Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02071

 

 

 

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02071

 

 

  З.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02670 дугаар шийдвэртэй,

З.С-ийн нэхэмжлэлтэй

Г.Б, Д.Д нарт холбогдох,

хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-339 тоот шийдвэрээр нэгж талбарын 1864132958****дугаартай, 699 м.кв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны Б-гийн аманд зуслангийн зориулалтаар эзэмшдэг. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарьн 22-ны өдрийн А-179 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 1864132956**** дугаар бүхий 450 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Б-гийн аманд зуслангийн зориулалтаар эзэмшдэг болно.

1.1. Гэтэл иргэн Г.Б, Д.Д нар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны Б-гийн аман дах зуслангийн газар олгосон тухай холбогдох хадгаламжийн нэгж үүсээгүй байхад хууль бусаар төмөр хашаа болон обьект барьж миний хууль ёсны газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна. Миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа иргэн Г.Б, Д.Д нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, эзэмшил газрыг чөлөөлж өгнө үү.

Газрын албанаас З.С-ийн эзэмшил рүү 11 метр сунгаж хашаа баригдсан гэж тодорхойлсон албан бичгийг өгсөн тул тэр хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, төмөр, хашаа байшин баригдсан газрын хувьд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Хариуцагч нар ашиглах эрхээ сунгуулсан баримтгүй, мөн тэдэнд газар эзэмших эрх олгогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Бид 1989 онд Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б зуслангийн аманд хашаа барин, зуслангийн зориулалттай, 4 айлын, 3 ширхэг суурь цутгалттай байшин барьж өнөөдрийг хүртэл жил бүр зусч амьдарч ирсэн.

2.1. Анх Нийслэлийн Засаг Даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр шийдвэрээр Баянбулагийн доод аманд байрлах 500 м.кв талбай бүхий газрыг 01040**** дугаартай гэрчилгээний дагуу Г.Б-д, мөн 390 дүгээр шийдвэрээр 500 м.кв талбай бүхий газрыг 01040**** дугаартай гэрчилгээний дагуу Д.Д-д тус тус 5 жилийн хугацаагаар ашиглуулах шийдвэр гарсан. Хэдийгээр 5 жилийн ашиглах хугацаа дууссан боловч, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дугаартай газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон захирамж өнөөдрийг хүртэл гараагүй мөн тухайн газрыг ашиглахтай холбогдох зардлыг төлж ирсэн байна.

2.2. Бидний газрыг өөр этгээдэд эзэмшүүлснийг мэдсэн даруй, З.С-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэн, ажиллагаа явагдсаны үндсэн дээр 2022 оны 10 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс бид 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газар зохион байгууллатын албанд гаргасан хүсэлтдээ бидний 1990 оноос хойш хашаалж амьдарч ирсэн газрыг өөр иргэний газартай давхцаж байна гэх үндэслэлээр эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд бидэнд тус газрыг эзэмшүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан ч хариу гараагүй бөгөөд хэрэв захиргааны байгууллага бидэнд газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгвөл бид захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах болно. Анх 4 ах, дүү нар 1989 онд зуслангийн газар авч байшин барьсан. Бид нараас Г.Б, Д.Д бид, нөгөө хоёр нь бусдад зарсанаас хойш хэд хэд дамжин өөрчлөгдсөн. Гэтэл З.С сүүлд газрыг хуурамч баримтаар хууль бусаар олж авсан гэж үзэж байна.

Хариуцагч нар анхнаасаа хууль бусаар эзэмшээгүй, 2001 оны гэрчилгээний дагуу илээр нийтэд нээлттэй эзэмшиж, ашиглаж байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгчийн аль газар дээр 11 метрээр давхцаад байгаа нь тодорхойгүй, хашаа обьект гэж нэхэмжлэлд тусгагдсан. Хариуцагч нарын эзэмшил хууль бус биш хууль ёсны дагуу анх эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй. Байшин нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Мөн газар дээрх тухайн байшингийн хууль ёсны өмчлөгч хариуцагч мөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газрын албанд ажлын хэсэг байгуулагдаж шийдвэрлэх саналтай байгаа талаар албан бичигт тусгагдсан байна. Газрын тухай хуулиар тухайн газарт 10 жилээс дээш хугацаагаар эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газарт тэргүүн ээлжинд эзэмших, өмчлөх эрхтэй байдаг. Нэхэмжлэгч 1989 оноос хойш тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан үйл баримтад маргаагүй. Зуслангийн байшинг сансрын зургаас үзэхэд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө тухайн газарт баригдсан нь тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар З.С-ийн эзэмшлийн нэгж талбарын 1864132958****дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Баянбулагт байрлах 699 мкв талбайтай газрыг хариуцагч Г.Б, Д.Д нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас нэгж талбарын 1864132956**** дугаартай, мөн хаягт байрших 450 мкв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр бидний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой хөндөж Үндсэн хуулиар олгосон өмчийн эрх зүйгээр зохицуулагдсан эд хөрөнгөтэй байх эрхэд ноцтой халдаж, Газрын болон Иргэний хууль, бусад хуулийг буруу хэрэглэж нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

4.1. 2001 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг ах дүү нарын хамт эзэмшсэн. Гэтэл шүүхэд дуудагдаж 1989 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэр орноо чөлөөлөх нөхцөл байдалд хүрч байна. Хүний бодит эзэмшилдээ байлгаж амины орон сууц барьсан газрын орон сууцыг нь таллан газар олгоно гэж юу байхав. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн тухай болон Газрын тухай хуульд зааснаар эрх нь байгаа ч тус харилцааг нарийн зохицуулсан Газрын тухай хуульд газар бүр өөрийн гэсэн нэгж газартай байна. Нэгж газрын бүртгэл хоорондоо давхцахгүй бөгөөд шинээр олголт хийхдээ хээрийн болон суурин судалгааг заавал хийнэ гэж заасан байдаг. Гэтэл ямар ч судалгаа хийлгүй нэхэмжлэгчид газрыг олгосон байна.

Шүүхийн шийдвэрт газрын эрхийн гэрчилгээ хүчингүй бөгөөд газрын мэдээллийн санд бүртгэлгүй бүртгэгдэж байгаагүй, холбогдох бичиг баримт нь захиргааны байгууллагын архивт хадгалагдаагүй байна гэж дурдсан байна. Холбогдох газрын бичиг баримт газрын түүхийг архивлаж хадгалах үүрэг нь захиргааны байгууллагын чиг үүрэг бөгөөд газрын мэдээллийн нэгдсэн санд газрын мэдээллийг оруулах чиг үүрэг нь Газрын тухай хуульд заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үндсэн чиг үүрэг юм. Захиргааны байгууллага ажлаа дутуу хийсэн, огт хийгээгүй чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэм бурууг надад хамаатуулж шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2001 оны надад олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гараагүй болно.

Газар эзэмших эрх нь тухайн газрыг бодитоор эзэмшиж байсан этгээдэд давуу байдаг. Манай зүгээс удаа дараа газрын эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт өгдөг ч Захиргааны байгууллага хүнд суртал гаргаж огт хариу өгдөггүй. Хууль мэдэхгүй олон иргэдийн өмчийг соёлтойгоор дээрмдэж хууль бусаар авч байгаа нь шудрага шүүхийн зарчим иргэний эрх, өмчийг хамгаалах ардчилсан нийгмийн зарчимтай нийцэхгүй.

4.2. З.С-д эрх олгосон маргаан бүхий газрын захирамж болон газрын эрхийн гэрчилгээг илтэд хууль бус болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно. Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхэд дахиж хандсан уу гэдэг үйл явдал шүүхийн шатанд яригдаагүй. Шүүх захиргааны байгууллагаас ирсэн албан бичгийг үндэслэл болгосон. Захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь харагдана. Гэтэл шүүх үнэлэхдээ мэдээллийн санд бүртгэлгүй гэрчилгээнээс өөр юу ч байхгүй гэж иргэн намайг буруутгадаг. Шүүх Газрын тухай хуулийг үндэслэлдээ дурдсан ч буруу зүйл, заалт хэрэглэсэн. Иргэний хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь бодит эзэмшил, хэн анхнаасаа эзэмшиж байсан, тухайн орон сууц, хашаа хэн барьсан, 2001 онд газар эзэмших гэрчилгээг авч байсан талаар нэхэмжлэгч маргадаггүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т Нийслэлийн Засаг даргын 2001 оны захирамжаар гэрчилгээ авсантай маргаагүй гэж, 6.1-т мэдээллийн санд бүртгэлгүй, газрын хувийн хэрэг байхгүй гэж дүгнэсэн нь надаас биш захиргааны байгууллагын ажиллагаа юм. Мөн 6.1-т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гэж дурдсан байна. Анх удаа ийм хуулийн нэршил сонсож байгаагаас гадна газар өмчлөлтэй холбоотой ойлголт манай маргаанд яригдахгүй эзэмших эрхтэй холбоотой л хуулийн ойлголт яригдана. Шүүгч ямар хууль дурдаж үндэслэж байгааг би огт ойлгохгүй байгааг илэрхийлэх нь зүйтэй.

1989 оноос бодит эзэмшилдээ байлгаж, 2001 оноос газрын эрхийн гэрчилгээг авч өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн орон сууц, газар тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг хангагдаагүй бөгөөд тус газар, байшингийн шудрага, хууль ёсны эзэмшигч нь бид юм. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй мөн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Маргаан бүхий газар дээр нийт 4 байшин байдаг бөгөөд 2 байшин нь эзэмших эрхийн гэрчилгээтэй, нөгөө 2 байшин нь гэрчилгээ аваагүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийн эзэмшлийн 11 метр талбайг оролцуулан байшин барьсан.

Анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч З.С нь хариуцагч Г.Б, Д.Д нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Б зусланд байрлах, 699 м.кв, 500 м.кв талбайтай газруудыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосны дагуу эзэмшиж байхад хариуцагч нар хууль бусаар төмөр хашаа болон обьект барьж миний хууль ёсны газар эзэмших эрхийг зөрчсөн гэж, хариуцагч нар татгалзлаа Бид 1989 онд Б зуслангийн аманд 4 айлын хашааны газар авч 3 байшин барьсан. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 390 дугаар захирамжаар тухайн газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон бөгөөд уг шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа. гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дугаар захирамжаар хариуцагч нарт 0.08 га газрыг зуслангийн сууц барих зориулалтаар 3 жилийн хугацаатай олгосон. /1хх 82-138/

3.2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А339 тоот шийдвэрийг үндэслэн 699 м.кв газрыг, мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А179 тоот шийдвэрийг үндэслэн 450 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн. /1хх 6-13/

3.3. Зохигчийн эзэмшил газар 11 метр хэмжээгээр давхцсан нь Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-04/6174 дугаартай албан бичгээр нотлогдсон. /1хх-15/

4. Хариуцагч нар 1989 онд Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны Б зуслангийн аманд хашаа барин зуслангийн зориулалттай 3 байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн гэж тайлбарласан ба хэрэгт Д.Б гэх хүний Д овогтой Б би 1990-1991 оны үед Д.Б, Д.Д, Г.Б нартай хамтран Сүхбаатар дүүрэг дэх Б-ийн аманд 4 айлын 3 байшин, хашааг өөрсдөө барьж байгуулсан гэсэн тайлбар авагджээ. /1хх-220/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь дүүргийн Засаг даргын шийдвэрээр нэхэмжлэгчид газар олгохоос өмнө маргаан бүхий газрыг эзэмшиж, өөрсдийн эзэмшил газартаа байшин барьсан гэж тайлбарласан бол давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшиж эхлэх үед хариуцагч нарын байшин нэхэмжлэгчийн газартай давхцаагүй байсан, хариуцагч нар хожим байшиндаа өргөтгөл барихдаа нэхэмжлэгчийн эзэмшил газар луу нэвтэрсэн гэсэн тайлбар өгчээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гарах үед хариуцагч нар маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж, тухайн газарт хариуцагч нарын байшин баригдсан байсан эсэх, эсхүл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин байшиндаа өргөтгөл барьсан эсэх нь тогтоогдоогүй байна.

5. Дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоолгүйгээр давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН