| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0310/Э |
| Дугаар | 315 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 315
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ж.Б, Уурагч овогт Г.Ч, Алагадуут овогт Л.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0218 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
3. Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Г.Ч, Ж.Б, Л.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Бийг цохиж зодон гар утас, түрүүвчийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цагийн үед зуун айл руу явж байхдаа Д.Ч дайралдсан. Тэгээд Ж.Бынд хамт очсон. Ж.Бын найзуудтай нийлж нэг шил архи уусан. Хохирогч О.Б орой 19 цагийн үед тамхи асаах гээд малгайтай цамцных нь араас татсан чинь утсаар ярьж байснаа эргэж хараад намайг шууд цохисон...” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 27/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 28/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 31-33/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Ням-Эрдэнэийн өгсөн мэдүүлэг /хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Л.Бийн өгсөн мэдүүлэг /хх-н 39-41/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Ж.Бын өгсөн мэдүүлэг /хх-н 42-43/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Чийн өгсөн мэдүүлэг /хх-н 121-124/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Л.Бийн өгсөн мэдүүлэг /хх-н 127-128/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ж.Бын өгсөн мэдүүлэг /хх-н 135-137/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48, 69, 85/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49-50, 70, 86 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч Г.Ч, Ж.Б, Л.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Бийг цохиж зодон гар утас, түрүүвчийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Ч, Ж.Б, Л.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ч, Ж.Б, Л.Б нарыг бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Л.Бийг зодон гар утас, түрүүвчийг нь дээрэмдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Л.Бийн өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн орчим Дарь-Эхийн хуучин автобусны буудал дээр байх Хаан банкны ATM ороод найз охин руугаа мөнгө шилжүүлчихээд явган хүний замаар төв замын баруун талаар нь найз охинтойгоо утсаар яриад 102 дугаар сургуулийн хажууханд явж байхад улаан курткатай, ногоон өмдтэй залуу, намхан хар куртиктай цагаан өмдтэй залуу, өндөр хөх өнгийн куртиктай жинсэн өмдтэй залуу буюу 3 залуу ирээд хар куртиктай нь миний куртикны малгайг доош нь дараад нүүр халхлаад нүүр рүү гараараа удаа дараа цохисон. Улаан куртиктай нь миний хувцасны халаасуудыг нэгжиж байснаа гартаа барьж байсан “Самсунг Нэксус” маркийн гар утсыг булааж аваад зугатсан. Хөх куртиктай нь болохоор өмдний арын халаасыг нэгжиж байгаад түрүүвчийг аваад зугтсан. Би хар куртиктай залуутай зууралдаж байгаад гарыг нь тавиулаад түрийвч авч зугатсан залуугийн араас нь гүйгээд бариад авсан." гэх мэдүүлэг /хх-н 34-36/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Ням-Эрдэнийн өгсөн: "... Бууж очоод утсаа авья гэсэн чинь бид 3 чамд өгөх гээд явж байсан юм гэж байсан. Ингээд утсаа авчихаад цагдаа руу дуудлага өгч бариулсан." гэх мэдүүлэг /хх-н 37-38/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 27/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 28/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 31-33/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч нар 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Б, Л.Б, Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нийт 96 хоног, шүүгдэгч Г.Ч нийт 75 хоног, шүүгдэгч Л.Б нийт 39 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа хзлээн зөвшөөрсөн болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.