Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0327/и |
Дугаар | 366 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 366
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Засаг даргын тамгын газрын 2 давхарт байрлах “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-уулын 11-22 тоотод оршин суух, Эрдэнэбулган сумын 2-р багийн 2-р 36-р байрны 22 тоотод үйлчилгээ эрхлэгч иргэн Дархан овогт Лхавгийлхаагийн Оюунчимэгт /РД:АГ81051305/ холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Шагдарсүмбэрэл, хариуцагч Л.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Оюунчимэгт нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2 дахь заалтыг зөрчиж “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний нэг сарын зардал болох 10.000 төгрөгийг хураамжийг төлөөгүйгээс нийт 300.000 төгрөгийн өртэй байна. Иймд Л.Оюунчимэгээс 300.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн 2-р багийн 2-р 36-р байранд өргөтгөл хийж “Стиль үсчин”, Өвөр халзан цайны газрыг түрээс хэлбэрээр ажиллуулж зохих зөвшөөрлийг холбогдох байгууллагуудтай харилцан гэрээ хийж, засвар үйлчилгээ, гадна дотно тохижилтыг цаг бүрд нь гэрээнд заасны дагуу хамтран ажиллаж үйлчилгээ эрхлэгдэг. Нийтийн гэх орцоор манайх үйл ажиллагаа явуулдаггүй тул миний хүсэлтийг хүлээн авч, Дэлгэрэх сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй, шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Шагдарсүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар дундын өмчлөлийн засвар үйлчилгээ гэж заавал орцоор орж, гарах нь сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай биш хонгилоор явж байгаа дулааны болон халуун хүйтэн цэвэр бохир усны шугам зэрэг нь манай сууц өмчлөгчдийн холбоонд хамааралтай байдаг юм. Эдгээрийн бүх засвар үйлчилгээ нь манайд хамааралтай байдаг учир энэ засвар үйлчилгээний мөнгийг заавал төлөх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар энэ шугам сүлжээнд зориулах хөрөнгө мөнгө байхгүй, энэ шугамыг засах шаардлагатай байгаа учраас сууц өмчлөгчдөөсөө хуримтлагдсан төлбөрийг нь авч санхүүжих хэрэгтэй байна. Бусад үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбооны биш бусад хангамжийн байгууллагууд хариуцдаг. Харин оршин суугчид сар болгоны төлбөрөө төлөөд засвар үйлчилгээгээ хийлгүүлээд явж байх ёстой. Л.Оюунчимэг энэ төлбөрөө төлөөгүй 2 жил болж байгаа. 2014 оны 06 сараас хойш төлөөгүй дүнг нэмбэл өөр дүн гарна. Бид төлөөгүй хураамжаас талыг нь буюу 300000 төгрөг нэхэмжилж байгаа. Л.Оюунчимэгийг би өмнөх төлөөгүй мөнгөнөөс 150000 төгрөг тушаагаад, 2 үйлчилгээний газар ажиллуулж байгаа учир 20000 төгрөгөө төлөөд явж болно гэж хэлсэн боловч тушаагаагүй. Дулаанаар хангагдаж байгаа асуудал манайд хамаагүй, дулаан дамжиж байгаа шугам нь манайд хамаатай байдаг учир эднийх төлбөр тооцоогоо төлөх үүрэгтэй. Манайх хувийн байгууллага биш. Орон сууцанд үйлчилгээ эрхэлдэг хүмүүс болон айл өрхүүдийн дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцдаг. Зөвхөн ажилчдын цалинд Сууц өмчлөгчдийн холбооны хурааж байгаа мөнгө зарцуулагддаггүй гэжээ.
Хариуцагч Л.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манайх дулаан болон ус, цахилгаан ашиглалтынхаа төлбөрийг тус тусад нь гэрээ байгуулан төлбөрөө төлдөг байсан. Манайх урдаа хоёр хаалгатай учир орцоор орж гараад байдаггүй. Тийм болохоор сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлөхгүй гэсэн юм. Манай урд хаалганы зураг, орцны зураг хоёрыг харьцуулж хараад энэ холбоо ямар үйл ажиллагаа явуулж байгааг харьцуулж хараарай гэж хэлмээр байна. Манайх энэ холбооноос ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Засвар үйлчилгээгээ өөрсдөө хийдэг. 22 тоотод байрлах 1 орон сууцыг 2 өрөө болгоод нэг нь үсчин, нөгөө нь цайны газар болгосон байгаа. Манайх хуулийн этгээд биш, хувь хүн ажиллуулдаг. Гэхдээ аж ахуйн нэгжийн тарифаар төлдөг. Дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж би халаалт, цэвэр бохир ус, цахилгаан зэргийг ойлгож байна. Би яагаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна вэ гэхээр баяр ёслолын үеэр орцонд байгаа гэрлийн шон байнга унадаг. Ерөнхийдөө үйл ажиллагаа явуулахад хэцүү байдаг. Одоо 2 жил болоход эрчим хүчний асуудлаа шийдээгүй, одоо хүртэл тэр нь засагдаагүй байна.Энэ асуудлыг Сууц өмчлөгчдийн холбоо манайх хариуцаж аваагүй гэдэг. Бид Сууц өмчлөгчдийн холбооноос ямар нэг засвар үйлчилгээ авч байгаагүй. гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Л.Оюунчимэгт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Л.Оюунчимэг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 2 дугаар 36 байрны 22 тоотод “Стиль” гэх үсчиний газар, “Өвөрхалзан” гэх зоогийн газрын үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2014 онд 06 сараас хойших төлбөр 300.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Л.Оюунчимэг нь дулаан, ус, цахилгааны мөнгийг өөр байгууллагад төлдөг, орц хонгил ашигладаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгч байгаа боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд: Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан ба явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн хаалт блон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны 0 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгүүд хамаарахаар заажээ. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэргийн ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т “Өмчлөгч дангаар болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглах буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэх болохгүй” гэж заасан байдаг. Хариуцагч Л.Оюунчимэг нь 2-36 байрны 22 тоотод үйлчилгээ эрхлэхдээ 22 тоот орон сууцны хана, багана, дээвэр,шугам сүлжээ гэх мэт орон сууцны иж бүрдлийг 2-р 36 байрнаас салгаж тусдаа 22 тоот орон сууц болгож бариагүй, 22 тоот орон сууц нь 2-р 36 байрны салшгүй нэг хэсэг бөгөөд орц хонгил ашиглахаас татгалзсан, ус цахилгаан халаалтын мөнгийг эрх бүхий байгууллагад төлдөг гэдэг нь хариуцагч Л.Оюунчимэгийг дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас чөлөөлөх үндэслэл биш юм.
Нэхэмжлэгч Дэлгэрэх сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Л.Оюунчимэгээс 2014 оны 06 сараас хойш төлөөгүй дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг нэхэмжилж байна гэсэн тайлбар өгч байгаа боловч Дэлгэрэх Сууц өмчлөгчдийн холбоо нь 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2-р 36-р байрны сууцуудыг хариуцах болсон нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоогдож байна. Дэлгэрэх Сууц өмчлөгчдийн холбоо нь байгуулагдахаас өмнөх буюу 2015 оны 12 сарын 01-нээс өмнөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалыг нэхэмжлэх эрхийг Өрнөх Сууц өмчлөгчдийн холбооноос залгамжлан авсан талаарх баримт нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй учир Дэлгэрэх Сууц өмчлөгчдийн холбоо нь Өрнөх Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэх эрхгүй байна гэж дүгнэлээ.
Дэлгэрэх сууц өмчлөгчдийн холбоо нь Л.Оюунчимэгийг 2 төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа учир сарын 20000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалыг үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэнээс хэрхэн тооцож авах, үйлдвэрлэл үйлчилгээний төрөл тус бүрээр нь тооцох эсэх талаар зохицуулж Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас баталсан / Дэлгэрэх сууц өмчлөгчдийн холбооны дүрэм /Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан/ хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгөөгүй учир 2-р 36 байрны 22 тоот орон сууцанд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэн Л.Оюунчимэгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалыг 2 аж ахуйн нэгжээр тооцож гаргуулах үндэслэл байхгүй байна.
Иймд хариуцагч Л.Оюунчимэгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалыг 2015 оны 12 сарын 1-ээс 2016 оны 06 сар дуустлах хугацаанд сар бүрийн 10000 төгрөгөөр тооцож нийт 70.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дэлгэрэх Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар хариуцагч Дархан овогт Лхавгийлхаагийн Оюунчимэгээс /РД:АГ81051305/ 70.000 /далан мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Архангай аймгийн “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагаас 230.000 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунчимэгээс 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН