Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 001/2017/00868/И |
Дугаар | 001/ХТ2017/00911 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2017/00911
Ц.Цэрэнчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,
Ц.Цэрэнчимэгийн нэхэмжлэлтэй,
Р.Болормаад холбогдох,
Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эзэмшлийн БЗД-ийн 7-р хороо 15-р хороолол 41-73 тоот орон сууцыг миний эцэг Цогтоод 2 удаа дайнд оролцсон гэж Улаанбаатар хотын захиргаанаас олгосон. хувьчлагдаагүй. төрийн өмчийн байр байсан бөгөөд намайг 1999-2001 онд УБ хотын СБД- ийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдаж байх уед тухайн үед мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Энхтөр нь орон сууцны эзэмших эрхийн бичиг, бусад баримтыг хурааж авсан тэмдэглэл байдаг. Тухайн үед надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байсан Р. Болормаад өгсөн байдаг.
1999 оны 02-р сарын 27-ны өдрийн 03 тоот нотариатч Л. Батцэндийн гэрчилсэн итгэмжлэлээр иргэн Р.Болормаа нь миний эзэмшлийн орон сууцыг өөрийн нэр эзэмших эрх олж аваад орон сууцыг хувьчлан авч, улмаар БНХАУ-ын иргэнд худалдсан. Болормаа миний зөвшөөрөлгүй, намайг байлцуулахгүйгээр итгэмжлэл хийлгэсэн байдаг. Уг итгэмжлэлд би гарын үсэг зураагүй.
Р.Болормаад БЗД-ийн 7-р хороо 15-р хороолол 41-73 тост орон сууцыг Р. Болормаагийн нэр дээр нь шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, бусдад худалдах эрх олгосон 124 тоот итгэмжлэлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр өөрийн эзэмшлийн орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг Р.Болормаад огт олгоогүй байдаг. 2001 оноос өнөөг хүртэл хугацаанд тасралтгүйгээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар орон сууцны асуудлаа хөөцөлдөж явсан талаар эрх бүхий бүхий байгууллагуудын хариу бичиг, шүүхийн
Иймд 03 дугаарт нотариатчийн гэрчилсэн 1999 оны 02-р сарын 27-ны өдрийн "... иргэн Р.Болормаад БЗД-ийн 7-р хороо 15-р хороолол 41-73 тоот орон сууцыг Р. Болормаагийн нэр дээр нь шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, бусдад худалдах эрх олгосон...” 124 тоот итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг нь 2013 оноос хойш Р.Болормаа, ЦЕГ, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нотариатчдын танхимын гишүүн нотариатч Л.Батцэнд, мөрдөн байцаагч Энхтөр нарт холбогдуулан нэхэмжлэл гарган, биднийг шүүхэд хариуцагчаар дуудан ирүүлж байсан. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэг удаа хэрэгсэхгүй болгосон. Урьд хэрэгсэхгүй болсон хэргийг дахин өөр шүүхэд гарган өгч, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг багагүй хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Хариуцагч Р.Болормаа нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдож, мөрдөн байцаах ажиллагааны явцад Ц.Цэрэнчимэг нь тус байр өмчлөгдөөгүй байгаа, эзэмших эрхийн гэрчилгээг чамд итгэмжлэл хийлгээд өгье гэж Р.Болормаад хэлж дээрх эд хөрөнгийг шилжүүлсэн байдаг нь өмнө хэргийн материалд нотлох баримтуудаар авагдсан байдаг.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нотариатын үйлдлийг Р.Болормаа хийсэн мэт, эсвэл үл хөдлөх эд хөрөнгийг Л.Батцэнд авсан мэт нэхэмжлэл гаргасан нь мөн л иргэний хэрэг үүсгэхээргүй нөхцөл байдал харагдаж байхад иргэний хэрэг үүсгэж байгаа нь мөн л учир дутагдалтай байна.
Иймд Р.Болормаад ч юм шиг, Л.Батцэнд ч юм шиг холбогдуулан шаардаад байгаа хариуцагч нь тодорхойгүй энэ хэрэг нь урьд нь УДШ-ээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэгийн хариуцагч Р.Болормаад холбогдох 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалыг эс зөвшөөрч 2 шатны шүүх хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэлээ. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд шүүх энэхүү нэхэмжлэлийг урьд нь шүүх шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэсэн дүгнэлт хийсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотариатын үйлдэлд холбогдуулан гаргасан байдлаар ойлгож дүгнэлт хийсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангаагүй, 1999 оны 02-р сарын 27-ны өдрийн итгэмжлэл хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 62, 64-р зүйлд заасан төлөөлөл, итгэмжлэл олгох хэлбэр, хэлцэл хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг шүүх анхаарч үзэлгүй, тухайн үед болсон бодит нөхцөл байдал болон олгосон итгэмжлэлд буруу үнэлэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх мөн шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байна гэсэн атлаа шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгах дахин шинжээч томилох эрх шүүхэд байхад энэ асуудалд бодит зөв дүгнэлт хийхгүйгээр итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангасан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн шүүх нь урьд шүүхийн шийдвэрлэсэн маргааны нэхэмжлэл, энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь 2 өөр байгааг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болох юм.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг нь хариуцагч Р.Болормаад 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардахдаа нэхэмжлэлийг үндэслэлийг хүсэл зоригийн үндсэн дээр хийгээгүй, гарын үсэг зураагүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Ц.Цэрэнчимэг нь энэхүү итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 1586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна /хэргийн 31-41 дүгээр тал/.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. Түүнчлэн мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2.-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь БЗД-ийн 7-р хороо 15-р хороолол 41-73 тоот орон сууцыг эзэмшиж байсан ба тэрээр уг орон сууц дээрх итгэмжлэлээр хариуцагч Р.Болормаад шилжсэнийг 2001 онд мэдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцаа шилжүүлэх хүсэл зориг байсан эсэх, итгэмжлэлд зурагдсан гарын үсэг, удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусгаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг, өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05057 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ