155,726,000 төгрөгийг хариуцагчид төлсөн гэж тодорхойлдог боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн баримтуудыг судалж үзэхэд 131,550,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн байдаг.

8.2. Анхан шатны шүүх 1хх-21, 113-129, 143, 145, 2хх 8, 9 дугаар хуудаснуудад байгаа нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг 14,255,000 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэдэг. Гэтэл 1хх-123 дугаар хуудсанд байгаа нотлох баримт нь нэхэмжлэгчийн кассаас мөнгө гарсан болохыг нотлох болохоос хариуцагч уг мөнгийг авсан болохыг нотлоогүй баримтыг, 1хх-127 дугаар хуудсанд байгаа хэн авсан нь мэдэгдэхгүй, хариуцагч компанийн санхүүгийн тамгагүй баримтыг тус тус нотлох баримтаар үнэлсэн.

Хэдийгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт нь 14,255,000 төгрөгийг илүү төлсөн болохыг нотолж чадаагүй ч хариуцагчийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 79,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

8.3. Анхан шатны шүүхээс "..."В..." ХХК нь гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй бетон зуурмагийг нэхэмжлэгчид нийлүүлсэн болох нь 1хх 28-31, 32, 33, 34, 35, 137, 138, 144 хуудсанд авсан баримтуудаар нотлогдож байна" гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

Энд дурдсан баримтууд дотор "Б..." ХХК-ийн бусад байгууллагад явуулсан албан бичигт хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг М400 маркад хүрээгүй гэж бичигдсэн байх ба харин Ре... төвийн, Барилга архитектурын корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн, "Э..." ХХК-ийн албан бичгүүдэд М400 маркад хүрээгүй тухай огт дурдаагүй байхад анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

8.4. Хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 10 хоногийн хугацаанд В1 давхрын бетон хийцэд хүчитгэл хийж Ре... төв уг хүчитгэлийн ажлыг шалгаж энэ талаар нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 77/19 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Тухайн үед хүчитгэлийн ажил үр дүнтэй болсон тул нэхэмжлэгч аливаа гомдлын шаардлагыг гаргалгүй ажлын үр дүнг хүлээн авсан.

Үүнээс хойш 6 сар 11 хоногийн дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ре... төвөөс бетон хийцийн чанарыг шалгаж В1 болон 2-4 давхрын цутгалт В25 ангийн бетоны шаардлагыг хангаж байгаа тухай 2020 оны 28/20 дугаар албан бичгээр 2, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр В1 давхрын бүтээцүүдийн бетоны бат бэхийг шалгаж 2020 оны 28/20 дугаар албан бичгээр тус тус нэхэмжлэгчид мэдэгдсэн. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бат бэхдээ хүрсэн байсан бетон хийцийн бат бэх энэ зургаан сар 11 хоногийн хугацаанд яагаад буурсан бэ гэдэг шалтгааныг нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотолж чадаагүй, энэ шалтгааныг тодруулахаар хариуцагчаас шинжээч томилуулах хүсэлт гаргахад хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэхийг эрс эсэргүүцэж байсан.

Хүчитгэлийн ажлын үр дүн 6 сар 11 хоногийн дараа буурсан байгаагийн шалтгаан нь түүний арматурын чанар, хэв хашмал, арчилгаа зэргийг шалтгаалаагүй, эдгээрийг чанар стандартын дагуу хийсэн, зөвхөн хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмагаас болсон гэдгийг нэхэмжлэгч шүүхэд эргэлзээгүйгээр, баримтаар нотолсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 107 дугаар зүйлийн 107.2, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн.

8.5. "Э..." ХХК-ийн 2020 оны 120/2020 дугаар албан бичигт 5 Реконстракшн төвийн шалгалтад үндэслэн Б1 давхрын бетон анги нь зураг төсөлд заагдсан хэмжээнд хүрээгүй, хүчитгэх арга хэмжээ ав гэсэн байх боловч зураг төсөлд бетоны ангийг М400 гэж тусгасан үгүй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй.

8.6. Хариуцагчаас 2016 онд барилгын Б2 давхрын бетон зуурмагийг цутгасан, тухайн үед нийлүүлсэн бетон зуурмагтай холбогдуулж нэхэмжлэгчээс аливаа гомдлын шаардлага гаргаагүй атлаа, Б2 давхрын бетон хийцэд мөн хүчитгэлийн ажлыг хийлгэсэн байдаг. Эндээс уг бетон хийц нь зөвхөн нийлүүлсэн бетон зуурмагаас шалтгаалаагүй, уг зуурмагийг бетон болгож хатаахад алдаа гарсан, эсхүл арматур нь чанарын шаардлага хангаагүй байх зэрэг шалтгаан байж болзошгүй юм.

Анхан шатны шүүх шийдвэртээ "Хариуцагч байгууллага нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 10 хоногийн хугацаанд Б1 давхарт уурын аргаар бетон арчилгааг хийсэн болохыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул дээрх зардалд нэхэмжилсэн 338,319,806 төгрөгөөс 195,367,500 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нэхэмжлэгчид олгож, гэрээнд тусгагдаагүй ажлын хөлс орсон, гэрээнд заасан ажлын аль хэсэгт нэмэлт ажиллагаа хийгдсэн болох нь тодорхойгүй байгаа үлдсэн 142,952,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж дүгнэсэн.

8.7. Нэхэмжлэгч нь "Ц..." ХХК-тай байгуулсан 2020 оны 05/20 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ"-г үндэслэн Б1 давхарт хүчитгэл хийлгэсэн, уг ажлын хөлсөнд 324,847,446 төгрөгийг төлсөн гэж шүүхэд тайлбарладаг боловч "Цамхаг өргөө бюлдинг" ХХК-ийн Хүчитгэлийн ажил гүйцэтгэсэн акт, уг актад хавсаргасан 610, 1011 дугаар зургууд болон 2020 оны 13/20 дугаар "Upper house residense төслийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар Б2 давхрын хүчитгэлийг "Ц... ХХК-аар давхар хийлгэсэн болох нь нотлогдоно.

Энэхүү нөхцөл байдлыг тодруулах зорилгоор миний бие шүүх хуралдааны явцад "Б2 давхрыг хэдэн төгрөгөөр хүчитгэл хийлгэсэн бэ, тусдаа гэрээ байгуулсан уу гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Б2 давхрын хүчитгэлийн ажлыг гүйцэтгүүлэх талаар гэрээ байхгүй" гэж хариулсан ба Үүгээр Б2 давхрын хүчитгэлийн ажлын хөлсийг хариуцагчаар төлүүлэхээр санаархаж байгаа нь тодорхой ойлгогдоно.

8.8. Нэхэмжлэгч Б1, Б2 давхрын ажлын хөлсийг нийлүүлж, хамтад нь хариуцагчаас нэхэмжилсэн ба нийлүүлэн нэхэмжилсэн дүнгээс Б1 давхрын хүчитгэлийн ажлын хөлсийг шүүх ялгах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дах заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлоогүй гэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай байтал анхан шатны шүүх ямар нотлох баримтад үндэслэж 195,367,500 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн. 195,367,500 төгрөгийг хангаж, 142,952,306 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай мөн шийдвэртээ заагаагүй.

Нэхэмжлэгчээс "Ц... ХХК-д шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг хэргээс шүүж үзэхэд 324,847,446 төгрөгт хүрэхгүй буюу 292,000,000 төгрөгийг төлсөн баримт авагдсан байна. Анхан шатны шүүх шийдвэртээ "НӨАТ-ын баримтаас 79,000 төгрөгийг хасаад үлдэх хэсэгт баримт шивж өгнө гэх хариуцагчийн тайлбарын үндэслэл тодорхойгүй" гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн 109,801,000 төгрөгийн борлуултад НӨАТ-ын баримт шивж өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдож байгаа хэмжээгээр хангаж шийдвэрлэх үүрэгтэй болохоос зөвхөн хариуцагчийн тайлбараар тодорхойлж шийдвэрлэж болохгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн, уг худалдан авалтаас хариуцагч хэдэн төгрөгийн баримтыг шивсэн бэ, хэдийг шивээгүй вэ гэдгийн баримтаар тогтоож байж уг шаардлагыг шийдвэрлэх ёстой байжээ.

8.9. Нэхэмжлэгч нь 2016 болон 2019 онуудад нийт 415,870,000 төгрөгийн худалдан авалтыг хийсэн үүнээс нэхэмжлэгч 320,245,000 төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын баримтыг шивсэн 95,625,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивээгүй. Тэгэхлээр хариуцагч 95,625,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивэхийг зөвшөөрсөн гэж ойлгох нь зүйтэй юм.

Анхан шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан алдааг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрт "бетон зуурмагийн үнэнд илүү төлсөн 14,255,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг 79,000 төгрөгийн хэмжээнд хангах, Чанарын шаардлага хангаагүй бетоны доголдлыг арилгуулах, бетоныг хүчитгэх, бэхлэхэд гарсан зардал буюу хохирол болох 338,319,806 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох, 95,625,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг борлуулсны орлогод НӨАТ-ын баримт шивэхийг даалгах" тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар бетоныг нийлүүлж дууссаны дараагаар тооцоог эцэслэж хийхээр тохиролцсон. Үүнээс 50 хувь нь бартераар, 50 хувийг мөнгөөр төлөхөөр болж, тухайн үед төлбөрийг төлсөн.

9.2. Нэхэмжлэлд дурдсан 14,255,000 төгрөг нь хүлээж аваагүй гараашийн дүнд баримтгүй гэж үзээд зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч тайлбар гаргахдаа нийт 109,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримт дутуу байгаа хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч гомдолд 95,625,000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивээгүй гэж дурдаж байна. Хэргийн 24 дүгээр талд 35,000,000 төгрөгийн НӨАТ баримт авагдсан.

Нөгөө хоёр баримт нь бэлэн мөнгөөр өгч байсан учраас анхан шатны баримт өгөөгүй бөгөөд НӨАТ баримт өгөхөөр тохиролцсон атлаа одоо энэ талаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн бетон зуурмагийг М400 маркад хүрэхгүй байсан гэж тайлбарладаг боловч 2019 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө хийгдсэн цутгалт юм.

9.3. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Барилга архитектур корпорацын шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд хэргийн 137 дугаар талд авагдсан.

Уг доголдлыг арилгах шаардлага тавьсан бөгөөд энэ талаарх хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлгээр дээрх доголдлыг хүлээн зөвшөөрсөн нь тогтоогддог. Маркийн тухайд 28 гэдэг нь М280, 30 гэдэг нь М300 марктай дүйцдэг. Хаврын хэмжилтэд В1 давхрын бетон 28, 30, хүрээд 2, 3, 4 давхрынх 30, 40 хүрсэн. Үүнд маркад хүрсэн гэх акт огт байдаггүй. Хариуцагч тайлбар нь 2 жилийн дараах тайлбар бөгөөд бичгийн баримтаар нотлогдохгүй. Харин нэхэмжлэгч нь тухайн үед доголдлоо арилгахыг шаардаж Мэргэжлийн хяналтын газарт хандсан баримт хэрэгт авагдсан.

9.4. Давж заалдах гомдолд В2 давхрын баганыг хүчитгэсэн гэх боловч В1 давхрын 22 багана, В2 давхрын 2 баганад хүчитгэлийн ажил хийгдсэн. Тухайн үед В2 давхрын баганад зайлшгүй хүчитгэл хийх шаардлагатай байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс 50 хувийг нь хассан. Үүнээс В2 давхрын хүчитгэлийн ажлын зардлыг гаргуулсан гэж үзэхгүй.

Мөн бетон зуурмагийг маркд хүрээгүй гэсэн бичиг огт байхгүй гэх боловч өнөөдрийг хүртэл дээрх ажлуудыг санаачилгаараа хийнэ гэж байхгүй, хүний амь настай холбоотой ажил учраас хариуцлагатай хандсан. Хүчитгэлийн ажил хийснээр марк нь өсөөд М400 хүрнэ гэсэн ойлголт огт байхгүй.

Тухайн бетоны чанарыг улам муутгахгүйгээр М300 хэмжээнд барих зорилгоор хүчитгэлийн ажил хийсэн. НӨАТ-ын баримтын тухайд гараашийг авах гэж байгаа бол бүтэн дүнгээр нь шивэх ёстой бөгөөд нэхэмжлэгч талаас 14,000,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж буцааж өгөх ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч Б... ХХК нь хариуцагч В... ХХК-д холбогдуулан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоогоор авах авлага 14,255,000 төгрөг, доголдлыг арилгуулах, бетоныг хүчитгэх, бэхлэхэд гарсан зардал буюу учирсан хохирол 338,319,806 төгрөгийг тус тус гаргуулж, 109,801,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг Б... ХХК-д шивж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1-р хх. 1-3, 72, 98-99, 140, 178/

3. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

3.а. Зохигчийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч В... ХХК нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Зайсангийн аманд баригдаж буй барилгад М400 маркын 1,830 м.куб хэмжээний бетон зуурмагыг 2 хувааж нийлүүлэх, нийлүүлэхдээ Помп (50м)-ыг нэгж м.кубыг нь 8,000 төгрөгөөр тооцох, Б... ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1-р хх 12-20/

3.б. Мөн талууд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний төлбөр тооцоог нийлж, акт үйлджээ. /1-р хх 21, 27/

3.в. Талууд 2016, 2019 онуудад бетон зуурмаг нийлүүлсэн болон худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин гэрээний зүйл доголдолтой байсан эсэх, төлбөрийг бүрэн төлөөгүй эсэх талаар маргасан нь маргааны зүйл болжээ.

4. Б... ХХК болон В... ХХК-уудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Талууд бетон зуурмагийн чанар стандартын талаар маргаж байгаа тохиолдолд бетон зуурмагыг анх В. ХХК нийлүүл..эхэд М400 маркын чанарт хүрч байсан эсэх, мөн цутгалт хийсний дараа бэхэлгээ, хүчитгэл хийх шаардлагатай гэж үзсэн нь бетон зуурмагийн чанараас болсон уу, эсвэл цутгалт хийхдээ барилгын стандарт, норм дүрэм журмыг зөрчсний улмаас хүчитгэл хийх шаардлага үүссэн үү зэрэг асуудлыг тодруулах нь зүйтэй. Хэрвээ бэхэлгээ, хүчитгэл хийх шаардлага үүссэн гэж үзэж байгаа бол түүнд гарах зардал, төсвийн тооцоог мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

5.а. Хариуцагч В.. ХХК нь Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 92 дугаар байрны 30 тоот хаягт байрлах дулаан зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг "Б..." ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэл гарган маргаж байгаа бөгөөд уг хөрөнгө хэний нэр дээр байгааг тодруулах, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг зайлшгүй баримтаар тогтоох ажиллагааг шүүх явуулах нь зүйтэй.

6. Дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг дүгнэх, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,130,662 төгрөг, хариуцагч В... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,275,868 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД  Н.БАТЗОРИГ

Ш.ОЮУНХАНД