Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00143

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ2022/00463 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ц-д холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний үүрэгт 1,485,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа ирснийг илтгэж, хариуцагч Ц.Ц- /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М- ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ц-тай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Ц-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж 00- тоотод орших 54.98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад 99,000,000 төгрөгөөр худалдан борлуулахад зуучилж, ажлын хөлс нь үнийн дүнгийн 2 хувь буюу 1,980,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д худалдахаар болж, Ц.Ц- нь тус компанитай 2020/07/70 дугаартай Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд заасан үнийг худалдан авагч нь Ц.Ц-д төлсөн байна. Нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэсэн байхад хариуцагч зуучлалын ажлын хөлсний үлдэгдэл 990,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Ц.Ц-аас зуучлалын ажлын хөлсний үлдэгдэл 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг нийт 1,485,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгийн 2 хувийг авах үйлчилгээ үзүүлээгүй учраас үлдэх 1 хувийн төлбөрийг төлөхөөс татгалзсан. Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээрх 54.98 м.кв 2 өрөө орон сууцыг худалдахаар зар оруулсан, нэхэмжлэгч зарын дагуу танай байрыг сонирхсон хүн байна гэж утсаар холбогдон зуучлуулах санал тавьсан. Мөн өдрөө дээр худалдан авагч н.Өнөрцэцэг, зуучлагч гэх эрэгтэйтэй уулзсан ба зуучлагч нь нэг гэрээнд гарын үсэг зуруулж захирлаараа гарын үсэг зуруулаад гэрээний нэг хувийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Орон сууцыг худалдах гэрээний дагуу орон сууцны үнэ худалдан авагчаас 30 хоногийн дотор төлөгдөх ёстой байсан ч 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөгдөж хугацаа алдсан. Зуучлагч нь орон сууцыг хүлээлцэх ажиллагаанд оролцоогүй, гэрээ байгуулахад байгаагүй. Иймд үнийн дүнгийн 1 хувийг өгсөн ба үлдэх төлбөрийг үйлчилгээ үзүүлээгүй учраас төлөхөөс татгалзсан. Бүтэн 1,6 жилийн дараа төлбөр, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц-д холбогдох 1,485,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд ямар нэг байдлаар худалдагч талын өмнөөс баталгаа олгохгүй гэж заасны дагуу баталгаа олгоогүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Хэрэгт баталгаа олгосон талаар ямар нэг баримт байдаггүй. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад зөрүүтэй тэмдэглэгдсэн байсан тул тухайн өдөр шүүх хуралдааны бичлэгийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, тус хүсэлт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн ашиг сонирхлын дагуу худалдан авагч олж өгсөн. Хариуцагч худалдан авагчид өөрөө худалдан борлуулж, төлбөрөө хүлээн авсан. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргасан боловч одоо шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотойгоор хэргийг анхан шатны шүүхэд буцаалгаж, өөрчлөлт оруулах хүсэлттэй байна гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд шүүх хуралдааны явцад тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг нийт 1,485,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр МFН/20/157 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр зуучлуулагч Ц.Ц- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069882 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 00- тоотод орших, 54.98 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг зуучлагч М- ХХК-иар зуучлуулан гуравдагч этгээдэд худалдах, зуучлуулагч нь орон сууцыг худалдсан үнийн дүнгийн 2 хувиар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 6-8/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэнийг шүүх зөв тогтоосон байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь нэхэмжлэгчид 990,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

5. Хариуцагч зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үлдэх төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хэргийн үйл баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлж, хэргийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч нь гэрээний 1.1, 5 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой зар сурталчилгааг гэрээнд заасны дагуу явуулах үүрэгтэй байна. Хэргийн баримтаас үзэхэд зуучлагч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан зар сурталчилгааг явуулсан үйл баримт тогтоогдоогүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн санал болгосон худалдан авагчтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцны үнийг хүлээн авсан талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Энэ үндэслэлээр хариуцагч нь 990,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

7. Гэрээний 1.1-д зааснаар зуучлуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид санал болгох үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, харин гэрээний 5 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч зуучлуулсан хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой тодорхой үйл ажиллагаа явуулж зардал гаргаагүй, иж бүрэн үйлчилгээ үзүүлээгүй болон талууд гэрээ байгуулах үед нэг удаа уулзсан зэрэг нөхцөл байдлыг шүүх үнэлж хариуцагч Ц.Ц-аас 1,485,000 төгрөг гаргуулах хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй, хэргийн байдалд тохирсон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь нэхэмжлэгчийн тайлбараас зөрүүтэй бичигдсэнд нэхэмжлэгч тал засвар оруулах хүсэлтийг гаргаж байсан, шүүх хүслэтийг хүлээн авахаас татгалзсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх, шүүх хуралдааны тэмдэглэлийг алдаатай үйлдсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ2022/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М- ХХК-аас төлсөн 38,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ