Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0035/и |
Дугаар | 363 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 363
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Баазын 17-р байрны 3-5 тоотод оршин суух Боржигон овогт Төмөрбаатар Шинэбаярын /РД:АК86122621/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Хар хошуу гэх газар оршин суух Бөө овогт Дагвадоржийн Жамбалдоржид /РД:АК87091412/ холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Шинэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, хариуцагч Д.Жамбалдорж, гэрч Б.Даваамөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хоёр 2009 оны 10 сарын 06-ны өдөр гэр бүл болж сайхан амьдарч байсан. Гэтэл 2012 оноос Жамбалдоржийн зан ааш нь хувирч хэл амаар доромжлох болсон. Бас аав эгч нар нь “Манайх баян, танайхан ядуу, гуйлагчингууд” гэж хэл амаар доромжилж хөөж туудаг. Цаашид Жамбалдоржтой амьдарч чадахгүй. Иймд Д.Жамбалдоржоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Жамбалдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Шинэбаяр бид гэр бүл болж хоёр 2010 оны 10 сард хоёр ихэр хүүтэй болсон. Нэг хүү маань эндэж, хүү Гал-Эрдэнэ маань одоо эрүүл саруул бойжиж байна. Хоёр хүүхдийнхээ хамт 4 лээ элэг бүтэн 5 хантай гэрт, хэдэн биедээ тохирсон малтай юугаарч дутахгүй сайхан амьдарч байсан. Эхнэр Шинэбаярыг мэргэжлийн дагуу багшийн ажилд оруулах гэтэл өөрөө хөдөө амьдрахгүй гэж дургүйцээд дахиж сурна гээд 1 хүүхдээ аваад явсан. Гэхдээ жирэмсэн явсан. Сурч байх хугацаандаа хүүхдээ гаргасан. Архангай аймагт дадлага хийхдээ бусадтай холбогдож байгаа талаар надад мэр сэр дуулдаж ихэлсэн. Гэрч би 2 хүүхдийнхээ ээжид итгэсэн байсан учир янз бүрийн асуудал гаргаж байгаагүй. Би Шинэбаярыг дарамталж, зодох, хөөх, хэл амаар доромжлох нэр төрийг нь гутаах зэрэг ямарч үйлдэл гаргаж байгаагүй. Эцэг хүний хувьд хүүхдүүдээ дарамталж байсан удаагүй. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай гэр бүлийнхэнтэй муудалцаж байсан явдал нь бидний гэр бүлийг цуцлах үндэслэл болохгүй. Би хоёр хүүхдээ аав, ээжтэй нь элэг бүтэн өсгөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.Шинэбаяр шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би өөрөө 2 хүүхдээ асрамжиндаа авна. Миний 2 хүүхэд төрсөн цагаасаа авахуулаад аав гэж ямар хүн гэдгийг мэдэхгүй өссөн. Тийм учраас би өөрөө хоёр хүүхдээ асрамжиндаа авч, зохих ёсны тэтгэлгийг нь гаргуулна, эцэг хүнийх нь хариуцлагыг хүлээлгэнэ. Хадам аав чи манайд юутай ирсэн юм бэ? чиний юм гэж юу байгаа юм бэ? гээд дандаа гуйлгачин гэж хэлдэг. Энэ нь маш их дарамт болдог. Чи хойд эцэгтэй, чиний хойд эцэг чамд юу авч өгсөн юм бэ? гэж хэлдэг байсан. Тэр болгон дээр намайг өмөөрөх сэтгэл Жамбалдоржид байгаагүй. Цогт уулын 11-4 тоотод гэрч Даваамөнх амьдардаг. Цогт Уулын 12-4 тоотод миний аав, ээж хоёр амьдардаг байсан. Тэгээд миний эрэгтэй дүү гэр бүл болоод тэнд гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Гэрч Даваамөнхтэй бараг хамт шахуу нэг хашаанд амьдарч байсан юм байхгүй. Би өөрөө хойд эцгийн гар харж явсан болохоор хүүхдүүдээ хойд эцгийг гар харуулахгүй гэж боддог. Би өөр хүний гуйлга аваагүй. Миний хоёр хүүхэд 2016 оны 05 сарын 30-ны өдөр уулзахад нь аавыгаа “Нэг ах цэцэрлэг дээр ирээд юм авчирч өгөөд хамт зургаа авахуулсан” гэж хэлсэн. Өөрийнхөө аав гэдгийг мэддэг бол ингэж хэлэхгүй биз дээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Жамбалдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн ярьж байгаа зүйлээ гэрч нотолгоотой яриарай гэсний улмаас гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Энэ гэрч өөрийнх нь төрлийн хүн. Тусдаа амьдраад 4 жил болж байна гэдэг нь худлаа. Бага охин маань Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. Тэндээ үснийхээ найрыг хийсэн. 2011 оноос Шинэбаяр өөр хүнтэй холбогдсон гэдэг үнэн. Ер нь надаас салаагүй байж өөр хүнээс хадаг сүй авдаг нь ямар учиртай юм бэ? тэр хадаг сүй авсныг нь нотлуулахаар гэрчийг өөрийнх талаас оруулж ирж байгаа юм. Бараг нэг хашаанд хаяа нийлүүлээд байсан хүмүүс болсон бүх явдлыг мэднэ ш дээ. Би энэ бичсэн нэхэмжлэлийн 80 хувийг нь худлаа гэж бодож байна. Одоо хүртэл тэр нөхөр гээд байгаа тэр айлдаа хамт амьдарч байгаа гэсэн. Би байнга дарамтанд байсан гэж байна. Үүнийгээ бас гэрчлэх хэрэгтэй, хэн ч гэсэн ийм юмыг худлаа зохиогоод бичиж чадна. Энэ нэхэмжлэл дээр байгаа хугацаанууд бол шал худлаа зүйл. Ийм хүн хүүхдүүдийн хүмүүжилд яаж нөлөөлөх вэ? Би хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод ийм хүмүүстэй үлдээмээргүй байна. Амьдралд ингэж хандаж болохгүй гэж хэлмээр байна. Бидний амьдрал энэ хүний сонирхлын дагуу явдаг байсан. Учраа хэлэхгүй уурлаад явдаг. Би 2 хүүхдээ ээжид нь өгмөөргүй байна. Би архи уудаггүй, тамхи татдаггүй. Өмнөх нөхрөөсөө салаагүй байж өөр хүний сүй авч байгаа нь энэ хүнийг ямар хүн бэ? гэдгийг харуулж байна. Хүүхдээ бодсон юм бол ингэж болохгүй. Би охин хүүхэддээ хойд эцгийн гар харуулахгүй. Яагаад би дахин, дахин шүүхдээд байгаа учир нь баталгаат гэр бүл байж өөр хүнтэй яваад, өөр хүний хадаг сүй авсан нь зүйд нийцэхгүй байна. Гэрчтэйгээр нотлоно гэсэн бүгдийг нь би нотолсон гэж үзэж байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хоёр хүүхэд маань миний хүүхдүүд мөн. Охин Ж.Гэрэлчулууныг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжид нь өгч чадахгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон учир өмгөөллийн үйлчилгээ авахаар надад хандсан. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан байдаг. Тэгээд давж заалдах шатны шүүхэд хариуцагч бага охиныгоо миний хүүхэд биш гэсэн эргэлзээ төрж байгааа учир шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэсэн байсан. Ингээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болж шинжилгээ хийлгэхээр 2016 оны 5 сарын 20-ны өдөр шинжээч томилсон байдаг. Энэ шинжээчийн дүгнэлтэнд юу гэсэн байна вэ? гэхээр Ж.Гэрэлчулуун охин В 3-р бүлгийн цустай, эх Т.Шинэбаяр 0 1-р бүлгийн цустай, эцэг Жамбалдорж В 3-р бүлгийн цустай. Үүнээс үзэхэд охины 3-р бүлгийн цус нь эцгийн 3-р бүлгийн цустай таарч байгаа учраас эцэг, охин байх боломжтой. Эх нь 1-р бүлгийн цустай, эцэг нь 3-р бүлгийн цустай байвал хүүхэд 3,4-р бүлгийн цустай байх боломжтой гэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хрэгийн материалтай танилцаж байхад Жамбалдоржийн мэдүүлэг дээр бид нарын гэр бүлийн асуудалд манай ах дүү нар оролцож байгаа нь гэрлэлтээ цуцлуулахыг шалтгаан биш хоёр биенээ ойлгоод явах боломжтой, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авна зөвшөөрч байна гэсэн байсан. Тэгээд нөгөө миний хүүхэд биш гэж маргасан хүүхэд нь өөрийнх хүүхэд мөн гэж тогтоогдсон. Нэхэмжлэгч сая хэлэхдээ манай 2 хүүхдээ төрснөөсөө хойш эцгийн хайр халамжинд өсөөгүй гэсэн. Энэ хүн 2009 онд гэр бүл болоод 2010 онд 2 хүүхэдтэй болоод 2012 онд бага хүүхдээ гаргаснаас хойш тусдаа амьдарч байгаа. Ингээд нэг хүүхдээ 2 настай, нэгийгээ гэдсэнд нь байхад салаад явсан байдаг. Харин Жамбалдорж араас нь хүүхдүүддээ санаа тавьсан зүйл байхгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Өнөөдрийг хүртэл бага охин нь эцгийгээ мэдэхгүй байгаа. 2015 онд шүүхийн хууль ёсны шийдвэр гарсан байхад ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд хойшлуулаад байгаа нь зохисгүй байна. Тусдаа амьдраад бүтэн 4 жил болоход хүүхдүүддээ туслалцаа үзүүлсэн гэх юу ч байхгүй, хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчийн хэлснээр сүйний асуудлаар надаас салах шалтгаан болж байна гэж хэлсэн. Үнэхээр сүй авсан юм уу? гэдгийг нотлож чадахгүй байна. Гэхдээ энэ хэрэг дээр Даваамөнх гэдэг хүний гэрчийн мэдүүлэг нь ач холбогдолгүй байна. Аавыгаа танихгүй байгаа хүүхдүүд яаж эцгийнхээ халамжинд өсөх юм бэ? Хүүхдүүдээ алсын зайнаас хараад явсан хүн яаж хүүхдүүдээ өсгөх юм бэ? Тиймээс хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа учир гэрлэлтийг цуцлаж, 2 хүүхдийг нь ээжийнх асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэнд: 2012 оны 03 сарын 05-нд 3500 грамм жинтэй, 52 см урттай төрсөн Ж.Гэрэлчулуун нь АЮ12230507 регистерийн дугаартай ВIII дугаар бүлгийн цустай, Д.Жамбалсүрэн нь АК87091412 регистерийн дугаартай ВIII бүлгийн цустай, ээж Т.Шинэбаяр АК86122621 регистерийн дугаартай ОI дүгээр бүлгийн цустай байгаагаас үзэхэд Ж.Гэрэлчулуун нь Д.Жамбалдорж, Т.Шинэбаяр нарын хүүхэд байх боломжтой байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Шинэбаярын хариуцагч Д.Жамбалдоржид холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж хүүхдүүдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Т.Шинэбаяр, хариуцагч Д.Жамбалдорж нар нь 2009 оны 10 сарын 06-нд гэр бүл болж 2009 оны 11 сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэгчдийн гэрчилгээний хуулбараар, тэдний хүү Ж.Гал-эрдэнэ 2010 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн, охин Ж.Гэрэлчулуун 2012 оны 03 сарын 05-нд төрсөн, одоо өрхийн эмчийн хяналтанд эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон Ар Мөнхжин өрхийн эмнэлгийн тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Д.Жамбалдорж 2012 оны 03 сарын 05-ны өдөр төрсөн охин Ж.Гэрэлчулууны эцэг мөн эсэх талаар шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Ж.Гэрэлчулуун нь Д.Жамбалдорж, Т.Шинэбаяр нарын хүүхэд байх боломжтой байна гэсэн, хариуцагч Д.Жамбалдорж шүүхийн хэлэлцүүлэгт охин Ж.Гэрэлчулууныг өөрийн хүүхэд мөн гэж зөвшөөрсөн болно.
Хариуцагч Д.Жамбалдорж гэрлэлт цуцлахад нөлөөлж буй шалтгааныг тодруулж хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж гэрч Б.Даваамөнхийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах гэсэг хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдаанд гэрч Б.Даваамөнхийн мэдүүлгийг авсан.
Хариуцагч Д.Жамбалдорж шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Т.Шинэбаярын нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, хүүхдүүдийг Т.Шинэбаяр асрамжиндаа авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар өгсөн болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь цаашид хамт амьдрах, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа, тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.Шинэбаяр, Д.Жамбалдорж нарын гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж дүгнэв.
2010 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Ж.Гал-эрдэнэ, 2012 оны 03 сарын 05-нд төрсөн охин Ж.Гэрэлчулуун нарын эхийн хайр халамж шаардах насны онцлог, эцэг, эхийн халамж, өсөж бойжсон ахуйн нөхцөл бололцоо, зэргийг харгалзан эх Т.Шинэбаярын асрамжинд үлдээж, эцэг Д.Жамбалдоржоор сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Хариуцагч Д.Жамбалдорж нэхэмжлэгч Т.Шинэбаярыг эхийн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэсэн тайлбар гаргаж байгаа тул Ж.Гал-Эрдэнэ, Ж.Гэрэлчулуун нарын эцэг Д.Жамбалдорж, эх Т.Шинэбаяр нар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг эхийн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихийг Архангай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Шинэбаярын гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ асрамжиндаа авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Т.Шинэбаярын нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Жамбалдоржоос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Шинэбаярт олгох нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч Т.Шинэбаярын нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэсэг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Д.Жамбалдоржоос 2 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөр зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 47052 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Жамбалдоржийн өмгөөлөгч Г.Энхбаярт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хариу өгсөн, хариуцагч Д.Жамбалдорж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх талаар хүсэлт гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Бөө овогт Дагвадоржийн Жамбалдорж /РД:АК87091412/, Боржигон овогт Төмөрбаатар Шинэбаярын /РД:АК86122621/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 2010 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Жамбалдоржийн Гал-Эрдэнэ, 2012 оны 03 сарын 05-ны өдөр төрсөн охин Жамбалдоржийн Гэрэлчулуун нарыг эх Т.Шинэбаярын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ж.Гал-Эрдэнэ, Ж.Гэрэлчулуун нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Жамбалдоржоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар Ж.Гал-Эрдэнэ, Ж.Гэрэлчулуун нарын эцэг Д.Жамбалдорж, эх Т.Шинэбаяр нар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг эхийн үүргээ хэрэгжүүлж байгаад хяналт тавихыг Архангай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Шинэбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жамбалдоржоос 70.200 төгрөг гаруулж нэхэмжлэгч Т.Шинэбаярт олгож, хоёр хүүхдийн тэтгэлийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөгийг хариуцагч Д.Жамбалдоржоос гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар, гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллага болон Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Ууганбаяр/-т даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН