Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 03

 

 

АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 сарын 26 өдөр                       Дугаар 03                                       Баруун-Урт     

 

Н.Мөнхзулын нэхэмжлэлтэй, 

Ө.Хүдэрхангайд холбогдох иргэний 

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Мөнхзул, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч Ө.Хүдэрхангай нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Мөнхзулын давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Н.Мөнхзул хариуцагч Ө.Хүдэрхангайд холбогдуулан “хуульд зааснаар тэтгэлэг, нөхөн төлбөр гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 05 дугаар сард Алтанбаатартай танилцаж, гэр бүлийн харьцаатай болсон. Алтанбаатар нь Баруун-Урт суман дахь “Дөл” авто засварын газар засварчнаар ажилладаг. Тэндээ амьдарч байгаад надтай танилцсанаас хойш манайд ээж бид хоёртой хамт амьдарч байгаад би жирэмсэн болсон. Гэтэл нөхөр маань 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ ослоор нас барсан. Би 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт охин Мишээлийг төрүүлсэн. Охиноо эцгээр нь овоглож гэрчилгээ авсан. Хэрэв талийгаач маань байсан бол өнөөдөр охин маань аавтай, охинтой болсон гээд бид хоёр аз жаргалтай сайхан байх байсан. Талийгаач маань ажил хийж, өөрийн гэр оронтой болж өрх тусгаарлан сайхан амьдрах тухай байнга мөрөөдөж ярьдаг байсан боловч, даанч энэ мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаад, хөдөлмөр хамгааллын журам сахиулах үүргээ биелүүлээгүйгээс талийгаач нас барсан гэж үзэж “Дөл” авто засварын эзэн Ө.Хүдэрхангайг шүүхээс буруутай гэж шийдвэрлэсэн. Ө.Хүдэрхангай талийгаач бид хоёрыг хамтдаа амьдарч байсан, удахгүй хүүхэдтэй болно гэдгийг сайн мэдэж байсан хэрнээ өнчин үлдсэн охиныг минь огт хайхарч үзээгүй, одоог хүртэл  ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүйд гомдож байна. Би нялх хүүхэдтэй учир ажил хийж орлого олох боломжгүй, тусдаа гараагүй учраас одоогоор охинтойгоо ээж Баяраагийнхаа асрамжид амьдарч байна. Охин Мишээлд “Дөл” авто засварын газрын захирал Ө.Хүдэрхангайгаас хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Хүдэрхангай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Талийгаач Алтанбаатар нь манай хадам ээжийн эгчийнх нь хүүхэд байсан бөгөөд 2008 оноос эхэлж надад тусалж манайд амьдарч байсан. Мөн тодорхой хэмжээгээр ажил хийсний урамшуулал авдаг байсан. Гэтэл 2015 оны 07 дугаар сард манай засварын газар осол гарч дүү маань машинд дайрагдаж нас барсан. Намайг хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөн гэж буруутгасан. Талийгаачийг дайрсан жолооч болох Батхүүг бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсан. Өнөөдөр хүн алсан буруутай этгээд нь зүгээр явж байна. Батхүүг хариуцагчаар татахгүй яагаад намайг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд Батхүүтэй хувааж талийгаачийн хүүхдэд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дувдай овогт Наранчулууны Мөнхзулын нэхэмжлэлтэй Түмс овогт Өлзийбаярын Хүдэрхангайд холбогдох “Тэтгэлэг буюу нөхөн төлбөр гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Мөнхзул нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч Н.Мөнхзул давж заалах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: М.Алтанбаатар бид хоёр гэрлэх гэж, хамтын амьдралтай байсан. Гэтэл нөхөр маань 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад нас барсан. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Мишээл маань төрсөн. Охиндоо Ө.Хүдэрхангайгаас тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Ө.Хүдэрхангайг хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсан. Би хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн байгууллагын эзэн Ө.Хүдэрхангайгаас өнчин үлдсэн охиндоо тэтгэлэг гаргуулахыг хүссэн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын сангаас тэтгэлэг тогтоолгох хуулиар хэргийг шийдвэрлэсэн байна. Хуулиар ажлын байран дээрээ амь насаа алдсан бол ажиллуулж байсан байгууллага нь гэр бүлийнхэнд нь тэжээгчээ алдсаны тэтгэлэг олгох ёстой гэсэн. Энэ тэтгэлгийг яагаад миний охинд өгсөнгүй бэ? Хэргийг хянаж охинд маань тэтгэлэг тогтоолгож өгөхийг хүсч байна. Би ажилгүй, орлогогүй охиноо хараад гэртээ суудаг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг чөлөөлж өгөхийг хүсье гэжээ. 

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхзул шүүхэд “манай нөхөр Дөл авто засварын газар ажлаа хийж байгаад нас барсан, тус засварын газрын захирал Ө.Хүдэрхангайгаас хуульд заасан тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг ирүүлснийг хариуцагч Ө.Хүдэрхангай “Би талийгаачийг дайрч амь насыг нь хохироогоогүй” учраас  нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Н.Мөнхзулын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбарт  Ө.Хүдэрхангайгаас “охиндоо тэтгэлэг, тэтгэмж, нөхөн төлбөр“-ийн алийг нь  нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлага болон тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ... өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”  гэсэнтэй нийцэхгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

Хоёр. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

ДАРГАЛАГЧ О.БААТАРСҮХ

ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ

Д.БАЙГАЛМАА